Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2024/00595

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  ******* овгийн *******гийн *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч М.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд малчнаар" ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Миний бие 1968 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. 57 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай үүссэн.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Нийгмийн даатгалын дэвтэр/М.*******/

- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар зөвлөмж

- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 815 дугаар лавлагаа

- Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн тууварчдын зөвлөгөөний 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр протокол

- Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03-08/3115 дугаар лавлагаа

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Гэрч *******гийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр /*******/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч М.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 815 дугаар лавлагаанд *******гийн ******* нь Жинс сумын Дөл нэгдлийн 4 дүгээр бригадад малчин, тууварчнаар 1984-1990 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1987 оны 01-03, 06 дугаар саруудад цалин гарлаа. 1984-1987, 1989-1990 онуудад нотлох баримт болон 1984-1986,1988-1990 онуудын цалингийн баримтаас энэ хүнтэй холбоотой мэдээлэл гаргаагүй болно гэжээ.

Уг цалин хөлсний лавлагаанаас үзэхэд хүсэлт гаргагч М.******* нь 1987 оны 01-06 дугаар саруудад Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд малчин, тууварчнаар ажиллаж, цалин хөлс авч байсан үйл баримт тогтоогдож байна.

Харин 1984 оны 06-12, 1987 оны 07-12, 1988 оны 01-12, 1989 оны 01-12, 1990 оны 01-12 дугаар саруудын тухайд Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд малчин, тууварчнаар ажиллаж, цалин хөлс авч байсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Цалин хөлс гэдэг нь ажилтан хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр тул хүсэлт гаргагч М.*******гийн дээрх хугацаанд Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд малчин, тууварчнаар ажилласан гэх байдал нь цалингийн лавлаагаар нотлогдсонгүй.

3. Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн тууварчдын зөвлөлгөөний 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр протоколоос үзэхэд уг тууварчдын зөвлөгөөнд хүсэлт гаргагч М.******* оролцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу дээрх бичмэл нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч М.******* нь Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн тууварчдын 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөгөөнд оролцсон үйл баримт тогтоогдохоос бус 1988 оны тухайд тууварчнаар ажиллаж, цалин хөлс авч байсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

3. Хэдийгээр гэрч Т.Байгалмаа нь хүсэлт гаргагч М.*******г 1984-1990 онуудад Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг гэрчилсэн хэдий ч уг байдал нь хүсэлт гаргагчийн цалин хөлсний цэс, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн шийдвэр зэрэг цаасан суурьтай бичмэл нотлох баримтаар дэмжигдэн батлагдсангүй.

Энэ тохиолдолд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагаар хүсэлт гаргагч М.*******гийн 1984 оны 06-12, 1987 оны 07-12 дугаар сарууд болон 1988-1990 онуудад Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг зөвхөн гэрч Т.Байгалмаагийн мэдүүлэгт тулгуурлан тогтоох боломжгүй гэж үзлээ.

Учир нь Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрч Т.Байгалмаад олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 01 дүгээр сараас эхлэн 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд цалин хөлс олгосон бичилт бүрэн тусгагджээ.

Харин хүсэлт гаргагч М.*******гийн тухайд хөдөлмөрийн дэвтэргүй, Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн 1984-1986, 1988-1990 онуудын цалингийн баримт архивын сан хөмрөгт байгаа боловч уг цалингийн баримтаас түүнд холбогдох цалингийн баримтгүй нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн лавлагаагаар нотлогдож байна.

Уг архивын лавлагаанд Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн 1984-1986, 1988-1990 онуудын цалингийн баримт архивт хадгалагдаагүй, үүний улмаас хүсэлт гаргагч М.*******д цалин хөлсний лавлагаа гараагүй гэж тусгаагүй байгааг анхаарч, ялгамжтай авч үзэх шаардлагатай.

4. Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 29-нийй өдрийн 03-08/3115 дугаар лавлагаанд 1989 оны хүн амын тооллогоор Баянхонгор аймгийн Жинст сумын хөдөөд оршин суух, өрхийн тэргүүлэгч *******ын ******* 48 настай, эхнэр ******* ******* 52 настай, хүү *******гийн ******* 20 настай ...тоологдсон-ийг тодорхойлжээ.

Хэдийгээр хүсэлт гаргагч М.******* нь 1989 оны хүн амын тооллогоор тооллогоор Баянхонгор аймгийн Жинст сумын хөдөөд тоологдсон боловч энэхүү лавлагаа нь түүнийг 1989 онд Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг нотлохгүй.

5. Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

Хүсэлт гаргагч М.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоох үндсэн баримт болох хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн нь түүний тайлбараар, ажилд томилж, чөлөөлсөн шийдвэр байхгүй нь архивын лавлагаагаар тус тус нотлогдож байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч М.*******гийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал-ыг онцгой ажиллагааны журмаар тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч М.*******г дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно

7. Харин хүсэлт гаргагч М.*******гийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал-ыг онцгой ажиллагааны журмаар тогтоолгох тухай хүсэлтийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

Шүүхээс энэхүү шийдвэрийг гаргахдаа хүсэлт гаргагч М.*******г 1984 оны 06-12, 1987 оны 07-12 дугаар сарууд болон 1988-1990 онуудад Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг үгүйсгээгүй бөгөөд уг байдал нь цаасан суурьтай, бичмэл нотлох баримтаар тогтоогдохгүй байгаатай холбоотой юм.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар хуудсаар хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, 1984-1990 онуудад ажилласан хугацааг шүүхээр тогтоолгохыг хүсэлт гаргагч М.*******д зөвлөжээ.

Үүнээс үзэхэд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, архивын лавлагаагаар ажилд томилж, ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч М.*******д үүссэн байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу М.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, хүсэлт гаргагч ******* овгийн *******гийн *******г 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд нэгдэлд малчнаар/тууварчнаар/ ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал болон 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд нэгдэлд малчнаар/тууварчнаар/ тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МӨНХБАТ