Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/531

 

 

 

 

 

 

      2022          05            18                                         2022/ДШМ/531                                                            

           

Ж.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батцэцэг,

хохирогч Б.М-,

            шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/472 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Б-д холбогдох Ж.Б дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11ий өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Ж-ийн Б-, Сүхбаатар аймагт 1976 оны 02 дугаар сарын 09ий өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биологийн багш мэргэжилтэй, “-” ХХК-д ажилладаг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, -- дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

Ж.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны орой, 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “-” хотхоны 34 дүгээр байрны 45 тоот гэртээ Б.М-ыг зөвшөөрөлгүй гэрт орж ирлээ гэх шалтгаанаар өшиглөж, хохирогч унахдаа хаалганы хүрээнээс барьсан байхад нь хаалгаа хааж гарыг нь хавчсаны улмаас зүүн гарын ядам хурууны шарх, дунд, долоовор хурууны зулгаралт, долоовор хурууны цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт өгч чадаагүй, Ж.Б-д торгох ял оногдуулсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны орой 21:30 цагт Б.М- нь хамтран амьдрагч Ц.Г-гийн хамт Ж.Б-гийн хүүхдүүдийг хүч түрэмгийлэн авах зорилгоор гэрт нь зөвшөөрөлгүй орж ирээд хүү Г.Тэнүүнийг булаан авч, хэл амаар доромжлон бусдаас тусламж гуйх боломжгүй, нас, бие хүчний хувьд тэнцвэргүй нөхцөлд аргагүйн эрхэнд өөрийн болон хүүхдүүдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эсэргүүцэж хаалганд хохирогчийн гарыг хавиж хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан хууль бус довтолгооноос өөрийгөө болон хүүхдүүдээ хамгаалж хариу довтолсон аргагүй хамгаалалтын шинжтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ж.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г, М- нарын ярьж байгаа шиг зүйл болоогүй. Би гурван хүүхдийн хамт амьдардаг. Тухайн үед хоёулаа хүч түрэн орж ирсэн. 2-3 жилийн өмнөөс л дээрэлхэж эхэлсэн. Миний зүгээс Г, М- нартай өс хонзон байхгүй. Хамт амьдрахад нь хүртэл саад хийгээгүй. Хүүхдүүдийг Г хүссэн үедээ авч явдаг. Хүүхдүүдийг авч явахаараа даалгаврыг нь огт хийлгэдэггүй. Тийм учруус би даалгаврыг нь хийлгэж байтал Г орж ирээд “Ямар уддаг юм” гэсэн. Бид хоёр хүүхдийн тэтгэмжээс болж маргалдаад байж байтал хаалга нүдсэн. Онгойлгоход Гийн хамтран амьдрагч М- орж ирээд “Чи хоёр тортой хувцастай хөөгөөд явуулсан биз дээ” гэж хэрүүл өдсөн. Би тухайн үед хүүхдүүдийн тэтгэмжийг л нэхсэн. Мөн хүүхдүүд явахгүй гэхэд хүчээр хувцаслаад аваад гарсан” гэв.

Хохирогч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Тэр өдөр ажлаа тараад хүүхдүүдийг авч болох уу гэж асуухад Ж.Б- зөвшөөрсөн. Тэгээд хүүхдүүдийг авах гээд гадаа нь 2 цаг хүлээсэн боловч гарч ирэхгүй байсан учир 21:40 цагийн орчим Г эхэлж орсон. Дараа нь би орсон. Өмнө нь Ж.Б- гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж цагдаад худал дуудлага өгөөд Гийг баривчилж байсан учраас би гэрч болж байнга хамт явдаг. Намайг хаалга тогшиход Ж.Б- тайлж өгөөд би орсон. “Нэг удаа ч гэсэн хүүхдийн төрсөн өдрийг хэрүүл маргаангүй хийе” гэхэд намайг доромжилсон. Намайг гарах гэтэл Ж.Б- миний гэдэс рүү өшиглөж, би хаалганы хажуу талаас бариад унахад шууд хаасан” гэв.

Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Аргагүй хамгаалалт байгаагүй. Шүүгдэгч Ж.Б- нь хохирогчийг өшиглөж унаган, гарыг нь хаалганд хавчсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Дунд хүү Тэнүүний асуудал яригддаг. Гэрч Г мэдүүлэхдээ “Гарах гэж байхад хүү маань өөрөө гүйгээд ирсэн. Тэгэхээр нь авч гарсан” гэдэг. Хорооны Засаг даргын захирамжид “Тэнүүний хүсэлтийн дагуу төрсөн эцэг Гийг түр асран хамгаалагчаар тогтоосон” гэж дурдсан байсан... Хэрэг гарах үед хоёр хүүхэд байсан. Хүүхдүүдээс гэрчийн мэдүүлэг авч болох байсан ч тэдний эрх ашгийн үүднээс мэдүүлэг аваагүй. Шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ж.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, шүүгдэгч Ж.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны орой, 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, “00” хотхоны 00 дүгээр байрны 00 тоот гэртээ Б.М-ыг зөвшөөрөлгүй гэрт орж ирлээ гэх шалтгаанаар өшиглөж, хохирогч унахдаа хаалганы хүрээнээс барьсан байхад нь хаалгаа хааж гарыг нь хавчсаны улмаас зүүн гарын ядам хурууны шарх, дунд, долоовор хурууны зулгаралт, долоовор хурууны цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.М-ын “... нөхөр бид 2 түүний хуучин эхнэр Б-гийн гэрээс хүүхдүүдийг нь авахаар очоод гадаа нь 2 цаг гаран хүлээсэн. Б- руу залгахаар утсаа авахгүй байсан учраас нөхөр гэрт нь орсон. Би гадаа нь хүлээгээд зогсож байсан. Б- чанга чанга орилоод хараал хэлээд байхаар нь хаалга тогшиж ороод “Та хүүхдүүдээ өгөх болгондоо дандаа удаан хугацаагаар хүлээлгэдэг, нэг удаа хэрүүлгүй өгч болохгүй юу” гэхэд “Хар авгай минь гэрээс зайл” гэсэн. Намайг гарах гэтэл хэл амаар доромжилж, эргээд харахад гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд би газар унахдаа хаалганы хүрээнээс зүүн гараараа барихад хаалгаа хааж миний гарыг хавчсан. Би гар хавчлаа гээд орилоод байхад хаалгаа 4-5 удаа татаж миний гарыг гэмтээсэн. Хүүхдүүд нь “Ээжээ та болиоч” гээд уйлаад, манай нөхөр Г, Б-г хаалганаас холдуулсан...” /хх 29-30/,

гэрч Б.Гийн “... Гаднаас М- хаалга тогшиход, Б- онгойлгож өгөөд биднийг загнаад унасан. М-ыг “Морь шиг царайтай хар авгай минь зайл” гэсэн. М- үүднээс гарах гэтэл Б- гэдэс рүү нь жийгээд М- хойшоо савж унахдаа хаалганы гадна талын хүрээнээс барьсан чинь Б- хаалгаа хааж гарыг нь хавчиж, хаалгаа татаад байсан. Би Б-г татаж холдуулсан...” /хх 40-41/ гэсэн мэдүүлгүүд,

 хохирогч Б.М-ын биед үзлэг хийсэн шинжилгээний 9984 тоот шинжээчийн дүгнэлт /хх 49-50/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Ж.Б- нь хохирогчийг өшиглөж унаган, хохирогч унахдаа хаалганы хүрээнээс барьсан байх үед хаалгаа хааж гарыг нь хавчсан, гар хавчлаа гэдгийг мэдэгдсээр байтал хэд хэдэн удаа хаалгаа татсаны улмаас хохирогчид гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдэж, үүнийг хүсч үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, үйлдэл, хохирлын хооронд шууд шалтгаанд холбоотой гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв тайлбар, дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Ж.Боролмаад оногдуулсан ялын төрөл, хэмжээ түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна.

“... Б.М-, Ц.Г нар Ж.Б-гийн хүүхдүүдийг хүч түрэмгийлэн авах зорилгоор гэрт нь зөвшөөрөлгүй орж ирэн, хүү Г.Тэнүүнийг булаан авч, хэл амаар доромжлон бусдаас тусламж гуйх боломжгүй, нас, бие хүчний хувьд тэнцвэргүй нөхцөлд аргагүйн эрхэнд өөрийн болон хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эсэргүүцэж хаалганд хохирогчийн гарыг хавчиж хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан хууль бус довтолгооноос өөрийгөө болон хүүхдүүдээ хамгаалсан аргагүй хамгаалалтын шинжтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянаж үзэхэд аргагүй хамгаалалтын нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох аргагүй хамгаалалтын шинжийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилжээ.

Эрүүгийн эрх зүйн онол ёсоор довтолгоон нь хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахад чиглэсэн бие хүний идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нэг талаас довтлогчийн үйлдэл, нөгөө талаас довтолгооны эсрэг хийсэн хамгаалах үйлдэлд гэсэн хоёр талын нөхцөлүүдийг нэгэн зэрэг хангасан байх нь эхний шалгуур шинж болно. Цаг хугацааны хувьд довтолгоон эхэлсэн, үргэлжилж байгаа /дуусаагүй/, эсхүл эхлэх нь илэрхий тодорхой болсон нөхцөлд аргагүй хамгаалалт хийх эрхтэй. Довтолгоон бодитой байх шинж нь хүний амь нас, эрүүл мэндэд шууд хор хохирол учруулахуйц нөхцөл байдал бий болсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл довтолгоон хүний төсөөлөлд биш, бодит орон зайд бий болсон байна. Довтлох гэж байгаа нь сэжиг таамгийн түвшинд байгаа нөхцөлд довтолгооны тулгарсан буюу бодитой байх шинж үгүйсгэгдэнэ. Түүнчлэн, довтолгооны хууль бус шинж нь Эрүүгийн болон бусад хуулиар хориглосон, ямар ч зөвтгөх шалтгаангүй үйлдэл учраас хуулиар эрх олгогдсон албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа хуулийн дагуу хийсэн үйлдлийг хууль бус довтолгоонд тооцдоггүй.

Хохирогч Б.М-, шүүгдэгч Ж.Б- нарын хооронд гэр бүлийн харилцаанаас үүдсэн хэрүүл маргаан өрнөж улмаар шүүгдэгчийн үйлдлээр хохирогчид гэмтэл учирсан нь хөдөлбөргүй тогтоогдсон бол хохирогчоос шүүгдэгч болон түүний хүүхдүүд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн довтолгооны шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл алга байна. Түүнчлэн Ц.Г нь хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр авч явахыг Ж.Б- хүлээн зөвшөөрсөн талаар тэдний өгсөн мэдүүлгүүдэд тулгуурлан “...хүүхдүүдийг хүч түрэмгийлэн авах зорилгоор гэрт нь зөвшөөрөлгүй орж ирсэн ...” гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзэв.

Халдагч этгээдийн довтолгоон нь бие хүний идэвхтэй үйлдэл байдаг тул хэрүүл, маргааны шинжтэй, эсхүл довтолж магад гэсэн сэжиг таамаг түвшиний төсөөлөл нь аргагүй хамгаалалтад хийх эрхэд хамаарахгүй.   

Иймд шүүгдэгч Ж.Б-гийн үйлдсэн хэрэгт аргагүй хамгаалалтын нөхцөл байдал тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/472 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-гийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ        

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН