Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 273

 

“Ц Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:              Л.Атарцэцэг

Шүүгчид:                             Г.Банзрагч

                                              Б.Мөнхтуяа

                                              Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                   П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/463 дугаар захирамжийн “Ц Ө” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай,

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 109/ШШ2018/0003 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0219 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-г оролцуулж,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 109/ШШ2018/0003 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/463 дугаар захирамжийн хавсралтын /4, 5/ “Ц Ө” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0219 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 109/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Р-н гомдлын агуулгад: Нэхэмжлэгч “Ц Ө” ХХК-ийн Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/303 дугаар захирамжаар тус аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Үйлдвэрийн районд байрлах 10.000 м.кв, Барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалттай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/326 дугаар захирамжаар тус аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 72 айлын орон сууцны баруун талд байрлах 500 м.кв, үйлчилгээний зориулалттай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй газруудыг тус тус нэхэмжлэгч “Ц Ө” ХХК нь эзэмшиж байсан бөгөөд тус газрууд дээр өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

4. Гэтэл нэхэмжлэгчээс Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 72 айлын орон сууцны баруун талд байрлах 500 м.кв, үйлчилгээний зориулалттай газар дээрээ аялал жуулчлалын төв, зочид буудал байгуулахаар 2015 онд Жайка төслөөс санхүүжилт хүсч, 2017 оны 6 дугаар сард Төрийн банкнаас 600 сая төгрөгийн санхүүжилт авсан, энэ нь бидний хүндэтгэн үзэх шалтгаан гэж маргадаг боловч энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй’’ гэж заасныг зөрчсөн.

5. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно” гэж тайлбарласан байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс талуудыг байлцуулан газрын үзлэг хийхэд өнөөдрийг хүртэл маргаан бүхий 2 газар дээр нэг ч шон хатгасан, барилга байгууламж барьсан зүйл огт байхгүй хоосон газар байсаар байтал төсөл хэрэгжиж зээл авахыг хүлээсэн асуудал нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж буй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгч нь маргаан бүхий дээрх 2 газар дээр зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан газрын үзлэгийн зураг болоод шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгүүдээс тодорхой харагддаг.

7. Түүнчлэн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн иргэн Б.Б, Д.М нар нь нэхэмжлэгчээс кольцо авсан гэх боловч газрын байрлалыг буруу заасаар байтал шүүхээс бүрэн шалгалгүйгээр гэрч Б.Б-н “...Би 1000 кольцог 9 дүгээр сарын эхээр авсан. Цэвэр бохирын шугам хөөх зориулалтаар авч, 2 худаг гаргасан...”, гэрч Д.М “...2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэр худалдаж авсан. Батлан хамгаалах нийгэмлэгийн жолооны дромын урд талаас 4 ширхэг кольцо, 4 лүк худалдаж авсан” гэх мэдүүлгийг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ойлгомжгүй байна. Учир нь гэрч Д.М нь маргаан бүхий газрын байрлалыг Батлан хамгаалах нийгэмлэгийн жолооны дромын урд талаас авсан гэх боловч маргаан бүхий газар нь гэрчийн мэдүүлээд байгаа газартай огт хамааралгүй газарт байрладаг болох нь хавтаст хэрэгт авагдсан кадастрын зургаас тодорхой харагддаг.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн миний зүгээс шүүх хуралдааны мэтгэлцээний явцад дээрх 2 гэрчийг худал мэдүүлэг өгсөн тул шалгуулах хүсэлтийг тавьсан боловч шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

9. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий 500 м.кв газар дээр барилга эхлэх зөвшөөрөл хүссэн өргөдлөө Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2017 оны 07 дугаар сард өгсөн, хариуг хүргүүлээгүй гэж маргадаг боловч тус газраас 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 369 дүгээр “...холбогдох бүрдүүлбэрийг хангаж ирүүлэхийг тусгасан” албан бичгээр хариуг хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад байгаа болно. Түүнчлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд маргаан бүхий 2 газар дээр барилга байгууламж барьсан зүйлгүй.

10. Шүүхээс захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хийгээгүй гэж буруутгаж байгаа боловч уг хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийсэн гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл мэдэгдэх хуудсанд тусгавал зохих бүхий л нөхцөл байдлыг бүгдийг тусгаж “Ц Ө” ХХК-ийн захирал Д нь өөрийн биеэр ирж мэдэгдлийг гардан авч, тайлбарыг бичгээр ирүүлсэн.

11. Захиргааны хэргийн шүүхийн нэг онцлог нь нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх учиртай. Гэтэл хавтаст хэрэгт нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн асуудлаа хариуцагч талд өгч буй нь зохимжгүй асуудал юм. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг огт хөндөөгүй бөгөөд харин ч нэхэмжлэгч нь Монгол Улсын Газрын тухай хуулийг зөрчиж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдаж байна.

12. Мөн хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс хэт нэг талыг барьсан, хэрэгт хамааралгүй асуудлыг /...барилгын асуудлыг хөндөж асуулт асуусан/ газрын үзлэг дээр тавьж байсантай холбоотой шүүгчээс татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүлээн аваагүй болохыг дурдъя.

13. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

15. Маргаан бүхий захирамжаар “газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 500 мкв болон 1 га газрыг эзэмших эрхийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

16. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” зохицуулалттай байна. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь үйлчилгээний зориулалттай 500 мкв газрыг зориулалтын дагуу ашиглахаар үйл ажиллагаа явуулсан буюу барилгын эскиз зураг боловсруулж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар батлуулсан, барилга барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг олж, зээлийн гэрээ байгуулсан, харин барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалттай 1 га газарт хатаалгын үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдсон тул газрыг зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзэхгүй, маргаан бүхий захирамжийн үндэслэл няцаагдаж байна.

17. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт зааснаар газар эзэмших гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх ба захиргааны байгууллага нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулсан, тухайн цаг хугацаанд газрыг зориулалтын дагуу ашигласан эсэхийг шалгаж тодруулаагүй, харин нэхэмжлэгчийг газар эзэмших гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж, 2018 оны 4 дүгээр сарын 19-н хүртэл гэрээ байгуулсан атлаа 2017 оны 10 сард нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

18. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан 2 жилийн хугацааг тооцохдоо гэрээ байгуулсан хугацаанаас тооцох зарчимтай бөгөөд нэгэнт захиргааны байгууллагаас 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийн “газар дээрээ нэг ч барилга бариагүй, шон хатгаагаагүй” тухай гомдлыг хангах үндэслэлгүй, захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааны үр дүнг өөрөө хариуцах үүрэгтэй болно. Иймээс хариуцагчийн “гэрчүүд худлаа мэдүүлэг өгсөн, газрын байрлалыг буруу заасан байтал шүүхээс шалгаагүй” тухай гомдол нь хэрэгт шууд ач холбогдолгүй, өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын гэрээ байгуулсан хугацаанаас тооцоход хуульд заасан 2 жилийн хугацаа дуусаагүй байна.

19. Анхан болон давж заалдах шатны шүүхийн “мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй” тухай дүгнэлт үндэслэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан байна. Энэ тохиолдолд захиргааны байгууллага шийдвэр гаргасны дараа мэдэгдэх ажиллагаа хэрэгжүүлсэн боловч шийдвэр гаргахаас өмнө буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдээгүй, түүнээс газрыг хэрхэн ашигласан талаар асууж, тайлбар гаргах эрхээр хангаагүй, хуулийн дээрх заалтыг зөрчжээ. Хариуцагчаас 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн мэдэгдлийг шүүхэд нотлох баримтаар өгч, “газар эзэмших эрхийг хүчингүй болгохоо мэдэгдсэн” гэж тайлбарлаж байгаа боловч уг мэдэгдлийг нэхэмжлэгчид хэзээ гардуулсан тухай баримт байхгүй тул “мэдэгдэх ажиллагааг хэрэгжүүлсэн” гэж үзэхгүй.

20. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 109/ШШ2018/0003 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0219 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                     Л.АТАРЦЭЦЭГ    

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ