Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2024/00822

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2024/00822

Орхон аймаг

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж,  тус шүүхийн  хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** тоотод байрлах, “Т” ХХК /РД:***, утас***/,

 

Нэхэмжлэгч:Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг *** тоотод оршин суух, Б овогт Бгийн Э/РД:***, утас:***/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** тоотод байрлах, Б овогт Бы Ч /РД:***, утас:***/-т холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 55,450,871 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр  сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Э,

Хариуцагч Б.Ч,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д,

Гэрч: Б.Г, Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Энь  хариуцагч Б.Чт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлс 55,45,871 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад хамтран нэхэмжлэгчээр “Т” ХХК-ийн оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авсан.

 

2. Нэхэмжлэгч “Т” ХХК, түүний төлөөлөгч Б.Энар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б.Энь “Т” ХХК-нд захирлаар ажилладаг. Манай компани 2023 оны 07-р сарын 24-ны өдрийн БУАОНӨГ/202303071 тоот “Спорт заалны барилга шинээр барих оролцооны хөрөнгөөр хийгдэх ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулж, тус ажлыг хийж гүйцэтгэхээр иргэн Б.Ч /***/-тэй аман хэлбэрээр тохирч ажлыг гүйцэтгүүлэхээр болсон. Б.Ч нь “Спорт заалны барилга шинээр барих оролцооны хөрөнгөөр хийгдэх ажил”-ыг 2023 оны 08-р сарын 18-наас эхлүүлэн газар шорооны ажлыг гүйцэтгэсэн гэж хэлсэн бөгөөд гэрээнд зааснаар 60 хувийн гүйцэтгэл авмаар байна, мөнгөө авчихвал ажлаа гялс дуусгачихмаар байна гэж гуйсан. Ажлын дундын гүйцэтгэлийн бичиг баримтыг бүрдүүлж 2023 оны 09-р сарын 28-ны өдөр 109,512,884 төгрөг “Т” ХХК-ийн Капитрон банкны дансанд орж ирсэн. 109,512,884 төгрөгөөс НӨАТ-ын 10 хувь болох 10,620,200 төгрөг, өөр ажлын материалын тооцоо болох 9,379,800 төгрөг, нийт 20,000,000 төгрөг суутгаж авсан. 2023 оны 09-р сарын 28-ны өдөр Б.Чийн Хаан банкны 5217021735 тоот дансанд 89,512,884 төгрөгийг Бын спорт залны ажлын хөлс, материалын үнэ гэж шилжүүлсэн. Б.Ч нь уг ажлыг 60 хувь гүйцэтгэхээр авсан мөнгөнөөсөө төсөвт тусгасан арматур-22,162,367 төгрөг, 10 катанги 1 боодол-1,108,118 төгрөг, ус 139,198 төгрөг, цемент 1 тн -374,242 төгрөгийн материал авсан бөгөөд ажлын гүйцэтгэл нь газар шорооны ажлын хөлс 5,101,845 төгрөг, суурийн бэлтгэл хийх м-150 ажлын хөлс 1,066,986 төгрөг, машин механизмын зардал 4,109,257 төгрөг, нийт 34,062,013 төгрөгийг зарцуулж ажлыг 60 хувь гүйцэтгээгүй. Үлдсэн ажлын гүйцэтгэлийн 55,450,871 төгрөгийг залилан ажлыг гүйцэтгэхгүй архи ууж утсаа авахгүй алга болсон. Б.Эминий бие 2023 оны 10-р сарын 16-ны өдрөөс эхлэн Д.Дугартай Бын Спорт заалны суурийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр тохирч ажлыг эхлүүлсэн. 2023 оны 10-р сарын 19-ны өдөр баганы суурины цутгалт, 10-р сарын 27-нд баганы цутгалт, 11 дүгээр сарын 16-нд дам нурууны цутгалтуудыг авч ажлыг 11-р сарын 22-нд бүрэн дуусгасан. 2023 оны 10 дугаар сарын 11-нээс хойш уг ажлыг гүйцэтгэж дуусан дуустал Б.Ч ганц ч холбоо бариагүй, ганц удаа ч уулзаагүй. Мөн Б.Ч нь би энэ ажлыг гүйцэтгэх гэж байхад Эбулааж авч хийсэн гэж хүмүүст худал ярьж, өнөөдрийг хүртэл ажил гүйцэтгэхээр авсан 89,512,884 төгрөгийн зөрүү тооцоог хийхгүй явж байна. Иймд Б.Чээс нийт 55,450,871 төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү... Бын ажлын хүмүүсийг хөөж явуулсан гэж байгаа нь худлаа, ажлын 60 хувийг хийж гүйцэтгэсэн гэсэн нь худлаа, энэ ажлын 20 хувийг л хийж гүйцэтгэсэн байсан. Яагаад гэхээр энэ ажлыг хийж гүйцэтгэж байгаа хүмүүс зөвхөн ул бетон хийсэн байсан. Энэ ул бетон дээр дахиад аяган суурь хийгдээд арматурыг нь зангидаад, дээшээгээ баганын цутгалт орж ирнэ. Үүний дараа хайргаар булж, булсныхаа дараа индүү барьж нягтаршуулна, тойруулаад 38, 16 суурийг нь ар нуруунд арматурчилж зангидана. Маш их ажилтай байдаг. Тэгтэл чи зөвхөн газар шорооны ажил буюу газар ухаад, бетон цутгасан байсан шүү дээ. Чиний хийсэн ажлын үнийн дүнг бүгдийг нь төсөвлөөд хаасан байгаа. Чи арматурийн 3.000.000 төгрөг ирж аваад үүний дараа миний утсыг аваагүй. Би Б руу кранын машинаар катанги өгч явуулаад, тэгээд очтол чи нүүгээд явсан байсан. Тэгээд Чийн найз Тогтох гээд залуу байгаа, тэр залууг дагуулаад Уртнасан гэдэг хүнийг хайгаад ерөөсөө олдоогүй. Уртнасан гэдэг хүний гэрт нь очтол хүн байгаагүй, Ч 60 хувийн гүйцэтгэлийн ажлыг хийсэн болоод гарын үсэг зураад би мөнгөө авсан гэж яриад байгаа боловч 60 хувийн гүйцэтгэлийн ажлаа хийгээгүй, ерөнхийдөө энэ ажлыг хийж гүйцэтгэхэд мөнгө байхгүй, ажлаа хийж гүйцэтгээгүй байж хяналтын инженерийг гуйж, Б аймгийн Б сумын Засаг даргыг хүртэл гуйсаар байгаад 60 хувийн мөнгийг авсан. Ч ядаж үнэн зөв ярь, яагаад өөрийнхөө хийгээгүй ажлыг хийсэн болгож яриад байгаа юм бэ?. Би Агийн дансны хуулган дээр байсан цементний 200.000 төгрөгийг ярьсан. Ч 09 дүгээр сарын 24 гэхэд 100 хувь ажлаа хийж дуусгах ёстой байсан боловч 60 хувийн ажлаа ч хийж гүйцэтгээгүй. Аргаа барсандаа би ажлаа өөрөө хийсэн. А чинь ч гэсэн надтай хамт хайж гүйгээд хамгийн сүүлд наадмын талбайгаас согтуу миний машинд суусан шүү дээ. Чи энэ ажлаа дуусгаад, Архангайн ажлынхаа хаалга үүдийг суулгачих, энэ ажлын гэрээний хугацаа дуусчихаад байна, 30.000.000 гаруй төгрөгийн алданги тооцох гээд байна гээд аргаа бараад согтуу байхад чинь олж аваад өөр хүн хөлсөлж Архангай руу явуулж тэр ажлыг чинь дуусгасан шүү дээ. Чи 2021 оноос хойш надтай ажиллаад гуйсан бүх зүйлийг чинь зөвшөөрөөд нэг төгрөг ч дутуу өгөхгүй гаргаж өгдөг байсан. Зөвхөн би татвараа аваад гаргаж өгдөг байсан шүү дээ. Чи хүний тусыг бодохын оронд энд ирчихээд худлаа яриад суухаасаа ичдэггүй юм уу...” гэв.

3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч Чт 89,512,884 төгрөгийг шилжүүлсэн нь дансаар харагдана. Талууд аман гэрээ хийсэн. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн нь ажлын үр дүн байдаг. Ч 60 хувийн ажлын гүйцэтгэлийг хийж дуусгах ёстой байсан. Гэтэл Ч ажлаа эхлүүлсэн ч гүйцэт хийгээгүйгээс болоод, намрын сүүл сар байсан учраас хүйтний улиралд барилгын ажил хийхэд маш хэцүү. Гэрчээр оролцсон Г үргэлжлүүлж яаралтай хийж дуусгасан, ямар ямар ажлууд хийснээ тодорхой тайлбарласан. Ч  60 хувийн гүйцэтгэлийн ажлын мөнгийг авчихаад ажлаа хийгээгүй, мөнгө авсны маргааш утсаа авахгүй алга болсон гэдгийг тодорхой тайлбарладаг. Ер нь барилгын ажил төсвийн дагуу хийгддэг бөгөөд төсөвгүйгээр дур мэдэн хийх боломжгүй. Төсвөт тусгагдсанаар нийт 34,062,013 төгрөгийг хийсэн байна гэж үзсэн. Гэтэл өнөөдрийн хуралд гэрчээр оролцсон Г хийсэн ажил нь дутуу, чанарын шаардлага хангахгүй ажил гүйцэтгэсэн гэж хэлсэн. Гэсэн хэдий ч төсөвт тусгасан мөнгийг тооцоод 34,062,013 төгрөгийг өгсөн мөнгөнөөс хасъя, үлдэгдэл 55,450,871 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжөөд байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хийх ёстой ажлаа хийгээгүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Хариуцагчийн мэтгэлцээний явцад хийсэн тайлбар нь ажлаа нэг хийсэн ч юм шиг, хийгээгүй ч юм шиг. Яг ажлаа хийсэн хүн ажлаа бүрэн мэдэж, нотлох чадвартай, баримтаа хүлээлгэж өгсөн, тооцоо хийдэг, өөрийн хийсэн бүх ажлыг баталгаажуулна. Хариуцагч ажлаа хийгээгүй болохоор энэ баримтуудыг гаргаж өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой гэж үзэж байна...” гэв.

4. Хариуцагч Б.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ч миний бие "Т" ХХК-ийн нэр дээр ажил авч хийдэг байсан. 2023 оны 7 дугаар сард тус компанитай харилцан тохиролцсоны үндсэн дээр Б аймгийн Б сумын Спорт заалны суурийн ажлыг хийж, гүйцэтгэхээр болсон. Гэвч ажил гүйцэтгэх явцад Б.Энь компаний захирал гэдгээрээ хүч түрэн орж, ажил хийж байсан бригадыг маань хөөж явуулсан. Энэ үед миний бие Б.Этэй уулзан ажлаа үргэлжлүүлэн дуусгахыг удаа дараа гуйсан боловч хэл амаар доромжилж, давуу талаа шиглан өөр бригадаар ажлыг хийж эхэлсэн. Би дээрхи ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ бүхэн миний дансны хуулга, материал авсан баримт, хийж гүйцэтгэсэн ажлууд болон бусад баримтаар нотлогдоно. "Т" ХХК нь Спорт заалны барилга шинээр барих оролцооны хөрөнгөөр хийгдэх ажлыг гүйцэтгэх гэрээг Б аймгийн Б сумын Засаг дарга X.Утай байгуулсан ба надад өгсөн урьдчилгаа мөнгө тус компаний Капитрон банкны дансаар орж ирсэн. Б.Ч намайг эд хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохироогоод ямар ч баримт нотолгоогүйгээр шүүхэд дуудан гүтгэж байгаа бол миний бие ч бас Т ХХК-ийн нэр дээр авсан Архангай аймгийн Өлзийт сумын сургуулийн засварын ажил, "Э ү" ТӨҮГ-аас зарласан Уурын даралтат түвшний тохируулагч нийлүүлэх гэрээний ажлуудын талаар шүүхэд хандан хохирлоо барагдуулах болно. Иймд Б.Эээс гаргаж байгаа нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Яг хугацаа сунгах гэж байтал хоорондоо маргаан болоод би наад ажлыг чинь өөрөө дуусгана гэсэн. Би хүнд машин механизмаар ухах ажил, аяган суурь, ул бетон цутгах ажил, баганын арматур босгох ажил, утас малтаж хомууд хийх ажлуудыг хийсэн. Энэ мөнгөнд дамнуурганы үлдэгдэл ажил,  үлдээсэн, 97.000.000 төгрөгт үлдэгдэл бетон цутгах ажил үлдээсэн. Гүйцэтгэлийн инженер 60 хувийн гүйцэтгэл дээрээ гарын үсэг зурсан байгаа. Газрын албанаас мэргэжлийн хүмүүс ирээд 60 хувийг гүйцэтгэсэн байна гэсэн байгаа. Түүнээс бол дутуу хийсэн юм байхгүй. Энэ ажлыг хийж дуусгах гээд Эээс 89.000.000 төгрөг гуйж аваагүй. Хяналтын инженер цаг тухай бүрт нь үзээд явж байсан, Засаг дарга нь ч байсан. Архангайд хийсэн ажил энэ асуудалтай ямар ч холбоогүй байх. Газар шорооны ажил хийсэн зураг байгаа. Багана, суурийг өөрийнхөө хийсэн ажлын зураг руугаа оруулсан байгаа. 1 ширхэг нь 50.000 төгрөгний үнэтэй 300 гаруй ширхэг хар панерыг хүртэл оруулаагүй байна. Намайг зөвхөн газар шороо ухаад хаясан мэт яриад байгаа, гэтэл би баганан суурийг хийсэн...” гэв.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чийн хувьд мэргэжлийн хүн учраас 6 төрлийн ажлыг хийсэн гэдгээ нотлохоор холбогдох зардлуудын тооцоо, хоорондын чатууд буюу гэрэл зургийн үзүүлэлтүүдийг өгсөн. Эдгээр баримтаас харахад 2 хүн хоорондоо 60 хувь гээд бодчихъё гээд шууд гэрээ байгуулахгүй. Гэрээний заалтанд 60 хувийн гүйцэтгэлийн мөнгийг өгнө гэхэд тодорхой ажлуудыг хийсэн байсан үр дүн харагдаж байна. Чээс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүү явуулсан зураг дээр Чийн тайлбарлаж хэлээд байгаа ажлуудын зураг бүгд орсон байна. Аяган суурийг экскаватороор ухсан, бетон зуурмагийг 15 см-ийн зузаантай цутгасан, арматурыг ямар нэгэн байдлаар матсан, хар панераар аяган суурийг дам нуруутай нь хайрцагласан гэх эдгээр нотлох баримтуудыг нэхэмжлэгч Эруу явуулсан байгаа үйл баримтаар нотлогдож байна. Энэ асуудал дээр тодруулах юм бол цутгалтын ажил гээд 50,000,000 төгрөгийн материалын тооцоо, 70.000.000 орчим төгрөгийн гүйцэтгэлийн ажлын нийт тооцоог энд оруулчихаад ‘’би ийм зүйл хийсэн’’ гэх нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч тайлбарлахдаа Ч надад 55 сая төгрөгийн ажлыг дутуу хийсэн, би өөрөөсөө 64,000,000 төгрөгийг гаргаад Чийн дутуу ажлыг хийж гүйцэтгэсэн гэдэг. Тэгвэл 64,000,000 төгрөгөө юу юунд зарцуулсан тухай баримт байхгүй. Гэрч А тайлбарлахдаа ebarimt бид нарт өгдөггүй, Эөртөгтөй холбоотой тооцооллоо өөрөө хийдэг гэсэн. Нэгэнт хэрэгт авагдсан баримтаас харахад ямар ч гэсэн төсөвт ажлаа хийгээд гүйцэтгэсэн. Харин энэ гүйцэтгэлийг хийхдээ Ч ямар ажил хийсэн, Эдутуу үлдээсэн аль ажлыг нь гүйцээж хийсэн гэдэг асуудал байна. Тэгвэл өнөөдөр Ч өөрийн хийсэн ажлуудыг Эрүү зургаар баталгаажуулаад явуулсан. Төсөвийн гүйцэтгэл буюу барилгын ажил онцгой зохицуулалттай. Төсөвийн дагуу 60 хувийн мөнгийг шилжүүлнэ. Тийм учраас Иргэний хуулийн 343-р зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ хийгдэж, гэрээнийхээ үүргийг Ч биелүүлсэн байна. Иймд ямар нэгэн өр төлбөр байхгүй. Бид нар тооцоотой холбоотой сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Дараа нь нэхэмжлэх болно. Ингээд гэрчийн мэдүүлэг, дансны хуулга, Чийн Эрүү явуулж байсан гэрэл зургууд, мөн бусад холбогдох баримтуудаар Ч 60 хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

6. Нэхэмжлэгчээс: Б.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, улсын тэмдэгтийн хурааму төлсөн баримт /хх-4-6/, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн БУАОНӨГ/202303071 дугаартай Спорт заалны барилга шинээр барих оролцооны хөрөнгөөр хийгдэх ажлыг гүйцэтгэх гэрээ /хх-8-9/, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн БУАОНӨГ/202303071+1 дугаартай Спорт заалны барилга шинээр барих оролцооны хөрөнгөөр хийгдэх ажлын гүйцэтгэх гэрээг сунгах гэрээ /хх-10-13/, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх-14-15/, Б аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03/41 дугаартай албан бичиг, хавсралт /хх-16-17/, Спорт заалны барилга угсралтын ажлын төсөв /хх-18-41/, Б.Чийн хйиж гүйцэтгэсэн ажлын зураг /хх-42-47/, Б.Эийн үргэжлүүлэн хийж гүйцэтгэсэн ажлын зураг /хх-48-86/, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23/0501 дугаартай сорилт, шинжилгээний дүн /хх-87/, 57,180,000 төгрөгийн төлбөрийн баримт /хх-88/, 2,500,000 төгрөгийн татвар төлсөн баримт /хх-89/, “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-105/, тусгай зөвшөөрөл /хх-106/, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн БУ35-133/21 дугаартай барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлыг гэрээний үндсэн дээр хариуцагч, барилгын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ /хх-108/ Б.Эийн Хаан банкны дасны хуулгыг,

 

Хариуцагчаас: Б.Чийн хийсэн ажлын хөлсний задаргаа, 99098769 дугаарын утсаар ярилцсан зурвас /хх-133-139/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн. 

 

7. Хэргийн оролцогчдын хүсэлтээр: Хаан банкны Орхон салбараас 5217021735 тоот дансыг хэн эзэмшиж байгаа талаарх лавлагаа, тус дансны хуулга /хх-126-127/-ыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

8. Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “...би “Т” ХХК-нд захирлаар ажилладаг. Манай компани 2023 оны 07-р сарын 24-нд Б аймгийн Б сумын Засаг даргатай БУАОНӨГ/202303071 тоот “Спорт заалны барилга шинээр барих оролцооны хөрөнгөөр хийгдэх ажлыг гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, тус ажлыг хийж гүйцэтгүүлэхээр Б.Чтэй аман хэлбэрээр тохирч ажлыг гүйцэтгүүлэхээр болсон. Б.Чт 2023 оны 09-р сарын 28-нд Хаан банкны 5217021735 тоот дансаар 89,512,884 төгрөгийг ажлын хөлс, материалын үнэ гэж шилжүүлсэн. Б.Ч нь уг ажлыг 60 хувь гүйцэтгэхээр авсан мөнгөнөөсөө төсөвт тусгасан арматур-22,162,367 төгрөг, 10 катанги 1 боодол-1,108,118 төгрөг, ус 139,198 төгрөг, цемент 1 тн -374,242 төгрөгийн материал авсан бөгөөд ажлын гүйцэтгэл нь газар шорооны ажлын хөлс 5,101,845 төгрөг, суурийн бэлтгэл хийх м-150 ажлын хөлс 1,066,986 төгрөг, машин механизмын зардал 4,109,257 төгрөг, нийт 34,062,013 төгрөгийг зарцуулж ажлыг 60 хувь гүйцэтгээгүй. Үлдсэн ажлын гүйцэтгэлийн 55,450,871 төгрөгийн ажлыг гүйцэтгэхгүй алга болсон тул гэрээг цуцалж, өөр хүмүүстэй гэрээ байгуулж уг ажлыг бүрэн хийж дуусгасан. Иймд Б.Ч гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй тул ажлын хөлс, материалын хөлсөнд шилжүүлсэн 55,450,871 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна...” гэсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж мэтгэлцсэн. Үүнд: “...би Т компаниас ажлын 60 хувийн гүйцэтгэлийн хөлс 89,512,884 төгрөгийг дансаараа авсан.  Би аяган суурь эксковтороор ухаж, шороог Ховогоор зөөх, аяган суурины ул бетон 15 см-ийн зузаантай цутгах, арматур матах, 10 диаметртэй төмөр утсаар холбож татах, хар панераар аяган суурь, дам нуруун хайрцаг угсрах ажлыг хийж гүйцэтгэсэн, уг ажлыг хийж гүйцэтгэхэд нийт 97,094,000 төгрөгийг зарцуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн.

 

4 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 Нэхэмжлэгч “Т” ХХК нь Б аймгийн Б сумын Засаг даргатай  2023 оны 07-р сарын 24-ны өдөр БУАОНӨГ/202303071 дугаартай “Спорт заалны барилга шинээр барих оролцооны хөрөнгөөр хийгдэх ажлын гэрээг 193,291,200 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулж, Б аймгийн Б сумын Спорт заалны барилгын суурийн ажлыг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл /60 хоног/ хугацаатай хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр тохиролцож ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, захиалагч бараа болон ажлын төлбөрийн урьдчилгаанд 60 хувийг (115,974,720 төгрөг), ажлын явц дуусаад 40 хувийг (77,316,480) тус тус шилжүүлэхээр тохиролцсон, урьдчилгаа 115,974,720 төгрөгийг Т ХХК-ийн дансанд  шилжүүлсэн.

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энь дээрх гэрээнд заасан ажлыг хариуцагч Б.Чээр хийж гүйцэтгүүлэхээр түүнтэй амаар тохиролцож, түүний Хаан банкны 5217021735 тоот дансанд ажлын хөлс, материалын үнэ 89,512,884 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Ч гэрээнд заасан ажлуудыг 2023 оны 09 дүгээр сарын 24-ний дотор бүрэн хийж гүйцэтгээгүйн улмаас гэрээний хугацааг  2023 оны 9 дүгээр сарын 25-нд 50 хоногоор сунгасан байна.  

 

5. Талуудын хооронд 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 347 дугаар зүйлийн 347.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.” гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

6. Мөн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй”, мөн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй.” гэж тус тус заасан.

 

7. Зохигчийн тайлбар болон гэрч Б.Гын мэдүүлэг, хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын ажлын гүйцэтгэлийн гэрэл зургуудаар хариуцагч Б.Ч нь гэрээнд заасан хугацаанд ажлаа бүрэн гүйцэд, чанартай хийж гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд уг үндэслэлээр нэхэмжлэгч компанийн төлөөлөгч Б.Энь Б.Чтэй байгуулсан гэрээг цуцалж,  2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн өөр хүмүүсээр ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн болох нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн бетон зуурмагийн чанарын гэрчилгээ, ажлын явцын гэрэл зураг, Барилгын материал судлалын төвийн дүгнэлт, бетон худалдаж авсан баримт, Эийн Хаан банкны дансны хуулгаар 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс /Бугт спорт заалны суурин ажлын урьдчилгаа, Б, анкерийн боодол, Бын ажлын хөлс, помп, түлш, спорт заалны ажлын хөлс, түлш, хүнд машин механизмын ажлын хөлс, бензин, нум, хар тос, барааны үнэ, хүнд механизм пумпны үлдэгдэл түрээс, сорил шинжилгээ/ гэсэн гүйлгээний утгуудтай 127,269,088 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээр нотлогдон тогтоогдож байна.

 

8. Харин хариуцагч Б.Ч нь аяган суурь эксковтороор ухаж, шороог Ховогоор зөөх, аяган суурины ул бетон 15 см-ийн зузаантай цутгах, арматур матах, 10 диаметртэй төмөр утсаар холбож татах, хар панераар аяган суурь, дам нуруун хайрцаг угсрах ажлыг хийж гүйцэтгэсэн, уг ажлыг хийж гүйцэтгэхэд нийт 97,094,000 төгрөгийг зарцуулсан гэсэн тооцоо гаргаж, Б.Агийн болон өөрийнхөө Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар өгч, гэрчээр эхнэр Б.Аг оролцуулсан боловч гэрчийн мэдүүлэг болон дансны хуулгаар түүний хийж гүйцэтгэсэн ажил болон уг ажлыг хийж гүйцэтгэхэд нийт 97,094,000 төгрөгийг зарцуулсан болох нь нотлогдохгүй байна.   

 

9. Нэхэмжлэгч компани нь Б.Чийг ажлыг 60 хувь гүйцэтгэхээр авсан мөнгөнөөсөө ажлын төсөвт тусгасан арматур-22,162,367 төгрөг, 10 катанги 1 боодол-1,108,118 төгрөг, ус 139,198 төгрө, цемент 1тн 374,424  төгрөгийн материал авсан гэж тооцож, ажлын гүйцэтгэл нь газар шорооны ажлын хөлс 5,101,845 төгрөг, суурийн бэлтгэл хийх м-150 ажлын хөлс 1,066,986 төгрөг, машин механизмын зардал 4,109,257 төгрөг, нийт 34,062,013 төгрөгийг зарцуулсан гэж үзэж, үлдсэн ажлын гүйцэтгэлийн 55,450,871 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй гэх үндэслэлээр гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч, хариуцагч нарын ажлын гүйцэтгэлийн гэрэл зургууд хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

10. Харин нэхэмжлэгч Б.ЭБ аймгийн Б сумын Спорт заалны барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэх гэрээг захиалагч тал болох Б сумын Засаг даргатай байгуулаагүй бөгөөд хариуцагчтай компанийн хувьд байгуулсан ажлыг гүйцэтгүүлэхээр аман хэлбэрээр гэрээ хийсэн байх тул нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

11. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.Чээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгээгүй ажлын хөлс 55,450,871 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэгч Б.Эийн Б.Чт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чээс улсын тэмдэгтийн хураамжид 435,204 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Чээс 55,450,871 /тавин таван сая дөрвөн зуун тавин мянга найман зуун далан нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т ХХК-д олгож, нэхэмжлэгч Б.Эийн Б.Чт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чээс улсын тэмдэгтийн хураамж 435,204 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ