Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 227

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01896 дугаар шийдвэртэй, Г.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НЗД-д холбогдох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16 993 718 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 07 сарын 19-ний өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0444 тоот шийдвэрээр Г.Т- намайг Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн албан тушаалд томилохоор шийдвэрлэж уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Боловсролын газраас зарласан сонгон шалгаруулалтын дүн 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гарч эцсийн дүнгээр хамгийн өндөр оноогоор /69.96 оноогоор/ тэнцсэн боловч 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан учир дээрх хугацааны цалингаа авч чадаагүй. Би ТҮБД-5-ын 3 дугаар төвшингөөр цалинждаг байсан бөгөөд үндсэн цалин 844 534 төгрөг нэмэгдэл 137 680 төгрөг, нийт 982 214 төгрөг болно. Иймд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 24 cap ажилгүй байсан хугацааны цалин 16 993 718 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн байсныг сонгон шалгаруулалтын дүн гарсан 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 11 774 609 /арван нэгэн сая долоон зуун далан дөрвөн мянга зургаан зуун ес/ төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү болгон багасган өөрчилж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Боловсролын газар нь Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7-д орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах гэж заасны дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулдаг. Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай А/31 дүгээр тушаалаар нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын зарим сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг байгуулсан. Монгол Улсын Төрийн албан зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 6 дугаар хэсгийн 6.4, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ын 5 дугаар хэсгийн 5.1-д зааснаар дүнг жагсаахад нэгдүгээр байранд Г.Т-, хоёрдугаар байранд О.Ч орсон. Монгол Улсын Төрийн албан зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ын 6 дугаар хэсгийн 6.1-д зааснаар хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг уг албан тушаалд томилуулахаар 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын хурлын Сургуулийн захирлын сонгон шалгаруулалтанд тэнцсэн иргэдийн нэрсийг батлах тухай 18/01 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтанд тэнцсэн иргэдийн нэрсийг баталсан. Сонгон шалгаруулалтад оролцсон О.Ч- нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх 18/01 тогтоолын 2 дах заалтыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий Нийслэлийн Боловсролын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181 /ШШ2018/02404 дүгээр шийдвэрээр 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 199 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2019/00795 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Сонгон шалгаруулалттай холбоотой шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн учраас Нийслэлийн Боловсролын газраас 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 01/902 тоот албан бичгээр Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлаар Г.Т-ыг томилох, захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Ч-г чөлөөлөх саналыг хүргүүлснийг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/146 дугаар захирамжаар Г.Т-ыг тус сургуулийн захирлаар томилсон. Нийслэлийн Боловсролын газрын даргын Ажил хүлээлцүүлэх комисс байгуулах тухай 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/93 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын ажлыг нэхэмжлэгчид хүлээлцүүлсэн байна. Нэхэмжлэгч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 24 cap ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Г.Т- нь 2016 оны 07 дугаар сараас Нийслэлийн 132 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрнийн Б/129 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажлаас халсан гомдлоо шүүхэд гаргаагүй байх бөгөөд 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Нийслэлийн засаг даргын тамгын газраас 11 774 609 төгрөг гаргуулж Г.Т-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны Г.Т-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 203 343.74 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Т-ын нэхэмжлэлтэй НЗД-д холбогдох Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01896 дугаар шийдвэрийн эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 "аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын    сургуулийн    захирал,    цэцэрлэгийн    эрхлэгчийг   томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх"-д зааснаар НЗД-д Нийслэлийн Боловсролын газраас 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 01/902 тоот албан бичгээр Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлаар Г.Т-ыг томилох, захирлын үүргийгтүр орлон гүйцэтгэгч О.Ч-г чөлөөлөх саналыг ирүүлсэн тул 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар Г.Т-ыг тус сургуулийн захирлаар томилсон. НЗД- нь ерөнхий боловсролын сургуулийн захирлыг нийслэлийн Боловсролын газрын сонсон шалгаруулалтын дүн болон томилох саналыг үндэслэн томилох бөгөөд санал ирүүлээгүй бол НЗД- томилох эрхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн буруутай үйл ажиллгааны улмаас ажилгүй байж цалин хөлс авах эрхээр хохирсон гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг тал бүрээс бодитой үнэлж дүгнээгүй гэж үзэж  байна. Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7-д "орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах" гэж зааснаар Нийслэлийн Боловсролын газар нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулдаг. 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнтэй холобгдуулан Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Ч- маргаан үүсгэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн   анхан   шатны   шүүхийн   2018   оны   11   дүгээр   сарын   20-ны   өдрийн181/ШШ2018/02404 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 199 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2019/00795 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-т шүүхийн маргаантай үед ажлын байранд томилгоо хийхийг хориглоно гэж заасан бөгөөд Нийслэлийн Боловсролын газраас Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд явуулсан болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу НЗД-д санал ирүүлснээр Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Ч-г чөлөөлж, нэхэмжлэгчийг томилсон байдаг Гэтэл шүүх 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл нийт 11 774 609 төгрөг гаргуулахаар шийдврлэсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01896 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Г.Т- нь хариуцагч НЗД-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундажтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 19-ний өдрийн 0444 дүгээр шийдвэрээр Г.Т-ыг Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Сүхбаатар дүүргийн Ажилчин, залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхийг Нийслэлийн Боловсролын газарт томилохыг НЗД-д даалгаж шийдвэрлэсэн байна. /хэргийн 3-5 дугаар тал/

 

            Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага биелүүлж 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/146 тоот тушаалаар Г.Т-ыг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд томилжээ. /хэргийн 7 дугаар тал/

 

            Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд томилогдох хүртэлх хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй хохирсон гэх агуулгатай буюу төрийн албан хаагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгуулах агуулгатай нэхэмжлэл гаргажээ.

 

            Гэтэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой үр дагаварт хамаарах хуулийн зохицуулалтыг баримтлан хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу. Нэхэмжлэгчийг хариуцагч байгууллага ажлаас чөлөөлсөн биш байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдаж, үүний улмаас ажилд эгүүлэн томилогдсон гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу энэ талаар маргаагүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, талуудын нотлох үүргийг зөв тодорхойлж, маргааны зүйлийг зохицуулсан хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэх шаардлагатай. Тодруулбал, нэхэмжлэл шаардлагын үндэслэлийг хохирол гэж шаардаж байгаа бол хэдий үеэс эхлэн хэний буруугаас хохирол үүссэн, хохирлын хүрээ, хэмжээг хэрхэн тодорхойлох, түүнийг нотлох үүрэг хэнд аль талд байх зэрэг нь хууль хэрэглээнд ач холбогдолтой. Тухайлбал, нэхэмжлэгч Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол гэж шаардаж байгаа тохиолдолд уг маргааныг Иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Түүнчлэн, нэхэмжлэгчийн томилогдох ёстой байсан ажил, албан тушаал нь эрх нь зөрчигдөх үед ямар цалин хөлстэй байсан болон хариуцагч байгууллага 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Г.Т-ыг ажилд томилохдоо сарын үндсэн цалинг 844 534 төгрөгөөр тогтоосныг ажилгүй байсан хугацааны хохиролд тооцох эргэлзээгүй баримт болох эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

 

            Дээрх үйл баримтууд тодорхой болсны дараа шүүх хэргийг шийдвэрлэх байжээ.

 

Давж заалдах шатны хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг зөвтгөн өөрчлөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01896 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                              С.ЭНХТӨР