Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1425

 

                                                А.М, Г.Т нарт холбогдох

                                               эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

прокурор Б.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч А.М ын өмгөөлөгч Ч.Дашням,

шүүгдэгч Г.Т , түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1677 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.М ын өмгөөлөгч Ч.Дашням, шүүгдэгч Г.Т  болон түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.М, Г.Т нарт холбогдох эрүүгийн 1806 07297 2084 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А.М, ял шийтгэлгүй, /РД:/;

2. Г.Т, ял шийтгэлгүй, /РД:/;

А.М, Г.Т нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 1-2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гурван Булаг” амралтын газарт хохирогч М.С ыг зодож, эрүүл мэндэд нь зүүн бөөрний урагдал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн талын гялтангийн арын зайн цус хуралт, зүүн эгэм, мөр бугалга, дал, гуянд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.М, Г.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.М, Г.Т нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.М, Г.Т нарт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.М, Г.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.М, Г.Т нарын урьд цагдан хоригдсон 126 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.М, Г.Т нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.С  нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, А.М, Г.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.М ын өмгөөлөгч Ч.Дашням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалаас үзвэл хохирогч М.С ын биед “зүүн бөөрний урагдал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн талын гялтангийн арын зайн цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуяны зулгаралт” гэсэн гэмтлүүд үүссэн, тэдгээрийн “зүүн бөөрний урагдал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн талын гялтангийн арын зайн цус хуралт” гэсэн гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах, харин “зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуяны зулгаралт” гэмтлүүд нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт тооцогдохгүй болохыг шүүх эмнэлгийн шинжээч /О.Болороо/-ийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлт, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 821 дүгээр дүгнэлт /шинжээч С.Одончимэг, Б.Ариунзул, Т.Амартүвшин/-ээр тогтоохын хамт хохирогч М.С ын биед учирсан “зүүн бөөрний урагдал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн талын гялтангийн арын зайн цус хуралт” гэмтэл нь “хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн”-ийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 821 дүгээр дүгнэлт /хх 164/-ээр мөн тогтоосон байна.

2. Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн энэхүү дүгнэлтээр тогтоосон М.С д хүнд гэмтэл учруулсан нэг удаагийн үйлчлэлийг хоёр хүн үйлдсэн байх боломжгүй билээ.

3. Монгол улсын Үндсэн хуулийн арванзургаа дугаар зүйлийн 14 дэх заалтад “өөрийн ...эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хүн ...хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдах” эрхтэйг тус тус зааж хуульчилсан. Гэтэл шүүгдэгч А.М  2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөх үед өмгөөлөгчтэй байцаалт өгөх хүсэлт тавьсан /хх 62/ байхад мөрдөгч түүний энэ хүсэлтийг тухайн удаа болон түүнээс хойш байцаалт авах үедээ нэг ч удаа биелүүлээгүй байна. Ийнхүү Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж авсан А.М ын мэдүүлгүүд хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх буюу “1. Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно” гэсний дагуу хүчин төгөлдөр эрхийн баримт бичиг /нотлох баримт/ байх боломжгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх байдал А.М той бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдаж байгаа Г.Т ийн байцаалтанд ч мөн адил байгааг тэмдэглэж байна.

4. Шүүгдэгч А.М  цагаан пүүзтэй байгаагүй гэдгээ мэдүүлсэн байдаг ба хохирогч М.С  2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн мэдүүлэгтээ А.М ыг цагаан пүүзтэй байсан мэтээр мэдүүлсэн боловч 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн мэдүүлэг /хх 135-137/-тээ “миний санаж байгаагаар өндөр биетэй Г.Т  нь тухайн үед цагаан пүүз өмссөн, намайг өшиглөсөн” гэж мэдүүлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдал, нотлох баримтууд нь А.М  хохирогч М.С ыг өшиглөсөн байхыг үгүйсгэж байна гэж дүгнэлт хийх үндэслэлтэй байна.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн бодит нөхцөл байдал ийм байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “шүүгдэгч А.М, Г.Т нар бүлэглэн ...хохирогч М.С ыг зодож, түүний эрүүл мэндэд “зүүн бөөрний урагдалт, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн талын гялтангийн арын зайн цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь ...нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.М, Г.Т нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч А.М, Г.Т нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэж дүгнээд А.М, Г.Т нар тус бүрд 5 жил 1 сарын хорих ял шийтгэсэн нь: 1. Шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч А.М, Г.Т нар бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, “нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл”-ийг 2 хүн үйлдсэн байх боломжгүй, дээр дурдсанаар шүүгдэгчийн өөрсдийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох хууль зүйн үндэслэлгүй тул А.М  М.С ын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал буюу “нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл”-ийг 2 хүн үйлдсэн байх боломжгүй гэдгийг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан байна. 3. “нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл”-ийг 2 хүн үйлдсэн гэж дүгнэсэн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, тэдний үйлдлийг зөв зүйлчилж, эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг ялгамжтай оногдуулах асуудалд ноцтой нөлөөлсөн байна. 4. Дээр дурдсан бүх нөхцөл байдал, үндэслэлүүд нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болон холбогдох бусад зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 5. Дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлаж хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг шүүгдэгч А.М д хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1677 дугаар шийтгэх тогтоолын А.М д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т ийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Т  нь мөрдөн байцаалтын болон удаа дараагийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан мэдүүлэгтээ М.С ын биед учирсан зүүн бөөрний урагдал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн талын гялтангийн арын зайн цус хуралт гэмтлийг өөрийн өшиглөлтөөр учруулсан гэдгээ шударгаар мэдүүлдэг. Хохирогч М.С ын 1-р хавтаст хэргийн 6-8 талд өгсөн мэдүүлгүүдээс 1 залуу нь нүүр лүү цохиж унахад дээрээс өшиглөсөн гэдэг. Шүүх эмнэлэгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 821 тоот дүгнэлтээр “2.3.4-т М.С ын биед зүүн бөөрний урагдал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн талын гялтангийн арын зайн цус хуралт гэмтэл нэг цаг хугацаанд механизмаар буюу хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байх ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн эгэм, мөр бугалга, дал, гуяны зулгаралт гэмтэл нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байх ба гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2, 6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй” гэж нэг удаагийн үйлчлэлээр хүнд гэмтэл учирсан болохыг тодорхойлдог. Эндээс нэг шүүгдэгчийн нэг удаагийн үйлдлийн үйлчлэл нь хүнд гэмтэл учруулахад нөлөөлсөн болох нь маш ойлгомжтой байдаг. Тэр ч утгаар өмгөөлөгчийн зүгээс прокурорын Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйлчлэлийг буруу, нэг удаагийн үйлчлэл бүхий үйлдлээр М.С ын биед хүнд гэмтлийг миний үйлчлүүлэгч Г.Т  учруулсан тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэх ёстой гэж мэтгэлцсэн. Энэ хэргийн тухайд хаана, ямар байдлаар яаж үйлдэгдсэн ба гэдэгт ч шүүх бодитой дүгнэлтийг огт хийгээгүйгээс ял хүндрүүлэн зүйлчилж миний шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахад хүрсэн гэж үзэж байна. Мөн шүүгдэгчээр оролцож буй хүний гэрчээр өгсөн мэдүүлгийг түүний эсрэг нотлох баримт болгож ашигласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн мөн чанарт харшилж байдаг. Шүүх яаж дүгнэхээрээ шүүгдэгч нар өөрөө өөрийнхөө үйлдлийг үзсэн харсан гэрч болгоод уг баримтыг үнэлээд байгаа нь ойлгомжгүй байдаг. Бодит байдалд гэрч бол ач холбогдол бүхий нөхцөл байдлыг харсан үзсэний төлөө хариуцлага хүлээх чадамж бүхий этгээд байхыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд хуульчилсан. Мөрдөгч илт сэжиглэгдвэл зохих бусдыг цохиж зодсон этгээдүүдэд холбогдох асуудлыг шалгаж байж гэрчээр байцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бус явуулсныг тодорхойлоод байхад шүүх түүнийг таслан зогсоохын оронд үнэлж байгаа нь хууль ёсонд нийцэхгүй байна. Иймд миний үйлчлүүлэгч Г.Т ийн холбогдсон үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргээр зүйлчилж ялыг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. Ингэхдээ түүний гэм буруугаа хүлээсэн, гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, торгуулийн ялыг төлөх талаар баримтаар нотлогдсон зэргийг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Г.Т  нь мөрдөн байцаалтын болон удаа дараагийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан мэдүүлэгтээ М.С ын биед учирсан зүүн бөөрний урагдал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн талын гялтангийн арын зайн цус хуралт гэмтлийг өөрийн өшиглөлтөөр учруулсан гэдгээ шударгаар хүлээн зөвшөөрсөн. Хохирогч М.С ын 1-р хавтаст хэргийн 6-8 дугаар талд өгсөн мэдүүлгүүдээр ч энэ нь нотлогддог. Прокурорын шатанд энэ асуудлыг тавихад удаа дараа хэрэг буцсан гэдэг байдлаар хүлээн зөвшөөрөхгүй, заавал хүндрүүлж яллах ёстой мэтээр хандаж байсан. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 821 тоот дүгнэлтээр “2.3.4-т М.С ын биед зүүн бөөрний урагдал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн талын гялтангийн арын зайн цус хуралт гэмтэл нэг цаг хугацаанд механизмаар буюу хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байх ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн эгэм, мөр бугалга, дал гуяны зулгаралт гэмтэл нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байх ба гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2, 6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй” гэж нэг удаагийн үйлчлэлээр хүнд гэмтэл учирсан болохыг сүүлийн дүгнэлт баталсан. Өмнө нь энэ байдлыг тодорхойлоогүй шинжээчийн дүгнэлтээс шалтгаалж 2 жил гаруйн хугацаанд удаа дараа прокурор, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхэд хэрэг буцаагдаж байсан нь үнэн. Эцэст нь бүх зүйл үнэн мөнөөр тодорч шийдвэрлэгдэх байх гэж бодож байсан. Мөрдөн байцаагч уул нь тухайн үед бидэнтэй хамт байсан Энхжин гэж гэрч, амралтын газрын зохион байгуулагч нарыг асууж, шинжээчээс хэдэн удаагийн үйлчлэлээр гэмтэл учирсан болохыг анхнаасаа зөв тодруулсан бол ингэж хэрэг 2 жил сунжрахгүй байсан. Иймд Г.Т  миний үйлдсэн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ялыг хөнгөрүүлж өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Болор-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгчид болон шүүгдэгч Г.Т ийн гаргасан гомдолтой танилцлаа. Уг хэрэг нь 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Г.Т , А.М  нар нь бүлэглэн хохирогч М.С ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа. Уг хэргийн хувьд 2018 онд гэмт хэрэг гараад хэд хэдэн удаа анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн. Өмгөөлөгч нарын гаргаж буй гомдолд дурдсан шинжээчийн дүгнэлтийн хувьд хэрэг мөрдөн байцаалтанд буцсан тул бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Мөн А.М, Г.Т нар тухайн гэмт хэргийг үйлдэхэд шөнө харанхуй байсан ба хохирогч нь болон шүүгдэгч нар гурвуулаа байсан. Дараа нь дамжмал байдлаар энэ талаар гэрч Ууганцэцэг, Энхжин болон хохирогч өөрийн эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлгүүдийг өгсөн учраас 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шүүгдэгч нарын хохирогч М.С ын эрүүл мэндэд бүлэглэж хүнд хохирол санаатай учруулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд яллах болон өмгөөлөх талуудыг тэгш эрхтэй оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтад дүгнэлт хийжээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.М, Г.Т нарыг бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 1-2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гурван Булаг” амралтын газарт хохирогч М.С ыг зодож, эрүүл мэндэд нь зүүн бөөрний урагдал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн талын гялтангийн арын зайн цус хуралт, зүүн эгэм, мөр бугалга, дал, гуянд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. ...” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг тодорхойлсон.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.М ыг Г.Т тэй бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. ...” гэсэн зарчмыг харгалзан үзээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Г.Т , А.М нараас гэрчээр мэдүүлэг авч, улмаар анхан шатны шүүх уг мэдүүлгийг үнэлж, тэднийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, мөрдөгч аливаа этгээдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...”,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”,

Мөн Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн (g)-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Ийнхүү мөрдөгч гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээлгэхээр хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан үйлдлийг яллагдагчийн эрхийг ноцтой зөрчиж, “мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн”-д тооцох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Т , А.М нарыг гэрчээр байцаасан байцаалт, мэдүүлгийг нотлох баримтад үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хохирогч М.С  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө А.М  өөрийнх нь эрүүл мэндэд хохирол учруулсан талаарх мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй, уг мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлгээр нотлогдоогүй, хэргийн талаар хавтаст хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэг нь А.М ын гэм буруутай болохыг шууд нотолж чадахгүй байгаа зэргээс үзэхэд түүний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлах үндэслэл болж байна.

Иймд прокуророос А.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэдийгээр хохирогч М.С ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлээс бусад гэмтэл буюу “зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуяны зулгаралт” гэмтлүүд учирхад А.М ын үйлдэл, оролцоог огт үгүйсгэхгүй боловч Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 821 дүгээр дүгнэлтэд “...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. ...” гэснийг тэмдэглэвэл зохино.

Харин Г.Т ийн хувьд хохирогч М.С ын эрүүл мэндэд өөрийн үйлдлээр “зүүн бөөрний урагдал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн талын гялтангийн арын зайд цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуянд зулгаралт” бүхий гэмтэл учруулсан болох нь:

хохирогч М.С ын: “...Өглөө 5 цагийн үед гэрээс гарч бие засаад буцаж орж ирсэн чинь манай найз Ариука байхгүй байхаар нь хайгаад гадаа гартал гэрийн хойно хүмүүс орилолдоод байхаар нь Ариукаг хүнтэй маргалдаж байж магадгүй гэж бодоод гэрийн ар луу явахад харанхуйд 2 залуу зогсож байхаар нь хэн болохыг нь харах гээд нэг залуу руу нь дөхөж очиход шууд миний нүүр лүү гараараа цохиод унахад миний дээрээс өшиглөөд байсан. Би арай гэж босох гэтэл хажуу талаас гэнэт униар нэг залуу намайг цохих гэхэд би гараараа бариад авахад хажуу талаас миний зүүн гар луу цагаан пүүзтэй Мөнх-Оргил өшиглөөд, унь барьсан гар тавиулж намайг цохисон. ...танихгүй 2 залуу зогсож байхаар яваад очсон чинь нэг нь намайг гараараа толгой руу цохиж газарт унагаачихаад өшиглөөд байсан. Тэгээд хэн нь юм мэдэхгүй, бас гэрийн униар цохиод байсан. Тэгсэн чинь манай хэд сонсоод над дээр ирээд салгасан юм. ...миний санаж байгаагаар өндөр биетэй Г.Т  нь тухайн үед цагаан пүүз өмчихсөн намайг өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /1хх 6-8, 9-10, 2хх 135-137/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...М.С ын биед зүүн бөөрний урагдал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн талын гялтангийн арын зайд цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн бөөрний урагдал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн талын гялтангийн арын зайн цус хуралт гэмтэл нь нэг цаг хугацаанд нэг механизмаар буюу хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байх ба шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуяны зулгаралт гэмтэл нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байх ба шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Гэмтлүүд нь хэрэг болох үед үүссэн байх боломжтой. ...” гэх 821 дугаартай дүгнэлт /2хх 162-165/, Г.Т ийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Т ийн үйлдэлд А.М той бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хангалттай нотлогдоогүй тул прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхээр тогтов.

Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан шүүгдэгч Г.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахдаа шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, урьд гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан 2 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Иймд шүүгдэгч А.М ын өмгөөлөгч Ч.Дашням, шүүгдэгч Г.Т , түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаар шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс А.М д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнийг нэн даруй суллаж, тэрээр нийт 200 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18ы өдрийн 2020/ШЦТ/1677 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

а/ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.М д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн,

б/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Г.Т д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.гэсэн,

в/ шүүгдэгч Г.Т хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэсэн заалтууд нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалт болон 3, 4, 5, 8 дахь заалтын А.М д холбогдох хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч А.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй суллаж, магадлал хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч А.М  нь 200 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ  

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР