Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/595

 

В.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч В.Г-ийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.Г-ийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор В.Г-т холбогдох эрүүгийн 1905023950714 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв;

В.Г-, 1971 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

В.Г- нь “Хамтын эх булаг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа мөн өөрийн үүсгэн байгуулсан “Говь хангай өрөм” ХХК-д захирал ажилтай Ч.Б-гээр дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “40.000.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна, санаа зоволтгүй өгнө” гэж Б.А-од итгүүлэн хуурч “Говь хангай өрөм” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Баянгол дүүргийн ***  тоот, 67.3 мкв талбайтай 3 өрөө орон сууцны Ү2205059404 дугаартай гэрчилгээг барьцаалан 40.000.000 төгрөгийг компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.А-аар Б.А-той 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1 сарын хугацаатай 4.2 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр “Зээлийн гэрээ”-г байгуулах замаар баримт бичиг ашиглан 40.000.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: В.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч В.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, В.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч В.Г-ийн өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүйн гадна, шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдийн шаардлагыг хангаагүй буюу энэ хуулийг ноцтой зөрчсөн байна. Шүүгдэгч В.Г- нь анх 40.000.000 төгрөг зээлж авахдаа өндөр хүү амлаагүй, хохирогч Б.А-ыг хуурч мэхэлж, зохиомол байдлыг зориуд бий болгоогүй, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулаагүй, “уурхайд ажиллаж байгаа машин механизм шатахуун түлшгүй, машин механизмд сэлбэг хэрэгсэл авах шаардлагатай болсон, компанийн үйл ажиллагаа нь зогсох гээд байгаа” талаар үнэн учраа хэлсэн, хохирогч Б.А-ыг таньдаггүй байсан бөгөөд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаагүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болоогүй ба зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж хүү төлөөд явж байсан. Шүүгдэгч В.Г-, гэрч Ч.Б-, Г.А- нарын “зээлийн хүү төлж байсан талаарх” мэдүүлгүүд, хохирогч Б.А-ын “...би зээлийн гэрээний дагуу хүүнд 3 удаа нийт 7.220.000 төгрөгийг авсан...” /1хх 27/ гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд залилах гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй, харин иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь илэрхий харагддаг. Шүүгдэгч В.Г- Хөгжлийн банкнаас зээл авсныхаа дараа “Б.А-оос зээлсэн мөнгийг төлөх үү” гэж Ч.Б-гээс асуухад “Б.А- зээлсэн мөнгөнийхээ хүүг нь аваад явж байхаар тохиролцсон” гэж Ч.Б- хэлсэн тул хүүг нь төлөөд явж байсан байдаг. Ч.Б- нь Б.А-оос авсан зээлийн төлбөрт хийгээрэй гэж В.Г-ийн өгсөн 40.000.000 төгрөгөөс 19.500.000 төгрөгийг Б.А- зээлж авсныг мэдсээр байж Б.А-од өгөхгүйгээр өөрийн амьдарч байсан байрны урьдчилгаа төлбөрт хийсэн байдаг. Энэ нь “Говьхангай өрөм” ХХК-ийн авлага, өглөгийн тайланд тодорхой тусгагдсан байдаг. Хавтаст хэрэгт зээлийн гэрээний хуулбар, гэрээнд заасны дагуу хүү төлсөн талаарх В.Г-, Б.А- болон гэрч нарын мэдүүлэг, “Хамтын эх булаг” ХХК-ийн орлогыг нотолсон баримтууд авагдсан боловч орлогыг юунд, хэрхэн зарцуулж байсан талаар шалгаж тогтоогоогүй. “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн нотлоогүй, хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүйд гомдолтой байна. Шүүгдэгч В.Г- нь хохирогч Б.А-оос зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөгийг хувьдаа ашиглаагүй. Тус компани нь нэлээд олон ажилчидтай бөгөөд авсан цалингаараа ар гэр, амьжиргаагаа залгуулдаг тул компанийн үйл ажиллагааг тасалдуулахгүй ажиллуулахын тулд зээлж авсан 40.000.000 төгрөгийг компанийнхаа үйл ажиллагааг хэвийн явуулахад зориулан түлш, шатахуун, ковшийн дугуй, компанийн ажилчдын хоол хүнс худалдан авах зэрэгт зарцуулсан болох нь хэрэгт авагдсан 40.000.000 төгрөгийн зарцуулалтыг тодорхойлсон баримт, дансны хуулга зэргээр нотлогддог. Гэтэл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд яллах талын цуглуулсан нотлох баримт нь эргэлзээтэй, прокурорын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байхад анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд В.Г-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна. Улсын яллагч залилах гэмт хэргийн шинжийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас ялгаж салгахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн шинжлэн судалсан шүүгдэгчийг яллах нөхцөл байдалд эргэлзээ төрүүлэхүйц байгаа нөхцөл байдалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй нь шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй гэж дүгнэхээр байна. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдэн авагдсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг зээлийн гэрээ, 40.000.000 төгрөгийн зарцуулалтыг тодорхойлсон баримт, дансны хуулга зэрэг бичгийн баримтууд нь шүүгдэгч В.Г-ийг цагаатгах үндэслэл болж байгаа бөгөөд дээрх нотлох баримтуудыг прокурорын яллах талын үндэслэл болж байгаа нотлох баримт гэж үзэхээргүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад В.Г- зээлсэн мөнгөө буцаан төлөх талаар санаачилга гаргаж, үлдэгдэл 31.280.000 төгрөгийг өгөх талаар хохирогч Б.А-од удаа дараа санал гаргасан, өмгөөлөгч миний зүгээс зээлийн үлдэгдэл мөнгийг өгөх талаар санал тавихад Б.А- өмгөөлөгчийн хөлсөнд өгсөн 3.000.000 төгрөгийг нэмж төлүүлэх санал тавьж В.Г-оос өгсөн мөнгийг аваагүй тул Б.А-ын дансыг хэргийн материалаас авч дансанд нь зээлийн үлдэгдэл мөнгийг хийж баримтыг нь хэрэгт хавсаргасан. Зээлсэн мөнгийг бүрэн төлж барагдуулсан, гэрээний үүргээ биелүүлсэн. Харин хохирогч Б.А- нь дураараа аашилж шүүхийг үл хүндэтгэн шүүх хуралдааныг дундаас нь орхиж гарсан асуудлыг дурдах нь зүйтэй байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба энэ хэрэг нь иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаан бөгөөд В.Г-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох объектив болон субъектив талын үндэслэл тогтоогдоогүй, түүнийг гэм буруутай болох нь нотлогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж байгаа асуудал үндэслэлгүй. Шүүгдэгч В.Г- нь өөрийн компанид ажиллаж байсан захирал Ч.Б-, нягтлан бодогч Г.А- нараар дамжуулан тэдний нэр, бичиг баримтыг ашиглаж Б.А-оос мөнгө зээлж авсныгаа хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ буцааж төлнө гэсэн санаа зорилго байхгүйгээр урьдаас хүсэж үйлдсэн. Ч.Б-г өөрийн компанид ажиллуулж байхдаа байр авч өгнө гэж аман баталгаа хийж өгч байсан. Хөгжлийн банкнаас зээлж авсан мөнгөнөөсөө өгч байсан. Одоо Б.А-ын зээлэнд өгч байсан гэдэг. Нөхцөл байдалдаа уялдуулан мэдүүлэг өгдөг. Бусдад учруулсан хохирлын асуудлаас зайлсхийж, хүлээн зөвшөөрөхгүй байдал үүсгэдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар В.Г- зээлийн гэрээ гэсэн нэрийн дор хүү төлж явж байсан гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбар хэлдэг. Гэвч хохирогч өгсөн мөнгөө буцааж авахаар удаа дараа компани дээр нь очсон ба охиноос нь мөнгө авсан байдаг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан үнэн зөв дүгнэлт хийсэн. Гэм буруугийн шүүх хуралдааны дараа шүүгдэгчийн зүгээс завсарлага авч, улмаар хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдаг. Хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон. Анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгч В.Г-т тохирох эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн тул давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

- мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, болсон үйл явдлын талаар мэдүүлсэн хохирогч Б.А-ын “...2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Говь хангай өрөм” ХХК-ийн захирлууд болох В.Г-, Ч.Б- нар “Төв аймгийн З суманд алт олборлох чиглэлээр ажиллаж байгаа, түлш авах аргагүй болоод дээр нь хүнд механизмын техник сэлбэг авахад мөнгө хэрэгтэй байна, чи бид хоёрт 40.000.000 төгрөг зээлээч, бид чамд байр барьцаанд тавиад сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээл авъя” гэж хэлсэн. ... Г.А- нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 53в байрны 804 тоот байрны гэрчилгээг аваад ирсэн ба гэрээ байгуулаад өмнө тохирсны дагуу бэлнээр 24.000.000 төгрөг, үлдсэн 16.000.000 төгрөгийг түүний данс руу хийсэн. ... Тэгээд 1 сар өнгөрсөн. В.Г-, Ч.Б- нарт мөнгөө төлөх талаар хэлж В.Г-той утсаар ярихад “Намайг мэдээгүй байхад Ч.Б-, Г.А- нар наад мөнгийг чинь авсан, Ч.Б- та хоёр найз нөхөд угаасаа хоорондоо тохироод ийм гэрээ гаргаж ирээд байгаа юм биш үү” гэсэн. Г.А-ыг олж уулзан “Мөнгөө авъя” гэхэд “Би мөнгийг чамаас эхэлж авсан нь үнэн, В.Г-ийн хэлсний дагуу мөнгийг шилжүүлэн өгсөн” гэж хэлсэн. ... Намайг банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байхад В.Г-, Ч.Б- хоёр зээл авч байсан. ... Ч.Б- надаас байрны гэрчилгээ авахдаа “Монгол Улсын Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авч байгаа, зээлийн барьцаанд наад байрыг чинь барьцаа хөрөнгө болгоно, зээл гараад ирэхээр чиний мөнгийг өгнө” гэж ярьсан. ... В.Г-оос “Мөнгөө авъя” гэхээр “Миний нэрийг манайд ажиллаж байсан Ч.Б-, Г.А- нар бариад чамаас мөнгө авсан юм шиг байна, баримт материалаа үзэж байгаад эргээд холбогдъё” гэж хэлсэн. Баянгол дүүрэг дэх цагдаагийн Хоёрдугаар хэлтэс дээр 2020 оны 2 дугаар сард В.Г-той уулзахад “Чи нөгөө Б.А- гэх залуу юу” гэхээр нь “Та авсан мөнгө төгрөгөө өгөөч” гэсэн чинь “Чамаас мөнгө төгрөг аваагүй, чамайг танихгүй” гэж хэлсэн. ... Би В.Г-ийн охин Г.Н-тай 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр очиж уулзахад “Манай компани чамаас зээл аваагүй, энэ талаар би мэдэхгүй, Ч.Б-, Г.А- нар компаниас гарсан” гэж хэлсэн. Би тэгэхээр нь зээл төлөх хуваариа үзүүлж “Надаас зээлсэн мөнгөний хүү гэж 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 3.720.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 3 удаагийн төлөлтөөр 7.220.000 төгрөгийг хэн төлсөн юм бэ” гэхэд “Манайх судалъя, чи наад баримтаа үлдээчих” гээд зээлийн гэрээ, зээл төлөлтийн хуваарийг аваад үлдсэн. Энэ баримтыг би гаргаж өгснийг В.Г- зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарийн хамт хэрэгт гаргаж өгсөн байна. Би зээлийн гэрээний дагуу хүү гэж 7.220.000 төгрөгийг авсан. Гэхдээ анх өгсөн үндсэн зээлийн 40.000.000 төгрөгөөс зээлийн хүү гэж өгсөн 7.220.000 төгрөгийг хасахаар 32.780.000 төгрөг болж байгаа энэ хохирлоо нэхэмжилж байна. ...” /1хх 19-20, 22, 24-25, 27/ гэсэн мэдүүлэг,

- энэ үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч Ч.Б-гийн “...Би “Хамтын эх булаг” ХХК-д 2014 оноос эхэлж ажилласан. Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Туулын зүүн дэнж” гэх газарт байгаа уурхайд ажиллаж байхад 2017 оны 7 дугаар сард машин механизмын түлш, уурхайн ажилчдын хоол хүнс дуусах болоод мөнгөний хэрэг болсон. Компанийн захирал В.Г- надтай уулзаад “Чи Улаанбаатар хотын Төмөр замд байдаг байр барьцаалаад найзаасаа мөнгө зээлээд өг” гэж гуйсан. Ингэхдээ “Наад байрны өмчлөгчийг өөрчлөхгүй, барьцаалбар болгохгүйгээр байрны гэрчилгээг өгөөд 40.000.000 төгрөг зээлээд өг” гэсэн. Ингээд би Б.А-той яриад байрны гэрчилгээ өгч 40.000.000 төгрөг зээлсэн. Энэ зээлсэн мөнгийг компанийн захирал В.Г- нягтлан бодогчоор дамжуулан түлш шатахуун, хоол хүнс авсан. Нягтлан бодогч Г.А- захирал В.Г-ийн зааврын дагуу мөнгийг шилжүүлж, зарцуулсан. Би Б.А-оос авсан 40.000.000 төгрөгөөс нэг төгрөг ч аваагүй. Б.А-оос авсан 40.000.000 төгрөгийг захирал В.Г- төлөх ёстой. ...” /1хх 29-30, 31-32, 34, 36/ гэсэн мэдүүлэг,

- гэрч Г.А-ын “...В.Г- уурхай дээр очоод над руу утсаар ярьж “Уурхай дээр ажиллаж байгаа техникүүд түлшгүй болсон байна, ямар нэг аргаар мөнгө олоод явуулчих, ... “Говь хангай өрөм” ХХК-ийн нэр дээр байгаа 2 өрөө байрыг зээлийн барьцаанд тавиад мөнгө явуул” гэсэн. “Говь хангай өрөм” ХХК-ийн захирал Ч.Б- нь хөдөө байсан болохоор итгэмжлэл хийж өгч чадахгүй байсан. Захирал В.Г- над руу утсаар яриад Ч.Б-гийн найз Б.А-той уулзаад “...“Говь хангай өрөм” ХХК-ийн нэр дээр байгаа 2 өрөө байрны гэрчилгээг барьцаанд өгөөд 40.000.000 төгрөг авчих” гэж хэлсэн. Би Б.А- гэдэг хүнтэй очиж уулзан байрны гэрчилгээг өгөөд мөнгө авах гэсэн чинь “Чамд зүгээр мөнгө өгөөд явуулахгүй, хоёулаа нотариат орно” гээд зээлийн гэрээ байгуулах гэсэн чинь “Байрны гэрчилгээ чиний нэр дээр байхгүй болохоор зээлийн болон барьцааны гэрээ хийх боломжгүй” гэсэн. Энэ талаар В.Г-т хэлэхэд “Ирэх долоо хоногт алт тушаагаад 40.000.000 төгрөгийг төлчихнө” гэсэн. В.Г- “Чи өөр дээрээ зээлийн гэрээ байгуулаад мөнгийг авчих” гэсэн. Би Б.А-той зээлийн гэрээ байгуулаад байрны гэрчилгээг барьцааны гэрээгүйгээр өгөөд 40.000.000 төгрөгийг авсан. Б.А- мөнгөө өгөхдөө надад бэлнээр 24.000.000 төгрөгийг өгч, 16.000.000 төгрөгийг миний Хаан банкны 5753832708 дугаарын данс руу 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны 5000645613 данснаас “орлого” гэсэн утгатай АТМ-ээс шилжүүлэн өгсөн. Б.А-оос авсан 40.000.000 төгрөгийг өөрийн дансаар оруулаад захирал В.Г-ийн хэлж ярьсан данс руу шилжүүлэн өгч зарлага гаргасан нь миний Хаан банкны 5753832708 дугаарын дансны 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх дансны хуулгаар нотлогдож байгаа. Би Б.А-оос өгсөн 40.000.000 төгрөгөөс өөртөө ашигласан ямар нэг асуудал байхгүй. ...” /1хх 37-38, 40-41/ гэсэн мэдүүлэг,

- гэрч Г.Н-ын “...би тухайн үед Англи Улсад сурч байсан учраас 5753714434 дугаарын дансны картыг манай аав ашиглаж байсан. Мөнгө орсон, гарсан мэдээллийг би мэдэхгүй байна. 2018 оны 2 дугаар сарын 23-наас 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл “Говь хангай өрөм” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан нь үнэн. 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр буцаад аав болох В.Г- руу шилжүүлсэн бөгөөд одоогоор энэ компанийн асуудал надад огт хамаагүй болсон. ...” /1хх 42-43/ гэсэн мэдүүлэг,

- Г.А-, Б.А- нарын хооронд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний хуулбар /1хх 93-94/,

- Г.А-ын Хаан банкан дахь эзэмшлийн 5753832708 дугаарын депозит дансны 2017 оны 7 дугаар сарын 27-ноос 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 98-104/,

- Г.Н-ын Хаан банкан дахь эзэмшлийн 5753714434 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 195-196/,

- Монгол Улсын Хөгжлийн банкны 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 4/462 дугаартай “...5485932 регистрийн дугаартай “Хамтын эх булаг” ХХК-д 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр 32.574.743.41 иен, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 22.400.000 иений зээлийг тус тус авсан...” гэсэн албан бичиг /1хх 209-211/,

- “Хамтын эх булаг” ХХК, “Говь хангай өрөм” ХХК-иудын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанууд, холбогдох баримт бичгүүдийн хуулбар /1хх 108-110, 113-184, 212-250, 2хх 1-37/, 

- Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/115 дугаартай “...Манай сумын 3 дугаар багийн нутаг “Туулын зүүн дэнж” нэртэй газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй “Хамтын эх булаг” ХХК нь 2017 онд хуулийн дагуу бичиг баримт бүрдүүлж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан. Сумын газрын даамалтай 496,0 сая төгрөгийн газрын гэрээ байгуулсан боловч төлбөрөө төлөөгүй...” гэсэн албан бичиг, хавсралтын хамт /2хх 39-43/,  

- Монгол банкны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн н/90 дугаартай “Хамтын эх булаг” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол банканд тушаасан алтны мэдээ, хавсралтын хамт /1хх 188-189/,

- УБЕГ-ын 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 11/3110, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 11/5034 дугаартай албан бичгүүд, хавсралт зэргийг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч В.Г- нь “Хамтын эх булаг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа мөн өөрийн үүсгэн байгуулсан “Говь хангай өрөм” ХХК-д захирал ажилтай байсан Ч.Б-гээр дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “40.000.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна, санаа зоволтгүй өндөр өгөөжтэйгээр ганцхан сарын дотор буцаагаад өгнө” гэж “Макро кредит” ББСБ-д ажиллаж байсан Б.А-од итгүүлэн хуурч, “Говь хангай өрөм” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 53в байрны 804 тоот 67.3 мкв талбайтай 3 өрөө орон сууцны Ү2205059404 дугаартай гэрчилгээг барьцаалан компанийнхаа нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.А-аар Б.А-той 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1 сарын хугацаатай 4.2 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээг байгуулах замаар баримт бичиг ашиглан 40.000.000 төгрөгийг авч залилсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Гэрч Г.А- нь хохирогч Б.А-оос авсан дээрх мөнгийг шүүгдэгч В.Г-ийн өгсөн зааварчилгааны дагуу бусдын дансанд шилжүүлж байсан талаар мэдүүлсэн бөгөөд энэ нь холбогдох дансны хуулгаар нотлогджээ. Харин уг мөнгийг Ч.Б-, Г.А- нар өөртөө авч хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч В.Г-ийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, “...гэмт хэргийн шинжгүй буюу талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн...” талаар маргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Харин иргэний эрх зүйн харилцаа болох аливаа гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлж, шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санааны үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Шүүгдэгч В.Г-оос “...Б.А-той уулзаж байгаагүй, танихгүй. Хөгжлийн банкнаас зээл авах үедээ Ч.Б-гээс Б.А-ын мөнгийг төлөх юм уу, яах юм бэ гэхэд Б.А- зээлсэн мөнгөний хүүгээ аваад явж байя гэж надад хэлсэн...” гэж маргадаг боловч энэ нь хохирогч Б.А-, гэрч Ч.Б- нарын мэдүүлгээр няцаагддаг.

Түүнчлэн “Хамтын эх булаг” ХХК нь үйл ажиллагаа явуулж олборлосон алтаа 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Монголбанкинд тушааж тодорхой хэмжээний орлого олж байснаас гадна, Хөгжлийн банкнаас 2017 оны 8 дугаар сарын 18, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрүүдэд тухайн ХХК-д нийт 50.000.000 иений зээл олгосон болох нь холбогдох бичгийн нотлох баримтууд /1хх 188-189, 209-211/-аар тогтоогдсон ба эдгээрээс дүгнэвэл, шүүгдэгч В.Г-ийн “Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авч байгаа, зээлийн барьцаанд наад орон сууцыг чинь барьцаа болгоно, зээл гарахаар мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн зүйл нь хэрэгжээгүй бөгөөд тэрээр хохирогчоос мөнгийг авахдаа өөрөө гэрээ байгуулахаас зайлсхийж бусдад энэхүү үүргийг хүлээлгэсэн, мөн зээлж авсан мөнгөө төлөх хэмжээний орлого олж байсан атлаа уг мөнгийг төлөхөөс аливаа байдлаар зайлсхийн явсаар 4 жил хүртэлх хугацааг өнгөрөөсөн зэрэг нь түүний субъектив санаа зорилгыг илтгэж байна.

Иймээс гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч В.Г-ийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч В.Г-ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

            Мөн шүүгдэгч В.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, шүүх хуралдааныг завсарлуулах хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Г-ийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Г-ийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                          Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН