Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 0419

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Г******* хотхон, ******* байрны од оршин суух Б.Г,

Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Г******* хотхоны ******* байрны ын 149.35 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон С-35 дугаартай автомашины зогсоолыг Б.Гын өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, Б.Гыг дээрх орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Э” ХХК болон “З*******”-тай “Орон сууц захиалах тухай” 88 тоот гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Г******* хотхоны ******* байрны ын 149.35 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон С-35 дугаартай автомашины зогсоолыг 217304 ам.доллар буюу 252.072.000 төгрөгөөр худалдан авч, гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Мөн би Улсын бүртгэлийн ерөнхий газрын тэмдэгтийн хураамжийг 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн.

Б.Г нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хандан дээрх орон сууц болон авто машины зогсоолыг өмчлөх эрхийн бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулахаар мэдүүлэг гаргасан боловч улсын бүртгэгч нь авто зогсоолын м.кв-ыг тодруулах, З*******, БНСУ-ын Х*******тай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичгүүдээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх үндэслэлүүдээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан юм.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д заасны дагуу 2016 оны 03 дугаар сард Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт хандахад 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 6/4001 тоот албан бичгээр “...шаардлагатай нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэх боломжтой” гэж өгсөн боловч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэс мэдүүлэг, материалыг хүлээн авахаас татгалзсан.

Миний бие иргэн хүнийхээ хувьд “Э*******” ХХК-тай хуулийн дагуу гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлж, төлбөр тооцоог бүрэн хийж, 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдэлгүй болсон бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Эм энд Жи Констракшн” ХХК нь “Б.Гыг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Д******* гудамж, Г******* цогцолборын ******* байрны орон сууц болон ******* авто зогсоолын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Б.Гын нэр дээр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг хүссэн албан бичиг”-ийг Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст өгсөн.

Бид 2009 онд орон сууцандаа орж, одоог хүртэл амьдарч байна. Иймд миний амьдарч буй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Г******* хотхоны ******* байрны ын 149,35 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон С-35 дугаартай 15,39 м.кв талбай бүхий авто зогсоолыг Б.Гын өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, Б.Гын дээрх орон сууц болон авто машины зогсоолын өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Г*******” цогцолборын ******* байр буюу Д******* гудамж 15/3 хаягт байрлах орон сууцыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 60 хувийн гүйцэтгэлтэйгээр "Э*******" ХХК-ийн өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн байх бөгөөд "З*******” болон БНСУ-ын “Х*******”-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байх бөгөөд дээрх орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 1/6542, 1/9731, 11/13253, 2012 оны 2/4309, 2/5394, 2/9693, 2/10559, 2013 оны 2/2931, 2/2236, 2014оны 2/1449, Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2010 оны 10/5-оор захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн.

Тухайн орон сууцыг "Э*******" ХХК өөрийн хөрөнгөөр барьж, 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн орон сууцыг тоот тус бүрээр нь иргэний өмчлөлд салгаж бүртгүүлэхийн тулд өмнө нь олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, иргэний өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгодог. Тухайн гэрчилгээ нь манай байгууллагад өнөөдрийн байдлаар ирээгүй байх тул тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгох боломжгүй.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т "Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" хэмээн заасан байдаг.

"Э*******" ХХК нь тухайн орон сууцны барилгыг барьцаалан "З*******” болон БНСУ-ын "Х*******”-наас зээл авсан бөгөөд тухайн барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байх тул орон сууцыг иргэний өмчлөлд салгаж бүртгэх боломжгүй юм. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т "улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж, улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно" гэж заасан бөгөөд бүртгэлийн байгууллагын мэдээллийн санд уг орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон, захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай бүртгэл хийгдээгүй байхад эрхийн улсын бүртгэлд дур мэдэн өөрчлөлт оруулах боломжгүй байх тул нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Эм энд Жи Констракшн” ХХК-ийн захирал А.Амарбаясгалан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Б.Г нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Г******* хотхоны ******* байрны орон сууц болон ******* авто зогсоолын төлбөр, тооцоог бүрэн барагдуулсан тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биднийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газын “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Г******* цогцолборын ******* байрны ын 149.35 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, ******* авто зогсоолын өмчлөх эрхийг Б.Гын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Гыг зохих журмын дагуу дээрх эд хөрөнгийн өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Г нь Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандаж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Г******* цогцолборын ******* байрны орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн мэдүүлгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байх бөгөөд хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь Б.Гыг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хууль бус болжээ

Учир нь “Э*******” ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Д******* гудамж 15/3 дугаарт байршилтай барилгыг 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгүүлж, улмаар энэхүү 60 хувийн гүйцэтгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Д******* гудамж 15/3 дугаарт байршилтай, нийт 7326 м.кв талбай /зоорийн давхартайгаа 11 давхар/ бүхий барилгыг барьцаалсан “З*******” болон БНСУ-ын “Х*******”-тай байгуулсан 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтууд, барьцааны гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.Г нь “Э*******” ХХК, “З*******” ХК-тай 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 88 дугаар “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр “Э*******” ХХК нь ******* байрны ын 149.35 м.кв 4 өрөө орон сууц, ******* авто зогсоолыг бүрэн барьж гүйцэтгэх, Б.Г нь захиалгат орон сууцны үнийг хугацаанд нь төлж, ашиглалтад ороход байрыг хүлээн авахаар харилцан тохиролцжээ. Энэхүү гэрээний дагуу “Э*******” ХХК нь уг ******* байрны барилгын ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр барьж дууссан, Б.Г нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Д******* гудамж 15/3 дугаарт байрлах Г******* хотхоны ******* байрны орон сууц болон ******* авто зогсоолын төлбөрийг бүрэн төлсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, “Э*******” ХХК-ийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандсан 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 63 тоот, мөн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд БНСУ-ын “Х*******” нь “Э*******” ХХК-д холбогдуулан “Бондын төлөгдөөгүй үндсэн төлбөр 15 521.585.030 вон, алданги 7.760.792.515 вон, хууль зүйн туслалцаа авсан урьдчилгаа төлбөр 30.000 ам.доллар тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, орон сууц захиалгаар бариулах тухай 13 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” үндсэн нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3224/б дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч “Э*******” ХХК-иас торгууль 1.961.466.338 солонгос вон буюу 2.451.832.922 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БНСУ-ын “Х*******”-нд олгож, нэхэмжлэлээс 21.320.911.207 солонгос вон буюу 26.651.139.008 төгрөгийн болон хууль зүйн туслалцаа авсан урьдчилгаа төлбөр 30.000 ам доллар буюу 30.000 000 төгрөгийн шаардлагыг, мөн “Э*******” ХХК-иас иргэн Б.Г нарын нэр бүхий иргэдтэй байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах тухай” болон “Орон сууцыг зээлийн  төлбөрт шилжүүлэх тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан Б.Г нарын 8 иргэн, “М*******” ХХК-ийг Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Г******* хорооллын 102, 103, 104, 105 дугаар орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоон, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа гагцхүү хариуцагчийн өмчлөлд байгаа, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн өмчлөлд шилжээгүй хэсгээр хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. Мөн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 337 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3, 5, 6 дахь заалтыг тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 554 дүгээр тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3224/Б дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 337 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, “Э*******” ХХК-иас 12.228.377.545 вон, өмгөөлөгчийн хөлс 30.000 ам.доллар тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, орон сууц захиалгаар бариулах тухай 13 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай “Х*******”-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар “Г*******” цогцолборын орон сууц, авто машины өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл “Э*******” ХХК нь Г******* цогцолборын ******* байрыг 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь “З*******” болон “Х*******”-нд барьцаалсан байх бөгөөд иргэн Б.Г нь “Э*******” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу ******* байрны  орон сууц,  ******* авто зогсоолын төлбөрийг бүрэн төлж, уг компани нь дээрх байр, авто зогсоолыг өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг зөвшөөрсөн, түүнчлэн уг барилга нь бүхэлдээ бүрэн баригдаж дууссан, уг барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр  “З*******” болон “Х*******”-нд барьцаалсан барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 554 дүгээр тогтоолоор “Э*******” ХХК-иас БНСУ-ын “Х*******”-нд төлөх төлбөргүй гэж үзэж, “Э*******” ХХК-иас 12.228.377.545 вон, өмгөөлөгчийн хөлс 30.000 ам.доллар тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаалагчийн зөвшөөрөлгүй орон сууц захиалгаар бариулах тухай нэр бүхий 13 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн “Х*******”-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул иргэн Б.Г нь өөрийн хөрөнгөө оруулж, захиалгаар бариулсан ******* байрны орон сууц, ******* авто зогсоолын өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д  заасны дагуу  эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй байна.

Гэтэл хариуцагч Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь иргэн Б.Гын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Г******* цогцолборын ******* байр 4 өрөө орон сууц болон ******* авто зогсоолын өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан үндэслэлээ “... “Э*******” ХХК-ийн  орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэх үндэслэл, тайлбарыг гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “Шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр  гарсан” бол эрхийн улсын бүртгэлд тэмдэглэл хийхээр заасан байх бөгөөд дээрх албан бичгийн агуулгаас үзвэл уг эд хөрөнгийн өмчлөлийн талаарх мэдээлэл хүссэн, мөн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарласан, мөн захиран зарцуулах эрхийг түр түдгэлзүүлэн, хариу ирүүлэхийг хүссэн байх бөгөөд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь уг барилгуудыг “дуусаагүй барилга” буюу зөвхөн 60 хувийн гүйцэтгэлтэйгээр “Э*******” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдээлэл өгч, ямар үнийн дүнгийн хэмжээнд тухайн эд хөрөнгийн аль хэсгийг битүүмжилсэн, ямар хэмжээнд шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах талаар тодруулах үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн дээрх албан албан бичигт дурдагдсан барилга нь тухайн үед 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга байсан, “Э*******” ХХК нь зөвхөн 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг албан бичгээр ашиглалтад орсон 100 хувийн гүйцэтгэлтэй ******* байрны барилгыг бүхэлд нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт зөрчигдсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт дээрх ******* барилгыг бүхэлд нь хэн нэгний өмчлөлд бүртгэсэн бүртгэл байхгүй, гэрчилгээ олгогдоогүй бөгөөд “Э*******” ХХК нь уг барилгыг бүхэлд нь өмчлөх боломжгүй, тодруулбал уг барилгыг барьж дуусахаас өмнө иргэн Б.Гтой “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, төлбөрийг нэхэмжлэгч нь төлсөн, орон сууц болон авто зогсоолын өмчлөгч нь Б.Г болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

Эндээс үзвэл уг ******* барилга нь бүхэлдээ нэг этгээдийн өмч биш, нийтийн зориулалттай орон сууцны барилга бөгөөд сууц бүрийг өөр өөр этгээд дангаар өмчлөх боломжтой байх тул нэхэмжлэгч Б.Г нь ******* байрны орон сууц, ******* авто зогсоолыг дангаар өмчлөх эрх үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т “Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн орон сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх эрхтэй” гэж заасны дагуу Б.Г нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй байх бөгөөд хариуцагч Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь дээр дурдсан үндэслэлээр түүнийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзвэл хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь нэхэмжлэгч Б.Гын дээрх орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байхад тэдгээрийг бүртгэхээс татгалзсан нь  Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Б.Гын “өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх” эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн  тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Г******* хотхоны ******* байрны ын 149.35 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон С-35 дугаартай автомашины зогсоолыг Б.Гын өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Гыг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Г******* хотхоны ******* байрны ын 149.35 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон С-35 дугаартай автомашины зогсоолын өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ц.БАТСҮРЭН