Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0586

 

 

 

 

 

 

 

 

 

    2023          07           05                                  128/ШШ2023/0586

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Одгрупп ХХК

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Баасандорж

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.Орхон,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Халиунаа, С.Гэрэлцэцэг нарын хоорондын “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.Орхоны Одгрупп ХХК-д оногдуулсан “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002356 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баасандорж, хариуцагч улсын байцаагч Х.Орхон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Халиунаа, С.Гэрэлцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Одгрупп ХХК нь гомдлын шаардлагаа “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.Орхоны Одгрупп ХХК-д оногдуулсан “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002356 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

2. Гомдол гаргагч Одгрупп ХХК нь шийтгэлийн хуудсыг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мэдсэнээр шүүхэд гомдлоо 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гаргажээ.

3. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий шийтгэлийн хуудас нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1 Улсын ахлах байцаагч шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ ямар ч удирдамж, эрх бүхий албан тушаалтны тушаалын дагуу гүйцэтгээгүй, тухайн үеийн зах зээлийн үнийн судалгааг хийгээгүй, гурилын түүхий эдийн үнийг судлаагүй, гурилын үйлдвэрийн нөөц хангамжийн байдлыг тогтоогоогүй хийсвэрээр, судалгаа баримтгүйгээр торгууль оногдуулсан,

3.2 Аливаа зөрчилд хохирогч гэж байж хохирлыг тооцож гаргадаг, хохирлын тооцоог гаргахдаа нотлох баримт цуглуулж, тогтоох үүрэгтэй ба болзошгүй гэх таамаглалаар торгууль тавьсан нь хууль бус,

3.3 Зөрчилд оногдуулсан торгууль нь 1,402,651,914 төгрөг бөгөөд хяналт шалгалт дутуу хийгдсэний улмаас нийт үнийн алдагдал нь хэд, зөвхөн гурилаас орсон орлого хэд, ашигтай ажилласан эсэх, татварын дараах дүн, ажиллах хүчний зардал, бусад урсгал зардал зэргийг нягтлан шалгалгүйгээр дансны хуулган дээрх дүнгээс 6 хувь тооцож торгууль оногдуулсан нь байгууллагыг хохироож байгаа үйлдэл гэжээ.

4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баасандорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шударга өрсөлдөөний хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.Орхоны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Одгрупп ХХК дээр Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002356 дугаар шийтгэлийн хуудсаар “Буудайн гурилын үйлдвэрлэл эрхлэгчид нь гурилын үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, өрсөлдөөний хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан болон хэрэглэгчийн хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй” гэх үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-дэх хэсгээр 1.402.651.914 төгрөгийн торгууль оногдуулсан. Энэхүү шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Х.Орхон 0002356 дугаар торгох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Учир нь: Улсын ахлах байцаагч шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ ямар ч удирдамж, эрх бүхий албан тушаалтны тушаалын дагуу гүйцэтгээгүй, тухайн үеийн зах зээлийн үнийн судалгааг хийгээгүй, гурилын түүхий эдийн үнийг судлаагүй,гурилын үйлдвэрийн нөөц хангамжийн байдлыг тогтоогоогүй энэхүү шийтгэлийн хуудсыг хийсвэрээр огт судалгаа баримтгүйгээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгээр 1.402.651.914 төгрөгийн торгууль ногдуулсан байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн дэх хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг бөгөөд Улсын ахлах байцаагч Х.Орхон Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан нийтлэг үндэслэл, журмыг зөрчсөн байна гэж үзэж байна. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №01/29 дугаартай Шударга өрсөлдөөний хэрэглэгчийн төлөө газрын Хяналт шалгалтын удирдамжид 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс "буудайн гурилын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн худалдан борлуулж буй гурилын үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, нөөц хангамжийн байдлыг судлан тогтоох, хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад оршино” гэсэн байдаг.

Удирдамж нь хуульд зааснаар тодорхой хугацааны дагуу явагдах ба 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 30 хоногоор сунгасан байдаг. Энэ нь Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандартын 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны удирдамжийн дагуу хийнэ гэж хяналт шалгалтыг батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэх талаар хууль тогтоомж, журамд тус тус нарийвчлан тусгасан байдаг. Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 22-ны удирдамж гараагүй байхад манай байгууллагад аль хэдийн хяналт шалгалт орж эхэлсэн ба 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэлийн хуудсанд “Буудайн гурилын үйлдвэрлэл эрхлэгчид нь гурилын үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, өрсөлдөөний хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан болон хэрэглэгчийн хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй” гэсэн байна. Аливаа зөрчилд хохирогч гэж байж хохирлыг тооцон гаргадаг, хохирлын тооцоог гаргахдаа хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг цуглуулж тогтоох үүрэгтэй байтал болзошгүй гэх таамаглалаар торгууль тавьсан нь өөрөө хууль бус юм.

Мөн компанийг гурилын түүхий эдийн нөөц хангамж дууссанаас дахин гурилын түүхийг эдийг авахдаа зах зээлийн нэмэгдсэн үнээр худалдан авсныг үл хайхарч журамд заасан нөөц хангамжийн байдлыг судлан тогтоогоогүй. Бид үнийг өөрсдийн нөөц зах зээлийн ханш статистик судалгааг үндэслэн бизнесийн үндсэн зарчимд тулгаарлан үнээ тогтоодог. Өрсөлдөөний тухай хууль бол Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж байгаа бол яг ямар хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн эсэхийг тогтоох ёстой атал тогтоогоогүй байна.

Мөн тус зөрчилд оногдуулсан торгууль нь 1.402.651.914 төгрөг. Хяналт шалгалт дутуу хийгдсэний улмаас нийт үүнээс алдагдал нь хэд зөвхөн гурилнаас орсон орлого хэд, ашигтай ажилласан эсэх, татварын дараах дүн, ажиллах хүчний зардал, бусад урсгал зардал тог, ус шингэсэн үнэ зэргийг нягтлалгүйгээр дансны хуулга дээрх дүн дээр шууд дүгнэлт хийгээд алдагдалтай дүнг харалгүй шууд 6 хувиар тооцож торгуулийн үнийн дүнг тооцсон байгаа нь хайхрамжгүй хандан байгууллагыг хохироож буй үйлдэл гэж үзэж байна. Өрсөлдөөний тухай бол Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд бараа улс орны эдийн засгийн инфляцын өсөлтөд орсон нөхцөлд үнэ нэмэхгүй байх үүргийг аж ахуйн нэгжид хүлээлгэсэн зохицуулалт байхгүй байх тул ШӨХТГазар зөрчлийг хуульд заасан журмын дагуу зохих ёсоор шалган тогтоосон гэж үзэхгүй байна. Эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлж шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх учиртай. Ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг ингэж төрөөс хүчээр тогтоох гэж оролдох, улмаар ийм зорилгоор хуулийн албадлагын арга хэмжээ авч байгаа нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дор үнэ тогтдог чөлөөт эдийн засгийн зарчимд огт нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл төр аливаа этгээдийн бизнесийн үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтад шууд оролцож өртөг зардлыг тооцоолох замаар бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа үнийг зөв, буруу тогтоож байгаа хууль бус бөгөөд зохисгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.Орхоны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Одгрупп ХХК-д оногдуулсан Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002356 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

5. Хариуцагч Х.Орхон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Одгрупп ХХК-аас гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай" гомдол гаргасантай холбогдуулан уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, хүсэлтийг үндэслэн агентлагийн даргын 2022 оны 01/29 дугаартай удирдамжийн дагуу буудайн гурилын үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа, гурилын үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар “Улаанбаатар гурил”, “Одгрупп”, “Алтан тариа” ХХК-иуд нь 2022 он гарсаар 4-10 удаагийн гүйцэтгэх захирлын тушаалаар буудайн гурилын үнийг 58,2 хувиар нэмсэн нь нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй байх тул уг үйлдэлд зөрчлийн 2202000364 дугаартай хэрэг нээн, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан.

Одгрупп ХХК нь гурилын үнийг нэмэх замаар бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон нь нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг үндэслэн торгуулийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Халиунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар "Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо” ГҮТББ-аас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гурилын үнийг нэмэх асуудлаар мэдэгдэл хийсэн байна. Уг мэдэгдэлд гурил үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчид нь цаашид гурилын үнийг шат дараатай өсгөх талаар дурдсан байх ба мэдэгдэл хийсэн өдрөөс өмнөх болон хойших хугацаанд гурилын үнэд өөрчлөлт оруулсан болох нь Улаанбаатар гурил ХХК, Одгрупп ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар тус тус тогтоогдсон байна.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн бараа бүтээгдэхүүний үнийг нэг өдөр, ижил дүнгээр нэмсэн эсэхээс үл хамааран Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасныг зөрсөн, аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Тус компани нь 2021, 2022 онуудад гурилын үндсэн түүхий эд болох улаан буудайг 600,000-680,000 төгрөгөөр худалдан авч байгаад 2022 оны 09 сарын 11-ний өдрөөс 940,000-1,000,000 төгрөгийн хооронд шинэ ургацын улаан буудайг авч эхэлсэн байна. Тус компани нь 2022 онд нийт 10 удаагийн гүйцэтгэх захирлын тушаалаар гурилын үнийг нэмэгдүүлсэн бөгөөд 2021 оны 12 дугаар сарын байдлаарх дээд болон 1-р гурилын үнийг 2022 оны 09 дүгээр сарын үнэтэй харьцуулж үзэхэд дээд гурилыг 1кг-ыг 430 төгрөгөөр буюу өмнөх үнээс 38,3 хувиар, 1-р гурилыг 280 төгрөгөөр буюу өмнөх үнээс 28 хувиар тус тус өсгөсөн бөгөөд үндсэн түүхий эдийн үнэ өсөөгүй байх хугацаанд дунджаар гурилын үнийг 33,1 хувиар өсгөсөн байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд улсын ахлах байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 2. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, хүсэлтийг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/29 дугаартай удирдамжийн дагуу буудайн гурилын үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа, гурилын үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд улсын ахлах байцаагч Х.Орхон гомдол гаргагч Одгрупп ХХК-д хяналт шалгалт хийж, Шалгалтаар:

2.1 Одгрупп ХХК нь 2022 он гарсаар 4-10 удаагийн гүйцэтгэх захирлын тушаалаар буудайн гурилын үнийг 58,2 хувиар нэмсэн,

2.2 “Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо” ГҮТББ-аас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гурилын үнийг нэмэх асуудлаар мэдэгдэл хийсэн нь бараа бүтээгдэхүүний үнийг нэг өдөр, ижил дүнгээр нэмсэн эсэхээс үл хамаарах Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан” гэж заасныг зөрчсөн,

2.3  Одгрупп ХХК нь 2021, 2022 онуудад гурилын үндсэн түүхий эд болох улаан буудайг 600,000-680,000 төгрөгөөр худалдан авч байгаад 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 940,000-1000,000 төгрөгийн хооронд шинэ ургацын улаан буудайг авч эхэлсэн бөгөөд 2021 оны 12 дугаар сарын байдлаар дээд гурилыг 1 кг-ыг 430 төгрөгөөр буюу өмнөх үнээс 38,3 хувиар, нэгдүгээр гурилын үйлдвэрийн үнийг кг тутамд 280 төгрөгөөр буюу 28%-аар өсгөсөн,

2.4 Үндсэн түүхий эдийн үнэ өсөөгүй байх хугацаанд дунджаар гурилын үнийг 33,1 хувиар өсгөсөн гэх зөрчлүүдийг компанийн санхүүгийн тайлан, хууль ёсны төлөөлөгчдийн өгсөн мэдүүлэг, улаан буудайн татан авалт болон буудайн үнийн мэдээллүүд зэрэг баримтуудаар тогтоож,

 2.5 Одгрупп ХХК нь гурилын үнийг нэмэх замаар бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон нь нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн үйлдэл байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002356 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг үндэслэн 1,402,651,914 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 3. Нэгэнт гурилын үндсэн түүхий эд буюу улаан буудайн үнэ болон бусад зардал өсөөгүй энэ тохиолдолд хэрэглэгчдийн өргөнөөр сонгон хэрэглэдэг дээд болон нэгдүгээр гурилын үнийг нэмэгдүүлэн өөрийн харилцагчдад нийлүүлж байгаа нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.

4. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “стратегийн хүнс” гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг” гэж тодорхойлсон бөгөөд Одгрупп ХХК нь стратегийн хүнс үйлдвэрлэж буй аж ахуй эрхлэгч болохын хувьд бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх нь хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө өндөр, нэмэгдүүлсэн үнээр өөрийн харилцагчдад нийлүүлсэн нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэхээр байна.

5. Зах зээлд зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгэж, гурилын үндсэн түүхий эд буюу улаан буудайн үнэ, зардал өсөөгүй энэ тохиолдолд үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, хэрэглэгчийн эрхийг хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэхээр байх тул маргаан бүхий 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаар шийтгэлийн хуудсаар Одгрупп ХХК-д шийтгэл оногдуулсан нь бодит байдалд тохирсон, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

6. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж тус тус заасан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын удирдамжийн дагуу гурилын үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, гурилын үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгахад шалгалтын үндэслэл, зорилго чиглэсэн байх бөгөөд хяналт шалгалтын явцад Одгрупп ХХК нь улаан буудайн үнэ нэмэгдээгүй байхад дээд болон нэгдүгээр гурилын үнийг үндэслэлгүйгээр нэмж худалдсан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан хариуцагч улсын байцаагчийн үйл ажиллагааг буруутгах боломжгүй.

7. Улаан буудайн үнэ болон гурилын үйлдвэрлэл явуулахад шаардагдах бусад зардал өсөөгүй, хяналт шалгалтад хамрагдсан 2022 оны 1 дүгээр сараас 11 сарын байдлаар түүхий эдийн нөөц буюу улаан буудайн хомсдолгүй байхад хямд нөөцөөр гурилын үнийг нэмэгдүүлсэн энэ тохиолдолд тухайн бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс хянах нь Өрсөлдөөний тухай хуулийн зорилго хэрэглэгчийн эрхийг хамгаалах агуулгад нийцэх байх тул гомдол гаргагчийн энэ талаар гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

8. Харин улсын ахлах байцаагч маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан 1,402,651,914 төгрөгийг Одгрупп ХХК-ийн орлогын дэлгэрэнгүй тайланд тусгасан борлуулалтын орлогын эцсийн үлдэгдэл 23,377,531,994 төгрөгөөс 6 хувиар тооцож торгуулийн арга хэмжээг тооцсоныг гомдол гаргагчаас “...компанийн цэвэр ашгаас бусад бараа бүтээгдэхүүн борлуулсныг орлого болон бусад орлогыг хасалгүйгээр тооцсон нь үндэслэлгүй...” гэсэн тайлбарыг хүлээн авахаар байна.

9. Учир нь Одгрупп ХХК-ийн 2021 оны борлуулалтын  орлогын тайланд борлуулалтын орлогын нийт дүн 23,377,531,994.27 төгрөг үүнээс гурилын борлуулалтын орлого 17,301,820,854.03 төгрөг болох нь тогтоогдож байх бөгөөд улсын байцаагч маргаан бүхий шийтгэлийн хуудсаар торгууль  оногдуулахдаа компанийн борлуулалтын орлогын нийт дүнгээс 6 хувиар тооцож торгууль оногдуулсан нь буруу байсныг хүлээн зөвшөөрч байна.

10. Шүүх гомдлын шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд гомдол гаргагч компанийн санхүүгийн тайлангаас цаашид тодруулж байж торгуулийн хэмжээг тогтоох шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий шийтгэлийн хуудсыг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаартай шийтгэлийн хуудсыг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон нэг сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий шийтгэлийн хуудас  хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                                ШҮҮГЧ                                        Д.ЧАНЦАЛНЯМ