Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/743

 

 

 

 

 

 

2021            8             11                                             2021/ДШМ/743                              

 

Я.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Зориг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/309 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 31 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Я.Мад холбогдох 2110 00723 0353 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Ягийн М, 1978 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ... ХК-д инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол 27 дугаар байрны 241 тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:.../;

Я.М нь 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ... тоотод хохирогч Г.Бтай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газар: Я.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Ягийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Мад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгч Я.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор, тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Т.Мижиддорж бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэрт торгох ялаар шийтгүүлсэн этгээдийн хувьд ялыг заавал биелүүлэх үүрэгтэй байхад “ноцтойгоор зайлсхийвэл ...хорих ялаар сольж...” гэсэн хуулийн зохицуулалтаас өөр шалгуур тогтоосон нь ялыг биелүүлэхэд эргэлзээ төрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/309 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтад өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмнө нь “ноцтойгоор зайлсхийвэл” гэх хуульд байхгүй шалгуур тогтоогоод шийтгэх тогтоолыг гаргаж байсан боловч шүүх рүү залруулга хийлгэхээр хоёр удаа хүсэлт явуулсан боловч залруулга хийлгүйгээр шийтгэх тогтоол гарснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрч хуулийн хүчин төгөлдөр болсон. Үүний өмнө 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр мөн эсэргүүцэл бичигдэж ирсэн байгаа. Иймд тус эсэргүүцлийг бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Я.М нь 2021 оны 3 дугаар сарын 29-ны өдөр ... тоотод хохирогч Г.Бтай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Б “...Би Я.М гэх залуутай хамтран амьдраад 4 жил болж байна. ...2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр бид 2 маргалдаад миний уур хүрээд хүүхэд алгадлаа гээд цаашаа хараад хэвтэж байхаар нь нуруун дундуур нь гараараа цохисон юм. Намайг хүүгээ хөхүүлээд сууж байхад эргэж хараад хамар руу цохисон. ...”  /хх 13-14/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн: “...Г.Бгийн биед баруун нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 2853 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-р тал/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Я.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Я.М нь хохирогч Г.Бгийн нүүр тус газарт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Я.Мад тухайн зүйл, хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Прокурор Т.Мижиддорж “Шүүхийн шийдвэрт торгох ялаар шийтгүүлсэн этгээдийн хувьд ялыг заавал биелүүлэх үүрэгтэй байхад “ноцтойгоор зайлсхийвэл ...хорих ялаар сольж...” гэсэн хуулийн зохицуулалтаас өөр шалгуур тогтоосон нь ялыг биелүүлэхэд эргэлзээ төрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/309 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.” гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэсэн шаардлагад нийцсэн гэж үзэв.

Харин “ТОГТООХ” хэсгийн 4 дэх заалтад “...“ноцтойгоор зайлсхийвэл ...хорих ялаар сольж...” гэсэн хуулийн зохицуулалтаас өөр шалгуур тогтоосон. ...” гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Я.М нь гэм буруугаа зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх бөгөөд Я.Мын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шүүхээс оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж байх тул түүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/309 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 31 дугаартай эсэргүүцлийн “...ноцтойгоор зайлсхийвэл ...хорих ялаар сольж...” гэсэн хуулийн зохицуулалтаас өөр шалгуур тогтоосон. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Мад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ