Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2017/0338/З |
Дугаар | 221/МА2017/0694 |
Огноо | 2017-09-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2017/0694
Д.Ж-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0615 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Ж-ын нэхэмжлэлтэй, Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0615 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1.8, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.3, 26.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус баримтлан Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдуулан гаргасан “2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/651 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин буюу төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний 12 дугаар зэрэглэлийн 3 дугаар шатлал болох 650,817 төгрөг, ахмад цолны нэмэгдэл буюу сарын үндсэн цалингийн 30 хувь болох 195.245 төгрөг, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл буюу сарын үндсэн цалингийн 8 хувь болох 52.026 төгрөг, албан ажлын онцгой нэмэгдэл буюу сарын үндсэн цалингийн 10 хувь болох 65.081 төгрөг, нийт сарын үндсэн цалин 963.169 төгрөг бөгөөд 2016 оны 11 дүгээр сараас хойшхи цалин болох долоон сарын хугацааны цалин 6.742.183 төгрөгийг гаргуулах, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий иргэн Д.Ж-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Шүүгч С.Төмөрбат нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талын байр суурийг хамгаалж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн захирал С.Баатаржавт хандаж Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтын дагуу өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан боловч Хууль сахиулахын их сургуулийн захирал болон эрх бүхий албан тушаалтан нар дураар аашилж, Захиргааны ерөнхий хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн байхад шүүгч Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн тодорхой заалтуудыг хэрэглэхгүй шийдвэр гаргасан.
Учир нь миний бие Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/428 дугаар тушаалаар ажилд томилогдож ажиллахдаа хуульд заасны дагуу үр дүнгийн гэрээ, ажлын байр /албан тушаалтан/-ны тодорхойлолтыг дээд шатны албан тушаалтантай байгуулсан бөгөөд ямар ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийг Үндэслэх хэсэгт тусгаж хууль хэрэглэсэн нь илт хууль бус юм.
Хууль сахиулахын их сургуулийн захирал нь 2015 онд батлагдаж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж буй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 15 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.3, 24.5, 25 дугаар зүйлийн 25.1.2, 27 дугаар зүйлийн 27.4, 27.5, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.5, 47.1.6, 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.4 дэх заалтуудыг зөрчиж хууль бус захиргааны акт гаргасан байхад анхан шатны шүүх дээрх хуулийн заалтуудыг хэрэглэлгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хэт нэг талын байр суурийг хамгаалж, нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/651 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг үндэслэн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Хууль сахиулахуйн инновацийн төвийн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажилтан, ахмад Д.Ж-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажил тасалж, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгч Д.Ж-аас дээрх тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар “миний бие 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хариуцагч хуульд заасан хугацааны дотор буюу 30 хоногт багтааж шийдвэрлээгүй атлаа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус” гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажил тасалж, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/522 дугаар тушаал, Д.Ж-ын 2016 оны 11 дүгээр сарын ажлын цагийн бүртгэл, гэрч Б.Жаргалсайхан, Ч.Отгонбаяр нарын тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь урьд Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/522 дугаар тушаалаар “албан үүргээ гүйцэтгэхдээ захирах, захирагдах ёсыг баримтлаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд ажил тасалсан нь тогтоогдсон” үндэслэлээр албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн, үүнээс хойш Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин ажил тасалж, Хууль сахиулахын их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.1, 4.3.7 дахь заалтуудыг зөрчжээ.
Дээрх байдал нь нэхэмжлэгчийг албан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болох тул нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасны дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчээс ажил тасалсан шалтгаанаа “Хууль сахиулахын их сургуулийн захирал С.Баатаржавт хандан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байсан” гэж тайлбарлах боловч төрийн албан хаагч нь түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэх хүртэл, эсхүл Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан 30 хоногийн хугацаанд албан үүргээ хэвийн гүйцэтгэх үүрэгтэй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгчийн “хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад шүүх шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн нь хууль бус” гэх гомдлын тухайд ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрсөн тохиолдолд ажлын байраа орхих эрхтэй талаар Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй, харин энэ тохиолдолд тухайн асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулсан тул шүүх Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй, хариуцагчаас түүний ажилдаа ирэхгүй байгаа шалтгааныг тодруулахаар, мөн маргаан бүхий тушаалыг танилцуулахаар холбогдох ажиллагааг явуулсан байх тул хариуцагчийг сонсох ажиллагааг явуулаагүй, нэхэмжлэгчийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй гэж буруутгах боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН