Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/46

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа

Шүүгдэгч: Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунцэцэг,

Хохирогч: О.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 201715010059 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин суманд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн А дахь заалт “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх”, 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн В заалт “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсгийн А заалт “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч О.Л-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хөдөөнөөс төв рүү эгчийгээ авах гэж орж ирсэн. Намайг төв рүү явах гэж байхад О.Л-ын ээж манай хүүхдэд аваачаад өгчих гээд надад мөнгө өгч явуулсан. Би О.Л дээр очих гээд яваад замдаа хоёр найзтайгаа таарсан. Бид гурав хамт О.Л-ынд очсон. Би О.Л дээр очиж мөнгийг нь өгчихөөд явах гэтэл О.Л та нар хаачих гэж байгаа гэхээр нь ийшээ явж пиво уулаа чи хамт явах юм уу гэж асуутал О.Л хамт явья гээд бид дөрөв хамт Х-ын хашаанд очтол тэнд хүн байхгүй байсан. Бид дөрөв Х-ын хашаанд 2.5 литртэй пиво дөрвийг хувааж уусан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч О.Л-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хотоос ирсэн. 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ байж байтал Б.Б хоёр найзтайгаа хамт над дээр ирсэн. Юу хийж яваа юм гэхэд ээж чинь чамд надаар мөнгө явуулсан тэр мөнгийг өгөх гэж ирсэн гэсэн. Б.Б надад мөнгө өгчихөөд явах гэхээр нь би хаачих гэж байгаа гэсэн чинь ийшээ явж пиво уулаа чи хамт явах юм уу гэж асуухаар нь тэгье гээд гадуур хувцасаа өмсөөд хамт явсан. Бид нар Х-ын хашаанд очиж дөрвөн пиво хувааж уусан. Пиво ууж дуусаад нөгөө хоёр найз нь шууд Хашаат сум руу явна гээд хөдөлсөн. Б.Б намайг хүргэж өгөх гэж явсан. Би мотоциклоос ойчсоноо сайн санахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг

Гэрч А.Б-ын өгсөн: “...Тэгээд пиво дуусч бид 4 хэсэг юм ярьж сууж байгаад явахаар болж хоёр мотоциклио хашаанаасаа гаргаад би А-ийн урд суугаад А мотоциклоо барьсан. Харин Бх мотоциклоо жолоодож Л ард суугаад бид 4 хоёр тал руугаа зэрэг хөдөлсөн. А бид хоёр ертөнцийн зүгээр зүүн тийшээ явсан. Харин Б, Л хоёр баруун тийшээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 169 дугаартай актын “...Л-ын биед тархины тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн гүн дэх цус хуралт зүүн гайрмонын хөндийн ар ханын хугарал, тархи доргилт, тархины хагалгааны дараах байдал гэмтэл тогтоогдлоо. “...Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэгт тотоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг хамаарна...” гэсэн дүгнэлт  /хх-ийн 26 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 73 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас

Яллагдагч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болохыг нотолсон техникийн шинжээчийн 14 дугаартай дүгнэлт  /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

- Фото гэрэл зургийн үзүүлэлт /хх 35-36, 43-45 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-26, 30 дугаар хуудас

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 58, 59 дүгээр хуудас/ хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн А дахь заалт “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх”, 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн В заалт “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсгийн А заалт “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдсэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч О.Л-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, энэ хэргийг согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Б-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Л-т 1.200.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хохирогч О.Л нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа гарган иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлтэй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА