Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 128/2023/0870

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “З*******” ХХК,

Хариуцагч: Б*******,

Маргааны төрөл: “З*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг газрын хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б*******, түүний өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “З*******” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр тушаалыг хүчингүй  болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгч “З*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны  12 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалаар *******, Богдхан уулын дархан цаазат газрын Т******* ам нэртэй газар 13.0 га талбайг аялагч зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барь орон байрыг ашиглах зориулалтаар газар ашиглах эрхийг таван жилийн хугацаатайгаар авчээ.

3.Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Богдхан Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ” 2021/******* дугаар гурвалсан гэрээг байгуулжээ.

4.Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “З*******” ХХК-ийн газар ашиглах хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.

5.Нэхэмжлэгч “З*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газраас 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 08/2851 тоот албан бичгийг бидэнд ирүүлсэн бөгөөд тус албан бичигт “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон” тухай мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр тушаалаар манай компанийн ашиглаж буй Богдхан уулын дархан цаазат газрын Т******* аманд байрлах 13 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон байх ба ийнхүү хүчингүй болгосон талаар бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн юм.

2/Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр тушаал нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна.

3/Учир нь “З*******” ХХК нь Газрын тухай хууль болон 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” №2021/******* тоот гэрээний нөхцөл, болзлыг хангаж ажилласан ба газрын төлбөрийг зохих журмын дагуу төлсөөр ирсэн. Манай компани нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг зөрчөөгүй бөгөөд Газрын тухай хууль болон газар ашиглах гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчөөгүй атал газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр тушаал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг зөрчсөн бөгөөд бодит байдалд нийцээгүй байн дэлгүй юм.

Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Т******* аманд байрлах газрыг манай компанид 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гарсан. Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр”Богдхан уулын дархан байгуулсан ба ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс эхлэн газрыг зориулалтын дагуу ашиглах эрх цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” №2021/******* тоот гурвалсан гэрээг бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны №15 дугаар “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-т “Мөн зүйл, хэсэгт заасан газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухай газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, “З*******” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр "Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2021/******* тоот гэрээг байгуулсан тул энэхүү хугацаа //2021.09.15-ны өдөр/-аас эхлэн 2 жилийн хугацааг тооцох /2021.09.15-2023.09.15/ ёстой бөгөөд уг хугацаа дууссан өдрөөс эхлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрх төрийн захиргааны байгууллагад  үүсэх юм.

/Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацаа дуусахаас өмнө зориулалтын дагуу 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй хэмээн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэжээ. Зориулалтын дагуу ашиглах 2 жилийн хугацаа 2023.09.15-ны өдөр дуусах юм/

4/Мөн манай компани нь өөрийн ашиглаж буй газрыг зориулалтын дагуу ашиглаж, тодорхой үйл ажиллагаа явуулсан боловч энэхүү бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр буюу хууль зүйн үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Нөгөөтэйгүүр, Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №30 дугаар “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг гаргаж, Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Улмаар 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сарыг хүртэлх 2 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд дээрх хугацаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах юм. Учир нь Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны №15 дугаар “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл ... зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй

байсныг ойлгоно” гэж заасан.

5/Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх хугацаанд газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт нийцэхгүй юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэхдээ тушаалын хууль зүйн үндэслэл болон газрыг хүчингүй болгох, чөлөөлөх эсэх талаар мэдэгдээгүй, биднээс тайлбар, санал аваагүй нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн бөгөөд мөн Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар

зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагаа явуулах үүрэгтэй атал энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй тул 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* тоот тушаалыг захиргааны акт гаргах журмыг зөрчсөн гэж үзэх юм” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “З*******” ХХК нь Б*******ын 2020 оны 12 сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Богд хан уулын дархан цаазат газар хөшгийн аманд 13 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл 2025 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаа үргэлжилж байгаа. Гэтэл сайдын 2022 оны 12 сарын 21-ний өдрийн А/******* дугаар тушаал гарсан.  Энэ тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн. Тухайлбал уг тушаалд тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байдаг. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгох гэсэн байдаг. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд хүчингүй болгох 5 үндэслэл заасан байдаг. Эдгээр 5 үндэслэлийн яг алийг нь баримталсан нь тушаал дээр тодорхойгүй, ерөнхий заалт баримталж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 39.1-39.5 дахь хэсгийн аль үндэслэл байсан бэ?, энэ үндэслэлүүдийн ямар үйл баримтаар тогтоогдож байгаа гэдэг мэдээллүүд  тушаал дээр тодорхой авагдаагүй байдаг.

1/Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1 дэх хэсэгт захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх ёстой. мөн хуулийн 40.2.3 дахь хэсэгт захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заана гэж заасан. Энэ бол захиргааны акт гарахад хуульд заагдсан шаардлага, эдгээр шаардлагуудыг зөрчсөн, тодорхойгүй үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

2/тушаалд заасан хуулийн үндэслэл бол  Газрын тухай хуулийн 35.3.1 дэх хэсгийг баримталсан байдаг. Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй гэдэг байдлаар хүчингүй болгосон байдаг. Гэтэл газрын тухай хуулийн 35.3.1 дэх заалт маань газрын тухай хууль болоод тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу газар ашиглах эрхийг шууд хүчингүй болгох ийм үндэслэл хууль зүйн хувьд хамаардаггүй. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон газрын тухай хуульд зааснаар гэрээний үүргээ удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг хүчингүй болгох ёстой. 35.3.1 дэх заалтыг баримталж газар ашиглах эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй.

3/Тушаал газрын тухай хуулийн 41.6 дахь хэсэг буюу хүндэтгэн үзэх шалтгаангүй гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг заалтыг баримталсан. Хуулийн хувьд хоёр урьдчилсан нөхцөлтэй хүндэтгэн үзэх шалтгаангүй газрыг ашиглаагүй бол, газраа 2 жил дараалан ашиглаагүй байх. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан үгүй гэдэг асуудал яригдах байх. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасны дагуу Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Энэ цаг үе Ковид-19 цар тахлын нөлөөллийн үе таарсан. Монгол улсын засгийн газар 2020 оны 01 сарын 26-аас 2022 оны 04 сарыг хүртэлх хугацаанд Монгол улсын хэмжээнд Засгийн газрын тогтоолоор өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг хугацаа таардаг. Газар ашиглах гэрчилгээ 2020 оны 12 сарын 10-нд газар ашиглах эрх олгосон, 2022 оны 12 сарын 21-ний өдрийн тушаалаар Газар ашиглах эрхийг цуцалсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэгт хамаарч байна. Мөн улсын дээд шүүхийн 2008 оны  15 дугаар тогтоол Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан. Энэ тогтоолын 1.10 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт гэнэтийн давагдашгүй хүчин зүйл орно гээд энэ агуулгаар тайлбарласан. Газрын тухай хуулийн 41.6 дахь хэсэгт 2 дахь үндэслэл бол газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг. Газрыг ашиглах гэдэгт хашаа бариад барилгажуулаад, суурь ухахыг ойлгохгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, байгаль орчны тухай хуульд заасны дагуу хуульд заасан байрлалуудад үнэлгээнүүдийн хийлгэсний дараа газар ашиглах асуудал яригддаг байгаа. “З*******” ХХК нь 2020 оны 05 сарын 26-ны өдөр ерөнхий үнэлгээ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсэн. Загвар төслийн эскиз зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, эскиз зураг төслийг боловсруулсан байдаг. Тухайн газарт хашаатай юм уу хашааг тойрсон бүх баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. “З******* “ХХК-аас 2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг хууль зүйн үндэслэлийг үгүйсгэж байна. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10 дэх хэсэгт газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухайн гэрээ хийгдсэнээс хойш хуанлин 2 жилийн хугацаа өнгөрсөн байхыг ойлгоно гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч болоод хамгаалалтын захиргаатай хэзээ гуравласан гэрээ хийсэн бэ гэдэг асуудал яригдаж байна. Гэрээ 2021 оны 09 сарын 15-ны өдрийн огноотой байгаа. Гэхдээ энэ гэрээ энэ өдрөө байгуулагдаагүй. Хэргийн материалд хавсаргасан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрээний хувийн хэрэгт 2020 оны 10 сарын 11-ний өдөр 26-06 тоот гэрээ батлуулах албан бичгийг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд нэхэмжлэгч хүргүүлж байсан. Мөн бүртгэл хяналтын карт байдаг. Энэ картаа хүсэлтийг 2021 оны 10 сарын 26-ны өдөр шийдвэрлээд, 2021 оны 10 сарын 06-ны өдөр гэрээг байгуулаад нэг цэгт үлдээсэн гэдэг мэдээлэл авагдсан байдаг.  2021 оны 10 сарын 26-нд гэрээ байгуулагдсан учир 2021 оны 10 сарын 26-ны өдрөөс хоёр жил тоолох ёстой. Энэ хугацаа дуусахаас өмнө 2022 оны 12 сар 21-ний өдөр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаал гаргасан нь Улсын дээд шүүхийн тогтоол болон Газрын тухай хуулийг 41.6 дахь хэсгийг зөрчсөн. Гэрээ нь 2021 оны 10 сарын 26-ны өдөр байгуулагдсан байхад хорио цээрийн хугацаа 2022 оны 04 сард дууссанаас хойш 8 сарын хугацаанд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

4/Хариуцагчийн зүгээс захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл 27.1, 27.4, 27.5 дахь хэсэгт заасан журам, арга хэлбэрээр  сонсох ажиллагааг явуулаагүй байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас албан бичгийг ирүүлсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27.1 дэх хэсэгт шийдвэр гаргах захиргааны байгууллага сонсох ажиллагааг явуулна гэсэн, тэрнээс биш Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа сонсох ажиллагаа явуулах хуулийн зохицуулалт байхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа шууд шийдвэр гаргах захиргааны байгууллага, албан тушаалтан биш. Гэтэл шийдвэр гаргах захиргааны байгууллага, албан тушаалтан сонсох ажиллагаа хийгээгүй. Сонсох ажиллагаа хийгээгүй улмаас ямар үр дагавар үүс ч байна гэхээр үүнтэй холбоотой баримт материал бүрдүүлж өгөх боломжоор хангаагүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас 08 сарын 05-ны өдөр сонсох ажиллагаа хийх албан бичиг ирүүлсэн. Энэ албан бичиг дээр 08 сарын 08-ны дотор хариу ирүүлнэ үү гэсэн байсан. Өөрөөр хэлбэл энэ сонсох ажиллагааг 3 хоногийн дотор хийх бодит нөхцөл байдал, боломж байхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас хуулийг өөрт ашигтай байдлаар ашиглаж 3 хоногийн хугацаанд сонсох ажиллагаа явуулсан мэтээр баримт үлдээсэн байна гэж харж байна.

5/Газрын тухай хуулийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрээ газар ашиглах эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ гэсэн байдаг.Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоол дээр мэдэгдэх үүргийг тайлбарласан байдаг. Мөн захиргааны ерөнхий хуулийн 43.1-т заасны дагуу захиргааны актыг гаргаж байгаа бол хаяглагдсан этгээдэд мэдэгдэнэ. Мэдэгдэх үйл ажиллагааг захиргааны байгууллага хариуцна гэж заасан. Иймд дээрх үндэслэлүүдээр Б*******ын 2022 оны 12 сарын 21-ний өдрийн А/******* дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Нэхэмжлэгчийн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40.1.6 дахь заалт, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1521 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

2/Нэхэмжлэгч нь газар ашиглах гэрчилгээг авснаас хойш хуульд заасны дагуу зориулалтын дагуу газраа огт ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж заасныг зөрчиж байсан.

3/Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр.... ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, Цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу Газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар Дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан байдаг.

4/Мөн Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй,  Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.1.6-д заасан "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг сарниулж, ачааллыг тэнцвэржүүлсэн, тээврийн эргэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулах" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн

нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх" төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрыг чөлөөлөх үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сдаргаас 2022 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн 01/1724 тоот албан бичгээр хүсэлт ирсэн тул хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тушаалын үндэслэл тодорхойгүй байна гэж байна. Тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг баримталсан байгаа. 40.1.6 дахь хэсэгт газрын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. Энэ яаж тогтоогдож байгаа вэ гэхээр Богд Хан-Уул дүүргийн уулын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн санал, тухайн үед үзлэг хийж байсан баримтаар тогтоогдоно. Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар болон дээд шүүхийн тогтоолоор тайлбарласнаар зориулалтын дагуу тодорхой үйлдвэр үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж бариагүй, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт зүйлийг ойлгоно гэж тайлбарласан. Тухайн үед зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь хамгаалалтын захиргааны саналаар тогтоогдоно. Мөн шүүхийн үзлэгээр хашаалснаас өөрөөр барилга байгууламж барьсан, үйл ажиллагаа явуулсан нөхцөл тогтоогдоогүй байна. Гэрээний хувьд 2021 оны 10 сарын 26-ны өдөр байгуулсан. Гэрээнд зааснаас хойш хоёр жилийн хугацаанд ашиглаагүй байна гэж тайлбарлаж байна. Газар олгох тушаал 2020 оны 12 сарын 10-ны өдөр гарсан. Үүнээс хойш бүтэн 1 жил 6 сарын хугацаанд гэрээ байгуулагдаагүй байгаа нь гэрээ байгуулах үүрэг нь нэхэмжлэгч талын зүгээс гэрээ байгуулаагүй байгаа нь яамнаас шалтгаалсан гэж үзэхгүй. Сонсох ажиллагааны мэдэгдэл явуулаагүй гэж байна. Сонсох ажиллагааны мэдэгдлийн хувьд тухайн хамгаалалтын захиргаанаас явуулсан, хариуг нь 3 хоногийн дараа явуулсан баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хамгаалалтын захиргаа нь өөрөө тухайн яамны харьяа байгууллага учраас захиргааны хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах эрхтэй. Хяналт тавьдаг үүрэг нь хамгаалалтын захиргаанд хамаардаг.

 Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Тулгуурт гүүрэн байгууламж барих нөхцөл шаардлага бүрдсэн гэсэн төлөвлөгөөний дагуу нийслэлийн засаг даргаас хамтарч ажиллах хүсэлтийг ирүүлсэн. Түүнээс биш яг энэ газрын эрхийг хүчингүй болго гэсэн тулгасан шаардлага ирээгүй. Үүний дагуу яамнаас хамгаалалтын захиргаанд саналаар хүргүүлээд, энэ талаар судлахаар газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй компани байсан. Энийг үндэслэж тушаал гарсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв

.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч З*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр тушаалаар нэхэмжлэгч З*******” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Т******* аманд байрлах 13.0 га газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэжээ.

2.Нэхэмжлэгчээс “2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2021/******* тоот гурвалсан гэрээг байгуулсан, газрыг зориулалтын дагуу ашиглаж, тодорхой үйл ажиллагаа явуулсан бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон” гэж, хариуцагчаас “Газрын тухай хууль зөрчсөн, газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.1.6-д “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг сарниулж, ачааллыг тэнцвэржүүлсэн, тээврийн эргэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх “Тулгуур гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрыг чөлөөлөх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон  ...” гэж  тус тус маргажээ.

3.Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалаар *******, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Т******* аманд 13.0 га газрыг Аялагч зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох, зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 0201773 дугаар гэрчилгээг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5 жилийн хугацаатай олгосон байна.

Улмаар нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2021/******* тоот гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй гурвалсан гэрээг байгуулжээ.

4.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 853 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичгийн дагуу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22/04 дүгээр албан бичгээр “...газар ашиглах гэрчилгээг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, Газар ашиглах гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус тус авсан, ...дээрх нөхцөл байдлыг харгалзан газар ашиглах эрхийн гэрчилгээг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1521 дүгээр албан бичгээр “...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д  “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтын бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн байна.

6.Мөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Хамтран ажиллах тухай”  01/1724 дүгээр албан бичгээр ... “Тулгуур гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасныг зөрчиж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А/297, 2014 оны А/339, А/340, А/414  дүгээр тушаалуудаар “Ч” ХХК, “М” ХХК, “Е” ХХК, “Х” ХХК, “ М” ХХК-иудад газар ашиглах эрх олгосныг хүчингүй болгож, хамтран ажиллах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн байна.

7.Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа болон хариуцагчаас дээрх санал, тушаалыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг огт тодруулаагүй, холбогдох баримтуудад үндэслээгүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”. 24.2.-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1.-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”. гэж заасан.

8.Гэтэл хариуцагчаас нөхцөл байдлыг тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргах ажиллагааг хийгээгүй, эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулан тайлбар, санал гаргах боломжийг олгох үүргээ биелүүлэхгүйгээр сайдын  2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

9.Учир нь нэхэмжлэгч “Залаат резрт” ХХК нь 2020 онд Улаанбаатар хот, *******, Богдхан уулын дархан цаазат газрын Т******* аманд аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг “Д” ХХК-аар боловсруулсан, 2021 онд Кале-Аялал жуулчлалын цогцолбор барих загвар зургийг боловсруулсан, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Инженер-Геологийн судалгааны ажил гүйцэтгэх” 021 тоот гэрээг “Т” ХХК-тай, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Эскиз зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан” 21/21 тоот гэрээг “А” ХХК-тай байгуулсан зэрэг ажлуудыг хийсээр байсан болох нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.

10.Мөн шүүхийн үзлэгээр маргаан бүхий газарт цементэн суурьтай хашаа барьж байгуулсан, манаач байршуулсан, инженерийн шугам сүлжээ буюу тог татсан, гүний худаг гаргасан зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийг гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна.

11.Нөгөөтэйгүүр маргаан бүхий газрын тодорхой хэсгээр “Тулгуур гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд шууд халдах үндэслэл болохгүй бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгчтэй зөвшилцөх, өөр газраар солих, газрыг нөхөн олговортойгоор буцаан авах зэрэг боломжийг илэрхийлэх ёстой.

12.Мөн нэхэмжлэгч компанийн газар нь нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн газартай давхцаж байгаа боловч маргаан бүхий актад дурдаагүй, хэргийн оролцогчдоос энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ.