Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 128/2023/0823

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Одмаа, шүүгч Ө.Болорчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Б*******,

Хариуцагч: М*******,

Маргааны төрөл: Мын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/******* дүгээр тушаал хуульд нийцсэн эсэх талаарх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, иргэдийн төлөөлөгч М.Б******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.З.Б*******ээс М*******д холбогдуулан “Мын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/******* дугаартай “З.Б*******ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Мал эмнэлгийн ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Мын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/******* дугаартай “З.Б*******ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн, томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин  хөлс гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

3.Мын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/******* дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг тус газрын Төрийн захиргааны удирдлагын газрын хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон ажил, албан тушаалаас чөлөөлж, ******* аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн байна.

4.Мал эмнэлгийн ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1*******8 тоот албан бичгээр дээрх тушаалыг ******* аймгийн Мал эмнэлгийн газарт хүргүүлж, нэхэмжлэгчийг ажлын байраар хангахыг үүрэг болгосон.

5.Улмаар ******* аймгийн Мал эмнэлгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг тус газрын Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалд томилох боломжгүй талаар хариуг өгчээ.

6.Нэхэмжлэгч З.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэлдээ:

1/З.Б******* миний бие Мын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/******* дугаартай тушаалаар тус газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаарт тушаалаар жинхлэн томилогдож, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн захиргааны албан хаагч, Т3-7 зэрэглэлийн 2 дугаар шатлалаар цалинжиж байсан.

Улмаар Мын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б\******* дугаартай “Шилжүүлэн ажиллах тухай” тушаалаар 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаасаа чөлөөлж, ******* аймгийн мал эмнэлгийн газарт шилжүүлэн уг тушаалыг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1*******8 дугаар албан бичгээр ******* аймгийн мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэлд хүргүүлсэн.

2/******* аймгийн мал эмнэлгийн газрын дарга Мал эмнэлгийн ерөнхий газарт 3.Б*******ийг ажилд томилох боломжгүй гэсэн хариу өгөөгүй харин ажилд томилно хүлээж бай гэсэн атлаа намайг ажилд томилохгүй бүтэн 6 сар амаар ажилд томилно хүлээж бай гэж хүлээлгэсэн тул миний бие 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ******* аймгийн мал эмнэлгийн газарт бичгээр өргөдөл гаргасан.

3/Гэтэл ******* аймгийн мал эмнэлгийн газраас миний өргөдлийн хариуг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 112 дугаартай “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичиг ирүүлж уг албан бичигт ******* аймгийн мал эмнэлгийн газрын Захиргаа санхүүгийн албаны даргын албан тушаалд Төрийн албаны зөвлөл, Аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу сул орон тоог зарлаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг авч ажиллуулах тул таныг тухайн албан тушаалд томилон ажиллуулах боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” гэсэн.

4/******* аймгийн мал эмнэлгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаартай "Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичиг нь бус бөгөөд миний эрх  ашгийг ноцтой зөрчсөн тул миний бие Төрийн албаны зөвлөлд 2021 онд 04 дүгээр сарын 31-ний өдөр гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөл 202 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 01/1259 дугаартай “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр ...дээрхи асуудлаар шүүхийн байгууллагад хандах эрхтэй болохыг танд зөвлөе" гэсэн хариу ирүүлсэн тул миний бие ******* аймгийн мал эмнэлгийн газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр шийдвэрлүүлж үргэлжлүүлсний дагуу Мын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/******* дугаартай “3.Б*******ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр тасралтгүй шүүхээр маргаж байна.

5/Нэхэмжлэгчийг 2020 онд ажлаас нь чөлөөлөгдсөнөөс хойш ажил албан тушаалдаа эргүүлэн томилуулахаар шүүхээр хяналтын байгууллагад хандаж нэхэмжлэл гаргаж байгааг Мал эмнэлгийн ерөнхий газар мэдсээр байж нэг ч удаа уулзаагүй, ямар ч арга хэмжээ аваагүй өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийг хохироож байгаад гомдолтой байна.

6/Мын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/******* дугаартай “З.Б*******ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал нь Төрийн албан тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажил албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.2, 1.5, 1.6-д заасныг зөрчсөн мөн уг тушаалд нэхэмжлэгчийг ямар ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулж байгааг бичээгүй, төрийн байгууллага нөгөө байгууллагатай тохиролцоогүй атлаа өөрийн ажилтныг шууд шилжүүлэн ажиллах тушаал гаргаж ажиллуулахыг үүрэг болгосны улмаас миний бие өнөөдрийг болтол хохирч байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх бид З.Б*******ийг шилжүүлсэн ажиллуулах тухай Б/******* дугаартай тушаалтай маргаж байгаагүй. Тушаал нь хууль бус тушаал болохыг мэдээгүй. ******* аймгийн мал эмнэлгийн газрын даргын эс үйлдэхүйтэй маргасан. Хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрээр 2020 оны 10 сарын 05-ны өдрийн Б/******* дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг тодорхой дүгнэж өгсөн. Тухайн хууль зүйн үндэслэлээр төрийн албаны тухай хуулийн 44.1, төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах журмыг зөрчсөн хууль бус тушаал шийдвэрийг биелүүлэх эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингээд Б/******* дугаар тушаал нь хууль бус акт болохыг мэдсэн. Давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болохыг магадлал дээрээ тусгаж өгсөн байдаг. Б/******* дугаар тушаал нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад явж байна. Энэ тушаалыг өөрөө гаргасан тийм учраас хууль бус тушаал биш ээ гэж тайлбарлаж байна. Эн тушаалыг гаргахад ******* аймгийн мал эмнэлгийн даргатай зөвшилцсөн зөвшилцлийг байгууллагын дарга нар хийсэн. З.Б******* хүсэлтээ өгсөн ч дарга нарын зөвшилцлөөр тухайн шилжин ажиллах ******* аймгийн Мал эмнэлгийн газарт З.Б*******ийг шилжүүлэн ажиллуулахад орон тоо байгаа тохиолдолд шилжүүлэн ажиллуулна. Тухайн үед дарга нь орон тоо байгаа шилжүүлэн ажиллахыг зөвшөөрөөд Б******* энэхүү тушаалыг боловсруулж, батлуулсан байдаг. ******* аймгийн Мал эмнэлгийн газрын дарга З.Б*******ийг одоо нэг хүн ажлаасаа гарч байгаа чамайг томилно гээд хүлээлгээд яваад байсан. Сүүлдээ З.Б******* албан бичгээр хандсан гэтэл ******* аймгийн Мал эмнэлгийн газраас томилох боломжгүй тухай хариу өгсөн. Ингээд дээд шатны байгууллага болон шүүхийн байгууллагад хандаад явсан. З.Б*******ийн буруу үйлдэл байхгүй. Үнэхээр хоёр байгууллагын удирдлага тохиролцоогүй байсан бол шилжүүлэн ажиллуулах тушаал гаргах үндэслэлгүй байсан. Хоёр шатны шүүхийн шийдвэрт шилжүүлэн ажиллуулахдаа дараах үндэслэлүүдийг хардаг.

-Зайлшгүй шаардлага байх ёстой. Тухайн ажил албан тушаалд мэргэжилтэн шаардлагатай тохиолдолд шилжин ажиллуулдаг.

-Төрийн албанд 10 жилээс дээш ажилласан тохиолдолд шилжүүлэн ажиллуулах үндэслэл болдог.

Ийм хуулийн шаардлага үндэслэл байдаг. Мөн энэ хоёр байгууллага албан бичиг солилцсон байхыг шаарддаг юм байна. Гэтэл энэ шаардлага үндэслэлийг биелүүлээгүй хууль бусаар шилжүүлээд томилсон. Буцаад мал эмнэлгийн ерөнхий газартаа хандахаар чамайг шилжүүлсэн буцааж ажилд авах боломжгүй гэдэг. ******* аймгийн Мал эмнэлгийн газар ажиллах гэхээр чамайг томилох орон тоо байхгүй ажиллуулах боломжгүй энэ тушаал хууль бус акт учраас гэж маргадаг. Б/******* дугаар тушаалаар З.Б*******ийг ажлаас чөлөөлөөгүй гээд байдаг. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн баталгаа дээр ажиллах орон тоо, нөхцөлөөр хангана гэсэн байдаг. Гэтэл энэ баталгааг энэ хоёр байгууллага аль аль нь хангаагүй. Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө үндэслэлийг тусгаж өгөх ёстой. Энэ Б/******* тушаал дээр ажлаас чөлөөлсөн гэдэг нэг ч заалт үндэслэл байхгүй. Энэ тушаалаа биелүүлээч гээд яваад байдаг. Хэн ч авч хэлэлцдэггүй байж ажлаас чөлөөлөөгүй гэж яриад байдаг. Нэхэмжлэгч олон удаа байгууллагадаа хандсан. ******* аймгийн шүүхийн шийдвэр гараад энэ тушаал нь хууль бус захиргааны акт гэж үзэж байхад Мал эмнэлгийн ерөнхий газраас энэ тушаалаа хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрөөд З.Б*******ийг дуудаж уулзаад асуудлыг шийдэх байсан. Гэтэл одоог хүртэл З.Б*******ийг хохироож ажилгүй байлгаж байна. Ийм учраас Б/******* дугаар тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгөхийг хүсэж байна” гэв.

7.Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Захиргааны ерөнхий хуулийн "Захиргааны акт илт хууль бус болох" гэсэн 47

дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт "Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.1 дэх заалтад "утга агуулгын илэрхий алдаатай;” гэж, 47.1.2 дахь заалтад “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;” гэж, 47.1.3 дахь заалтад “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэж, 47.1.4 дэх заалтад "захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус;” гэж, 47.1.5 дахь заалтад “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;” гэж, 47.1.6 дахь заалтад “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэж, 47.1.7 дахь заалтад “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.” гэж захиргааны актын илт хууль бус байх тохиолдлуудыг заасан.

2/Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Агентлагийг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилогдсон дарга тэргүүлнэ.” гэж, 8.3 дахь хэсэгт “Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 8.3.2 дахь заалтад “агентлагийг өдөр тутмын удирдлагаар хангах,” гэж, 8.3.5 дахь заалтад “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах;” гэж, 8.4 дэх хэсэгт “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл М*******ас хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шийдвэрээ гаргасан” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б/******* дугаар тушаал дээр З.Б*******ийг төрийн албанаас чөлөөлөөгүй, чөлөөлсөн үндэслэл байхгүй. Өөрийн хүсэлтээр харилцан тохиролцоод ******* аймгийн мал эмнэлгийн газарт шилжүүлсэн тушаал гаргасан. Анхнаасаа энэ гарсан захиргааны актыг илт хууль бус захиргааны акт гэдэг талаар огт маргаагүй байдаг. Зөвхөн эс үйлдэхүйтэй маргаж байсан.Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолдоо яг энэ акттай холбоотой маргаагүй. Өөрөө манай байгууллагад энэ асуудлаа тавиагүй, ирж уулзаад миний эрх ашиг хөндөгдлөө энэ захиргааны акт хүчингүй юмаа гэдэг асуудал гаргаагүй. Уг захиргааны актыг өөрөө хууль эрх зүйн асуудал хариуцсан чиг үүргийн албан тушаал хашиж байхдаа боловсруулж хянасан байдаг. Нэхэмжлэгч эхлээд шаардлагаа илт хууль бус болохыг тогтоолгох байсан дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гээд өөрчилсөн байна. Б/******* дугаар тушаал анх гарахад З.Б******* өөрөө хууль ёсны захиргааны акт юмаа би өөрөө хүлээн зөвшөөрч байна гээд өөрөө боловсруулаад гаргаж байгаа юм. З.Б******* эрхзүйч мэргэжилтэй, хууль зүйн үндэслэлүүдээ өөрөө гаргасан. Энийг захиргааны хууль бус акт гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа анхнаасаа зөв тодорхойлоод ******* аймгийн мал эмнэлгийн газрын даргатай энэ акттай адилхан маргаад явсан бол өнөөдөр арай өөр нөхцөл байдалтай байх байсан. Б/******* дугаар тушаалтай маргаагүй явсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа /хуулийн хугацаа/ дууссан. Эрх ашиг хөндөгдсөн гэж яриад байна. Энэ захиргааны акт гарснаар З.Б*******ийн эрх ашиг яаж хөндөгдсөн нь баримтаар нотлогдохгүй. Уг тушаалыг өөрөө боловсруулаад, гаргаад, хүлээн зөвшөөрөөд төрийн албаны тухай хуулийн 44.1, 44.5 зүйлээр тушаалаа аваад ажилдаа томилогдох гээд тэнд 6 сар хүлээсэн байна. З.Б******* хүсэлт өөрөө гаргасан байдаг. Хүсэлтээ тавихдаа яг ******* аймгийн мал эмнэлгийн газар руу биш чөлөө олгож өгөх хүсэлт гаргасан байдаг. Тухайн үеийн мал эмнэлгийн ерөнхий газрын хэлтсийн дарга, ******* аймгийн мал эмнэлгийн дарга З.Б******* гурвын харилцан тохиролцсон аман хэлцэл байдаг юм байна лээ. Энэ нь харилцан зөвшилцөх гэдэгтээ орж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн шилжүүлэн ажиллуулах журамд зааснаар харилцан тохиролцсон гэж үзээд. Б/******* дугаар тушаал нь хуулийн дагуу гарсан захиргааны акт мөн гэж үзэж байна” гэв.

8.Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гартал 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1.Мын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/******* дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг тус газрын Төрийн захиргааны удирдлагын газрын хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон ажил, албан тушаалаас чөлөөлж, ******* аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн.

2.Мал эмнэлгийн ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1*******8 тоот албан бичгээр дээрх тушаалыг ******* аймгийн Мал эмнэлгийн газарт хүргүүлж, нэхэмжлэгчийг ажлын байраар хангахыг үүрэг болгосон байна.

3.Улмаар ******* аймгийн Мал эмнэлгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг тус газрын Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалд томилох боломжгүй талаар хариуг өгчээ.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.” гэж, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.2-д “Төрийн байгууллагын ажлын ачааллыг зохицуулах, төрийн албанд ажиллаж туршлага хуримтлуулсан албан хаагчийн мэдлэг, ур чадварыг үр өгөөжтэй ашиглах, дадлага туршлагыг нь бусдад эзэмшүүлэх, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад энэ журмыг баримтална.”, мөн журмын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна”, 2.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч өөрөө хүсвэл энэ журмын 2.1-д заасан үндэслэлээр төрийн өөр байгууллагад шилжин ажиллах хүсэлтээ байгууллагын удирдлагад гаргаж болно” гэж тус тус заасан.

4.Дээрхээс дүгнэвэл төрийн жинхэнэ албан хаагчийг өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулахдаа түүний бичгээр гаргасан хүсэлтийг зайлшгүй авах шаардлагатай байх бөгөөд уг хүсэлтийг шилжин очих байгууллагад уламжилж, түүний бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн шийдвэрлэхээр байна.

5.Гэтэл маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг аваагүй, шилжин очих ******* аймгийн Мал эмнэлгийн газрын даргатай зөвшилцөөгүй,  түүнийг ямар ажил, албан тушаалд шилжүүлж байгаа нь тодорхойгүй байна.

6.Нэхэмжлэгч нь хариуцагчтай шилжин ажиллах талаар тохиролцсон, энэ талаар маргадаггүй хэдий ч энэ нь дан ганц тэдгээрийн хооронд хийгдэх харилцаа биш.

7.Өөрөөр хэлбэл ажлын зайлшгүй шаардлага, удирдлагын санаачилга, ажилтны хүсэл зориг байхаас үл хамаарч шилжин очих байгууллагын удирдлагатай зайлшгүй тохиролцож, тэдгээрийн бүтэц, сул орон тоонд багтаан төрийн албаны ангилал, зэрэглэлд нийцүүлэн, ажиллах албан тушаалыг тодорхой дурдах учиртай.

9.Хэдийгээр ******* аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Дуут сум дахь мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд 6 сарын туршилтын хугацаагаар томилсон хэдий ч нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд ажиллаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

10.Нөгөөтэйгүүр маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгч нь тухайн цаг хугацаанаас нь мэдсэн, хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийг шууд буруутгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч нь ******* аймгийн Мал эмнэлгийн газарт шилжин ажиллах хүсэл зориг байгаа эсэх, байгаа бол төрийн албаны ямар ангилал, зэрэглэлд хамаарах албан тушаалд томилогдохыг хүсч байгаа эсэх, тухайн албан тушаал нь ******* аймгийн Мал эмнэлгийн газарт сул байгаа эсэх, мөн түүнийг ажиллуулах боломжтой эсэх талаар бичгээр ирүүлсэн саналыг зайлшгүй авах шаардлагатай, дээрх нөхцөл байдлыг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Мөн иргэдийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж дүгнэсэн хэдий ч шүүх дээрх үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2, 1*******.3.11-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан З.Б*******ийн нэхэмжлэлтэй, М******* холбогдох Мын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/******* дүгээр тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 2 (хоёр) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Мын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/******* дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                   Ө.БОЛОРЧИМЭГ

 

                                  ШҮҮГЧ                                    Ц.ОДМАА