Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/742

 

 

 

 

 

 

2021               8             11                                         2021/ДШМ/742                              

 

Н.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Зориг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/503 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2008 03039 0192 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овгийн Бгийн Б, 1984 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...”-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн 15 дугаар салбарт сантехникийн засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суудаг, /РД:.../,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3/51 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 08-аас 09-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баялаг төвийн эсрэг талын явган хүний зам дээр иргэн Г.Бийг “явж байгаа машины хаалга онгойлголоо” гэх зүйлээр шалтаглан зодсоны улмаас биед дагз яс, зүүн лямбада заадас, хөхлөг сэртэн, зүүн чихний гадна суваг, баруун суурийн хөндийн хугарал, баруун зулай, чамархай, дух хэсгийн тархины эдийн няцрал, баруун зулай, дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, сильвиевийн ховил болон субарахнойд зайд цус хуралт, зүүн дээд зовхи, баруун нүдний дотор булан, зүүн хөхлөг сэртэн, зүүн шуунд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Монгол овогт Ноостын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Н.Бгийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, шүүгдэгч Н.Бд оногдуулсан 20.000.000 төгрөгийн торгох ялын 105.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, түүний биечлэн эдлэх торгох ялыг 19.895.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Бөд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Б нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруу дээр маргаагүй, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлсэн. Анхан шатны шүүхээс оногдуулсан 20.000.000 төгрөгөөр торгох ял миний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тохироогүй, хүндэдсэн гэж үзэж байх тул тус ялыг хөнгөрүүлж 10.000.000 төгрөгөөр торгох ял болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Б нь хохирлоо бүрэн төлсөн. Гэм буруу дээрээ маргаагүй. Хувийн байдлын хувьд ам бүл тавуулаа, эхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гэмт хэрэг гарах болсон шалгаан нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдаг. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдах боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

            Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бгийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасах зохицуулалтад хамаарч байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар 15 нэгжийг нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас нь дүйцүүлэн хасах боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,3 дахь хэсэгт өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 08-аас 09-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баялаг төвийн эсрэг талын явган хүний зам дээр иргэн Г.Бийг “явж байгаа машины хаалга онгойлголоо” гэх зүйлээр шалтаглан зодсоны улмаас биед дагз яс, зүүн лямбада заадас, хөхлөг сэртэн, зүүн чихний гадна суваг, баруун суурийн хөндийн хугарал, баруун зулай, чамархай, дух хэсгийн тархины эдийн няцрал, баруун зулай, дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, сильвиевийн ховил болон субарахнойд зайд цус хуралт, зүүн дээд зовхи, баруун нүдний дотор булан, зүүн хөхлөг сэртэн, зүүн шуунд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Бийн “...Б миний толгой руу мөргөх шиг болсон. Би цохилт, доргилт мэдрээд унасан. ...Б миний өмсөж явсан хувцасны захаар намайг боогоод надад боолт ороод нүд харанхуйлж эхэлсэн. Б намайг толгойгоороо мөргөх шиг болсон. ...” /хх 10-11, 14/,

гэрч Э.Банзрагчийн “...Б Бийг “Баялаг” төвийн эсрэг талын явган хүний зам дээр хоёр гараараа хүчтэй түлхтэл Б дагзаараа хойш саваад унасан. Б ухаан алдаад, зүүн талын чихнээс нь цус гарч байхаар нь би шууд 103 руу залгасан. ...” /хх 18-19/,

 гэрч Ц.Алтансувдын “...Нэг харсан Б ах явган хүний зам дээр дээш хараад хэвтэж байхаар нь би гайхаад Б ах дээр очоод дуудтал хариу өгөхгүй байсан. Баруун билүү, зүүн талын аль нэг чихнээс нь цус гарч байсан. ...” /хх 23-24/,

гэрч Г.Мөнхбатын “...2020 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн үед Г.Батсайхан над руу залгаад “дүү чинь хүнд зодуулчихсан, ухаангүй байна” гэхээр нь би Гэмтэл дээр ирээд эмчтэй нь уулзахад “хагалгаанд орж магадгүй, зургийг нь авахуулаад ир” гэхээр нь би зургийг нь авахуулахад дагз, чихний гадна суваг, баруун суурийн хөндий рүү үргэлжилсэн хугаралтай байна гэсэн. Намайг ирэхэд Г.Бийн зүүн талын чих, хамраас цус гарсан байдалтай, хоёр нүд хөхөрсөн байсан. ...” /хх 29-30/,

гэрч Н.Өлзийсайханы “...Тэгээд хамт явж байсан хүмүүс болох Б, Банзрагч хоёроос асуухад Банзрагч надад “өчигдөр машинтайгаа явж байхад Б ах машины хаалга онгойлгоод буух гээд байсан, Б тэр хоёр явж байгаа машинаас буух гэлээ гээд хоорондоо заамдалцсан. Б Бийг түлхэхэд Б толгойн ар дагз хэсгээрээ засмал замын хажуугийн явган хүний цемент дээр унасан” гэж хэлсэн. ...” /хх 32/,

шүүгдэгч Н.Бгийн яллагдагчаар “...Г.Бтэй маргалдаж, биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 56/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “...Г.Бийн биед дагз яс, зүүн лямбада заадас, хөхлөг сэртэн, зүүн чихний гадна суваг, баруун суурийн хөндийн хугарал, баруун зулай, чамархай, дух хэсгийн тархины эдийн няцрал, баруун зулай, дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, сильвиевийн ховил болон субарахнойд зайд цус хуралт, зүүн дээд зовхи, баруун нүдний дотор булан, зүүн хөхлөг сэртэн, зүүн шуунд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 11742 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 40-42/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаарх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Н.Б нь хохирогч Г.Бийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Н.Бд тухайн зүйл, хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх тул шүүгдэгч Н.Бгийн гаргасан “...оногдуулсан торгох ялыг хөнгөрүүлж, 10.000.000 төгрөгөөр торгох ял болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2021 оны 7 дугаар  сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг ... нэг хоногоо тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасахаар хуульчилсан бөгөөд Н.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн энэ зүйл, заалтад хамаарч байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх торгох ялыг 19.895.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хасах нь зүйтэй гэж үзэв. /730 хоног*15.000 төгрөг=10.950.000 төгрөг/, /20.000.000 төгрөг-105.000 төгрөг=19.895.000 төгрөг/, /19.895.000 төгрөг – 10.950.000 төгрөг=8.948.000 төгрөг/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/503 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 660 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан биечлэн эдлэх торгох ял буюу 19.895.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосноос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2, 6.4 дүгээр зүйлд тус тус зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож 10.950 нэгж буюу 10.950.000 төгрөгийг дүйцүүлэн өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг 8.945.000 төгрөгөөр тогтоосугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ