Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 109/ШШ2024/0001

 

 

 

 

                              

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан иргэн М.М-ийн нэхэмжлэлтэй, А ......ид холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... нэхэмжлэгч М.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П би А аймгийн Х сумын ....................... -ийн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Учир нь М.М эрхэлж байсан ажилдаа эргэн орсон. Мөн шүүхэд гаргасан М.М-ийг А аймгийн Х сумын ............................ мэргэжилтнээр эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдаан товлох урьдчилсан хэлэлцүүлгийн явцад татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Тус шүүх иргэн М.М-ийн нэхэмжлэлтэй, А ......ид холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

2. Уг хэргийн үйл баримтын тухайд, А ......ийн 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн “Бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилох тухай” Б/10 дугаар тушаалаар М.М-ийг Бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилсон байна. (Хавтаст хэргийн 10 дахь тал)

3. А ...... 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “М.М-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Б/18 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн дагуу Мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн М.М-ийг 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.  (Хавтаст хэргийн 9 дэх тал)

4. Улмаар иргэн М.М-аас А ......ид холбогдуулан “А аймгийн Х сумын ...........-ийн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Б/18 дугаартай тушаал буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, М-ийн М-гийг А аймгийн Х сумын ............................. мэргэжилтнээр эргүүлэн тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. (Хавтаст хэргийн 1-3 дахь тал)

5. Нэхэмжлэгч М.М нь 2023 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 34 дугаартай итгэмжлэлээр иргэн С.П-д М.М-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасны дагуу оролцох, бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөх, нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, ...” зэрэг хуульд заасан бүх эрх, үүргийг олгожээ. (Хавтаст хэргийн 43 дахь тал)

6. Уг хэрэгт шүүх хуралдаан товлон зарлах шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “ ... А аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч М.О-ийн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Б/18 дугаартай тушаал буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах ...” гэж тодорхойлон шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. (Хавтаст хэргийн 115-116 дахь тал)

7. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “А ...... М.О-ийн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Учир нь М.М эрхэлж байсан ажилдаа эргэн орсон” гэх тайлбар гаргаж, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа талаараа илэрхийлжээ. (Хавтаст хэргийн 122 дахь тал)

8. Нэхэмжлэгч М.М нь А ......ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилох тухай” Б/24 дүгээр тушаалаар тус сумын Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байна. (Хавтаст хэргийн 66 дахь тал)

            9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... , нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзах”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзаж болно.”, 66.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.”, 66.4. дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй байна.

10. Иймд  иргэн М.М-ийг А ......ид холбогдуулан гаргасан “А аймгийн Х сумын ...................-ийн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Б/18 дугаартай тушаал буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

11. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.М нь А ......ид холбогдуулан гаргасан “А аймгийн Х сумын ...........................-ийн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Б/18 дугаартай тушаал буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, иргэн М.М-ийн нэхэмжлэлтэй, А ......ид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.ТҮВШИНТУЛГА