Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 109/ШШ2023/0027

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

           Нэхэмжлэгч: С.Н

Хариуцагч: Архангай аймгийн Б сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: А.С, Т.Б нарын хоорондын “Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн  “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/79 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийн П.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 100 га газрыг С.Н-д олгохыг Архангай аймгийн Б сумын Засаг даргад даалгаж, Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” А/98 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 400 га газрыг гэснээс 100 га газрыг гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, гуравдагч этгээд Т.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Н-оос Архангай аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн хавсралтын 3 дахь хэсэгт заасан П.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 100 га газрыг С.Н-д олгохыг Архангай аймгийн Б сумын Засаг даргад даалгаж, Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/98 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 400 га газрыг гэснээс 100 га газрыг гэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

 

2. Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.А нь 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бүртгэлийн дугаар №**** нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.М-аар хууль бус гарын үсгийн баталгаа гаргуулан хуурамч бичиг баримт бүрдүүлж иргэн С.Н миний газар эзэмших эрхийг Архангай аймгийн Б сумын Засаг  даргын 2010 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/76 дугаар захирамжаар үр тариа, ногоон тэжээл тарих зориулалттай **********дугаар бүхий 100 га газар эзэмших гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн байна. Иймд Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн  “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/79 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийн П.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 100 га газрыг С.Н-д олгохыг Архангай аймгийн Б сумын Засаг даргад даалгаж, Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” А/98 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 400 га газрыг гэснээс 100 га газрыг гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие газрыг П.А-гийн эзэмшилд байсан гэж мэдээгүй. 2023 оны цагаан сарын дараа надтай уулзаад газар юу болж байгаа вэ гэхэд газар чинь өнгөрсөн гэж хэлэхээр нь гайхсан. Түүнээс бол би өөрөө газраа шилжүүлсэн асуудал байхгүй. Паспортоо өгчих гэхээр нь сайн санаад л өгсөн гэв.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхнаасаа хууль бус үйлдэл хийсэн. Баянзүрх дүүргийн нотариат хуурамчаар гарын үсэг үйлдсэн. Тэгээд суманд ирээд энэ хүнийг байхгүй байхад худалдах худалдан авах гэрээ байгуулсан. С.Н нь 2010 онд газрын гэрчилгээгээ авсан учраас өөрт нь байгаа гэж итгээд төдийгөөс өдий хүртэл явсан. Тэгсэн энэ жил цагаан сарын дараа таараад таны газрын мөнгийг өгье гэсэн. Тэгэхээр нь юун газрын мөнгө билээ гэтэл таны газар гэж хэлсэн. Энэ үед С.Н итгэхгүй, юу яриад байгаа юм бэ, би байж чамд газраа шилжүүлнэ биздээ гэж хэлээд Газрын албанд ирээд шалгуулаад үзтэл өөр дээрээ 2012 онд хуурамч нотариатын баталгаагаар шилжүүлэн авсан байдаг. Ингээд шүүхэд хандсан. Энэ хүнийг төлөөлөх эрхгүй хүний нэр хэлээд мөнгө өгсөн гэж яриад байдаг. Тэгсэн П.А 10 гаруй хоногийн өмнө яриад эхнэр хүүхдээс нь мөнгө авсан гэж хэлээд гарын үсэг зураад өгөөч гэж гуйсан. Мөнгө төгрөг өгсөн асуудал ерөөсөө байхгүй. Үүнээс бүх зүйл нь хууль бус гэдэг нь харагдаж байна. П.А 100 га газрынхаа 50 га газрыг өгье тэгээд хоорондоо тохиръё гэж хэлсэн. Тэгсэн С.Н тийм зүйл байхгүй гээд зөвшөөрөөгүй. Эрүүгийн журмаар шалгуулж эрүүгийн хэрэг үүсгэх ч боломжтой байхад миний зөв гэсэн байдлаар хандаж байна. Гэтэл бид өөрийг нь бодоод эрүүгийн журмаар шалгуулаагүй захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн өөр дээрээ газрыг шилжүүлж авчхаад 2022 онд өөрийнхөө хүүхдүүдэд шилжүүлсэн байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах хүсэлттэй байна гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Н-ийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байна. Архангай аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2009 оны 11 дүгээр сарын 42 тоот тогтоолоор 2010 оны газар зохион байгуулалтын төсөл хэлэлцээд энэ төслөөр Булгийн тариалангийн талбайд 400 га хэмжээтэй газрыг 4 хүнд хүнс ногоо, үр тариа тэжээл тариалахаар авсан. 2010 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 01 тоот багийн иргэдийн Хурлын тогтоол болон 2010 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б сумын иргэдийн Хурлын тогтоол байгаа. Дээрх С-ийн Н-д 100 газрыг 15 жилийн хугацаатай Булгийн атаршсан талбайд олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Эдгээрийг үндэслээд 2010 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 76 тоот захирамжаар С.Н-д 100 га газрыг Булгийн атаршсан талбайд үр тарианы зориулалтаар Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар маргаан бүхий актын гол үндэслэл 100 газрыг олгосон. Энэ үйл баримттай хэн ч маргахгүй. 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ авсан. Энэ хугацаанд газрыг П.А тариа тарьж ашиглая гэхээр нь зөвшөөрч газраа эзэмшүүлсэн үйл баримт байдаг. Тэгээд газрын төлбөрийг П.А төлөхөөр тохирч С.Н газраа түр ашиглуулсан. Газар эзэмшигч С.Н-ийн хувьд 100 га газар, газрын гэрчилгээ өөрийнх нь нэр дээр байгаа гэж бодож явсан. Гэтэл 2023 оны цагаан сарын баярын дараа уулзтал П.А газрын мөнгийг өгье гэдэг. С.Н юун газрын мөнгө вэ гэхэд чи өнгөрсөн би аль хэзээ газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн миний газар гэж хэлсэн. Ингээд С.Н өөрийнх нь 100 га газрыг П.А яаж өөрийн нэр дээрээ шилжүүлснийг мэдэхээр Архангай аймгийн Б сумын Засаг дарга, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газарт хүсэлт гаргасан. Гэтэл газар шилжүүлсэн үйл фактад эрх шилжүүлэх гэрээ байгааг мэдсэн. Өөрөөр хэлбэл 2012 оны 5 дугаар сард гэрээний үндсэн дээр газар эзэмших эрх П.А-д шилжсэнийг мэдсэн. Энэ үүднээс маргаан гарч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.  2012 оны 5 дугаар сарын газар шилжүүлэх гэрээнд хэдний өдөр гэрээ байгуулсан нь тодорхойгүй. 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 202 дугаартай нотариатын үүрэг гүйцэтгэгч гэрээг гэрчилсэн байдаг. Гэрээн дээр байгаа гарын үсэг С.Н-ийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгох хүсэлт гаргасан. Энэ дагуу шүүхээс шинжээч томилсон. Шинжээч томилсны дагуу гэрээнд зурагдсан гарын үсэг С.Н-ийн гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Захирамжийн хууль зүйн үндэслэл болсон П.А-гийн нэр дээр шилжсэн үйл факт нь хуурамч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд “Нотариатч хуульд заасан болон үйлчлүүлэгчийн хүсэлт гаргасан хуульд харшлаагүй дараахь гэрээ, хэлцлийг гэрчилнэ” гэж заасан. Гэтэл хуульд харшлах гэрээ гэрчилгээг баталсан нөхцөл харагдаж байна. Нотариат нь сумын Тамгын даргын үүрэг гүйцэтгэгчээс ялгаа байхгүй. Гэрээ гэрчилгээг гэрчлэхдээ талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсанаар нягтална. Гэтэл нягтлаагүй, талуудын тэгш эрхийн үндсэн дээр бусдын дарамт шахалтад ороогүй байх, үйлчлүүлэгчийн хүсэл сонирхлыг бүрэн илэрхийлж чадсан эсэх үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандсан эсэх нь харагдахгүй байна. Эхний шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэж харж байна. Энэ акт нь гарсан цагаасаа эхлээд хууль бус актын шинж чанарыг агуулж байна. Сүүлчийн захиргааны акт нь эхний хууль бус актыг үндэслэж дараагийн захиргааны акт гарсан учраас мөн ялгаа байхгүй. Нэгэнт нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж зөрчиж байгаа учраас хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Хариуцагч Архангай аймгийн Б сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 76 дугаар захирамжаар иргэн С.Н-д тус сумын Х багийн “Булаг”-ийн атаршсан талбайд үр тарианы зориулалтаар 100 га газар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, С.Н-той 2010 оны 6 дугаар сарын 7-ны өдөр газрын даамал Газар эзэмших гэрээ байгуулан, 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нэгж талбарын **********дугаар бүхий 100 га газрыг үр тариа ногоон тэжээл тарих зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгосон. Иргэн С.Н нь иргэн П.А-тэй 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан, нотариатаар баталгаажуулсныг сумын Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/79 дүгээр захирамжаар тус сумын Х багийн Булгийн тариалангийн талбайд байрших, үр тарианы зориулалттай 100 га газрын газар эзэмших эрхийг иргэн П.А-д шилжүүлж, 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ********дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл /газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх/ болон газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн эрхийн гэрчилгээг шилжүүлсэн тул уг Засаг даргын захирамжийг хууль ёсны хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 76 тоот захирамжаар иргэн С.Н-д тус сумын Х багийн Булгийн тариалангийн талбайд үр тарианы зориулалтаар 100 га газар эзэмшүүлсэн байгаа. Иргэн С.Н нь П.А-тэй 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Энэ нь тухайн үеийн нотариатын бүртгэлийн дэвтэрт газраа шилжүүлэх эрхтэй. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмшигч нь бусдад газраа шилжүүлэх эрхтэй байдаг. Үүний хүрээнд П.А-тэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсныг сумын Засаг дарга үндэслэж 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/79 тоот захирамжаар тус сумын Х багийн Булгийн тариалангийн талбайд байрлах үр тарианы зориулалттай 100 га газрыг П.А-гийн нэр дээр шилжүүлж гэрчилгээ олгосон. 100 га газар нь тухайн үед 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 4 хүнд 400 га газрыг олгохоор баталсан. 2009 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 48 тоот иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан. Энэ 400 га газрыг газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байсан 4 хүнд давуу эрхээр олгосон. Үүнийг нэг нь маргаан бүхий 100 га газар юм. Б сумын Х багийн иргэдийн Нийтийн хурлын 2010 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 01 тоот тогтоол багийн Засаг дарга Э нь тухайн үед хийж байсан. Иргэн П.А нь шинэ ус гардаг газар 400 га газар эзэмших хүсэлт гаргасан. Тус газар нь манай нутаг дэвсгэрт байдаг. Иргэн Д.Э хэлэхдээ тэр газарт юу тариалах юм бэ гэхэд П.А төмс хүнсний ногоо болон малын тэжээл тариалах юм гэсэн хурлын тэмдэглэл байна. Тэгэхээр 400 га газрыг П.А нь өөрөө хүсэлт гаргаж хурлаар оруулж батлуулсан. Тухайн үед газар тариалан эрхэлж байсан 4 хүнд 400 га газар олгож, сүүлд нь энэ 4 хүнээсээ худалдаж авсан. Газар эзэмшүүлэх, шилжүүлэх тухай иргэний хүсэлт, нотариатаар батлуулсан гэрээг үндэслэж шилжүүлсэн болохоор хууль ёсны гэж үзэж байна гэв.

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Иргэн С.Н-ийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Б сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд А.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд, иргэн С.Н нь иргэн П.А-тэй Газар эзэмших эрх шилжүүлэх ******** дугаартай гэрээг 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хийсэн байдаг. Уг гэрээг ямар нэгэн хариу төлбөр авлагагүйгээр сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож хийсэн байдаг. Улмаар 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай засаг даргын захирамж гарсан. П.А нь газрын эзэмшигч болсон цагаасаа хойш газрыг зориулалтын буюу газар тариалангийн зориулалтаар ашиглаж ирсэн бөгөөд газар ашигласан төлбөрийг жил бүр төлж ирсэн байдаг. Улмаар П.А нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүү А.С-тэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж газар эзэмших эрхээ шилжүүлсэн байдаг. Иргэн С.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “П.А нь нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.М-р хууль бус гарын үсэг баталгаа гаргуулж улмаар Архангай аймгийн Б сумын засаг даргаар **********дугаартай захирамж гаргуулж миний эзэмшлийн 100 га газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан” гэх үндэслэл гаргасан байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх эрх зүйн харилцааг 2002 оны Газрын тухай хуулиар зохицуулах бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” талаар зохицуулсан байдаг. Үүнээс дүгнэн үзвэл дээрх газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг иргэн дангаар нотариатаар гэрчлүүлэх, гэрээ хийх боломжгүй бөгөөд 2 талын ашиг сонирхлын үндсэн дээр гэрээнээс үүдэн гарах эрх зүйн үр дагаврыг нотариатч тайлбарлах, холбогдох бичиг баримтыг нягтлах үүрэгтэй. Мөн Архангай аймгийн Б сумын засаг дарга Я.Б-ны гаргасан а/76 дугаартай захирамжийн тухайд өөрийн эрх мэдлийн хүрээнд гаргасан захирамж байх бөгөөд хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна. Газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой харилцаа нь үе шат бүрт талуудын хүсэл зоригийн үндсэн дээр л явагдах боломжтой бөгөөд нэг талын хүсэл зоригийг үндэслэн газар эзэмших эрхийг эзэмшигчид мэдэгдэлгүй бусдад шилжүүлэх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч С.Н нь газар эзэмших эрх шилжүүлсэн үеэс буюу 2012 оноос хойш газар ашигласны татвар төлж байгаагүй бөгөөд хэрэв газар эзэмших эрхээ бусдад хууль бусаар алдсан бол мэдэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хугацаа боломж бололцоо хангалттай байсан. Өөрөөр хэлбэл С.Н нь газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн эсэхээ мэдэх боломжгүй нөхцөл байдал харагдахгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П.А анх 400 га газрыг Х багийн нутаг дэвсгэрт байх газрыг авах хүсэлт гаргаж багийн иргэдийн нийтийн хурлаас зуун хувь дэмжигдэж авсан байдаг. С.Н-ийн хувьд 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр А/79 тоот захирамжаар П.А-д газрыг шилжүүлэн өгсөн. Энэ нь хоорондын тохиролцсон гэрээг үндэслэж захирамжаар шийдвэрлэсэн. Үүний дараагаар 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/98 тоот Архангай аймгийн Б сумын Засаг даргын захирамжаар С, Б нарын нэр дээр П.А нь 400 га газрыг шилжүүлж өгсөн. Эдгээр захирамж нь хууль ёсны хүрээнд Газрын тухай хууль тогтоомж болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гарсан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий захирамж гэж төлөөлөгчийн хувьд үзэж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх эрх нь нээлттэй. Хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд П.А нь А.С болон Т.Б нарт шилжүүлж өгсөн. Мөн дээр нь 2012 онд газрыг шилжүүлж авсан. Ерөнхийдөө 10 гаруй жил болсон. Үүнийг харахад гомдлын шаардлага гаргах 10 жилийн хугацаа дууссан харагдаж байна. Нотариатаар батлуулсан эрх шилжүүлэх гэрээг хуурамч гарын үсэгтэй гэж үзэж маргаж байгаа. Хуурамч гарын үсэг гэдгийг ямар үндэслэлээр яаж тогтоосон бэ, ганцхан шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. С.Н нь өөрийнхөө бичиг баримтыг аваад яв гэж газрыг шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн үйлдэл хийсэн болохыг шүүхээс анхаарч үзнэ үү. Газар эзэмших гэрээний ард паспорт байгаа. А-гийн “С.Н нь паспортоо аваад яв” гэсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг байгаа. Энэ нь нэхэмжлэгч өөрөө тухайн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлэх саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолоор аймгийн 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсны хавсралт Иргэнд тариалангийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлэх газрын байршил хэмжээ хэсэг 4 дүгээр Б сумын “Булаг”-ын тариалангийн талбайд 400 га газрыг олгохоор тусгажээ. Мөн Архангай аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн  2009 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 48 дугаар тогтоолоор тус сумын 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, хавсралт 9.Иргэнд тариалангийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлэх байршил, хэмжээ хэсэгт “Булаг”-ын тариалангийн талбайд 400 га газрыг төмс, хүнсний ногоо, үр тариа, ногоон тэжээл тариалах зориулалтаар 4 иргэнд эзэмшүүлэхээр тусгажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 139-140, 228 дахь тал)

2. Иргэн С.Н нь Б сумын Засаг даргад газар тариалангийн чиглэлээр 100 га газрыг давуу эрхээр олгохыг хүссэн өргөдөл гаргаж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал)

3. Архангай аймгийн Б сумын Х багийн иргэдийн Нийтийн Хурлын 2010 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус багийн хуучин тариалангийн талбай байсан газарт иргэн П.Б, А.Ё, С.Л, С.Н нарт олон жил газар тариалангийн салбарт ажилласны дагуу үр тарианы зориулалтаар 400 га газрыг давуу эрхээр эзэмшүүлэхийг зөвшөөрсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал)

4. Мөн Архангай аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн  2010 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 07 дугаар тогтоолоор давуу эрхээр газар эзэмших, иргэдийн нэрс, газрын байршил, зориулалт, хэмжээ, газар эзэмших хугацааг хавсралтаар баталсны 3 дугаарт С.Н-д Булгын атаршсан талбай гэх газарт Үр тарианы зориулалттай 100 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 223-224 дэх тал)

5. Улмаар Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 76 дугаар захирамжаар тариалангийн зориулалтаар давуу эрхээр газар эзэмшүүлэх иргэдийн нэрс, газрын байршил, зориулалт, хэмжээ, газар эзэмших хугацааг хавсралтаар баталсны 3 дугаарт иргэн С.Н-д үр тарианы зориулалттай 100 га газрыг Булагын атаршсан талбайд олгожээ.  (1 дүгээр хавтаст хэргийн 35 дахь тал)

6. Ийнхүү иргэн С.Н-д 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №125 дугаартай гэрээ байгуулсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дахь тал)

7. 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэн С.Н нь П.Атэй газар эзэмших эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, гарын үсэг зуржээ. (1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал)

8. Улмаар дээрх гэрээг үндэслэн Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/79 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа иргэн нэр, газрын хэмжээ, зориулалт, байршил, эзэмших хугцааг баталсны 3 дугаарт С.Нийн эзэмшиж байсан 100 га газрын гэрчилгээг иргэн П.А-д шилжүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал)

9. Ийнхүү иргэн П.Ад 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ******** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал)

10. Иргэн П.А нь дээрх 100 га газрыг бусад 300 га газрын хамт эзэмших эрхээ 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэн А.С, Г.Б нарт шилжүүлэх гэрээ байгуулж, Б сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/98 дугаар захирамжаар иргэн П.А-гийн үр тарианы зориулалттай 400 га газрыг хүү А.С /хамтран эзэмшигч Т.Б-д тус тус шилжүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 44, 76-77 дахь тал)

11. Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан тайлбартаа “ ... миний 100 га газрын эзэмших эрхийг 2012 онд шилжүүлж авсан болохын сая 2023 оны цагаан сарын дараа надтай уулзаад газар юу болж байгаа вэ гэхэд газар чинь өнгөрсөн гэж хэлэхээр нь гайхсан ... тэгээд сумын Засаг даргад өргөдөл гаргатал уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх талаар хариу өгсөн, тиймээс шүүхэд хандсан ...” гэжээ.

12. Иргэн С.Н нь маргаан бүхий газрын асуудлаар 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Б сумын Засаг даргад “иргэн П.А-тэй газрын маргаан үүссэн тул холбогдох баримт бичгийг гаргуулах” тухай өргөдөл гаргаж, Архангай аймгийн Б сумын Засаг дарга 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 01/174 дүгээр албан бичгээр “... газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар үйлдсэнийг бид тогтоох боломжгүй учир хуулийн байгууллагад ханган шийдвэрлүүлэх боломжтой ...” гэх хариу хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 3, 135-138 дахь тал)

13. 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр иргэн С.Н нь газрын асуудлаар Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өргөдөл гаргаж, тус газраас 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 379 дүгээр албан бичгээр өргөдлийг Цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлж, мөн өдрийн 380 дугаар албан бичгээр иргэн С.Н-д мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 186-194 дэх тал)

14. Ийнхүү иргэн С.Н-оос Архангай аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.

15. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/98 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 400 га гэснээс 100 га газрыг гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” гэж ихэсгэж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/79 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийн П.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 100 га газрыг С.Н-д олгохыг Архангай аймгийн Б сумын Засаг даргад даалгаж, Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” А/98 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 400 га газрыг гэснээс 100 га газрыг гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” гэж нийтэд нь тодорхойлсон байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

16. Монгол Улсын Үндсэн Хуулийн Нэгдүгээр бүлэг. Монгол Улсын бүрэн эрхт байдал Тавдугаар зүйлийн 3. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно. Хоёрдугаар бүлэг. Хүний эрх, эрх чөлөө  Арван зургадугаар зүйл 3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгөөр шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, ... эрхтэй гэж хуульчилсан бөгөөд иргэн хуульд заасан үндэслэлээр тухайн маргаан бүхий газраа шударгаар эзэмших эрхтэй байна.

 17. Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхтэй холбоотой харилцааг хуульчилжээ. Уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, .. болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, .. үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38.2. дахь хэсэг Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1.-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2.-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3.-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.3.-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт” /Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 38.2.4.-т “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт.” /Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/  гэж тус тус зааснаар Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, байгууллага хооронд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжтой, ингэхдээ талууд эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг гаргах бөгөөд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоог /2017 оны нэмэлт өөрчлөлтөөс өмнө/ хавсаргах шаардлагатай.

18. Ийнхүү дээрх хуулийн дагуу ирсэн хүсэлт холбогдох баримтыг тухайн шатны Засаг дарга хүлээн авч мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3. дахь хэсэг Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: 38.3.1.-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2.-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3.-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”-ийг тус тус шалгаж, 38.4. дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.” гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр хуульчилжээ.

19. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт зааснаар Засаг даргын захирамж нь бусдын газар эзэмших эрхтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, газар эзэмших эрхээ шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээг шилжүүлэх шаардлагатай.

20. Маргаан бүхий энэ хэргийн тухайд, иргэн С.Н-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

21. Тодруулбал, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 087 дугаартай дүгнэлтэд “... шинжлэгдэж буй 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 6653 дугаартай иргэний үнэмлэхний хуулбарын доод гол хэсэгт зурагдсан гарын үсэг болон 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний зүүн доод хэсэгт зурагдсан гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд чөлөөт болон туршилтын загвараар ирүүлсэн С.Н-ийн гарын үсэгтэй тохирохгүй байна ...” гэж дүгнэсэн бөгөөд уг дүгнэлттэй хэргийн оролцогч нар маргаагүй, бөгөөд хүчин төгөлдөр байна. (1 дүгээр хавтаст хэргийн 98-100 дахь тал)

22. Мөн гэрч П.А-гийн мэдүүлэгт “ ... Би энэ тариалангийн талбайг хөөцөлдөөд С.Н-той ярилцаад миний дүү паспортоо аваад яв гэж С.Н надад хэлсэн, эхнэрийнх нь дүү манай найз байсан, тэгээд зохих ёстой газраар нь хөөцөлдөөд 2 жилийн дараа болсон гэж хэлсэн. Тэрнээс хойш үйл ажиллагаа явуулсан, хоёр худаг барьсан, газрыг тойруулж хашаалсан ... тухайн үед С.Н ирсэн гэж манай найз н.Э хэлсэн, би 2 сая төгрөгөө н.Э-д өгсөн, бүх юм болсон гэж байсан ... гэрээнд хамт гарын үсэг зурсан байх, ... тухайн үеийн талаар сайн санахгүй байна ...” гэж,

23. Гэрч С.О-гийн мэдүүлэгт “ ... мэдэхгүй байна, ямар ч байсан 2 талынх нь хүн ирсэн, яг өөрөө ирсэн үү, хамаатан нь ирсэн үү мэдэхгүй, ... одоо 10 гаран жил өнгөрсөн учраас сайн санахгүй байна, гарын үсгээ зурсан л байх ёстой  ...” гэж тус тус тайлбарлажээ.

24. Уг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд иргэн С.Н ирсэн эсэх, тухайн газраа иргэн П.А-д 2 сая төгрөгөөр худалдсан болох нь нотлогдохгүй байна.

25. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг баримтлах шаардлагатай.

26. Гэтэл Архангай аймгийн Б сумын Засаг дарга маргаан бүхий 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/79 дүгээр захирамжаар иргэн С.Н-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3. дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: ....” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна.

27. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 38.2., 38.3., 38.4.,  Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын /2008 он/ 1.1., 3.3., 5.3.-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд эрхээ шилжүүлж байгаа этгээд өөрийн биеэр байх /эсхүл тодорхой үйлдэл хийх эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох/ шаардлагатай, улмаар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх тухай хүсэлтийг хамтран гаргаж өгөх, уг хүсэлтээ хавсарган хуульд заасан баримтын хамт тухайн шатны Засаг даргад өгөхөөр зохицуулжээ.

28. Маргаан бүхий энэ хэргийн тухайд, Архангай аймгийн Б сумын Засаг дарга маргаан бүхий 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/79 дүгээр захирамжийн хавсралт 3 дахь хэсгээр иргэн С.Нийн газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн П.А-д шилжүүлэхэд С.Н өөрийн биеэр ирж, гарын үсэг зурсан, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх талаар өөрийн хүсэлт зоригоо илэрхийлсэн болох нь тогтоогдохгүй байна.

29. Нөгөөтээгүүр, хэрэгт авагдсан С.Н-ийн иргэний үнэмлэхний хуулбар /2011 он/,  2012 оны 5 дугаар сарын Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэрэг баримтад авагдсан нэхэмжлэгч С.Н-ийн гарын үсэг нь түүний гарын үсгийн шинжилгээнд хүргүүлсэн загвартай тохирохгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан, гэрч П.А нь иргэн С.Н-ийг паспортоо надад өгсөн гэх тайлбар гаргасан, хэрэгт авагдсан бусад баримтаас үзэхэд маргаан бүхий газар эзэмших эрх шилжүүлэхэд гэрээ байгуулахад нэхэмжлэгч С.Н биечлэн байгаагүй гэж үзэх үндэстэй.

30. Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх тул Архангай аймгийн Б сумын Засаг дарга маргаан бүхий 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/79 дүгээр захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийг /П.А-д Булгийн тариалангийн талбайн 100 га газар эзэмших эрх шилжүүлсэн/ хүчингүй болгож, 100 га газрыг С.Н-д олгохыг Архангай аймгийн Б сумын Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

31. Хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ “... анх багийн Иргэдийн нийтийн хуралд П.А нь маргаан бүхий газрыг эзэмших талаар саналаа оруулж байсан талаар иргэдийн нийтийн хурлын тэмдэглэлд тусгасан, энэ хүн авах ёстой байсан гэж тайлбарлаж байгаа нь дараах хууль зүйн үндэслэлээр няцаагдаж байна.

32. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4. дэх хэсгийн 23.4.2., Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын /2008 он/ 1.1., 3.1, 10.1.,10.2., -д заасны дагуу иргэн С.Н-д 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ******** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй байна..

33. Түүнчлэн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий 100 га газрын төлбөрийг иргэн П.А төлж байсан эсэхтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй болно.

34. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ...П.А манай газар дээр тариа таръя гэж гуйсан, тэгээд би зөвшөөрсөн, тухайн үед П.А манай газар дээр тариалалт хийж байгаа учраас газрын төлбөрийг нь төлөхөөр тохирсон ...” гэж дурдсан болно.

35. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэг Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч С.Нийн эзэмшиж байсан 100 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/98 дугаар захирамжаар иргэн П.А нь иргэн А.С /хамтран эзэмшигч Т.Б/ нарт шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

36. Шүүхээс маргаан бүхий Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/79 дүгээр захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийг /П.А-д Булгийн тариалангийн талбайн 100 га газар эзэмших эрх шилжүүлсэн/ хүчингүй болгож, иргэн С.Н-д 100 га газрыг олгохыг Архангай аймгийн Б сумын Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзсэн тул А/79 дүгээр захирамжийн дараа гарсан Б сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/98 дугаар захирамжийн иргэн С.Н-д хамаарах 100 га газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй.

37. Өөрөөр хэлбэл, дээрх дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий А/98 дугаар захирамж нь Монгол Улсын Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж зааснаар хууль тогтоомжид нийцсэн байх шалгуурыг хангахгүй байна.

38. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын /2008 он/ 10.12-д заасны дагуу 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/98 дугаар захирамжаар иргэн А.С /Т.Б хамтран эзэмшигч/ нарт газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэх боловч газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр Т.Б тэмдэглэгдээгүй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 244 дэх тал)

39. Гуравдагч этгээд А.С, хамтран эзэмшигч Т.Б нар нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо гаргуулах эрх нь нээлттэй. Түүнчлэн 2 сая төгрөг өгсөн, хуурамч гарын үзэг зурсан эсэхтэй холбогдуулж гомдлоо эрүүгийн журмаар шийдвэрлүүлэх эрхтэй.

40. Мөн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У-с шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг магадлагааны хамт ирүүлсэн бөгөөд уг хүсэлттэй холбогдуулан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх санал гаргасан, гуравдагч этгээд Т.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд биечлэн оролцсон байна.

41. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5. дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэхээр шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.12. дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ  нь:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2., 38.3 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/79 дүгээр захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийн П.А-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” А/98 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 400 га газрыг гэснээс 100 га газрыг гэсэн хэсгийг хүчингүй болгож, С.Н-д 100 га газар олгохыг Архангай аймгийн Б сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОДОНТУЯА

 

 

 

.