Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 12

 

Н.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар магадлалтай, Н.Г-д холбогдох 1812001060198 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Жамбалсүрэнгийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2000 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, М овогт Н-ийн Г нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Н.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Н.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Жамбалсүрэн гаргасан эсэргүүцэлдээ “... анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн 1812001060198 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна. Учир нь шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй буюу 17 нас 11 сар 21 хоногтой өсвөр насны хүн байжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг хуульчилсан байх бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна. Шүүх өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Н.Г-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмыг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээ зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Н.Г-гийн хувьд уг гэмт хэргийг үйлдэхдээ 17 нас 11 сар 21 хоногтой байсан нь нотлогдсон. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх үед 18 насанд хүрсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн энэ хэрэгт хяналтын прокурорын буруутай үйл ажиллагаа байгаа. Хялбаршуулсан хэрэгт 18 насанд хүрээгүй хүүхдэд 450 нэгжээр торгох ялын санал гаргасан байсан. Иймд Н.Г-д оногдуулсан торгох ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Жамбалсүрэнгийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Н.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” хүнсний дэлгүүрийн гадна Д.Ш-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Шүүх Н.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулах үндэслэлүүд нь ял оногдуулах үед өсвөр насны буюу 14-18 хүртэлх насны хүмүүст хамааралтай учир анхан шатны шүүх хуралдааныг явуулах үед 18 насанд хүрч энэхүү хуулиар тогтоосон насны хязгаарыг давсан шүүгдэгчид энэхүү журмыг баримтлан ял оногдуулах үндэслэлгүй юм.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зорилгыг “Өсвөр насны хүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж тодорхойлсон бөгөөд энэхүү заалт нь шүүх ял оногдуулах үед өсвөр насны буюу насанд хүрээгүй хүн рүү чиглэсэн зохицуулалт бөгөөд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлгийг хэрэглэх үндэслэл болсон суурь зохицуулалт байна.

Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Жамбалсүрэнгийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН