Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/02740

 

 

 

 

 

 

 

 

2024 06 12

182/ШШ2024/02740

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч тоотод байрлах, Х ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн ******* нь манай компанитай 2022.05.17-ны өдөр ӨР-БЗГ/2022-41835 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 803 575 төгрөгийг сарын 2,55 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зурагт худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч ******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Toshiba 55M550КР 55инч UHD загварын зурагтыг Пи Си Молл ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч ******* нь ӨР-БЗГ/2022-41835 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024.04.11-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2 751 655.38 төгрөг төлөх байснаас нийт 530 500 төгрөг төлж, 2 221 155.38 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 569 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн, Б тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.13-ны өдрийн 102/Ш32023/17469 дугаартай захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

*******ыг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж байгаа, ******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч *******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь өөрийн биеэр оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Х ХХК болон ******* нарын хооронд байгуулсан 2022.05.17-ны өдрийн БЗГ/2022-41835 дугаар Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, харилцагчийн анкет, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.13-ны өдрийн 102/ШЗ2023/17469 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Х ХХК нь Ч тоотод хаягт үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч *******ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас 1 913 742 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, тус этгээдийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан дээрх Х ХХК болон ******* нарын хооронд байгуулсан 2022.05.17-ны өдрийн БЗГ/2022-41835 дугаар Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, харилцагчийн анкет, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга болон нэхэмжлэгчийн тайлбараар ******* нь хүсэлт гаргагч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна.

 

3.Зээл авах үедээ талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээ, харилцагчийн анкет зэрэг баримтад дурдсанаар ******* нь Б тоот хаягт оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.13-ны өдрийн 102/ШЗ2023/17469 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, *******ын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан *******ийн Мөнхтамир /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар *******ыг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Х ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, нарт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА