Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 133

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.О,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч: М.Б ,

Иргэний нэхэмжлэгч: А.М ,

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч: З.У , түүний өмгөөлөгч Э.Н,

Шүүгдэгч: Э.Б , түүний өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц  овгийн Э.Б т холбогдох 1728000570040 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгч Э.Б  нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 39-69 УБА улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашин жолоодож явахдаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас зүүн тийш 70 км-т засмал зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас үхэр мөргөж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 6 настай Б.Б гийн хөл хугарч хүндэвтэр хохирол, А.М , насанд хүрээгүй Б.Ба нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  

Миний бие 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр аавын бие өвдөөд эмнэлэгт сэхээнд хэвтэж байгаа гэж сонсоод үдээс хойш интернетийн зарын дагуу 3 том хүн, 2 хүүхэд аваад Улаанбаатар хотоос 17 цагийн үед Өмнөговь аймаг руу гарсан. Өмнөговь аймгаас 70 км-ийн зайнд шөнийн 23 цаг 40 минутын үед зам дагуу баруун урдаас зүүн хойшоо гарч байсан 3 үхэр таарч зам тээврийн осол гарсан. Тухайн үед согтуугаар жолоо бариагүй хурд хэтрүүлээгүй явж байсан. Осол гарсны дараа хүүхэд уйлаад байсан болохоор 2 хүүхдийг ээжтэй нь хамт замын унаанд суулгаад яаралтай эмнэлгийн тусламж буюу өөрийнхөө зүгээс авах шаардлагатай зүйлийг хийсэн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Шүүх хуралдаанд 36 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн, хохирол төлбөрт 2.945.682 төгрөгийг нэхэмжилж байна. Э.Б аас 410.000 төгрөгийг авсан учраас нэхэмжилсэн дүнгээсээ 410.000 төгрөгийг хасуулна. Манай дүү гэртээ гипстэй байгаа. Гомдолтой байна гэв.

Иргэний нэхэмжлэгч А.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Шүүхэд 26 хуудас нотлох баримтыг гаргаж байна. Би Улаанбаатар хотоос хүүхэдтэйгээ хамт ирчихээд асарч байх хугацаандаа хүүхдээ өргөх гэсэн чинь босож чадахгүй нүд харанхуйлаад байсан. 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш гэртээ эм тариа авч эмчилгээ хийлгэсэн тэгэхэд биеийн байдал сайжрахгүй байсан. Хүүхдээ БНХАУ-руу авч явахдаа би өөрөө хүүхдээ өргөж чадахгүй хүнээр түшүүлээд явсан. Улаанбаатар хотод байхад биеийн байдал муудсан. Нуруу хүзүүндээ хатгуулдаг тариа хийлгэсэн. Тэрний дараа 09 дүгээр сарын 29-ний өдөр эмнэлэгт хэвтээд 10 дугаар сарын 06-ны өдөр гараад Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хувийн мэдрэлийн эмнэлэгт үзүүл гэсний дагуу очиж үзүүлсэн. Өмнөговь аймгийн гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад гарсны дараа мөнгө байхгүй учраас 2 үнэтэй эмийг нь авч ууж чадаагүй. Эмнэлэгт хэвтэх хугацаанд гадны нөлөөнөөс гэмтсэн хүн 312.400 төгрөгийг тушаах ёстой та 242.900 төгрөгийг тушаасан байна гээд зөрүү мөнгийг тушаах ёстой гэж нэхсэн. Би эмнэлэгт хэвтэж байсан баримтуудаа хавсгарсан байгаа. Хохирол төлбөрт нийт 1.989.636 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

З.У  шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ:

Э.Б  нь манай 8 настай үхрийг дайрсан би 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

З.У  шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчаар мэдүүлэхдээ:

Иргэний хариуцагчаар татагдсанаа ерөөсөө ойлгохгүй байна гэв.

Шүүгдэгч Э.Б  шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгтээ:

Би иргэний хариуцагч З.У гаас машины төлбөр болох 3.040.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Миний төрсөн дүү Б.Б  нь ээж, ах Б.Ба  нарынхаа хамт зарын дагуу замын машинд суугаад 2017 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу явах замдаа зам тээврийн осолд орж гэмтэн биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна. Манай дүүгийн зүүн хөлний дунд чөмөгний яс 2 хугарсан. Осолд орсон өдрөө аймгийн эмнэлэгт 2 хоног хэвтээд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгүүлж 4 хоносон. Одоо Өмнөговь аймгийн төвд гэртээ байгаа. Манай дүү 6 настай учраас мэдүүлэг өгөх боломжгүй байдлаас болж би хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг өгч байна. Би гомдолтой байна. Эмч нартай уулзахад хагалгаа хийхэд хүнд байна. Эдгэсэн ч хоёр хөл нь урт богино болж эдгэнэ гэсэн. Бид нар БНХАУ-д эмчилгээ хийлгэх, үүрсэн яс хөлнийх нь гэмтлийг өндөр нам биш ёс журмаар нь эдгээх зорилгоор хүний ясны эмнэлэгт үзүүлэх гэж байна. Багадаа 6000 юанийн зардал гарах байх. Үүнтэй холбоотойгоор уг мөнгө зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 600.000 мянган төгрөгийг эм тариа, хоол унд, унааны зардалд гаргасан зэрэг зардлыг нэхэмжилж байна. Тухайн үеийн байдлаасаа хамаарч шүүх хуралд суух эсэхээ шийднэ. Манай гэрээс ганц ажил хийж байгаа хүн манай ээж байгаа. Сая 6 сарын сүүлээр ажлаасаа гарсан. 2017 оны 08 дугаар сарын 27-нд ажилд орох ёстой байсан. Уг ослоос хамаараад ажил хийх ямар ч боломжгүй болсон. Манай дүү хөл дээрээ босох хүртэлх хугацаанд ажил хийж олох байсан мөнгийг нэхэмжилж байгаа. Өөр нэмж ярих зүйл санал хүсэлт байхгүй гэжээ. /хх-19-20/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт:

Гомдолтой байна. Манай дүү Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хугарсан хөлдөө гипс тавиулсан боловч хөл нь зөрж эдгээд урт богино болно гэхээр нь БНХАУ-ын Үеэн гэдэг газарт ясны эмнэлэг байдаг гээд манай ээж аваад явсан. Явахдаа 2500000 төгрөг авч яваад 300000 төгрөгтэй буцаж ирсэн. Дүүгийн хөл нь эвэндээ орсон эдгэрч байгаа. Гэхдээ бүрэн эдгээд хөл дээрээ босоогүй байгаа, 30 хоногийн дараа гипсээ ав гэсэн. Гипсээ авсан цагаас хойш 20 хоногийн дараа хөл дээрээ алхаж болно гэж хэлсэн. Улаанбаатар хотод 400000 төгрөгний зардал гарсан. Иймд дүүгийн эмчилгээний зардалд гарсан нийт 2600000 төгрөг нэхэмжлэж байна. Эмчилгээний зардлын баримтуудыг нэг бүрчлэн цуглуулж чадаагүй. БНХАУ-руу явсан гадаад паспортын хуулбарыг гаргаж өгнө гэжээ. /хх-21/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Гомдолтой байна. Манай дүү Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хугарсан хөлдөө гипс тавиулсан боловч хөл нь зөрж эдгээд урт богино болно гэхээр нь БНХАУ-ын Үеэн гэдэг газарт ясны эмнэлэг байдаг гэхээр нь манай ээж аваад явсан. Явахдаа 2500000 төгрөг авч яваад 300000 төгрөгтэй буцаж ирсэн. Дүүгийн хөл нь эвэндээ орсон эдгэрч байгаа. Гэхдээ бүрэн эдгээд хөл дээрээ босоогүй байгаа, 30 хоногийн дараа гипсээ ав гэсэн. Гипсээ авсан цагаас хойш 20 хоногийн дараа хөл дээрээ алхаж болно гэж хэлсэн. Улаанбаатар хотод 400000 төгрөгний зардал гарсан. Иймд дүүгийн эмчилгээний зардалд гарсан нийт 2600000 төгрөг нэхэмжлэж байна. Эмчилгээний зардлын баримтуудыг нэг бүрчлэн цуглуулж чадаагүй. БНХАУ-руу явсан гадаад паспортын хуулбарыг гаргаж өгнө. Эмчилгээний баримтыг цуглуулж чадаагүй байгаа, ээж болон дүүгийн БНХАУ-руу явсан гадаад паспортын хуулбарыг танд гаргаж өгье” гэжээ. /хх-21/,

Иргэний нэхэмжлэгч М.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Миний төрсөн дүү Б.Ба нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу ээж, дүүгийн хамт зарын дагуу замын машинд суугаад явж байх замдаа зам тээврийн осолд орж гэмтэн биед нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Толгой нь өвдөөд эмчилгээ хийлгэсэн. Түүний дараа толгой нь өвдөөд орилсон тохиолдол байсан. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл бахгүй.” гэжээ. /хх-23/,

Иргэний нэхэмжлэгч А.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үдээс хойш 16 цагийн үед Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг явах гээд 2 хүүхэдтэйгээ хамт зарын дагуу замын машинд суусан. Өмнөговь аймаг явах замдаа зам тээврийн осолд орж гэмтэн миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Манай хүүхэд хамт явж байгаад гэмтсэн. Би хүүхдээ эмчлүүлэх гээд Хятад улс руу явах санаатай байгаа. Би тархины зураг авахуулсан, гайгүй байна. Тархиндаа хавантай байна гэж хэлсэн. Эм уугаад зүгээр болох байх, миний зүгээс бол нэхэмжлэх зүйл алга.” гэжээ. /хх-25/,

Иргэний нэхэмжлэгч З.У гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Манайх Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын найз баг Чулууны ус гэх газарт байдаг юм. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн өглөө үдээс өмнө малаа хайж явж байгаад Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг явдаг засмал зам дээр Ханангийн усны орчимд засмал замын хойд талд манай ухаа халзан үхэр машинд дайрагдсан байдалтай үхсэн байсныг үзсэн. Намайг зам дээр очиход үхрийн хажуу талд засмал зам дээр цагаан өнгийн  автомашины буруу талын толь, гуперны хагархай, жижиг цагаан өнгийн үрдэс зэрэг бутарсан байсан. Манай үхэр үхээд хөөчихсөн байсан. Үхээд удсан бол нохой шувуу идээд, хавчгар болоод өт хорхой амьтан идчихдэг. Тийм зүйл байгаагүй. 2017 оны 08 дугаар сарын 23-ны орой услаад явуулсан байсан. Манай өвөлжөө бууц тэр хавиар байдаг. Шөнийн цагаар хариулгатай байна гэж байхгүй. Тугалтай үхрээ уяад хонодог сувай үхэрнүүд нь шөнө бэлчээрлэж байдаг юм. Би үхрийн үнэ 2 сая төгрөг нэхэмжилж байна.” гэжээ. /хх-27/,

Шүүгдэгч Э.Б ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:

Би Улаанбаатар хотод амьдардаг юм. 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Манай аавын бие муудаад Өмнөговь аймаг руу өөрийн эзэмшлийн 39-69 УБА улсын дугаартай цагаан өнгийн Аллион маркийн автомашинтайгаа явахаар Өмнөговь аймгийн зар гэсэн фейсбүүк хаягт Өмнөговь аймаг руу хүн авч явна гэсэн зар тавиад зарын дагуу над руу 88..  дугаараас 1 эмэгтэй, 5-6 орчим насны 1, 9 орчим насны 1 хүүхэдтэй 89..  гэсэн дугаараас 1 эмэгтэй, 88..  гэсэн дугаараас 40 орчим насны 1 эрэгтэй хүнийг аваад Улаанбаатар хотоос 17 цаг ....минутын үед Өмнөговь аймаг руу гарсан. Дээрх хүмүүсийг танихгүй. Улаанбаатар хотоос гараад би өрөө автомашиныхаа жолоог замын турш бариад Дундговь аймагт байдаг “Өндөр ээж” цайны газарт 20 цагийн үед ирээд хоол идчихээд Өмнөговь аймаг руу 20 цаг 40 минутын үед хөдөлсөн. Тухайн үед миний машины зөв талын урд талын суудал дээр 88.. дугаартай эмэгтэй, жолоочийн ар талд 89.. дугаартай эгч түүний хажууд зүүн гар талд нь 2 хүүхэд нь, зүүн гар талын арын суудал дээр 88..  дугаартай залуу сууж явсан. Цогт-Овоо сум дөхөж байхад арын суудал дээр сууж явсан 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд суудлын голоор хараад байхаар нь би хойшоогоо суу гэж хэлэхэд арагшаагаа сууж байснаа жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан эмэгтэйн өвөр дээр гарч суусан. Тухайн хүүхэд автомашины дотор талын салон дэрлээд хэвтээд байхаар нь би хүүхдээ хойшоо аваарай толинд юм харагдахгүй байна гэхэд миний хажуу талын суудалд сууж явсан эмэгтэй хүүхдийг арагш татаад тэврээд явсан. Хүүхэд тэгээд унтчихсан. Замдаа явж байгаад 23 цаг 40 минутын үед зам дээр 3 үхэр цуваад гараад ирсэн ар талд нь 2 үхэр явж байсан. Би автомашиныхаа тоормосоо гишгээд аль зайтай байсан өөрийн талаар чигээрээ машиныхаа жолоог дараад цагаан алаг харагдаж байсан үхрийг бөгсөн хэсгээр нь жолоочийн талаараа мөргөсөн. Би машинаа зогсоогоод машинаас буугаад бүгд зүгээр үү гэж асуухад өмнө сууж явсан хүүхэд хөл өвдөөд байна гээд уйлаад байсан. Тухайн үед би сандраад замд явж байсан машиныг зогсоогоод 2 хүүхэдтэй эгчийг суулгаад аймаг руу эмнэлэгт хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэр үед уг машины жолооч ах чи хашлага мөргөсөн юм уу гэж асуухад нь би үхэр мөргөсөн юм гэхэд дайрсан үхэр чинь хаана байна гэхээр нь би баруун хойд талын хөлөө чирээд баруун хойшоогоо явсан гэж хэлсэн. Уг машиныг явуулаад хамт ирсэн ахтай хамт дайруулсан үхрийг байна уу гээд баруун хойд зүг рүү хараад зам дагуу утасны гэрэл тусгаад харахад үхэр харагдахгүй байсан. Би Өмнөговь аймаг руу эгч О-Э рүү утсаар яриад би үхэр дайрчихлаа ирээд аваач гэж хэлэхэд хүрээд очъё гэж хэлсэн. Бид нар машиндаа хүлээгээд байж байхад 1 цаг орчим хугацааны дараа эгч О-Э, манай дүү Б, ах Б-Э нар 2 машинтай ирээд миний машинд байсан хүмүүсийг Б-Э ах суулгаад түрүүлээд явсан. Эгч, дүү бид 3 уг ослын газарт мөргүүлсэн үхрийг хараад явсан зүгт нь гэрэл тусгаж харахад осол болсон газраас баруун зүгт 1 бараан өнгийн үхэр үхчихсэн байсан. Бид нар дээр нь очиж үзэхэд гэдэс нь хөөчихсөн үхээд удсан байдалтай үхэр байсан. Бид нар удалгүй Бат-Эрдэнэ ахын араас нь эгчийн машинд миний машиныг чирээд аймагт эгчийн хашаанд аваачиж тавьсан. Тэгээд эмнэлэг ороод аавтайгаа уулзаад маргааш өглөө нь 2 ээжтэй уулзахад хүүхдийн хөл хугарсан байна, гипсдүүлэх гэж байна бид нар хот руу явж үзүүлэх бодолтой байна өмнө нь манай хүүхдийн хөл нь түлэгдэж байсан хагалгаанд ороод арьс нөхүүлж байсан болохоор хот руу явж үзүүлье гэхээр нь тэгье ээ би таны гомдлыг барагдуулна гэж хэлээд Улаанбаатар хот руу маргааш өглөө нь явуулсан. Би өөрөө араас нь замын унаагаар яваад очиж уулзсан. Намайг уулзахад Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэг дээр очиж хэвтсэн байсан. Хотод очсоныхоо дараа нөгөө эгч над руу залгаад манай гэрийнхэн цагдаад заавал хэл гэж хэлэхээр нь би өөрөө мэдээ гэж хэлсэн. Би эгчид замын зардал, эмийн мөнгө гээд нийтдээ 500 орчим мянган төгрөг өгсөн. Би 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр эмнэлэгээс нь гаргаж өгсөн. Энэ үед Өмнөговь аймгийн цагдаагаас намайг дуудсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би ер нь архи уудаггүй. Тухайн үед уг автомашинд сууж явсан хүмүүс дайруулсан үхрийг хараагүй. Осол гарах үед автомашин 80-90 километр цагийн хурдтай явж байсан. 2 хүүхдийн ээжийнх нь нүүрэн дээр хавдсан байсан. Урд талын суудал дээр сууж явсан эмэгтэй толгой өвдөөд гэж байсан. Миний биед ямар нэг гэмтэл учирсан зүйл байхгүй. Би эмнэлэгт үзүүлээгүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Миний жолоодож явсан автомашин миний эзэмшлийнх байгаа юм. Урд талын шил хагарч, урд талын эд анги арагшаагаа чихэгдсэн байсан. Урд талд сууж явсан эмэгтэй эмнэлэгт үзүүлсэн байх. Тухайн үедээ шоконд орсон байдалтай байсан. Анх удаа ийм асуудал болж байгаа болохоор мэдээгүй. Би айгаад сандраад хүүхдийг зүгээр байгаасай гэж бодоод байсан юм. Би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй нь миний буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улаанбаатар хотоос гараад осол болох хүртэл би автомашиныг өөрөө барьж явсан гэжээ. /хх-30-31/,

Гэрч Ж.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

Би Өмнөговь аймгаас 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот руу яваад 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн зарын группт тавигдсан Өмнөговь аймаг руу хүн авч явна гэсэн фейсбүүк зарын дагуу цагаан өнгөтэй жижиг машинд суусан. Улаанбаатар хотоос гарахдаа зарын дагуу ирсэн 2 хүүхэдтэй нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн, би жолоочтойгоо нийлээд 6-лаа гарсан. Улаанбаатар хотоос 17 цагийн үед гараад Дундговь аймагт 21 цагийн үед ирж хоол ирчихээд Өмнөговь аймаг руу явсан. Замдаа явж байгаад Ханангийн антены хажууд явж байгаад зам дээр явж байсан үхрийг жолоочийн талаараа мөргөөд зогссон. Би тухайн үед жолоочийн хажуу талын суудал дээр замд хамт явсан эгчийн 6 настай хүүхдийг өвөр дээрээ авч явсан байсан юм. Тэгээд хүүхэд уйлаад байж байх хооронд жолооч гар өргөж машин зогсоогоод 2 хүүхэдтэй эмэгтэйг суулгаж явуулсан. Тэгээд гар өргөөд бид нар сууж явах гэтэл машин зогсохгүй байсан. Жолооч аймгаас машин дуудсан. Жолоочийн эгч нь гээд эмэгтэй 2 машинтай очоод нэг машинаараа бид нарын сууж ирсэн машиныг аймаг руу чирч ачирсан. Тухайн үед жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Арын суудал дээр нэг эрэгтэй хүн, миний өвөр дээр сууж явсан хүүхдийн ээж нь, голд нь 6 настай хүүхдийн ах нь сууж явсан. Осол гарах үед машин ямар хурдтай явж байсныг анзаараагүй. Миний бодлоор 80-90 цагийн хурдтай явж байсан байх. Миний өвөр дээр сууж явсан 6 настай хүүхдийн хөл нь хугарсан. Миний биед ямар нэг гэмтэл учирсан зүйл байхгүй. Би 2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөө үзүүлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Миний сууж явсан автомашины урд талын шил хагарч, урд талын эд анги нь чихэгдсэн байсан. Машинаас буугаад ирэхэд үхэр байхгүй болчихсон байсан. Зам дээр ямар нэг цус гараагүй. Машины ойр орчимд байгаагүй бид нар 2 хүүхэдтэй эгчийг машинд суулгаж явуулчихаад гэрэл тусгаж харахад харагдахгүй байсан. Тухайн үед ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Жолооч гэмтсэн бэртсэн зүйл байвал хэлээрэй би хариуцлагаа хүлээнэ гэж хэлж байсан. Жолооч өөрөө автомашинаа барьж явсан. Зарын дагуу би 88055056 гэсэн дугаар луу ярьж байгаад уг автомашинд суусан байсан юм. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-32-33/,

Шүүгдэгч Э.Б ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:

“Би Дарханаас өглөө гараад орой Улаанбаатар хот ирээд зарын дагуу Өмнөговь явна гэсэн цагаан өнгийн машинд суугаад Өмнөговь аймаг руу гарсан. Тэр машины жолооч 2 эмэгтэй хүн, 2 хүүхэд аваад нийт 6-уулаа явсан. Би арын суудал дээр унтсан. Урд талын суудал дээр нэг махлаг эмэгтэй суусан. Арын суудал дээр 2 хүүхэд нэг эмэгтэй суусан. Дундговь аймгаас хоол идчихээд гарахад ард сууж байсан жижиг хүүхэд нь урд талын суудалд зүтгээд махлаг эмэгтэйгийн өвөр дээр суусан. Аймгаас 70 орчим километрийн зайд байсан байх намайг унтаж байхад гэнэт пүд гээд дуу гарсан. Сэрээд “Яасан бэ?” гэхэд жолооч үхэр мөргөчихлөө гэсэн. Буугаад машин харсан чинь машины хамар чихэгдсэн байсан. Дайруулсан үхэр доголоод замын хажуу руу гарч байсан. Ямар зүстэй үхэр байсан талаар сайн мэдэхгүй. Машинд явж байсан хүүхэд хөл гээд уйлаад байхаар нь замын машин зогсоогоод 2 хүүхдийг ээжтэй нь аймаг руу явуулаад бид нар аймгаас унаа дуудаад араас нь очсон. Тухайн үед жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Уг автомашинд сууж явсан хүмүүс дайруулсан үхрийг хэн хэн харсан талаар сайн мэдэхгүй байна. Намайг буухад үхэр босоод цаашаа явж байсан. Осол гарах үед машин хэр хурдан явж байсныг мэдэхгүй. Урд талд сууж явсан хүүхдээс бусад нь гайгүй байх шиг байсан. Миний биед ямар нэг гэмтэл учирсан зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Тухайн үед ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн зүйл байхгүй, жолоочийг мэдэж байгаа байх гэж бодсон юм.” гэжээ. /хх-34/,

Гэрч А.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

Би 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үдээс хойш 16 цагийн үед Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг явах гээд 2 хүүхэдтэйгээ хамт зарын дагуу замын машинд суусан. Улаанбаатар хотоос гарахад бид 3-аас гадна 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн зарын дагуу хамт машинд суугаад 17 цаг өнгөрөөгөөд Өмнөговь аймаг руу гарсан. Дундговь аймгаар дайраад Өмнөговь аймаг руу явж байх замд аймгийн төвөөс зүүн зүгт засмал дагуу 70 орчим километр газарт явж байхад гэнэт түг гэсэн чимээ гараад машин зогссон. Жолооч машинаа зогсоогоод бид нар машинаас гарах үед үхэр мөргөчихлөө гэж хэлсэн. Би үхрийг хараагүй. Жопоочийн хажуу талын суудалд замд сууж явсан эмэгтэй манай бага хүү Б.Б г тэврээд явж байсан. Би машинаас буугаад хүүхдээ очоод авахад хүүхэд уйлаад байхаар нь хөлийг нь үзэхэд битүү хавдар болсон байсан. Би 2 хүүхдийн хамт замын машин зогсоогоод аймаг руу ирж эмнэлэг дээр шууд очсон. Эмчид үзүүлж хүүхдийнхээ хөлний зургийг авахуулахад зүүн хөлний дунд чөмөг хугарсан байна гэсэн. Өглөө нь эмнэлэгт хэвтүүлж хөлийг нь гипсдүүлээд 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хэвтүүлэхээр явсан. Улаанбаатар хотод очоод үзүүлэхэд хөл нь хавдаад хөхөрсөн байхаар нь гипсийг нь авч мэс заслын тасагт хэвтүүлсэн. Гэмтлийн эмнэлгээр очиход тус эмнэлгийн гадаа цагдаа ирж үзээд цагдаад бүртгүүл гэж хэлсэн юм. Би маргааш нь Өмнөговь аймгийн цагдаад мэдэгдсэн. Тухайн үед осол болоход жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол гарах үед автомашинд сууж явсан хүмүүс дайруулсан үхрийг хараагүй. Автомашин 100 км/цагийн хурдтай явж байсан байх. Манай бага хүү Б.Б гийн хөл нь хугарсан. Би арын суудал дээр хүүхдийнхээ хажууд сууж явж байгаад бид хоёр хоорондоо мөргөлдсөн. Бид хоёрын толгой өвдөөд байгаа гэжээ. /хх-35-36/,

Насанд хүрээгүй гэрч Б.Баын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:            “Би ээж, дүүтэйгээ хамт замын машинаар аймаг руу гэр лүүгээ ирж байсан. Би замдаа унтаад явж байсан чинь намайг сэрээхэд Б.Б  машины урд талын суудалд уйлаад сууж байсан. Бид нар машинаас буугаад ээж Б.Б г аваад замын машинд суугаад аймгийн төвийн эмнэлэгт ирсэн. Миний толгой доргилттой байсан. Эм уугаад эмчид үзүүлсэн. Нэг удаа толгойгоо бариулсан. Үхэр дайрсан гэдгийг мэдсэн, гэхдээ үхрийн бол хараагүй. Машин үхэр мөргөх үед би ээжтэйгээ арын суудалд сууж явсан.” гэжээ. /хх-37/,

Иргэний хариуцагч З.У гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“3амын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэнд засмал замаас 50 метр зайд малыг хариулагатай байлгах ёстой гэж дүгнэсэн байна. Энэ асуудлаас болж намайг иргэний хариуцагчаар татаж байна гэж ойлгож байна. Бог малыг хариулаад яваад байж болно, эр сувиа бод малыг хариулаад яваад байх боломжгүй, ер нь эрт үеэс мал маллах ухаанд эр сувиа бод малаа хариулж байдаггүй юм. Тэгээд ч манай гэр засмал замаас 2 километр орчимд байдаг. Нөхөр бид хоёр сургуулийн бага насны 3 хүүхэдтэй учир хүн бүл цөөн, байнга бод мал хариулаад өдөр шөнөгүй яваад байх боломж байхгүй.” гэжээ. /хх-29/

Шүүгдэгч Э.Б ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн үед намайг Улаанбаатар хотод ажил дээрээ байж байхад миний төрсөн эгч О-Э Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас утсаар над руу яриад аавын бие муудаад байна, хурдан ирэх шаардлагатай байна гэж хэлсэн. Би цайны цагийн үеэр даргатай уулзаж чөлөө аваад гэр лүүгээ хариад хувцас хунараа солиод өөрийн эзэмшлийн 39-69 УБА улсын дугаартай Аллион маркийн суудлын автомашинаар Өмнөговь аймаг руу явах болсон. Ганцаараа гараад явах гэж байгаад хол замд ганцаараа яваад дэмий гэж бодоод Өмнөговь аймгийн зарын нэгдсэн грүпп гэсэн фэйсбүүк хаягт Өмнөговь явна гэж зар тавьсан. Зарын дагуу над руу 3 хүн ярьсан, тухайн 3 хүний нэг нь хоёр жаахан хүүхэдтэй байсан. Тэдгээр хүмүүсийг аваад Улаанбаатар хотоос 17 цаг 30 минутанд гарсан. Замдаа Дундговь дээр зогсоод хоол идээд хөдөлсөн. Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас 70 километрийн зайд засмал замаар 23 цаг 40 минутын үед явж байхад зам дээр гэнэт 3 үхэр цувраад гараад ирсэн. Тухайн үед би тормос гишгээд 2 үхрийн голоор дараад ороход машиныхаа буруу талын урд хэсгээр 3 үхрийн дунд явж байсан үхрийн бөгсөн хэсгийг мөргөөд зогссон. Зогсоод би машинаасаа буугаад дотор байсан хүмүүсийг буугаараа зүгээрүү гэж асуусан. Буугаад харахад мөргүүлсэн үхэр ертөнцийн зүгээр зүүн хойшоо явж байгаа харагдсан. Машинд байсан хүмүүсээ гайгүй юу гэж асуусан чинь 5 настай жаахан хүүхэд уйлаад байсан. Тухайн хүүхэд урд талын суудал дээр сууж байсан эгчийн өвөр дээр нь суугаад явж байсан. Ардаас ирсэн машин зогсоод “Яасан зүгээрүү” гэж асуухаар нь “Хүүхэд уйлаад байна, зайтай явж байгаа бол уйлаад байгаа хүүхдийг ээжтэй нь аваад яваач” гэж гуйсан чинь “За” гэж зөвшөөрөөд аваад явсан. Тухайн үед би тэр машины жолоочийн утсыг аваагүй, номер дугаарыг нь ч тогтоож аваагүй их сандарсан байсан. Би өөрийн төрсөн эгч О-Э рүү утсаар яриад болсон зүйлийн талаар яриад, байгаа газраа зааж өгөөд дуудсан. Би үлдсэн хоёр хүнтэйгээ замын унаа зогсоох гэж оролдсон боловч зогсохгүй байсан. Ойролцоогоор 1 цаг орчмын дараа манай эгч О-Э хүрч ирээд бид нарыг аваад явсан. Уг машинаа үлдээгээд явах гэж байгаад аваад явъя гэж хэлээд машинаа чирээд аймаг руу аваад ирсэн. Тэгээд би шууд эмнэлэг дээр очсон. Манай аавын бие тааруу эмнэлэг дээр байсан болохоор очих болсон юм. Эмнэлэг дээр яваад очиход миний машинд сууж явсан эгч хүүхэдтэйгээ гэмтлийн тасагт хэвтчихсэн байсан. Тэр эгчтэй уулзаж яах уу эгчээ хүүхдийн бие гайгүй юу яасан байна гээд эмчтэй уулзахад зүүн хөлний дунд чөмөг хугарсан байна, гипстээд эдгэчих боломжтой гэмтэл гэж эмч нь тайлбарлаж байсан. Эмчтэй нь уулзаад гараад ирэхэд хүүхдийн ээж энд эмчлүүлэхгүй Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгүүлмээр байна гэж хэлсэн. Тэр эгчийн хэлснээр та хот руу явж хүүхдээ эмчлүүл өөр яахаар байна хэлээрээ гэж хэлсэн. Машинд сууж явсан, эгч, ах хоёр луу яриад та хоёр зүгээрүү бие нь гайгүй юу гэж асуусан чинь зүгээр гэж хэлсэн. Нөгөө хүүхдийн ээж надтай уулзаад хүүхдийн хөлийг энд гипсдүүлээд маргааш Улаанбаатар хот руу явна гэж хэлээд надаас замын зардал өгөөч гэхээр нь өөрт байсан 105000 төгрөгийг өгөөд араас нь дансаар 250000 төгрөг шилжүүлсэн. Тэр эгч Улаанбаатар хотод очоод хүүхдийнхээ хамт Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Би араас нь нэг хоногийн дараа очоод эмчтэй нь уулзахад гипстээд эдгэх боломжтой гэж эмч нь хэлж байсан. Хотод байж байхад Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас над руу яриад дуудсан. Би Өмнөговь аймгийн Цагдаатай уулзахаар хотоос тэр даруйд нь гараад ирсэн. Эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байна. Би 2012 онд ВС ангиллын жолооч болсон. Тухайн үед харанхуй байсан учир их гэрлээ татаад явж байсан. Замын байдал гэвэл бага зэрэг уруу байсан. бороо, шороо ороогүй үзэгдэх орчин хэвийн байсан. Тухайн үед хэдэн километр цагийн хурдтай явж байсан гэдгээ анзаарч мэдээгүй, би удаан явж байсан, ер нь бол 80 километр цагаас илүүгүй хурдтай явж байсан. Архи уугаагүй эрүүл байсан. Кабинд урд талын суудал дээр нэг эмэгтэй, хойд талын суудал дээр нэг эгч хоёр хүүхдийн хамт гэхдээ нөгөө хөл нь хугардаг хүүхэд осол болох үед урд талын суудал дээр сууж байсан эмэгтэйн өвөр дээр суугаад явж байсан, арын суудал дээр бас нэг ах суугаад явж байсан. Би өөрөө жолоогоо бариад явж байсан. Би хэдэн метр зай гэдгийг хэлж мэдэхгүй байна, гэнэт л үхэр харагдсан тормос гишгэсэн тэгээд үхрийн бөгс хэсэг рүү мөргөсөн.” гэжээ. /хх-81-82/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1728000570040 дугаартай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-2/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-15/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-16/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-17/,

М.Б ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-18/,

М.Б ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-22/,

А.М ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-24/,

З.У г иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-26/,

З.У г иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /хх-28/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-38, 43, 49, 54, 61, 67, 74/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №440 дүгээр шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд:

1. Б.Б гийн биед зүүн дунд чөмөгний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-39/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №439 дүгээр шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд:

1. А.М ын биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-44/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №438 дугаар шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд:

1. Б.Баын биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-50/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргалын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №48 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1. Өмнөговь аймгаас зүүн тийш 70 км-т ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэн явсан 39-69 УБА улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашиныг жолоодож явсан Эрдэнэбилэг овогтой Э.Б ын буруутай үйлдлээс болж уг зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна.

2. Эрдэнэбилэг овогтой Э.Б  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг, мөн хуулийн 2.5-ын /в/-д заасан “...зам тээврийн осолд орсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдсон бүхий эд мөрийн баримтын зүйлийг  хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх...” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Уг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй байна.

3. Э.Б ын КЮ регистрийн дугаараар Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээний мэдээллийн сангаас шүүж үзэхэд ВС ангиллын 825583 дугаарын жолооны үнэмлэхтэй, хүчинтэй төлөвт байна. /хх-55/,

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт болсон зам тээврийн ослын схем зураг /хх-56/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №103 тоот Хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “8-н настай эр үхрийн ханш судлан зах зээлийн дундаж ханшаар 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үнэлгээг 1.000.000 /нэг сая/ төгрөг болохыг тогтоов. /хх-62/,

Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-63, 66/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №264 тоот Автомашин техникийн үнэлгээний дүгнэлт болон Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-68-70/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №51 дүгээр шинжээчийн дүгнэлтэд:

Нэг: Жолооч Э.Б  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна.

ЗХД-н 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

ЗХД-н 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

В/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн.

Малчин З.У  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.7-д Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн.

Хоёр: Жолооч Э.Б  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т .Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна.

Гурав: Малчин З.У  МУ-ын ЗХД-н 23.7-д “...Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн.

Дөрөв: 3амын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргалын гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна. /хх-55/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-40-42, 45-48, 51-53, 57-60, 64-65, 71-73, 77-79/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-80/,

Шүүгдэгч Э.Б ын иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шилжин ирсэн тухай тодорхойлолт /хх-83/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-84/,

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан Э.Б ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-85/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-86-87/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №48/1853 тоот албан бичиг /хх-88/,

Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №531 тоот албан бичиг /хх-89/,

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-90/,

Өвчний түүх /хх-91-99/,

М.Б ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-100/,

Тайж тогооч овгийн А.М  иргэний үнэмлэхийн хуулбар /хх-101/,

Б.Ба ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-102/,

Б.Б гийн гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-103/,

А.М ын гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-104/,

Шүүгдэгч Э.Б ын Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-105/,

Хүсэлтийг хангах тухай мөрдөгчийн тогтоол /хх-106/,

Шүүгдэгч Э.Б ын өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх тухай хүсэлт /хх-107/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-108/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-109-111/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-112/,

Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /хх-113/,

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №55 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

а/ Уг зам тээврийн осол гарахад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан "...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалт мөн дүрмийн 23.7-д заасан малчин суурингаас гаднах замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэсэн заалтууд зөрчигдсөн байна.

б/ Автомашинд мөргүүлсэн үхэрний эзэн малчин З.У  нь мөн дүрмийн 23.7-д заасан малчин "... суурингийн гаднах засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно . ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

в/ Э.Б  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан " ...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг, малчин З.У  нь мөн дүрмийн 23.7-д заасан малчин “ суурингийн гаднах засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. /хх-114/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-115-117/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-118/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б ыг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 39-69 УБА улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашин жолоодож явахдаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас зүүн тийш 70 километрт засмал зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 "...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчиж үхэр мөргөж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 6 настай Б.Б гийн хөл хугарч хүндэвтэр хохирол, А.М , насанд хүрээгүй Б.Ба нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Б ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаварыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б  нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан "...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчин үхэр мөргөж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 6 настай Б.Б гийн биед “... зүүн дунд чөмөгний хугарал...” гэх хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч А.М ын биед”... тархины доргилт...” гэх хөнгөн гэмтэл, насанд хүрээгүй Б.Ба ын биед “...тархины доргилт...” гэх хөнгөн гэмтэл тус тус учирсан нь шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 440, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 439, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 438 тоот дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Мөн иргэний хариуцагч З.У  нь Замын хөдөлгөөний дүрмийн 23.7-д заасан малчин суурингийн гаднах засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн нь шинжээчийн 55 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар ...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн хуулийн этгээдийг иргэний хариуцагч гэж тодорхойлсон.

Иргэний хариуцагч З.У  нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас уг гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан болсон байна. Иргэний хариуцагч нь эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих хүн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн хохирол төлбөрийг хувааж хариуцуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Э.Б  нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны арга хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч Э.Б ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Иймд шүүгдэгч Э.Б ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

          Хохирол төлбөрийн талаар: 

          Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б д хүндэвтэр хохирол, Б.Баад хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч А.М д хөнгөн хохирол тус тус учирч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Б аас Б.Б гийн эмчилгээний зардалд нотлох баримтаар нийт 2.535.682 төгрөгийг, Б.Баын эмчилгээний зардалд нотлох баримтаар 1.480.950 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байх ба шүүх жагсаалтын дагуу гаргасан нотлох баримтуудыг үнэлж шүүгдэгч Э.Б аас нийт 4.016.632 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхээр байх ба шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б д 520.000 төгрөгийг өгсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үнийн дүн дээр маргаагүй дээрх 4.016.632 төгрөгөөс 520.000 төгрөгийг хасаж тооцон /3.496.632 төгрөг/ шүүгдэгч Э.Б аас 1.748.316 төгрөгийг, иргэний хариуцагч З.У гаас 1.748.316 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Б д олгохоор, иргэний нэхэмжлэгч А.М  нь хохирол төлбөрт нотлох баримтаар нийт 1.089.636 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Э.Б аас 544.818 төгрөгийг, иргэний хариуцагч З.У гаас 544.818 төгрөгийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч А.М д олгохоор тус тус шийдвэрлэлээ.

          Иргэний нэхэмжлэгч З.У гийн үхрийг шүүгдэгч Э.Б  дайрч 1 сая төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б аас 1.000.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч З.У д олгохоор, иргэний нэхэмжлэгч Э.Б  нь автомашин техникийн үнэлгээгээр гарсан 3.040.000 төгрөгийн хохирлоо иргэний хариуцагч З.У гаас нэхэмжилж байх тул 3.040.000 төгрөгийн  тал болох 1.520.000 төгрөгийг иргэний хариуцагч З.У гаас гаргуулан иргэний нэхэмжлэгч Э.Б т олгохоор тус тус шийдвэрлэсэн болно.

          Шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч Э.Б  нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан "...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдэл байх тул  иргэний хариуцагч З.У гаас нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Э.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг машины хагарсан толийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх коммист шилжүүлж устгуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх

хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц  овгийн Э.Б ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б ыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Б  450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Б  нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Э.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Э.Б  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б д  хохирол төлбөрт 520.000  /таван зуун хорин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Б аас 1.748.316 төгрөгийг, иргэний хариуцагч З.У гаас 1.748.316 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б  /регистрийн дугаар КН72090962/-д, шүүгдэгч Э.Б аас 544.818 төгрөгийг, иргэний хариуцагч З.У гаас 544.818 төгрөгийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч А.М  /регистрийн дугаар КН96091316/-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Б аас 1.000.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч З.У д, иргэний хариуцагч З.У гаас 1.520.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Э.Б т тус тус олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг толийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ