Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/530

 

 

 

 

 

 

      2022         05            18                                         2022/ДШМ/530                                                 

           

Б.Б-, О.У- нарт                                                                                             холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

            шүүгдэгч Б.Б-,

шүүгдэгч О.У-, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн, А.Сандагдулам,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/477 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, шүүгдэгч О.У-ийн өмгөөлөгч У.Хандсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-, О.У- нарт холбогдох 2106037582438 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ы Б-, Увс аймагт 1989 оны 12 дугаар сарын 03ы өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 000 тоотод оршин суух бүртгэлтэй /регистрийн дугаар: 000000000/,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан, эдлээгүй үлдсэн 1 жил 27 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 7 хоногийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон.

Б овгийн О-ийн У, Улаанбаатар хотод 1976 оны 03 дугаар сарын 13ы өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0 дугаар байрны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/;

2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 2,160,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. 

Б.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 000000 тоот Н.Э-ын орон сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч зочны өрөөнөөс хөөрөг 1 ширхэг, унтлагын өрөөнөөс 41 төрлийн үнэт эдлэл агуулж байсан төмөр сейф авч 12,994,280 төгрөгийн хохирол учруулсан,

О.У- нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Б-ын дээрх хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон үнэт эдлэл, хөөрөг зэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж худалдан авч ашиглан, зарсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, О.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.У-ийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Б-ыг 6 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.У-ийг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Б.Б-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Нийслэлийн төвийн зургаан дүүргээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг нэг жилийн хугацаагаар О.У-т хүлээлгэж, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Б.Б-ын цагдан хоригдсон 144 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.У-ээс 80,000 төгрөгийг, Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид хураалгасан 525,000 төгрөгийг мөрдөгчөөс  тус тус гаргуулж хохирогч Н.Э-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.У-ээс 21,408,936 төгрөгийг, Б.Б-аас 20,963,936 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Н.Эод олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.У-, Б.Б- нараас тус бүр 1,000,000 төгрөгийг гаргуулж, нийт 2,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон “Лэндс ХХК”-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флашийг хэрэгт хадгалуулж, шүүгдэгч О.У- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

            Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын үнэлгээг 12,100,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл хохирогч шүүхийн шатанд дахин хохирлын үнэлгээ хийлгэж, 51,000,000 төгрөгийн хохирол болгосон. Хохирогчийн эд зүйл дунд 50,000 төгрөгийн үнэтэй хөөрөг байсныг буцаан өгсөн байхад дахин үнэлгээ хийлгэж 2,000,000 төгрөг болгон хохиролд оруулсан. Мөн хохирогч өргөдөлдөө 2 жилийн өмнө алтан ээмэг, бөгжөө 2,800,000 төгрөгөөр худалдаж авсан гэж тусгасан байтал дахин хийсэн үнэлгээгээр 12,800,000 төгрөг болгон үнэлүүлсэн байна. Эндээс харахад хохирогчийн худал үнэлгээнээс болж шүүх ял оноож миний эрх, эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Анхны үнэлгээгээр тогтоогдсон 12,100,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах боломжтой. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.   

            Шүүгдэгч О.У-ийн өмгөөлөгч У.Хандсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрээс гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө. Харин шүүх хуралдаанд хохирогчоос дахин шинжээч томилуулах талаар гаргасан саналыг үндэслэн хуралдааныг хойшлуулж шинжээч томилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн” нөхцөлд хуралдааныг хойшлуулах процессын хэм хэмжээг зөрчсөн. Талууд харилцан зөвшөөрөөгүй байхад дахин шинжээч томилсон, мөн хуулийн 27.8 дугаар зүйлд заасан нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн чиг үүргийг шүүх хэрэгжүүлж “Лэндс” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг тогтоосон нь хуульд нийцэхгүй. Прокуророос дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараагийн шүүх хуралдаанд хохирлын хэмжээг өмнөх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 11,792,771 төгрөгийг бодит хохирол хэмээн шүүх хуралдаанд талууд мэтгэлцсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдаагүй шүүхийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж томилсон шинжээчийн дүгнэлтийг шууд шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарласан. Хохирлын талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх боломжгүй нөхцөл байдалд шүүх хүргэж О.У-ийн санхүүгийн нөхцөл байдал, амьдралын чанарыг дордуулсан, гэмт хэрэг учруулж олсон хөрөнгө гэх 4,700,000 төгрөгөөс хохирлын хэмжээ илтэд хэтэрсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчиж байна.

            Хохирогчийн хулгайд алдсан гэх 51 нэр төрлийн эд зүйлс төрөл шинжээрээ, тоо хэмжээгээрээ гэмт хэргийг халдлагын зүйлстэй тохирч байгаа талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Зөвхөн хохирогчийн мэдүүлгээр алдагдсан эд зүйлийн шинж, тоо хэмжээг тогтоосон үйл баримтыг анхан шатны шүүх бодитой үнэлээгүй, энэ эргэлзээтэй нөхцөл байдлыг тогтоолгох арга хэмжээ аваагүйн улмаас хохирлын хэмжээ бодитой тогтоогдоогүй. Үүнийг нотолж улсын яллагч 51,290,206 төгрөгийн хохирлын дүгнэлтийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтын хэмжээнд хохирлыг 11,792,771 төгрөг гэж дүгнэж яллах дүгнэлтээ танилцуулсан. Шүүх яллах дүгнэлтэд дурдаагүй хохирлыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүх хэргийн хүрээнд шийдвэрлэх үзэл баримтлалыг зөрчсөн гэж үзэхээр байна. Шүүгдэгч О.У- нь шүүгдэгч Б.Б-аас 4,700,000 төгрөгийн эд зүйлсийг худалдан авсан нөхцөл байдалд давж заалдах шатны шүүхээс бодитой дүгнэлт гаргаж хохирлын хэмжээг тогтоож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч О.У-ийн өмгөөлөгч А.Сандагдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч У.Хандсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэхэд шүүгдэгч О.У- нь шүүгдэгч Б.Б-аас 4,700,000 төгрөгийн эд зүйлийг худалдан авсан болохоо хүлээн зөвшөөрдөг. 36,8 гр монет, 13,8 гр алт, 150 гр мөнгө байсан. Эдгээр эд зүйлээ цааш нь И.О, С.О нарт худалдсан. Энэ байдлаараа О.У- нь Б.Б-аас ямар эд зүйлс худалдаж авсан болох нь тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ О.У-ийг Б.Б-тай адил хэмжээнд гэм буруутайд тооцож, хохирлыг тэнцүү хувааж төлүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. О.У- анх эрх зүйн мэдлэг дутмагаас болж эдгээр эд зүйлсийг худалдаж авсан нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэг өгсөн. Урьд нь Б.Б-, О.У- нар 2-3 удаа бага хэмжээтэй мөнгө зарж, авалцсан байдаг. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж авсан уу гэдэг дээр дүгнэлт хийж өгнө үү. Дахин хийлгэсэн шинжээчийн дүгнэлтээс харахад граммын зөрүү гарсан. О.У-ийн худалдаж авсан монет, алтны хэмжээ нийт 50,6 гр байсан. Сүүлийн дүгнэлтэд 74,8 гр болж зөрүү гарсан. Шүүгдэгч нарын оролцоог нарийвчлан дүгнэх ёстой. Сүүлийн үнэлгээг харахад алт, монетон эдлэлийг 28,873,167 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл 42,000,000 төгрөгийг тэнцүү хуваагаад шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Эд зүйлийг үнэлэхдээ хамгийн өндөр өртөгөөр тооцож үнэлсэн байдаг. Жишээ нь, Сваровский брэндийн эд зүйлүүдийг үнэлэхдээ албан ёсны борлуулагч “Наран” дэлгүүрийн үнэлгээгээр тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. О.У- нь бамбайн хавдартай, эрүүл мэнд нь хүнд байгааг харгалзан хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч О.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Б.Б-аас эд зүйлийг яагаад авсан бэ гэхээр над дээр 2 удаа ирэхдээ эвдэж гэмтсэн ээмэг, бөгж авчирсан. Хоёр дахь удаад нь ямар учиртай эд зүйл болохыг асуухад “... Та итгэж болно. Манай найзын ах тоглоомын газар ажиллуулдаг. Би бараа материалаас нь зарж мөнгө унагадаг. Миний бичиг баримт, утасны дугаар энэ байна. Би Номинд бараа хүргэгчээр ажилладаг” гэсэн тул би итгэсэн. Дархан хийдэг Мөнхтөгс гэх залуу над руу залгаад “хар, цагаан мөнгө байна уу” гэхээр нь “Нэг хүн арай бага үнээр зардаг. Тэр хүнээс асууж өгье. Надад байхгүй байна” гэсэн юм” гэв.

            Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эхний үнэлгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн. Хоёр дахь үнэлгээ шүүхийн шатанд хийгдсэн. Хоёр дахь үнэлгээг гэмт хэрэг гарсан үеийн ханшаар биш 2022 оны 3 дугаар сарын ханшаар гаргасан байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос алдагдсан эд зүйлсийн жагсаалт гэх баримтыг гаргаж өгсөн. Хамгийн эхний эд зүйлийг 2,800,000 төгрөгөөр худалдаж авсан гэж гараар бичсэн атал шүүх хуралдаанд 12,800,000 төгрөгийн үнэлгээтэй гарсан. Тэгэхээр шүүхийн шатанд хийсэн үнэлгээг огт үнэлэхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан дүгнэлтийг үнэлж, гэм буруутайд тооцуулах саналыг прокуророос гаргасан. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа 51,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Тэгэхээр их хэмжээний хохирол учруулсан буюу зүйлчлэл өөрчлөгдөх асуудал яригдах байсан боловч үүнийг орхигдуулсан. Прокурор эрүүл мэндийн шалтгааны улмаас эсэргүүцэл бичих хугацааг алдсан байгаа. Өмнөх зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэн эсэх асуудлаар холбогдох байгууллагаас баримтыг авахад эдлээгүй байсан. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-, О.У- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй байна.

1. Прокуророос Б.Б-ыг 2021 оны 10 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, .... тоот Н.Эын орон сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч зочны өрөөнөөс хөөрөг 1 ширхэг, унтлагын өрөөнөөс 41 төрлийн эд зүйл агуулж байсан төмөр сейфийг авч 12,994,280 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэгт, О.У-ийг 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дээрх үнэт эдлэл, хөөрөг зэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч борлуулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа “... мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээний тайланг хохирогч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн, алдагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон өртөгөөр одоо худалдаж авах боломжгүй гэсэн тайлбар үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт хийж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/573 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шатанд хөрөнгийн үнэлгээний шинжилгээг дахин хийлгэхээр шийдвэрлэж “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институд” /эрх зүйн байдал нь тодорхойгүй/-ийг шинжээчээр томилжээ.

Шүүгчийн захирамжийн дагуу хөрөнгийн үнэлгээг “0” ХХК, түүний тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин Д.Г, үнэт эдлэлийн үнэлгээний мэргэжилтэн Д.О нар хийн 54 нэр төрлийн эд зүйлийг 51,290,206 төгрөгөөр үнэлж шинжээчийн дүгнэлт гаргасан нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болжээ.

Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүдээс гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээс шүүхийн шатанд хийгдсэн “0” ХХК-ийн үнэлгээг зах зээлийн үнэд нийцсэн гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо бусад нотлох баримтуудтай хэрхэн уялдаж байгаа, яагаад одоогийн зах зээлийн ханшид нийцсэн гэж үзсэнээ тайлбарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ хийсэн “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж няцаасан талаар дүгнэлт хийгээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй...” гэж заасны дагуу шүүхийн тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлд хамаарна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалсны үндсэн дээр гэмт хэргийн улмаас 51,290,206 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлтэд хүрвэл прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоож, мөн зүйлийн 2 дахь хэсгээр “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зөвхөн зүйлчлэлийг хөнгөрүүлэх эрхийг олгосон билээ.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэг гэдэгт шүүгдэгчид холбогдох эрүүгийн хавтаст хэрэг, мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэгдсэн хэргийн зүйлчлэл хамаардаг бөгөөд энэ хүрээнд шүүх гэм буруугийн асуудлыг хэлэлцэх үүрэгтэй.

Гэтэл шүүхийн шатанд хийгдсэн шинжилгээгээр хохирлын хэмжээ 51,290,206 төгрөг болж өссөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “... их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж ...” гэсэн шинжид хамаарч, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл хүндрэх нөхцөл байдалд хүргэжээ. Хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэх талаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ дүгнээгүй байна.

2. Шүүгдэгч Б.Б- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 7 хоног хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольжээ. /1-р хх 163-164/ Тэрээр зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дээрх хулгайлах гэмт хэрэгт холбогдсон байхад анхан шатны шүүх өөр өөр төрлийн ялуудыг хэрхэн эдлэх талаар шийдвэр гаргалгүй орхигдуулсан байна.

3. Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчлан тогтоосон ба шүүхийн шийдвэр нь тухайн бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад тодорхойлсон байдаг.

Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл;” гэж заасан хууль ёсны шаардлагын  дагуу шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар нотлох баримтад тулгуурласан дүгнэлт заавал хийх үүрэгтэй. Шийтгэх тогтоолоос үзэхэд шүүгдэгч Б.Б-, О.У- нарт хорих, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр сонгосон байх боловч ямар хэмжээгээр оногдуулах талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт огт дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.

4. Нэгдүгээр хавтаст хэргийн 118-127 дугаар хуудаст эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл авагдсан байхад уг тэмдэглэлд тусгагдсан эд зүйлс ямар учир шалтгаанаар шүүгдэгчийн төлөх төлбөрөөс хасах эсэх талаар дүгнээгүй байна.

Дээр дурьдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүд нь шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-, О.У- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийн улмаас хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг дахин шалгуулах гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудад дүгнэлт хийгээгүй болно.

 

Шүүгдэгч Б.Б-т нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд дахин санаатай гэмт хэрэгт холбогдсон учраас хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцтэл түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шүүгдэгч О.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/477 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-, О.У- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих, шүүгдэгч О.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                          ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

                         

                          ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН