Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0709

 

2023           09           22                                       128/ШШ2023/0709

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Т.А******** нэхэмжлэлтэй, Х******** газарт холбогдох “******** дүүргийн 1** дугаар хороонд барьсан үйлчилгээтэй 30 айлын 7 давхар орон сууцны барилгын барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулан Улсын комисс ажиллуулахыг х*************** газарт даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нараас тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Нэг талаас Т.А***********, нөгөө талаас Х********* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*********нар харилцан тохиролцсон бөгөөд “...Т.А*********г хууль журамд заасан хүсэлт, материалыг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хариуцагчид хүргүүлэх, захиалагчийн чиг үүргээ зөрчиж айл амьдруулсан зөрчлөө өөрөө илчилсэн тул Зөрчлийн тухай хуульд заасан 500,000 төгрөгийн торгуулийн хариуцлага хүлээж зөрчлөө арилгасан байх, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаар нөхөн төлүүлэхгүй байх, хариуцагч Х********* газар нь нэхэмжлэгчийн хүсэлт ирж зөрчлөө арилгасны дараа Улсын комисс ажиллуулахаар харилцан тохиролцож үүрэг хүлээнэ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Т.А*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар тус эвлэрэл нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.

          Түүнчлэн хэргийн оролцогчид нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

          Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан Т.А*********г нэхэмжлэлтэй, Х********* холбогдох “...********* дүүргийн *** дугаар хороонд барьсан үйлчилгээтэй 30 айлын 7 давхар орон сууцны барилгын барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулан Улсын комисс ажиллуулахыг Х**************** даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ц**********ад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                           Ц.ОДМАА