Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/2023/0915

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Р.А*******,

Хариуцагч: Н*******,

Маргааны төрөл: ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаал хуульд нийцсэн эсэх  төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******, П.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Р.А*******гаас Н*******д холбогдуулан “******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн албаны орон тооны хязгаарыг батлах тухай” 360 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, Тамгын газрын харьяа  хэрэгжүүлэгч агентлаг болон дүүргүүдийн бүтэц орон тоог шинэчлэн баталжээ.

3.Дээрх тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрыг татан буулгах тухай”  А/1******* дүгээр захирамжийн 1 дэх заалтаар ...Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрыг татан буулгаж, мөн 3 дахь заалтаар шилжин ирж байгаа албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулан ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

4.Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/******* дугаар тушаалаар ...тус газрыг татан буулгахтай холбоотойгоор Захиргааны хэлтсийн тогтоол шийдвэр, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.А*******г Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт шилжүүлжээ.

5.Нэхэмжлэгчийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн “Ажилтан, албан хаагчдыг ажилд томилох тухай” Б/******* дугаар тушаалын хавсралтаар Захиргаа санхүүгийн хэлтсийн Төлбөр авах цэгийн ажилтнаар томилж, улмаар тус газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/******* дугаар тушаалаар тус газрын Захиргаа санхүүгийн хэлтсийн Төлбөр авах цэгийн ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

6.Улмаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/ дүгээр тушаалаар Р.А*******г тус газрын Замын хөдөлгөөний төлөвлөлтийн хэлтсийн авто зогсоол, ачилт буулгалт хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

7.Харин Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалаар “албан үүргээ гүйцэтгэж байхдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг илтэд зөрчсөн нь нотлогдсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

8.Нэхэмжлэгч Р.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/...Миний бие төрийн албанд ажиллах хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийн 37.1.12-д төрийн үйлчилгээг чирэгдэлгүй чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх гэж заасны дагуу төрийн үйл ажиллагааг эрх тэгш хүртээмжтэйгээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагад ялгаварлан гадуурхахгүйгээр түргэн шуурхай хүргэн ажиллаж ирсэн. Төрийн албанд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, зөрчил, дутагдал огт гаргаж байгаагүй болно.

2/Манай байгууллагын удирдлага болон Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд Байгууллагын эрх бүхий албан тушаалтан нар нь Төрийн албаны тухай хуулийн 48.1.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12, 14 дэх заалт Монгол улсын Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны “Чиглэл хүргүүлэх тухай” ХЭГ/595 тоот, газрын дүрмийн 7.1.2 дах заалтыг тус тус үндэслэж “Төрийн албанаас халах” тушаал гаргасан болно.

 Энэхүү тушаалыг гаргахдаа дээрх албан тушаалтан нар нь Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын 2******* оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ийн 1.4-д заасан зарчим, мөн журмын 3.2-д Эрх бүхий албан тушаалтан энэ журмын 3.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-т заасан нөхцөл байдал болон (3.4) хүндрүүлэх, (3.5) хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дунг харгалзан энэ журмын 1.5.1- 1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасныг, төрийн албан хаагчийн ёс зүйн алдаа гаргасан эсэх, авлига хээл хахууль болон ашиг сонирхлын зөрчил байсан эсэх, гэмт хэргийн шинж чанартай нөхцөл бий болгож улсад их хэмжээний хохирол учруулсан эсэхэд ямар ч үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр төрийн албанаас халж байгаад би маш их гомдолтой байна.

3/Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын шийтгэлийг шат дараалсан арга хэмжээ авах, аль эсвэл Монгол улсын Засгийн газрын 2******* оны ******* дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4.2-д заасныг тус тус үндэслэн шийдвэрлэдэг байтал шууд халж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар удирдлага нартаа хэлсэн.

Миний бие ажлаас чөлөөлөх хүсэлтээ өгөхгүй харин та бүхэн намайг үнэхээр халмаар байвал шилжүүлэн томилгоо хийж өгөхийг хүсье, одоо энд тэнд шилжүүлэн авах зар их явагдаж байгаа тул надад 7 хоногийн хугацаа өгчих би өөрөө ажлаа олоод ирье та бүхэн харин дэмжээд өгөхийг хичээнгүйлэн хүсье гэсэн. Гэтэл газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б таныг өнөөдрөөс халж байна. Төрийн албаны шалгалтаа эхнээс нь өгөөд яваарай гэж ёс зүйгүй аашилж дарамталсан. Мөн манай хэлтсийн мэргэжилтэн О.Ганчимэгийг дуудан миний дэргэд өнөөдрөөс энэ хүн чөлөөлөгдөж байгаа чи хэлтсийн даргынхаа албан үүргийг түр орлон гүйцэтгэж хавсран ажиллана тушаал чинь ингээд гарч байгаа гэж намайг тус мэргэжилтний дэргэд доош хийн доромжилсон.

Дээрх албан тушаалтан нар нь намайг ажлаас халах гол шалтгаан нь Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас гаргасан 5 ш буюу шүүр ажиллагааны хүрээнд “Чиглэл хүргүүлэх тухай” 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ХЭГ/595 тоотыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт хүргүүлсний дагуу Шүүр ажиллагааг заасан хугацаанд яаралтай хэрэгжүүлэхийг нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллага болон төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компанийн удирдлагуудад даалгасан.

4/Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны “Чиглэл хүргүүлэх тухай” ХЭГ/595 тоотын 1-д заасан Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, албан тушаалын Тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлагыг хангаагүй, дүйцүүлэн тооцох журам зөрчин томилогдсон гэх заалтын хүрээнд манай хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Оыг 2023 оны 05 сарын 06-ны өдөр чөлөөлсөн Ингэхдээ дээрх албан тоотод заасан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дотор чөлөөлөх байтал 1 сарын дараа чөлөөлсөн нь газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б, Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Э*******, хэлтсийн даргын барж би хардаж байна гэгч Б.О нар нэгдмэл нэг ашиг сонирхолтой болзошгүй гэж хардаж байна.

5/Мөн миний бие нь Төрийн тусгай албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж төрийн албаны тухай хуулийн мерит зар*******р дэвшин тухайн хэлтсийн даргын сул орон тоог  нөхөх бүрэн боломж бүрдсэн байсан тул тухайн албан тушаалд намайг нэр  нэр дэвшүүлэн томилохгүйгээр  шууд “Төрийн албанаас халах” тушаал төлөвлөн гаргаж хэн нэгнийг томилох нөхцөл байдал бий болгож байгаад  газрын дарга болон Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга нарыг ашиг сонирхол зөрчил илтэд байна гэж үзэж байна.

Тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Э******* нь өөрийн албан тушаалаас гадна Хүний нөөцийн мэргэжилтэн, Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтны албан үүргийг тус тус хавсран гүйцэтгэж байгаа бөгөөд бусад албан хаагчдыг эрх зүйн мэдлэггүйг далимдуулж хавчин, шахалт дарамтад оруулж өөрийнх хүсэлтээр төрийн албанаас халах, аль эсвэл ямар нэгэн хэлбэрээр сонголт хийлгүүлэх, дарамтлах зэрэг ноцтой зөрчил гарган газрын даргад дээрх буруу үйлдлээ зөв мэтээр ойлгуулан төөрөгдүүлж, албан хаагчдыг ажлаас халж, төрийн мэргэшсэн албыг бүрдүүлэхгүй хүний нөөцийн хомсдол бий болгож байгаад миний бие туйлын ихээр харамсаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие эхнэр 3 хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг. Ажлаас үндэслэлгүй халсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаж байгаа юм. Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл өнөөдрийг хүртэл хугацааны мөнгөн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Ажилдаа эргүүлэн томилогдох хүсэлтэй” гэв.

9.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан татгалзал түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/...Авлигатай тэмцэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 05/12694 дугаартай “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” албан бичээр нэр дэвшигч Р.А*******гийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Р.Амарзаяа нь зам барилгын үйлдвэрлэл, засвар, хайрган болон хатуу хучилттай авто зам барих гүүр барих, зам засвар тохижилтын ажил гүйцэтгэх гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх “П” ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, захирлаар бүртгэлтэй байх тул  тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөл байдалд Нийт ашиг сонирхлын болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбар уг тухай бур гаргаж, хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэсэн дүгнэлттэй албан хаагч.

2/Гэтэл Р.А******* нь дээрх хуулийн заалт болон Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн дүгнэлтийг зөрчиж нь өөрийн хариуцсан чиг үүргийн бус Зам, барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн хяналт тавьж байсан “П” ХХК-ний ажлын барьцаа хөрөнгө чөлөөлөх ажлын гүйцэтгэлийг тус хэлтсийн дарга Т.Бээр гарын үсэг зуруулахаар өөрийн биеэр авч орсонтой холбогдуулан тус хэлтсийн дарга Т.Б нь өөрт нь Төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж буйг анхааруулж компанийн төлөөллийн өмнөөс гарын үсэг зуруулах үйлдэл хэрэгжүүлж болохгүй талаар өөрт мэдэгдсэн байдаг.

Р.А нь тухайн “П” ХХК-ийн ажилд  хяналт тавьж байсан тус газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Авто замын хяналтын мэргэжилтэн П.Бтай утсаар ярьж нөлөөлж гарын үсэг зуруулахаар удаа дараа оролдсон талаар болон албан хаагчдын мэдэгдэл тайлбараар баталгаажсан болно.

3/2023 оны 04 дүгээр сарын 13-ны орой 19:00 цагийн орчим Захирraa, санхүүгийн хэлтсийн тооцооны нягтлан бодогч С.Стэй кампанийн төлөөллийн хүний хамтаар ажлын коридорт юм яриад зогсож тооцооны нягтлангаас ямар учиртай юу хийж явааг асуухад “П” ХХК-ийн гүйлгээг яаралтай хийж өгөөч гэж гуйж байна гэсний дагуу тухайн компанийн төлөөллийг хүнд нь ажлын цаг дууссан талаар, ажлын цагаар ажлаа хийх талаар тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Э******* мэдэгдэж та бүхний энэ үйлдэл ашиг сонирхлын зөрчилд тооцогдох талаар хэлж мэдэгдсэн болно.

Тус газрын зүгээс Р.А*******гийн хүсэлтийн нь дагуу 7-оос илүү хоногийн дараа буюу 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэл гардуулж өгснөөс хойш 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тушаал гаргасан байдаг.

4/Төрийн албаны зөвлөлийн дарга нарын 2******* оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ийн 3.5-т “Сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдол хамаарна”, 3.5.1-д “албан хаагч өөрийн гаргасан зөрчлийг сайн дураар илчилж мэдэгдсэн”, 3.5.2-т” болгоомжгүйгээр зөрчил гаргасан”, 3.5.3-т “зөрчлийг гаргахад хүргэсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал гэж үзсэн бусад тохиолдол байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байгаа бөгөөд энэхүү журмын 3.4-т заасан Сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдол хамаарна”, 3.4.1-д “зориуд санаатайгаар зөрчил гаргасан”, 3.4.2-т “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор зөрчил гаргасан”, 3.4.3-т “зөрчил нь байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн”, 3.4.4-т “өмнө нь ижил төрлийн зөрчил гаргасны улмаас сахилгын шийтгэл хүлээж байсан”, 3.4.5-т “хэд хэдэн зөрчил гаргасан” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь 3.4.1-д “зориуд санаатайгаар зөрчил” гаргасан болно. Тиймд “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ийн 6.1-д Албан хааг сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй, бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэсэн.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Энэ хулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй гэсний дагуу Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 48.1.4-д заасан сахилгын шийтгэлийг ноогдуулсан бөгөөд энэхүү шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулсан бөгөөд Тус газрын Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Э.Э******* нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдлийг гардуулж гаргасан зөрчлийг тайлбарлаж нэхэмжлэгч гаргасан зөрчлийн талаар маргаагүй бөгөөд  энэ талаар аудио бичлэг байгаа болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн замын хөгжлийн газарт холбогдох иргэн А*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч А******* нь ажиллаж байх хугацаандаа хамаарал бүхий этгээд болох өөрийн төрсөн дүү Р.Амарзаяагийн эзэмшлийн “П” ХХК-ийн барьцаа хөрөнгө чөлөөлөх гүйцэтгэлийн актыг өөрийн биеэр барьж яваад гүйцэтгэлд гарын үсэг зуруулахаар алба хаагч нарын өрөөнд орж гарын үсэг зураад өгөөч гэж хэлсэн үйлдэл дээрх үйлдэл хавтаст хэргийн 47, 160-161 дүгээр хуудаст алба хаагч Бийн тайлбараар нотлогдож байна. Шар хадны гэх гадна талын шилжилтийн ажлын барьцаа хөрөнгийн акт дээр гарын үсэг зураад өгөөч комиссын өгсөн дутуу ажлыг, ажлын даалгаврыг би өөрөө хариуцаад хийнэ асуудал байхгүй миний дүү гарын үсгээ зураад өг гэж Бержан руу утсаар ярьсан, тухайн утсаар ярих үйлдлийг сонссон гэрч алба хаагч н.Ганчимэгийн мэдүүлэг хавтаст хэргийн 45-46, 162-163 дугаар хуудаст энэ тухай нотлох баримт авагдсан байгаа Захиргаа санхүүгийн хэлтсийн нягтлан бодогчоор гарын үсэг зуруулахаар 5-нэхэмжлэгч давхарт зогсож байгаад Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Э.Э*******тай тааралдсан үйлдэл нь хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн “П” ХХК-ний нэхэмжлэхийн дүн, санхүүгийн баримт цаг, минутаар манай нягтлан бодогч баталгаажуулсан баримтаар тогтоогдож байна. Дээрх үйлдлүүд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглох гэж заасан заалтыг, мөн зүйлийн 12.1-д заасан Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно гэж заасныг дээр дурдсан үйлдлээр хуулийн заалтыг илтэд зөрчсөн, мөн болохгүй гэдгийг ажил үүрэг, ажлын туршлагын хувьд мэдсээр байж хүсэж үйлдсэн. Үүнийг мэдсээр байж шууд санаатай, тусгай зорилго агуулан зөрчиж үйлдсэн нь барьцаа хөрөнгө болох 47,145,856 төгрөгийн гүйцэтгэл дутуу байхад хугацаанаас нь өмнө авахаар зорьж, зорилготой ухамсарлаж хийсэн үйлдэл гэж үзэж байна. Үүний дагуу нэхэмжлэгчийн ажлаас халсан үйлдсэн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд гарсан болно. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын ХЭГ/595 дугаартай чиглэлд Монгол Улсын Засгийн газраас 2022-2023 оныг хүртэл авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигатай тэмцэж шүгэл, шүүр, шилжүүлэн авах, шил ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон түүний дагуу авлигатай тэмцэх шүүр ажиллагааны хүрээнд нийтийн албанд танилын хүрээ зөв бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй этгээд тохиолдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, нийтийн албанд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн алба, төрийн өмчийг шимэгчдээс салгах ажлыг эхлүүлж байна. Иймд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж дараах хууль тогтоомжийг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон тус хугацаанд чөлөөлөхийг үүгээр мэдэгдэж байна. Тус чиглэлийн 7-д авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоогдсон төрийн албанд томилогдсон этгээд, 9-д нийтийн албан тушаалын удирдах болох харьяалах зохицуулалтад шууд хамаарах салбарт түүний хамаарал бүхий этгээдийн түүний ашиг олон зорилгоор үйл ажиллагаа явуулдаг энэ байдал нь давуу байдал үүсгэхүйц нөхцөл үүсгэсэн этгээд гэх заалтуудад хамаарч байгаа тул тус чиглэлийг баримталж ажлаас халах тушаал гаргасан болно.

Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичгийн дагуу нэхэмжлэгч Р.А******* нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 0512694 дугаартай албан бичгээр өөрийн төрсөн дүү Р.Амарзаяа нь Зам барилгын үйлдвэрлэл, засвар хайрга болон хатуу хучилттай авто зам барих, засвар тохижилтын ажил гүйцэтгэх гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагаатай “П” ХХК-ны 100 хувь хувьцаа эзэмшигч захирлаар бүртгэлтэй байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарлах тухай бүр гаргаж хуульд заасан хориглох заалтыг мөрдөж ажиллах нь зүйтэй гэж урьдчилан сануулах анхааруулах, анхааруулах албан бичигтэй байсан. Мөн Р.А******* нь тухай компанид 2011-2015, 2016-2******* онуудад нийт 7 жил гүйцэтгэх захирал хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тус компанид ашиг сонирхлоос ангид байхаа илэрхийлж Төрийн албанд ажиллах хүсэлтээ өгч томилогдсон байдаг.

Мөн Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ алба хаагч байсан. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Нийтийн албаны тухай хуулийн 12.1, 14.1-д тус тус заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөн төлөвлөлтийн хэсэгт ажиллаж байсан ба дээрх үйлдэл нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан тайлбар нь маргаан бүхий асуудлаар хүмүүстэй уулзаж, утсаар яриад яваад байгаа үйлдэл нь санамсаргүй байх боломжгүй юм. Учир нь нийслэлийн замын хөгжлийн хөдөлгөөн төлөвлөлтийн зохицуулалт инженерчлэлийн газарт ажиллаж байх хугацаандаа 2*******.08.27-ны өдрөөс эрх бүхий албан тушаалтнаар 3 жил хүртэлх хугацаагаар томилогдон ажиллаж байсан. Эрх бүхий албан тушаалтан нь Авлигатай тэмцэх газраас тусгайлан зохион байгуулдаг сургалтад сууж эрх авч томилогддог ба үргэлжлүүлэн 2-оос доошгүй жил авлигатай тэмцэх газрын сургалтад хамрагдаж тухайн байгууллагын албан хаагчдад авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын аливаа зөрчилтэй үйлдлийг илрүүлэх, мэдээлэл шалгуулах зэрэг үүрэг хүлээн ажиллаж байсан албан хаагч юм. Иймд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ХЭГ/595 дугаартай чиглэлийн 7, 9 заалт зөрчигдсөн үйлдэлд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасны дагуу ажлаас чөлөөлж арга хэмжээ авсан нь хуулийн дагуу хийгдсэн үйлдэл гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалаар “албан үүргээ гүйцэтгэж байхдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг илтэд зөрчсөн нь нотлогдсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно”, 14 дүгээр зүйлийн 14.2-т “Албан тушаалтан албан үүрэгтэй нь шууд ба шууд бусаар холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно” гэжээ.

 2.Нэхэмжлэгч нь Нийслэлийн замын хөгжлийн газрын Замын хөдөлгөөн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Р.Амарзаяагийн “П” ХХК-ийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхээр гэрч нарт хандсан болох нь тэдгээрийн тус газрын захиргаанд гаргасан тайлбар, шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” гээд 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх,,,,,,,,,,,,,,,”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах,,,,,,”, 48 дугаар зүйлийн 48.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48.1.4-д “төрийн албанаас халах” гэж тус тус заажээ.

3.Хариуцагчаас нэхэмжлэгчийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг илтэд зөрчсөн гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.

Учир нь Монгол Улсын засгийн газрын 2******* оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар тогтоолоор баталсан  "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2.1 дүгээр зүйлд “Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө” гээд 2.1.2-т “шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна” гэж заасан бөгөөд өөрийн хамаарал бүхий этгээдийн гүйцэтгэл нь бүрэн дуусаагүй ажлын барьцааг чөлөөлүүлэхээр өөр хэлтсийн алба хаагч нартай уулзсан, утсаар холбогдсон, тэдгээрийг гарын үсэг зуруулахаар хүсэлт гаргасныг зөрчил гэж үзэх бөгөөд уг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

4.Хэдийгээр нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэгт заасан зөвлөн туслах үүргийг хэрэгжүүлсэн гэж тайлбарлаж буй хэдий ч Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 309 дүгээр тогтоолоор баталсан албан тушаалын тодорхойлолтод болон Авлигатай тэмцэх газрын 2022  оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 05/12694 тоот албан бичигт заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөх ёстой.

5. Мөн Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар тухайн байгууллагын ёс зүйн зөвлөлийг 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан хэдий ч зөвлөлийн 5 гишүүн ажлаас чөлөөлөгдсөн, бүтэц, орон тоо шинэчлэгдсэн, Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар ёс зүйн дэд хороог шинэчлэн баталсан байх тул нэхэмжлэгчийн зөрчлийг Монгол улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2******* оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид "шалгагч" гэх/ шалган тогтооно” гэж заасныг дагуу хяналт шалгалтыг явуулаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4-д заасныг тус тус баримтлан Р.А*******гийн нэхэмжлэлтэй Н*******д холбогдох “******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ