| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00479/И |
| Дугаар | 131/ШШ2024/00542 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 131/ШШ2024/00542
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн******* сумын ******* оршин суух, ******* овгийн ******* ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ө.******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн шаардлага: 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: Миний бие 1969 онд Баянхонгор аймгийн******* суманд төрсөн, одоо 55 настай. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Би 1986 оны 06 дугаар сард Баянхонгор аймгийн******* сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Сүхбаатарын зам нэгдэлд үхэр маллаж байгаад 1987 онд цэргийн албанд татагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1989 оны 11 дүгээр сараас Сүхбаатарын зам нэгдэлд тэмээчнээр ажиллах болсон.
3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хөдөлмөрийн дэвтэр/Ө.*******/, цэргийн батлах/Ө.*******/
- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар зөвлөмжийн хуудас
- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 482 дугаар архивын лавлагаа
- Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр Ажилд томилох тухай тушаал
- Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал
- Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 59 дүгээр Ажилд томилох тухай тушаал
- Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн тэргүүлэгчдийн зөвлөлийн 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр Болзол дүгнэх тухай тогтоол
- Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаар Зарим гишүүдийн амины малд ногдсон махны захиалгыг шийдвэрлэх тухай тушаал
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- Гэрч Ц.*******, С.******* нарын мэдүүлэг
- Хөдөлмөрийн дэвтэр/Ц.*******, С.*******/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ө.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:
1.1. Хөдөлмөрийн дэвтэр:
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.
Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.
Баянхонгор аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдлээс 1986 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* *******ид олгосон Хөдөлмөрийн дэвтэр-т:
- Баянхонгор аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр тушаалаар 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн малчнаар томилсон,
- Баянхонгор аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тушаалаар цэргийн албанд татагдсан учир 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн малчнаас чөлөөлсөн,
- Баянхонгор аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 59 дүгээр тушаалаар цэргийн албанаас халагдан ирсэн тул 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаар томилсон,
- 1986 оны 10, 1987 оны 01-11 дүгээр саруудад цалин хөлс олгосон бичилт тусгагджээ.
1.2. Архивын лавлагаа, ажил олгогчийн шийдвэр:
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 482 дугаар архивын лавлагаанд ******* ******* нь******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад тэмээчнээр 1986-1987,1989-1993 онуудад ажилласан жилийн цалин, 1986 онд үхэрчнээр ажилд орсон тушаал, 1987 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаал, 1992 онд нотлох баримт гарлаа гэжээ.
Уг архивын лавлагааны хавсралт цаасан суурьтай бичмэл нотлох баримт:
- Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр Ажилд томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт 1986 онд ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөж, мал аж ахуйн үйлдвэрлэлд хуваарилагдсан нэр бүхий хүмүүсийг 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн малчнаар томилон ажиллуулсугай. Үүнд: Жаргалантын хэсэгт ******* *******ийг үхэрчнээр,
- Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын 2 дахь хэсэгт 1987 онд цэрэгт явсан нэр бүхий 25 хүнийг 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй. Үүнд: ******* ******* Жаргалант хэсгийн малчин,
- Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 59 дүгээр Ажилд томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт Цэргийн албанаас халагдан ирсэн нэр бүхий 16 хүнийг 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд томилсугай. Үүнд: ******* ******* хөөвөр хэсэгт,
- Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн тэргүүлэгчдийн зөвлөлийн 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр Болзол дүгнэх тухай тогтоолын 1 дэх хэсэгт Алт, мөнгө, хүрэл цомын болзол дүгнээд хавсралтад дурдсан шагналыг олгосугай,
Уг тогтоолын хавсралт торомны уралдаанд олгосон шагналын жагсаалтын 5 дугаарт Ө.*******-5 дугаар байр-10 төгрөг,
- Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаар Зарим гишүүдийн амины малд ногдсон махны захиалгыг шийдвэрлэх тухай тушаалын 2 дахь хэсэгт 1991 оны жилийн эцсийн мал тооллогын баримтад үндэслэн чөлөөлөгдөх 115 өрхийн 18,6 тонн махыг 1 дүгээр хавсралтаар баталсугай,
Уг тушаалын хавсралт Компанийн 0-50 хүртэл малтай өрхийн судалгаа-ны 3 дугаарт Ө.*******-13 малтай гэжээ.
1.3. Цэргийн батлах:
Баянхонгор аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* *******т олгсон 044259 дүгээр цэргийн батлахт: 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татсан, хугацаа дууссан учир 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр халагдсан бичилт тусгагджээ.
1.4. Гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр:
- Гэрч Хунх овгийн Санги-Очирын *******ийн мэдүүлэгт: Би 1986 онд Баянхонгор аймгийн******* сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. 1989 онд Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг зоо техникчээр төгсөж байсан. 1989 оны 07 дугаар сарын 01-ний 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн Буянтын хэсгийн зоотехникчээр ажиллаж байсан. 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цэргийн албан татагдаж, 1991 оны 09 дүгээр сард цэргийн албанаас халагдсан. 1991 оны 10 дугаар сараас эхлэн Баянхонгор аймгийн богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1992 он хүртэл Баянхонгор аймгийн******* сумын Сүхбаатарын зам компанид малчнаар ажиллаж байсан.
Б.Энхмаа нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Б.Энхмаагийн ажиллаж байсан онуудыг сайн санахгүй байна. Б.Энхмаа нь 10 дугаар ангиа төгсөөд малчин болж байсан. Намайг тухайн нэгдэлд малчнаар ажиллаж байхад малчнаар илгээлтийн эзнээр ирж байсан гэжээ.
Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн техникумаас Санги-Очирын *******т олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Сүхбаатарын зам нэгдэлд зоотехникчээр томилсон, цэргийн албанд татагдсан тул 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зоотехникчийн ажлаас чөлөөлсөн бичилт хийгджээ.
- Гэрч Тангад овгийн Цэрэнчангайн *******ийн мэдүүлэгт Би 1989 оны 06 дугаар сард Улаанбаатар хотод Холбооны сургалтын төв сургуулийг төгссөн. 1989 оны 06 дугаар сараас 1989 оны 10 дугаар сар хүртэл Баянхонгор аймгийн Төв шууданд техникчээр ажиллаж байсан. Тэгээд 1989 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1991 оны 10 дугаар сард халагдсан. 1991 оны 10 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан. 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн******* сумын Сүхбаатарын зам компанид тэмээчнээр ажиллаж байсан.
Би Ө.*******тэй 1978 онд Баянхонгор аймгийн******* сумын ерөнхий боловсролын сургуульд 1 дүгээр ангид элсэн суралцаж байсан. 1986 онд Ө.******* нь 8 дугаар ангиа төгсөж байсан. Ө.******* 8 дугаар ангиа төгсөөд малчнаар илгээлтээр гарсан. Түүнээс хойш би Ө.*******тэй 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн******* сумын Сүхбаатарын зам компанид тэмээчнээр ажиллаж байсан. Намайг 1989 онд Баянхонгор аймгийн төв шууданд ажиллаж байх үед Ө.******* нь Баянхонгор аймгийн******* сумын тус нэгдлийн 1 дүгээр бригадад малчин байсан.
Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлээс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Цэрэнчангайн *******д олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар томилсон, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн малчны ажлаас чөлөөлсөн, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Сүхбаатарын зам компанид малчнаар томилсон, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаас чөлөөлсөн бичилт хийгджээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Ө.******* нь 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Ө.******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал-ыг онцгой ажиллагааны журмаар тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч Ө.******* ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 482 дугаар архивын лавлагаанд ******* *******т 1989,1991 онуудад нотлох баримт гараагүй гэжээ.
Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар зөвлөмжийн хуудсаар 1986-1987, 1989-1991 онууд Сүхбаатар зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг шүүхээр тогтоолгохыг хүсэлт гаргагч Ө.*******т зөвлөжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу Ө.******* ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн ******* *******ийг 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ө.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ