Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1524

 

 

Н.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/914 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Солонгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1 04769 1462 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.С, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

 

Шүүгдэгч Н.С нь “Unegui.mn” сайтад “байр түрээслүүлнэ” гэх зарыг байршуулж, хохирогч П.Мхуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.Батхуягийн 5108135453 тоот дансаар 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Солонгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Өөлд овогт Нэрнгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.ыг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Н.Сд оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 914 дугаар шийтгэх тогтоолоор Н.С намайг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуульд зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Надад оногдуулсан хорих ялыг тухайн зүйл ангид заасан хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгөхийг хүсч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Би анх хулгайн гэмт хэрэгт ял шийтгэл авах үедээ 22 настай байсан. Би өндөр настай ээжийн хамт амьдардаг. Ээж, бид хоёрын амьдрал хүнд хэцүү, өөрийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа гэмт хэрэгт холбогдсон. Одоо ч энэ байдалдаа харамсаж явдаг. Харин сүүлд хорих ял эдэлж гарч ирээд энэ хэргийг үйлдсэний дараа 2020 оны 3 дугаар сард Золжаргал гэдэг хүнтэй танилцаж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 7 дугаар байрны 1 тоот хаягт ээжийн хамт амьдрах болсон. Надтай цаашид гэр бүл болж амьдрах энэ хүн маань миний алдаа оноог ойлгож, миний амьдрах ухааныг зөв чиглүүлж өгснөөр би дахин ямар нэг хүн хуурч, мөнгө төгрөг авсан зүйл байхгүй, хажууд түшиг болж байна. Би өөрийн гэм буруугийн үйлдлийн талаар маргахгүй. Харин шүүхийн шатанд хохирогч П.Мөнгөнхундагын хохирол болох 200.000 төгрөгийн хохирлыг төлж хохиролгүй болгосон юм.

Би өөрийн үйлдсэн хэргийн хор холбогдлыг маш сайн ойлгосон. Одоо дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Надад сүүлийн удаа итгэл өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоол дээр маргаагүй. Хэргийн материалаас харахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн. Н.С өмнө хулгай болон залилангийн хэргээр ял шийтгүүлж байсан. Энэ байдлыг харгалзаж ял шийтгэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хуульд зааснаас бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хувийн байдлаас гадна тухайн хүний хийсэн хэрэг, хохирол төлбөрөө төлсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь, тухайн учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар бага хэмжээний хохирол буюу 300.000 төгрөгөөс бага хэмжээний хохирол учруулсан. Өмнө ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол, одооны шийтгэх тогтоолыг харьцуулж үзэхэд эрх зүйн байдлыг нь дордуулсан харагдаж байна. Шүүгдэгч Н.Сн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өмнө эхтэйгээ хоёулаа амьдардаг байсан бол одоо хань ижилтэй болсон. Мөн хорих ял гэхээс илүүтэйгээр нийгэмшүүлэх боломж олгох нь зүйтэй. Иймд давж заалдах шатны шүүхэд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломж байгаа тул торгох ялаар хөнгөрүүлэн өөрчлөхөд торгууль төлөхгүй гэсэн нөхцөл байдал үүсэхгүй тул өөрчилж өгнө үү.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Н.С нь “Unegui.mn” сайтад “байр түрээслүүлнэ” гэх зарыг байршуулж, хохирогч П.Мхуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.Батхуягийн 5108135453 тоот дансаар 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч П.Мын “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 73-79 тоотод гэртээ байхдаа “Unegui.mn” сайтад парадоксын автобусны буудлын урд талд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөг өгнө, урьдчилгаа 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг өгвөл би таныг баталгаажуулаад зараа хаалаа гээд байхаар нь би итгээд 5108135453 тоот Хаан банкны Батхуяг гэсэн данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн эмэгтэй надад 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагт уулзъя гэсэн боловч утсаа салгаж алга болсон. Би яриаг нь сонсоход эмэгтэй л хүн байсан. Энэ шилжүүлсэн данс нь миний нөхрийн данс гэж хэлээд та урьдчилгаагаа шилжүүлчих гэж хэлсэн. Би огтхон ч харж байгаагүй ээ. Би 200.000 төгрөгийн хохиролтой байна. Миний хохирлыг барагдуулахад тусална уу. ...” /хх 10-15/,

гэрч Б.Батхуягийн “... Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын Хаан банкны АТМ дотор мөнгө авч байх үед үл таних хоёр эмэгтэй орж ирээд ахаа таны данс руу ээжээрээ 200.000 төгрөг шилжүүлээд авчихъя тэгэх үү гээд гуйгаад байхаар нь даарчихсан өрөвдөлтэй санагдахаар нь тус болъё гэж бодоод дансныхаа дугаарыг хэлж өгсөн. Тэгтэл мөнгө нь орж ирэхгүй удаад байхаар нь би энэ чинь удах юм биш үү гэхэд ахаа та түр хүлээж бай, би танд мөнгө орохоор нь 10.000 төгрөг өгчихье гэхээр нь за за гээд 10 гаруй минут хүлээж байгаад 200.000 төгрөг ирэхээр нь дансаа шалгаад мөнгийг нь авч өгөөд би 10.000 төгрөг авсан. Тэгтэл миний дансыг хязгаарласан байна. Би тэр хоёр эмэгтэйг харвал танина. Малгайтай хар куртик өмссөн 155 орчим см өндөртэй, 23-25 орчим насны, туранхай, бордуу царайтай, урт куртикныхаа малгайг өмсчихсөн байсан ба тэр охин нь цуг дагаад яваад байсан. Харин нөгөө охин нь бор шаргалдуу урт куртиктэй, цайвардуу царайтай, дээрээ бондгор ноосон малгайтай, туранхайдуу, 155 орчим см өндөртэй эмэгтэй нь надтай яриад надаас гуйгаад 10.000 төгрөг өгье мөнгө аваад өгчих гээд байсан. ...” /хх 37-38/,

гэрч Э.Хнийн “... 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би эрүүгээ хугалаад Орбитод эгчийндээ шинэ он гартал байсан. Тэр үед манай дүү Солонго над дээр ирж байсан. Солонго миний төрсөн дүү байгаа юм. Харин Н нь миний эхнэр. Би мөнгийг аваагүй. Тухайн үед С, Уай хамт тэдний гэрт нь амьдардаг байсан. Би бичлэг дээрх хүмүүсийг шууд таниж байна. Нэг нь манай дүү Солонго байна. Харин нөгөө нь Уянга байна. ...” /хх 49-50/,

гэрч Э.Уянгын “... Сг цагдаагийн байгууллагаас гурван удаа асууж ирсэн. Эхний удаад нь би өөрөө олж өгсөн. Солонго манай аавын эмэгтэй дүүгийнх нь охин. Бид хоёр үеэлүүд байгаа юм. Манай гэрт 2019 оны 11 дүгээр сарын эхнээс 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл амьдарч байсан. Хамгийн сүүлд Цээнэ гэх эмэгтэйтэй хамт гарч явсан. Миний сонссоноор дандаа байр түрээслүүлэхээр залилан хийж миний нэрийг мөн регистрийн дугаарыг хэлээд залилсан гэсэн. Би одоо хаана байгааг нь мэднэ. Нөхөр нь Гэмтлийн ард талын хороолол тийшээ явдаг ТҮЦ-д суудаг гэж хэлсэн. Мөн тэрээр нөхөртэйгөө Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хороололд байр түрээсэлж байгаа гэсэн. ...Би тэр өдөр Солонготой хамт гэрийнхээ доод талын Хаан банкны АТМ-ээс мөнгө авсан. Тухайн үед хэнээс хэдэн төгрөг авах гэж байсан талаар мэдэхгүй. Тухайн үед Солонго нэг таньдаг хүнтэй ярьж байгаа юм шиг утсаар нэлээн удаан ярьж байгаад гадаа гараад АТМ-д байсан үл таних эрэгтэй хүнээс “ахаа би ээжээсээ мөнгө шилжүүлж авах гэтэл картгүй болчихоод байна, таны данс руу мөнгө шилжүүлээд авчихъя, тэгээд танд 10.000 төгрөг өгье гэж хэлээд хэсэг хүлээж байгаад дансаар мөнгө шилжүүлж аваад тэр залууд 10.000 төгрөгийг өгсөн. Тэгээд дэлгүүр орж идэж уух зүйл, чихэр, печень аваад манай гэрт очиж хоночихоод маргааш өглөө нь гараад явсан. Тухайн үед би “чи миний картыг авахгүй яасан юм бэ гэхэд яах юм бэ” гээд байхаар нь за за л гэсэн. Би сүүлд цагдаа ирээд хүнээс мөнгө залилсан байна даа гэж хэлсний дагуу мэдсэн. ...” /хх 52-54/,

гэрч О.Номиндалайгийн “...Би бичлэгийг харлаа. Энэ бичлэг дээр Солонго, Уянга нар байна. ...” /хх 55-56/,

Н.Сн яллагдагчаар өгсөн “ ...Би 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байр түрээсэлнэ гэж зар тавьж үүний дагуу холбогдсон эмэгтэйгээс 200.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 1 хорооллын байрны буудлын Хаан банкны АТМ-д үл таних эрэгтэй хүнээс гуйж байгаад дансаар шилжүүлэн авахуулж тухайн эрэгтэйд 10.000 төгрөгийг өгч бусдыг залилсан хэрэг үйлдсэн. Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтэй маш их гэмшиж байна” /хх 90-93/ гэх мэдүүлгүүд,

эд зүйлд үзлэг хийсэн “... Үзлэг хийсэн 2 бичлэг, 4 зурагт тухайн эмэгтэйн баруун гар талд зогсож байгаа нүдний шилтэй, үсээ дээрээ боосон, саарал үслэг хүрэм, хүрэн өнгийн цамц, эрээн өнгийн хормойтой цамц, хар өнгийн өмд, хар урт түрийтэй гутал, цэнхэр өнгийн жижиг хавтгай утас барьсан байна. Харин түүнтэй хамт яваа эмэгтэй нь хар өнгийн шил, хар урт куртик өмссөн байгааг тодорхойлон бичив. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хх 22-26/,

мөрдөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “...1. Эрүүгийн 1905047691462 дугаартай хэрэгт Хаан банкны АТМ-ын бичлэг бүхий цагаан өнгийн СД 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хх 27/,

“Хаан банк” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 29/12495 дугаартай албан бичиг, Б.Батхуягийн эзэмшлийн 5108135453 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хх 29-30/,

“Мобиком корпораци” ХХК-ийн 18/413 дугаартай албан тоот бичиг /хх 34-36/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Н.Солонгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Н.Солонгыг “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Сд 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

 

Шүүгдэгч Н.С нь “...Би өөрийн хийсэн гэм буруудаа маш их харамсаж, гэмшиж байна. Өмнө 6 сарын ял авч гарч ирээд алдаа оноогоо ойлгож ажил хөдөлмөр хийж амьдрахын оронд дахин алдаа хийсэндээ харамсаж гэмшиж байна. Би дахин ийм зүйл хийхгүй. Надад нэг удаа боломж олгож хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Н.С нь урьд залилах гэмт хэрэг үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 506 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдан,  2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дахин залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул Н.Солонгыг хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн гэж үзэх боломжгүй, хорих ялыг солих үндэслэлгүй гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Н.Сд ял оногдуулсан түүний хийсэн үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Иймд шүүгдэгч Н.Солонгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/914 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/914 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН  

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ