Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/8776/и |
Дугаар | 001/ХТ2016/00652 |
Огноо | 2016-06-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2016/00652
Б.Мөнхтөрын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 294 дүгээр шийдвэр,
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 63 дугаар магадлалтай,
Б.Мөнхтөрын нэхэмжлэлтэй
“Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.Мөнхтөр, өмгөөлөгч Д.Тогтохбаярын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Мөнхтөр, өмгөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Мөнхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би УБҮ-ийн АТБ-ын 5-р цувааны эксковаторын машинчаар 2015 оны 07-р сард хамтын гэрээний дагуу ээжийгээ тэтгэвэрт гарснаар оронд нь орсон юм. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажлаа сайн хийж байсан. Харин хөдөлмөр хамгаалалтын хичээлд сууж байх хугацаандаа 2015-08-27-ны өдөр өөрөө ажилтай болж дүүгээ хөдөлмөр хамгааллын хичээлд суулгатал сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие хөдөлмөр хамгааллынхаа шалгалтыг өгч тэнцсэн. Тэгээд ажлаа хийж байтал 2015-11-06-ны өдрийн Б/1306 тоот тушаалаар ажлаас халсан. Учир байдлыг тодруулбал туршилтынхаа хугацаанд сахилгын шийтгэл хүлээж зөрчил гаргасан учраас туршилтын хугацааг чинь сунгахгүй дуусгавар болголоо гэсэн юм. Би гаргасан зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн байхад дахин ажлаас халж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би ээжийгээ тэтгэвэрт гарах нас болоогүй байхад нь өөрөө орохын тулд хортой нөхцөлийн болзол хангасан гэж үзэж тэтгэвэрт нь гаргаж оронд нь орсон. Ажлын тухайд ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй сайн хийж байсан. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2015-11-06-ны өдрийн Б/1306 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Авто тээврийн байгууллагын 5-р авто цувааны эксковаторын машинч Б.Мөнхтөр нь Ерөнхий захирлын 2015-07-31-ний өдрийн Б/857 дугаар тушаалаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2014-2015 онд хэрэгжүүлж буй Хамтын гэрээний 2.5-д зааснаар ээжийнхээ оронд ажилд орсон. Б.Мөнхтөр туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдсан байгаа. Автотээврийн байгууллагын дарга Хүний нөөцийн хэлтэст Б.Мөнхтөрийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, хариуцсан ажлаа хангалттай гүйцэтгэж чадахгүй байгаа талаар албан бичиг ирүүлсэн байдаг. Манай компанийн хамтын гэрээнд туршилтын хугацаагаар ажилд авч ажиллуулаад хугацаа дуусах үед жинхлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр заасан. Мөнхтөрийг ажлаас халсан гэж үзэхгүй ба хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 294 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Б.Мөнхтөрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 63 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 294 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Мөнхтөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Эрдэнэт үйлдвэрт шинээр ажилд орон сургалтад суусан бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нь үдээс хойш суугаагүй юм. Гэтэл шалгалт авах гэж байна гэхээр нь өөрөө очиж амжихгүй байсан тул тэнд ойрхон байсан дүүгээ шалгалтанд оруулсан нь үнэн болно. Намайг шалгалтанд бүрэн суугаагүй, өөр хүн шалгалтанд оруулсан гэж АТБ-ын даргын 2015.08.27-ны өдрийн тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, 2015.09.04-ний өдрийн дотор шалгалт өгөхийг үүрэг болгосон. Энэ өгсөн үүрэг, даалгаврын дагуу би 2015.08.26-нд шалгалтаа өгч ажлаа хийж байсан. Гэтэл АТБ-аас 2015.10.27-нд Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулт, Хөдөлмөрийн гэрээний заалтуудыг үндэслэн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлуулахаар үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтэст албан тоот хүргүүлснээр Ерөнхий захирлын 2015.11.06-ны өдрийн Б/1306 дугаартай тушаалаар хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгосон. Туршилтын журмаар байгуулсан хөдөлмөрийн гэрээнд яг юу үндэслэж гэрээг сунгах, эс сунгах асуудлыг тодорхой заагаагүйгээс нэр бүхий удирдах албан тушаалтнууд авч үлдэх хүнээ авч үлддэг, явуулах хүнээ бол ямар нэг аргаар явуулж оронд нь шахааны хүнээ авдаг. Энд мэдлэг, чадвар сонин биш юм. Шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, намайг урьд ажиллаж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр хяналтын урмаар гаргасан гомдолдоо: “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Б.Мөнхтөртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон гэж тус үйлдвэрийн Ерөнхий захирлын 2015.11.06-ны өдрийн Б/1306 дугаартай тушаалаар Б.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1 дэх заалтаар ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг хөдөлмөрийн гэрээнд тусгахаар журамласан байхад уг гэрээний 2.3-т “Ажлын байрны тодорхойлолт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг юм” гэж тусгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1 дэх хэсгийг зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөдөлмөрийн гэрээг байгуулах үед Б.Мөнхтөрд ажлын байрны тодорхойлолтыг танилцуулсан, гэрээний ард танилцсан гэж гарын үсгээ зурсан гэж давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тайлбарладаг ч талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнд тусгагдсан Б.Мөнхтөрд танилцуулсан эрх зүйн актуудад ажлын байрны тодорхойлолт гэж бичээгүй байдаг ба Б.Мөнхтөрийг ажлын байрны тодорхойлолттой нь танилцуулсан гэх тайлбараа нотлоогүй.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас Б.Мөнхтөртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтны хийж гүйцэтгэх ажил үүргийг тусгаагүй, ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй байхад талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2 болон 2.3 дахь хэсгүүдийг үндэслэн Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг талууд тохиролцсон гэж үзэх боломжгүй юм. Хэдийгээр, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан цагаас ажилтан өгсөн үүрэг даалгаврын дагуу тодорхой ажлыг хийж гүйцэтгэн, ажил олгогчоос цалин хөлс авч байсан нь үнэн ч энэ нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг байгуулсанд тооцохгүй байхаар хуулиар тогтоосон хэм хэмжээг хамаатуулж үзэхгүй байх үндэслэл болохгүй. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй бол тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Б/1306 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/857 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Мөнхтөрийг компанийн Авто тээврийн байгууллагын 5-р авто цуваанд экскаваторын машинчаар 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаагаар томилжээ.
Б.Мөнхтөр нь туршилтын хугацаанд сахилгын арга хэмжээ авагдсан тул ажил олгогч 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1306 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ /хавтаст хэргийн 17, 4 дүгээр тал/.
Маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлын талаар хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Мөнхтөрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 294 дүгээр шийдвэр, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 63 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Мөнхтөр, өмгөөлөгч Д.Тогтохбаяр нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ