Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч , хохирогч Х.Э ын өмгөөлөгч: И.О,

Шүүгдэгч, хохирогч Ж.Н н өмгөөлөгч: Ц.Б,

Шүүгдэгч, хохирогч: Х.Э , Ж.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Э , Ж.Н  нарт холбогдох 1728000000050 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Х.Э  нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, Зэвсэгт хүчний 167 дугаар цэргийн ангийн захирагчийн өрөөнд иргэн Ж.Н н биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Ж.Н  нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, Зэвсэгт хүчний 167 дугаар цэргийн ангийн захирагчийн өрөөнд иргэн Х.Э ын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ангийн захирагчаас захирамж аваад марш гүйцэтгэх явцад Ж.Н  хэл амаар доромжилж маргаан үүсгэсэн. Тэр маргаанаас үүдээд дэд хурандаа Ж.Н  маршийг орхин ангийн байр руу явсан. Буцаж ирээд 17 цагийн үед ангийн захирагчийн өрөөнд орж илтгэсэн. Илтгэх явцдаа Ж.Н гийн үйлдлийг давхар илтгэсэн. Ангийн захирагч дэд хурандаа Ж.Н г өрөөндөө дуудаж орлогч нарыг яагаад хэл амаар доромжилж, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна гэж загнасан. Ж.Н  дэд хурандаа гарахдаа та нарын байгаа байдал хэлсэн ярьсан зүйлийг чинь бичиж авсан. Энэ зүйлийг Жанжин штабын газар танилцуулна гэж хэлсэн. Ангийн захирагч намайг “Утсыг нь аваад өг” гээд утсыг авахаар хоёр гарыг нь барихад гараа мултлаад үүдэн шүд рүү цохисон.” гэв.

Шүүгдэгч Ж.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“2017 оны 9 дүгээр сарын 16-ны 04 цаг 30 минутад говийн бүсийн сургалтын төв рүү яв гэсэн үүрэг аваад хугацаат цэргийн алба үйлдэж эхэлсэн. Ангийн хаалгын урдуур гараад явж байхад захирагчийн орлогч Х.Э  зогс гэж тушаал өгсөн. Энэ үед би яагаад зогс гэдэг тушаал өгсөн бэ? Энэ үед үүргээ аваад явж байна гэхэд хүн бүрэлдэхүүн дутуу байна, дутуу байгаа талаараа өөрт нь тайлбарлаж хэлсэн, энэ явган марш юм бол нэгдүгээрт бүртгээд авч явж байгаа буу бие, аранз , нүүрний баг, цүнхийг шалгаад энэ маршийнхаа ангийн захирагчийн тушаалыг уншаад тушаалын дагуу явган маршийн захирамжаа танилцуулаад төлөвлөгөө нэг бүрчлэн хэлээд энэ хөдөлгөөнд явган марш аль чиглэлд ямар замаар хэдэн бүлгээр хэн хэний хөдөлгөөний удирдлага нь доор хэдэн цагийн хөдөлгөөний хурдтай замдаа ямар тактикийн цэргийн ажиллагааны заагдсан хэдэн цагт ойлгомжтой хэлж тайлбарласан. Энэ ажиллагаа хийгдсэнгүй нэгэнт бид ихэнх бүрэлдэхүүн бэлтгэлд ороод үзсэн учраас нийт үүрч яваа зүйл нь дундаж жингээрээ 30 кг жинтэй ба бие бүрэлдэхүүн хөдөлгөөн эхэлсэн бол зогсох ямарч шаардлага байдаггүй гэдэг зүйлийг тайлбарлаж өгсөн. Тэгтэл бие бүрэлдэхүүн дутуу байна. Энэ ангид 08 дугаар сарын 16-ны өдөр шилжиж ирсэн. Би хүмүүсийн нэрийг мэдэхгүй. Гэхдээ хүмүүс захирагчийн орлогч Х.Э  өөрийнхөө эхнэрийг туслах тогоочоор ажиллуулахгүй мөн маршинд явуулахгүй гэсэн мөртөө бид нарыг яв гээд байгаа нь ямар учиртай юм бэ? гэж хэлсэн. Хөдөлгөөн үйлдээд эхэлсэн бид нарт буруу байхгүй, дутуу байгаа хүмүүсээ ирүүлэх нь та нарын ажил гэж хэлсэн.  Сургалт Олон улсын нийт дундаж жингээрээ хөдөлгөөн зогсох ямар ч шалтгаан байхгүй. 13 цаг 30 минутын дараа маршийг удирдаж байсан Х.Э  хурандаа, хошууч Б, Ба нар Бгийн хувийн машинаар 13 цаг 30 минут буюу 08 цаг 30 минутанд гүйцэд түрүүлэн ирж зогссон. Би хамгийн ахмад 42 настай бөгөөд бусдаасаа тасарсан явж байсан. Миний ойролцоо 4 залуу ахлагч нар байсан. Зогс гэхэд нь 30 кг бүхий ачаа үүрсэн алхаж байгаа бие бүрэлдэхүүн хэрвээ зогсвол хөлийн булчин зангираад явдаггүй энэ хүмүүс олон улсын ажиллагаа бэлтгэлд ороод сурсан учир “Болохгүй би зогсмооргүй байна” гэхэд хошууч Б “Чи битгий хуц, би энэ маршийг удирдаж байгаа” гэж тайлбарласан. Би энэ үед нь “Хэрвээ чи удирдаж байгаа юм бол энэ явган маршийг захирагчийн тушаалыг уншаад хэдэн бүлгээр гарах талаар удирдах хүнийг томилж явуулах ёстой” гэхэд энэ чамд хамаа байхгүй тушаал захирамж нууцын зэрэглэлтэй” гэж хариулсан. Би түүнд “Би цэргийн сургуулийг сурч төгсөхөд цэргийн онол дээр захирамжаа уншихгүйгээр явган марш үйлдэх гэдгийг сураагүй, ойлгоогүй, чи ийм зүйл хаанаас үзсэн юм бэ, Захирамжгүй явах юм бол энэ зүйл нь явган аялал болно шүү” гэж хэлэхэд “Хуц муу пизда минь” гээд салаавч өгсөн. Энэ үед 4 ахлагч миний хажууд байсан. “Тэгвэл надад төлөвлөгөөгөө үзүүл” гэхэд “Би дөнгөж сая ангийн захирагчаас батлуулаад ирлээ” гээд 2 бичгийн цаас харуулаад буцаагаад далд хийсэн. Тэр үед би энэ байдлыг тайлбарлаад ойлгохгүй байна гэж ойлгоод энэ зүйлийг захирагч руу хэлэхээр залгасан боловч ангийн захирагч утсаа аваагүй. Би тэнд байсан хүмүүс рүү “Энийг харж байна уу?” гээд хуурай цэргийн командлагч руу залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байсан. энэ үед над руу Батүвшин “Чи бүхэл бүтэн хороо унагаачихаад дүлий хар пизда минь чи үүнээс цааш явах газар байхгүй аятайхан байж чадахгүй бол зайл” гэж хэлсэн. Би энэ хүмүүстэй яриад ойлголцохгүй байгаа мөн захирамжгүй юм чинь би явган маршинд алхахгүй” гэж хэлээд буцсан. Анги руу очоод өөрийн үүрч явсан зүйлийг далд хийгээд авч явсан хувийн зэвсгээ цэвэрлээд маршинд явсан бүрэлдэхүүнийг буцаж ирэхийг хүлээгээд 17 цаг 30 минутад ангийн жижүүрт хувийн зэвсгээ тушаасан. Гэртээ очоод хувцсаа өмсөөд амарч байх үед ангийн захирагч утасдаад та хүрээд ир гэсэн тушаалын дагуу өрөөнд очиход халзан толгойтой энгийн нэг хүн, захирагчийн орлогч Х.Э  нар архи уугаад сууж байсан. Захирагч байхгүй байна гээд үүдэнд хүлээж байхад дотроос Х.Э  дэд хурандаа ороод ир гэж хашхирсан. Би захирагч дуудсан учир захирагчийг хүлээгээд гадаа байж байсан. Энэ үед Х.Э  дэд хурандаа өөрөө гарч ирээд “Ж.Н  би хорооны штабын даргад тавигдахгүй би өргөдлөө цохуулаад шилжих талаар захирагчтай яриад сууж байна. Чи битгий миний ажилд саад болоод бай. Чи миний ахын удирдлагад олон жил байсан шүү новшоо мэдэж байна уу?” гээд заамдаж аваад зогсож байх үед ангийн захирагч 00 өрөөнөөс гарч ирээд оръё гэж хэлэхээр нь ороход цэвэрлэгч Ууганбаяр гэдэг хүнийг дуудаж ирээд 00 цэвэрлэгээний байдлыг буруу хийсэн байна гэж хэлээд гараад явсан. Захирагч “Та яагаад 30 км-ийн маршийг үйлдэхгүйгээр буцаж ирсэн бэ? Захирагч нарын орлогч нартай муудалцсан юм бэ?” гэхэд “Би энэ 30 км маршийг үйлдэх гэж байгаа нь тодорхойгүй явсан. 13 цаг 30 минутын дараа эдгээр хүмүүс машинтайгаа ирээд зогс гэхэд нь би зогсож болохгүй байна хөлний булчин зангираад явахгүй байна гэдгийг тайлбарласан чинь тийм юм байхгүй гэсэн. Захирамжаа унш гэхэд дөнгөж сая захирагчаар батлуулсан гэхэд нь “Яагаад дур мэдэн хөдөлгөсөн юм бэ?” гэж тайлбарлаж хэлээд буцсан гэдэг зүйлийг ярьсан гэж хэлсэн. Ангийн захирагч “Чи миний орлогч нарыг хаана байгаа, хаашаа явах ёстойг хэл гэж хэлсэн байсан. Би “Энэ зүйлийг ойлгохгүй байна гээд хяналт шалгалтын үнэлгээний газартай болсон, энэ асуудлыг мэдэгдэхэд асуудал болно шүү” гэж тайлбарлаж хэлэх үед дэд хурандаа Х.Э  босож ирээд намайг заамдаж аваад миний зүүн нүд рүү цохисон.  Ж.А  босож ирээд Х.Э ыг татаж аваад буцаагаад суудалд нь суулгасны дараа захирагч чи юун хяналт шалгалтын үнэлгээний газар яриад байгаа юм бэ, зайл гэж хэлсэн. Би “Захирагчаа энэ асуудлыг нэг дэх өдөр ярилцъя” гэж хэлсэн. Захирагч “Үгүй нэг дэх өдөр ярилцах юм байхгүй, чи нэг дэх өдөр манай ангийн хаалгаар шагайхгүй. Чамайг битгий оруул гэж шалган нэвтрүүлэх байранд үүрэг өгөөд нэг дэх өдрийн өглөө би Зэвсэгт хүчний штабын дарга болон хуурай цэргийн албаны дарга нарт чиний байдлыг танилцуулаад өдөрт нь ажлаас халах тушаалыг гаргуулна гэдэг асуудал ярьсан”. Би “Энэ асуудлын учрыг олоогүй байж ийм дээрээ тулсан бол ангийн 30 км-ийн маршинд явсан талаар гэрч байгаа, сая коридорт байсан бичлэг чинь байгаа гэж хэлээд хаалга руу явж байхад “Энэ юу гэнэ вэ?” гээд ангийн захирагч уг хаалгаар гарч байхад миний хувцасны араас татаж аваад миний хоолойг боож зогссон. Ингэхдээ “Х.Э оо гар утсыг нь ав” гэж хэлэхэд өөрийнх нь шуу нь дээр гар утас дарагдаад Х.Э  утас авч чадахгүй болоод миний зүүн хөл рүү өшиглөөд дараа нь баруун нүд рүү цохисон. Аргагүйн эрхэнд хаалган тал руу эргэхэд хэн нь цохисон нь мэдэхгүй хүчтэй нэг цохисон. Намайг захирагчийн өрөөний буйдан дээр дээш нь харуулаад дарсан. Намайг захирагч зүүн хөлөөрөө дараад амьсгаа авч болохгүй байсан учир арай хийж амьсгаа авч байхад дахин Х.Э  баруун талын нүд рүү цохисон. Зүүн тийш эргэхэд араас 3 удаа цохиод Х.Э  боогоод 2 хөлөөрөө дээр гараад сууж байсан. Тэр үед захирагч байхгүй байсан. Урд ганц хүн байхаар нь түлхэж босгоод буйдангийн хажууд хагарсан нүдний шил, тасарсан бугуйн цагаа аваад гарах гэтэл захирагч сандал дээрээ миний утсыг үзээд сууж байсан. Захирагчаа би утсаа авъя гэхэд утсыг өгөхгүй гэсэн. Энэ утас чинь албаны утас биш хувийн утас шүү гэж хэлээд гараад явсан. Би нэг дэх өдрийг хүлээх юм бол энэ хүмүүс архи уугаагүй эрүүл байсан гэж мэдүүлэг өгнө гээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж намайг зодсон байдал, согтуу байгаа байдлыг тогтоолгохгүй бол болохгүй гэж бодоод ээжийн утсаар мэдэгдэх гэхэд нэгжгүй байсан болохоор утсаа авахаар буцаж анги руу очоод ангийн захирагчийн өрөөнд ортол Ж.А , Х.Э  нар дахиад архи уугаад сууж байсан. Ангийн захирагчийн ширээн дээр байсан утсаа аваад гарахад Х.Э  дэд хурандаа араас 2 цохисон. Эргээд харахад Ж.А  түүнийг татаад суулгасан. Би цагдаагийн газар 17 цаг 15 минут гэхэд мэдэгдээд цагдаагийн 2 ахлагч ирээд юу болсон талаар асуучихаад утсаар яриад дотогшоо ороогүй. Би тэд нарыг “Та нар ороод согтолтын байдлын шалгачихаа би өөр гомдол санал байхгүй” гэж хэлээд байж байтал Х.Э  миний утас руу залгаад “Ж.Н  новш минь чи цагдаа дууддаг юу юм бэ? би камераар хараад сууж байна. Чи ороод ир юу чадахыг чинь харъя” гэсэн. Би цагдаа нарт Х.Э ын хэлснийг хэлэлгүйгээр “Та нөхдүүдийг ороод ир гэж байна” гэхэд тэр хүмүүс “Байж бай” гэсэн. Х.Э  дахиж залгаад “Чи цагдаагийн 2 гөлөгтөө утсаа өг” гэж хэлэхээр нь “Та нартай яръя гэж байна” гэхэд “Ярихгүй” гэсэн. Намайг Цагдаагийн газарт очоод мэдүүлэг өгнө гээд хамт явсан” гэв.

Хохирогч Х.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“Үүдэн нэг шүд унасан. Улаанбаатар хотод шүдний эмнэлэгт төрмөл шүд хийлгэхийг хүсэж байна. Хохирол төлбөр буюу шүдээ эмчлүүлэхэд гарах зардлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

Хохирогч Ж.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 103-т очиж үзүүлсэн. Миний толгой өвдөж байсан. Маргааш нь шинжээч эмчид нүдний ухархайгаар өвдөж байгаа гэдгээ хэлсэн. Толгой байнга өвдөөд өвчин намдаах эм ууж байгаа.  Шүүх хуралдаан дууссаны дараа дахин үзүүлнэ. Би ямар ч нөхцөлд даралтаа үзүүлэхэд миний даралт 120, 180-тай гардаг байсан. Тухай хэргийн дараа үзүүлэхэд 103 дуудлагын эмч миний даралтыг 150 байна гэж хэлсэн. Миний даралт хэлбэлздэг болохвий гэж айж байна. Нүдний шилээ 70.000 төгрөгөөр өмнө нь хийлгэж байсан. Одоо хийлгэх мөнгө байхгүй” гэв.

Хохирогч Х.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ангийн захирагчийн баталсан удирдамжийн дагуу 30 километрийн явган маршийг зохион байгуулсан юм. Тухайн арга хэмжээг явуулж байхад дэд хурандаа Ж.Н  “Маршийг ингэж явуулдаггүй юм” гэж хэлэхээр нь “Та жагсаалд явж чадахгүй бол буцаад явж болно шүү” гээд хэлтэл маршинд явахгүйгээр ангийн байрлал руу буцаад явсан. Өдөр нь марш дуусаад ангийн захирагчид илтгэхээр өрөөнд явж ороод явсан маршийн талаар илтгэсэн. Мөн Ж.Н г маршинд оролцоогүй гэдгийг хэлсэн. Ангийн захирагч Ж.Н г өрөөндөө дуудаж ирээд “Яагаад ангийн орлогч нарын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй үйл ажиллагаанд нь саад болоод байгаа юм бэ?” гэж хэлээд зэмлэсэн. Надтай бас маршийн тухай маргалдсан. Ж.Н  гарч явахдаа ангийн захирагчийн өөдөөс таны ярьсан яриаг утсандаа бичиж авсан, жанчин штабын удирдлагуудад сонсгоно гэж хэлсэн. Түүнээс болоод ангийн захирагч намайг утсыг нь аваадах гэсэн. Би Ж.Н гийн утсыг авах гээд ноцолдож байтал миний өөдөөс гараараа нэг удаа цохиж нэг үүдэн шүдийг хугалсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь Ж.Н  миний үүдэн нэг шүдийг хийхэд гарах 1.800.000 төгрөгийг төлнө гэж хэлсэн.” гэжээ. /хх-8/,

Хохирогч Ж.Н гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн үед ангийн захирагч хурандаа Н.С  над руу утсаар яриад өрөөнд хүрээд ир гэж дуудсан. Би тухайн үед гэртээ байж байгаад захирагчийн өрөөнд очтол “Өглөө болсон явган маршинд яагаад яваагүй юм бэ?” гэж хэлсэн. Би “Ямар цаг хугацаанд хаашаа ямар замаар явах талаар захирамж байхгүй байсан” гэхэд захирагч намайг загнаад байхаар нь 1 дэх өдөр уулзъя гэсэн чинь “Чамайг анги руу оруулахгүй, яв” гэсэн. “Наад арга хэмжээ чинь гэрчтэй шүү Жанжин штабын хяналт шалгалт үнэлгээний газарт танилцуулна гэж хэлээд гарах гэтэл захирагч намайг утсан дээр бичлэг хийсэн байна гэж буруу ойлгоод миний утсыг авах гээд Х.Э од хэлсэн. Тухайн үед Х.Э  бид хоёр явган маршинд явах тухай маргалдаж байсан. Би өөрөө удирдах албан тушаалыг 10 жил хийсэн, олон явган маршийг удирдаж явуулж байсан болохоор өөрийн туршлага дээр үндэслээд хэдэн зүйл хэлэхээр хүлээж авахгүй өөдөөс “Чи тухайн захирамжийг мэдэх учиргүй, нууц байдаг” гээд маргалдаад байсан. Х.Э  миний хоёр гарыг ард бариад дээрээс дараад байхаар нь би гараа мулталж аваад нүүр рүү нь нэг удаа баруун гараараа цохисон. Гэхдээ Х.Э ын шүдийг хуга цохих гэж цохиогүй, би Х.Э оос уучлалт гуйсан. Х.Э  миний толгой руу гараараа цохисон, түүнээс болж миний тархи хөдөлсөн. Бид хоёр хоорондоо учраа олсон. Би Х.Э ын шүдийг хийлгэж өгөхөөр болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-10/,

Гэрч Н.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цаг өнгөрч байх үед дэд хурандаа Ж.Н г өрөөндөө дуудсан. Тэр өдрийн өглөө 04 цагт манай анги цугларалт дохиогоор ажиллаад ангийн сургуулийн төвийн чиглэлд явган марш үйлдсэн. Тэр үед дэд хурандаа Ж.Н  нь захирагчийн орлогч дэд хурандаа Х.Э , опертив тасгийн дарга хошууч Б нартай маргалдаад маршинд оролцоогүй буцаад явсан байсан. Энэ тухай дэд хурандаа Х.Э оос сонсож мэдээд өрөөндөө Ж.Н г дуудсан. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өглөөний нэгдэлтэнт үүрэг тавьж байсан хошууч Бг Ж.Н  цохиж авсан үйлдэл гаргасан байсан. Би Ж.Н г өрөөндөө дуудаад өмнөх болсон асуудалтай нь хамтатгаад зэмэлсэн. Ж.Н  хэлэхдээ “Та нар намайг дарамталж хавчиж байна, би тантай ярьсан яриагаа утсан дээр бичиж авсан, жанжин штабад илтгэнэ” гэж хэлээд өрөөнөөс гарах гэхээр нь би Ж.Н н гар утсыг халааснаас нь сугалаад авсан. Ж.Н г бол цохиогүй, зодоогүй, дэд хурандаа Х.Э  хажууд байсан. Ж.Н гийн утсыг авах үед Ж.Н  Х.Э ын үүдэн шүд рүү нэг удаа цохисон. Тэр үед Х.Э  шүд хугарчихлаа гэж хэлсэн. Ж.Н  манай өрөөнөөс гараад явсан. Араас нь Х.Э  гараад явсан. Удалгүй манай өрөөнд 3 цагдаа ирээд Ж.Н  гэдэг хүн гомдол гаргасан, та хүн зодсон байна гэж хэлэхээр нь би хүн зодоогүй гэдгийг хэлсэн. Тухайн өдөр хагас сайн буюу амралтын өдөр байсан. Тухайн өдөр би энгийн хувцастай Даланзадгад суманд тавилга хийдэг Ж.А  гэдэг залуугаар тавилга хийлгэхээр болоод өрөөндөө уулзсан юм. Би Ж.Н гийн бие эрх чөлөөнд халдаж, зодож цохисон зүйл байхгүй. Х.Э  Ж.Н  хоёр хоорондоо  зодолдож цохилцоогүй, Ж.Н Х.Э ын шүд рүү нэг удаа цохисон. Тэрнээс болоод Х.Э ын үүдэн нэг шүд нь унасан. Тухайн үед Ж.Н , Х.Э , бид гурваас өөр тавилга хийдэг Ж.А  гэдэг залуу байсан. Өөр хүн байгаагүй . Намайг харж байхад Х.Э  Ж.Н г цохиж зодоогүй.” гэжээ. /хх-11/,

Гэрч Ж.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 09 дүгээр 16-ны өдөр 167-р цэргийн ангийн захирагч хурандаа Н.С  над руу утсаар яриад цэргийн ангидаа тавилга хийлгэх гэсэн юм гэж ярьсан. Бид хоёр уулзахаар болоод би Н.С  хурандаагийн ажлын өрөөнд нь явж очсон. Бид хоёр ажил ярингаа 1 шил 750 граммтай задалчихсан архийг хувааж уусан. Намайг яваад очиход Х.Э  гэдэг дэд хурандаа Н.С  хурандаатай хамт сууж байсан. Х.Э  ярихдаа “Маршинд яваад ирлээ, Ж.Н  үүрэг даалгавар биелүүлэхгүй эсэргүүцээд байна. Энэ үйлдэл удаа дараа давтагдаж байна” гэж Н.С  хурандаад хэлсэн. тэгсэн чинь Н.С  хурандаа Ж.Н  гэдэг хүн рүү утсаар яриад өрөөндөө дуудсан. Тухайн дуудсан хүн нь удаагүй хүрээд ирсэн. Тэр Ж.Н  гэдэг хүнийг Н.С  хурандаа чи яагаад өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй юм бэ, яагаад орлогчийн өгсөн үүргийг зөрчиж байдаг юм гэх зэрэг албаны үг хэллэгээр загнасан, Тэр үед Х.Э  нь Ж.Н г “Чи байнга жагсаал дотроос тайлбар тавьдаг” гээд хэлж байсан. Маргаан болсон, тэгээд Ж.Н  нь Х.Э ыг ажлаа хийж чаддаггүй гэж хэлсэн чинь Х.Э  нь босож ирээд Ж.Н г “Чи яахаараа дарга нарынхаа өөдөөс ингэж байдаг юм бэ?” гээд заамдаж авсан. Тухайн үед хэн хэнийгээ цохиогүй. Тэр өдөр явсан маршийнхаа талаар “Дэрстэй газраар явсан, дэрсгүй газраар явсан, дайн болох юм бол дэрсгүй газраар явуулна гэх үү?” гээд л дахиад маргалдаад эхэлсэн. Миний сууж байсан сандалны ард байсан буйдан дээр нэг нэгнийгээ заамдаж аваад дээрээ доороо гараад байсан. Гэхдээ хороондоо бие биенийгээ цохисон эсэхийг нь анзаараагүй, хэрэв цохилцож зодолдсон бол би босоод салгах байсан. Н.С  хурандаа ч гэсэн сандал дээрээ сууж байсан, больцгоо гэж хэлж байсан. Ж.Н  гэдэг хүн нь болсон асуудлын талаар бичлэг хийсэн гэж хэлсэн чинь Н.С  хурандаа “Гар утсаа өг” гэж Ж.Н д хэлээд утастай холбоотой хэрүүл болсон. Ж.Н гаас Н.С  хурандаа очоод утсаа өг гэж хэлээд утсыг нь авсан. Ж.Н  нь гараад явсан. Тэр үед Х.Э  “Миний үүдэн шүд уначихсан байна яадаг муу новш вэ?” гэж хэлж байсан. Удалгүй Ж.Н  гэдэг хүн нь буцаад орж ирээд ширээн дээр байсан утсаа аваад гарах гэхэд нь Х.Э  нь “Чи яасан их хүний шүдийг булга цохидог юм бэ?” гээд Ж.Н  руу дайрсан. Н.С  хурандаа наад хоёрыгоо салга гэж надад хэлсэн. Би босоод тэр хоёрын голоор ороод салгах гэж байхад Х.Э  Ж.Н г цохих гээд дайраад байсан. Тухайн үед Х.Э ын гар Ж.Н г онож цохисон эсэхийг би мэдээгүй, ямар ч гэсэн цохих гээд дайраад байхаар нь салгасан. Ж.Н  гэдэг хүн би цагдаад мэдэгдэнэ гэж хэлээд гараад явсан.” гэжээ. /хх-12-13/,

Гэрч  Х.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ангийн захирагчийн баталсан удирдамжийн дагуу ангийн нийт бие бүрэлдэхүүнийг цугларах дохиогоор ажиллуулж говийн бүсийн сургалтын төвийн чиглэлд 30 км-т явган марш үйлдүүлсэн. Марш үйлдүүлж байх явцад дэд хурандаа Ж.Н  жагсаал дотроос эсэргүүцэл илэрхийлж зарим офицер ахлагч нарыг турхирч явуулж байгаа үйл ажиллагаанд саад болсон. Улмаар 5 км орчим яваад цуварсан бие бүрэлдэхүүнийг жагсааж журамлахад Ж.Н  ингэж маршийг явуулдаггүй юм мал минь гэх мэтчилэн миний өөдөөс хэл амаар доромжилсон. Тухайн үед би Ж.Н д “Чи нэг бол жагсаалд явж чадахгүй бол буцаад яв” гэж хэлсэн. Ж.Н  жагсаалаас гараад буцаад ангийн байрлал руу яваад өгсөн. ингээд марш явдагаараа яваад үдээс хойш 17 цагийн орчимд анги дээрээ ирээд ангийн захирагч хурандаа Н.С т болсон асуудлын талаар илтгэсэн. Тухайн үед ангийн захирагч Н.С  албан өрөөндөө нэг иргэнтэй хамт сууж байсан Ж.Н г замын дундаас буцаж явсан, үйл ажиллагаанд саад болсон гэж хэлсэн. Ангийн захирагч Ж.Н г өрөөндөө дуудаж авчирсан. Ангийн захирагч “Ж.Н  яагаад захирагч орлогч нарын өөдөөс эсэргүүцэж үйл ажиллагаанд нь яагаад саад учруулаад байгаа юм бэ, энэ асуудал чинь удаа дараа болж байна” гэж хэлсэн. Тухайн үед Ж.Н  ангийн захирагчийн өөдөөс “Таны ярьсан яриаг утсан дээр бичиж авсан үүнийг жанжин штабын удирдлагуудад сонсгоно” гэж хэлсэн. Захирагч Ж.Н г утсаа аваад ир гэхэд Ж.Н  утсаа өгөөгүй. Захирагч намайг дуудаад утсыг нь аваадах гэж хэлсэн. Би Ж.Н г буйдан дээр хоёр гарыг нь ард нь гаргаад дарсан. Тэгтэл гараа мултлаад миний үүдэн шүд рүү баруун гараараа нэг удаа цохисон. Миний үүдэн нэг шүд хугарсан. Би Ж.Н гийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Бид хоёр салаад сандал дээрээ буцаад суусан. Ж.Н  ангийн захирагчийн өрөөнөөс шууд гараад явсан. Хэсэг хугацааны дараа Ж.Н  миний утас руу хэд хэдэн удаа залгаж хэл амаар доромжилсон. Би эхнэрээ дуудаад “Шүдээ хуга цохиулчихлаа” гэж хэлээд гэр лүүгээ харьсан. Ж.Н  миний шүд рүү цохиод үүдэн шүдийг хугалчихаар нь уурандаа нэг удаа гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Н.С  Ж.Н гийн бие эрх чөлөөнд халдаж цохиж зодоогүй. Тухайн үед Н.С , гадны энгийн нэгэн залуу, Ж.Н  бид хэд байсан. Өөр хүн байгаагүй. Би эрүүл байсан. тэр хэдийг архи уусан эсэхийг би мэдэхгүй байна. Н.С  хурандаа Ж.Н д хандаж “Чи яагаад ингээд орлогч нарын тавьсан шаардлага болон явуулж байгаа үйл ажиллагааг эсэргүүцээд байгаа юм бэ?” гээд “Чи эсвэл яв” гэж хэлсэн.” гэжээ. /хх-14-15/,

Гэрч Ж.Н гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 09 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед намайг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг болох Жаал-Уулын 5-24 тоот гэртээ амарч байхад 167 дугаар ангийн захирагч хурандаа Н.С  над руу утсаар залгаад “Ажил дээр хүрээд ирээ, би өрөөндөө байна” гэж хэлсэн. Би анги руу очоод ангийн захирагч Н.С ын өрөөнд ороход тэнд ангийн орлогч Х.Э , нэг танихгүй хүн гурав архи уугаад сууцгааж байсан. Ангийн захирагч Н.С  “Чи надтай сөргөлдөх гээд байгаа юм уу?” гэхээр нь би “Өнөөдрийн 30 км явсан явган марш төлөвлөгөөгүй явагдсан” гэж хэлсэн чинь Н.С  “Би мэдэж байна” гэсэн. Би “Энэ маршрут чинь урьд өмнө нь төлөвлөсөн байх ёстой, төлөвлөгөө гараагүй байж хороогоо яагаад хөдөлгөсөн юм бэ?" гэхэд Н.С  намайг “Зайл” гэсэн. Би “Нэг дэх өдөр өргөдлөө өгнө” гээд хоорондоо маргалдаж байгаад өрөөнөөс гарахдаа “Та нарын үйл ажиллагаа цаанаа гэрчтэй, ажлын үр дүнд хүрэхгүй шүү” гэж хэлээд гарах гэтэл Н.С  хурандаа миний ардаас зуураад цамцны захаар миний хоолойг боогоод өрөөний буйдан дээр дээш нь харуулж хэвтүүлээд дээрээс дартал Х.Э  нь босч ирээд миний толгой руу нэг удаа цохиж авсан. Би хажуу тийшээ хартал Х.Э  ард дагзан дээр 3 удаа цохиж авсан. Н.С  хурандаа Х.Э ыг “Чи яагаад цохиод байгаа юм бэ, наад утсыг нь булаагаад ав гэж байхад” гээд намайг буйдан дээр босгохгүй цамцнаас боогоод байхаар нь би хоёр тийшээ хөрвөөсөн. Х.Э  ар дагз руу 2 удаа, гуя руу нэг удаа өшиглөсөн. Н.С  миний гар утсыг аваад цаашаа явтал Х.Э  дээрээс дараад суучихсан. Би Х.Э ыг цааш нь түлхээд гар утсаа авъя гэхэд Н.С  өгөхгүй гэсэн. Би Н.С т “Энэ утас миний хувийн утас, албаны гар утас биш шүү” гэхэд Н.С  “Өрөөнөөс гараад зайл” гэж хэлэхээр нь би өрөөнөөс гараад цагдаагийн газар ирсэн. Би архи уугаагүй эрүүл байсан. Н.С , Х.Э  хоёр өрөөндөө архи уугаад сууж байсан, согтуу байсан.  Н.С  хурандаа энгийн хувцастай, харин Х.Э  цэргийн дүрэмт хувцастайгаа байсан. Тухайн 30 километрийн марш урьд өмнө нь бэлдэж төлөвлөсөн, төлөвлөгөөний дагуу явагдах ёстой байхад ямар нэгэн төлөвлөгөө гаргасан зүйл байгаагүй. Миний уруулын дээд талд хөндүүртэй, мөн толгой тархи их өвдөж байна.” гэжээ. /хх-16/,

Гэрч Ж.А гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт:

“...Х.Э  Ж.Н  хоёр хоорондоо маргалдаж барилцаж авцгаагаад байсан. Түүнээс биш тэр өрөөнд бүлэглэн зодолдсон, зодсон үйлдэл огт болоогүй. Н.С  Ж.Н гаас гар утсыг нь авсан. Гэхдээ авахдаа заамдаж, боосон үйлдэл хийхээргүй, утсыг гарнаас нь авах гээд булаацалдаж байсан. Ж.Н  гэдэг хүн бичлэг хийсэн тухай юм яриад Н.С  “Чи яахаараа бичлэг хийдэг юм бэ?” гээд бичлэг хийсэн эсэхийг нь шалгах гээд утсыг нь аваад байх шиг байсан. Дараа нь утсыг буцаагаад өгчих шиг болсон. Ширээн дээр байхад нь Ж.Н  өөрөө авсан санагдаад байна.” гэжээ. /хх-56/,

Гэрч Э.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Тухайн дуудлагын дагуу 167-р цэргийн анги руу очиж ангийн захирагчийн өөрөө рүү нь ороход ангийн захирагч хурандаа Н.С  гэдэг хүн халзан толгойтой 40 орчим насны эрэгтэй хүнтэй хамт юм яриад сууж байсан. Явж ороод Н.С т хандаж таны өрөөнд зодуулсан гэж Ж.Н  гэх хүнээс гомдол ирсэн, та одоо намайг дагаж яваад цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өг гэж хэлээд дагуулж цагдаагийн газар дээр авчирч согтуурал шалгах багажаар согтолтын зэргийг шалгахад 2.02 хувийн согтолттой байсан тул мэдүүлэг авалгүй гэр лүү нь явуулсан. Хамт байсан халзан толгойтой хүн нь мөн л архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.” гэжээ. /хх- 57/,

Гэрч Г.П ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би тэр өдөр жижүүрийн офицероор үүрэг гүйцэтгэж байсан. Ж.Н  гэдэг хүн 167-р цэргийн ангийн захирагчийн өрөөнд зодуулсан гэх дуудлага өгсний дагуу эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Э.Б  жолооч С.Б  нарын хамт тухайн дуулаганд очиж 167-р цэргийн анги руу очиж ангийн захирагчийн өөрөө рүү ороход ангийн захирагч хурандаа Н.С  гэдэг хүн, халзан толгойтой 40 орчим насны эрэгтэй хүнтэй хамт юм яриад ширээн дээрээ архи тавьсан сууж байхаар нь “Та дагаад цагдаа руу явах шаардлагатай байна, хамт яв” гэж хэлээд цагдаагийн газарт авчираад согтуурал шалгах багажаар согтолтын зэргийг шалгахад 2.02 хувийн согтолттой байсан тул мэдүүлэг авалгүй гэр лүү нь явуулсан. Хамт байсан халзан толгойтой хүнийг шалгахад тухайн хүн цэргийн ангид ажилладаггүй энгийн хүн хэлж байсан ба мөн согтолттой байсан.” гэжээ. /хх-58/,

Гэрч Б.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 09 дүгээр сарын 16-нд манай анги цугларах дохиогоор ажиллаад сургалтын төв рүү 30 километрт явган марш үйлдсэн. Би ангийн бие бүрэлдэхүүнийг өглөө 07 цагт хөдөлгөөн үйлдүүлээд ангийн энгийн ажилчин алба хаагчдад ангийн харуул, манаа болон барилга байгууламж объектийг хүлээлгэж өгөөд араас нь 1 цаг 30 минутын дараа явган марш үйлдэж байгаа цэргийн албан хаагч дээр очсон. Очоод захирагчийн орлогч дэд хурандаа Х.Э той уулзахад “Дэд хурандаа Ж.Н  жагсаалаар явахгүй гээд дур зоргоороо өөрийнхөө тааваар явна гээд байна. Ер нь тэгж явдаг юм гээд тайлбар тавиад хамт олны дунд өөдөөс маргаад байна” гэж хэлсэн. Би маршийн замд амрах газар очоод бие бүрэлдэхүүнийг зогсоож амраасан. Тэгтэл дэд хурандаа Ж.Н  над руу ирээд “Чи хаана юу болсон талаар танилцуулсангүй, явган маршийг ингэж үйлддэггүй юм. Очих газраа хэлбэп хүмүүс дур зоргоороо яваад очно, өөрийнхөө таавар” гэж хэлэхээр нь Ж.Н д “Тийм юм байхгүй анги хамт олон бол жагсаалаар явна, замд нь хичээл заана, төрөл бүрийн цагийн байдал үүсгэнэ, тийм болохоор бөөндөө жагсаалаар явна, энэ бол сургалт юм. Би өөрөө удирдаад явна” гэж хэлэхэд “Чи юугаа мэддэг юм бэ? Ажиллагаанд явж үзсэн үү мангар бацаан минь наад ажлыг чинь би арваад жил хийсэн, ингэж явган марш хийдэггүй юм” гэж хэлээд байсан. Тэр үед би Ж.Н д “Танаас нас, цолоор бага байж болно, албан тушаалын зэрэглэлээр би хамт олныг удирдаж явах ёстой. Та миний командад явах ёстой” гэж хэлсэн чинь “Жагсаж явахгүй чадахгүй” гэхээр нь “Та нэг бол миний командад ороод жагсаад явж чадахгүй бол буц гэж хэлсэн, буцлаа гээд яваад өгсөн. Бид нар төлөвлөгөөний дагуу явган маршийг үйлдүүлээд хичээл сургуулийг явуулаад өдөр 14 цаг 30 минутанд хичээлээ дуусгаад буцаад ангийн байрлал руу хөдөлгөөн үйлдээд 17 цагийн үед ангийн байрлалд ирсэн. Захирагчийн орлогч дэд хурандаа Х.Э  “Би захирагчийн өрөөнд орж маршийн үйл явцын талаар илтгээд ирье, чи цэргийн алба хаагчийн буу зэвсгийг тавиулаад бие бүрэлдэхүүнийг жагсаагаад даргын ажилд нь оруулчих” гэж хэлсэн. Би бие бүрэлдэхүүнд үүрэг тавиад дараагийн ажилд нь оруулчихаад жижүүрийн байр луу ороод байж байтал дэд хурандаа Ж.Н  шатаар утсаар яриад бууж ирээд штабын гадаа зогсож байгаад буцаад 2 давхарын шатаар гараад явсан. 2 давхар луу хаашаа орж байгааг мэдээгүй, жижүүрээс “Дэд хурандаа Ж.Н  хэзээ ирсэн юм бэ?” гэж асуусан чинь захирагчийн орлогч Х.Э  захирагч руу орсон, дараа нь захирагч Ж.Н  дэд хурандааг дуудуулсан юм” гэж хэлсэн. Тухайн үед би бодохдоо Х.Э  орлогч маршийн явцын талаар илтгэхдээ Ж.Н гийн үйлдлийг захирагчид танилцуулсан юм байна даа гэж бодсон. Гэхдээ нэг их удаагүй Ж.Н  дэд хурандаа шатаар бууж ирээд шууд гараад шалган нэвтрүүлэх байр луу чиглээд яваад егсөн. Х.Э  дэд хурандаагийн эхнэр нь жижүүрийн байранд орж ирээд Х.Э  хаана байна гэж асуухад нь “Захирагчийн өрөөнд байгаа гэж хэлсэн” эхнэр нь дээшээ захирагчийн өрөөнд ороод Х.Э  дэд хурандааг дагуулаад гараад ирсэн. Би Х.Э той уулзсан чинь “Ж.Н  миний шүд рүү цохиод үүдэн шүдийг хуга цохисон” гээд шүдээ бариад явж байсан. Эхнэртэйгээ хамт ангиас гараад явсан. Би ч гэсэн гэр лүүгээ харьсан.” гэжээ. /хх-60/,

Яллагдагч Х.Э  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө ангийн захирагчийн баталсан удирдамжийн дагуу ангийн нийт бие бүрэлдэхүүнийг цугларах дохиогоор ажиллуулж Говийн бүсийн сургалтын төвийн чиглэлд ангийн нийт бие бүрэлдэхүүнийг 30 километрийн явган марш үйлдүүлсэн. Марш үйлдээд явж байх үед нийт бие бүрэлдэхүүн цувраад байсан, ингээд бие бүрэлдэхүүний эхэнд явж байсан офицер, ахлагч нарыг зогсоож жагсаалыг журамласан, энэ үед дэд хурандаа Ж.Н  явуулж байгаа үйл ажиллагаанд саад болж намайг маршийг ингэж явуулдаггүй юм гэж доромжилсон. Тэр үед би Ж.Н д “Та энэ жагсаалд явуул яв, явахгүй бол боль” гэж хэлсэн. Ингээд марш цааш үргэлжлээд явсан, Ж.Н  ангийн байрлал руу буцаад явсан, бусад бие бүрэлдэхүүн төлөвлөгөөний дагуу маршинд яваад 17 цагийн үед ангийн байрлалд буцаж ирсэн. Би явсан маршийн талаар ангийн захирагч хурандаа Н.С т өрөөнд очиж илтгэсэн. Мөн дэд хурандаа Ж.Н гийн гаргасан үйлдлийг бас хэлсэн. Энэ үед ангийн захирагч Н.С  өрөөндөө Ж.А  гэдэг энгийн иргэнтэй ажлын шугамаар юм яриад сууж байсан. Н.С  хурандаа Ж.Н гийн утас руу залгаж өрөөндөө дуудсан. Ж.Н  дэд хурандаа ирээд ангийн захирагч Н.С  Ж.Н д хандаж “Чи яагаад ангийн орлогч нарын явуулж байгаа үйл ажиллагаанд саад болж хэл амаар доромжилж, жагсаалд нь яагаад ордоггүй юм бэ?” гэхэд Ж.Н  таны орлогч нарын явуулж байгаа ажил ойлгомжгүй байна гээд өөдөөс нь маргаж эхэлсэн. Ангийн захирагч Н.С  Ж.Н  дэд хурандааг яв гэж хэлсэн. Ж.Н  дэд хурандаа захирагчийн өрөөнөөс гарахдаа таны хэлсэн үгнүүдийг утсан дээр бичиж авсан. Жанчин штабын удирдлагуудад очиж сонсгоно гэж хэлсэн. Тухайн үед захирагч Н.С  Ж.Н гаас утсыг нь булааж авах гээд ноцолдсон. Энэ үед захирагч надад хандан Ж.Н гийн утсыг аваадах гэж хэлсэн. Би Ж.Н гийн хоёр гарыг ард нь холбож бариад буйдан дээр дараад унасан. Ж.Н  надаас гараа мулталж татаж аваад шууд баруун гараараа миний үүдэн шүд рүү нэг удаа цохисон. Түүнээс болоод миний үүдэн дээд талын нэг шүд хугарсан. Би Ж.Н гийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Би босоод сандал дээрээ суугаад эхнэрээ дуудаад ангийн хашаанаас гараад гэр лүүгээ харьсан. Ж.Н  миний үүдэн шүд рүү нэг удаа цохиод хугалсан болохоор би уурандаа Ж.Н гийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Н.С  Ж.Н г цохиж зодоогүй. Тэр хүн хэрүүл маргаанд ч оролцоогүй, хэнд ч гар хүрээгүй. Ж.А  гэдэг хүний сууж байсан сандлын хойд хэсэгт Ж.Н  миний шүдийг цохиж хугалсан, тэр хүн үйл явдлыг харсан эсэхийг мэдэхгүй байна. Би эрүүл байсан. Ж.А , Н.С  нар архи уугаад сууж байсныг мэдэхгүй. Захирагч Н.С ын өрөөний ширээн дээр тал шил архи байсан. Уусан эсэхийг нь мэдэхгүй.” гэжээ. /хх-30-31/,

Яллагдагч Ж.Н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр манай ангийн захирагч хурандаа Н.С  над руу утсаар яриад өрөөндөө дуудсан. Тэр өдөр амралтын өдөр байсан, би өрөөнд нь яваад очтол өрөөндөө нэг энгийн иргэн болон захирагчийн орлогч дэд хурандаа Х.Э  нар хамт байсан, намайг яваад орсон чинь захирагч чи яахаараа маршинд явахгүй орлогчийн үгэнд орохгүй байгаа юм бэ гэхээр нь тухайн явагдсан арга хэмжээний захирамжийг танилцуулаагүй, буруу явагдаад байхаар нь би яваагүй юм гэж хэлсэн. Би өөрөө удирдах албан тушаалд 10-н жил ажиллаж явсан хүний хувьд явган маршийг явуулах талаар хэдэн зүйл Х.Э од хэлсэн гэж хэлсэн чинь чамтай юм ярихгүй, чи яв гэхээр нь нэг дэх өдөр уулзъя гэж хэлээд өрөөнөөс нь гарахдаа тухайн арга хэмжээ бичлэг гэрчтэй би Жанжин штабын хяналт, шалгалт, үнэлгээний газарт хандана гэж хэлсэн чинь захирагч буруу ойлгоод намайг утсаараа бичлэг хийсэн байна гэж бодоод Х.Э од миний утсыг ав гэж хэлсэн. Би тухайн үед Х.Э той явган маршийг явуулах талаар маргалдаад байж байсан, тэгтэл Х.Э  миний хоёр гарыг ард бариад буйдан дээр миний дээрээс дараад хэвтэхээр нь би гараа мулталж аваад баруун гараараа Х.Э ын нүүрэн тус газарт нэг удаа цохисон, тэгсэн чинь Х.Э ын үүдэнд шүд нь унасан, Х.Э  миний толгой хэсэг рүү цохих авсан, түүнээс болоод миний тархи хөдөлсөн. Би хийсэн үйлдлээ ойлгож буруугаа үхаарч байгаа, Х.Э оос уучлалт гуйсан, Х.Э  надаас уучлалт гуйсан. Өөр надад хэлэх зүйл байхгүй, энэ хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү гэж хүсэх байна. Н.С  миний эрх чөлөөнд халдаагүй. Ж.А  гэдэг хүн буруу хараад сууж байсан учир сайн хараагүй байх, харин дараа нь намайг гаднаас орж ирээд гарахад Х.Э  шүд унагасан гээд дайрахад салгасан. Би эрүүл байсан.” гэжээ. /хх-36/,

Яллагдагч Х.Э ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт:

“Хурандаа Н.С  Ж.Н г заамдаж боосон үйлдэл огт гаргаагүй. Ж.Н г бичлэг хийсэн гэж хэлсэн болохоор бичлэг хийсэн эсэхийг үзэх гээд л авсан. Түүнээс биш өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй.” гэжээ. /хх-61/,

Шинжээч эмч Б.Ганшагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“...Х.Э ын зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал гэмтэл нь шинэ хугарал байсан. Би өөрөө үзлэг хийсэн мөн Хэрмэн цахиур шүдний эмнэлгийн эмчийн үзлэг зэргээр шинэ гэмтэл гэж тогтоогдсон. Шүдний гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Ж.Н н биед баруун ядам хурууны 3 дугаар үен дээр 0.2x0.1 см улаан хүрэн өнгийн зулгаралттай байсан. Өөрөөр биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмчийн үзлэгээр болон миний өөрийн үзсэн үзлэгээр Ж.Н гийн хоолойд боолгосон гэхээр ямар нэгэн ул мөр гэмтэл үүсээгүй байсан.” гэжээ. /хх-62/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1728000000050 дугаартай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1728000000050/А дугаартай прокурорын тогтоол /хх-2/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөгчийн санал /хх-2-4/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,

Шүүгдэгч Х.Э ын өргөдөл /хх-6/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-7,9/,

“Хэрмийн цахиур” шүдний эмнэлгийн эмчийн бичиг /хх-17/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-18,22/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-23-24/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 445 дугаартай шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд:

Х.Э ын биед зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар алдагдуулна. /хх-19/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 446 дугаартай шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд:

Ж.Н гийн биед тархины доргилт, баруун ядам хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-25/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-20,21,26,27/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-28-29/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-30-33/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-28, 32/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримт /хх-29,33/,

Шүүгдэгч Ж.Н гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-35/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36,44/,

Шүүгдэгч Ж.Н гийн зэвсэгт хүчний үнэмлэх /хх-37/,

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Ж.Н гийн нэвтрэх үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-38/,

Монгол улсын баатар, хурандаа генерал Жамъянгийн Лхагвасүрэнгийн нэрэмжит зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Захирагч хурандаа Н.С аас ирүүлсэн Ж.Н гийн цалингийн тодорхойлолт /хх-39/,

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Артиллерийн дарга дэд хурандаа цолтой Жамъянжав овогтой Ж.Н гийн ажил байдлын тодорхойлолт /хх-40-42/,

Шүүгдэгч Х.Э ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-43/,

Шүүгдэгч Х.Э ын зэвсэгт хүчний үнэмлэх, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн нэвтрэх үнэмлэхийн хуулбар /хх-45/,

Монгол улсын баатар, хурандаа генерал Жамъянгийн Лхагвасүрэнгийн нэрэмжит зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Захирагч хурандаа Н.С аас ирүүлсэн Х.Э ын цалингийн тодорхойлолт /хх-46/,

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Захирагчийн орлогч дэд хурандаа цолтой Хартолгой овогтой Х.Э ын ажил байдлын тодорхойлолт /хх-47-52/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-53,54/,

Хүсэлтийг хангах тухай мөрдөгчийн тогтоол /хх-55/,

Шинжээчээс авсан мэдүүлгийг танилцуулсан тухай тэмдэглэл /хх-63,64/,

Илтгэх хуудас /хх-65/,

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан Ж.Н гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-68/,

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан Х.Э ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-68/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-70,71/,

Мөрдөгчийн тэмдэглэл /хх-72,73/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-74/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-75-79/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-80/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Э , шүүгдэгч Ж.Н  нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

Шүүгдэгч Х.Э  нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, Зэвсэгт хүчний 167 дугаар цэргийн ангийн захирагчийн өрөөнд хохирогч Ж.Н н биед халдаж, улмаар тархины доргилт, баруун ядам хурууны зулгаралт гэмтэл тогтоогдож, хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.Н  нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, Зэвсэгт хүчний 167 дугаар цэргийн ангийн захирагчийн өрөөнд хохирогч Х.Э ын биед халдаж улмаар зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдож, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Шүүгдэгч Х.Э  нь хохирогч Ж.Н н биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 446 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, шүүгдэгч Ж.Н  нь хохирогч Х.Э ын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 445 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж яллаж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтэд гарсан дараах зөрчлүүдээр хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд шинжилгээ хийлгэх журмын талаар тодорхой хуульчилсан бөгөөд шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийлгэх хугацаа, шинжилгээний объектын талаарх мэдээллийг тусгана гэж хуульчилсан байхад 2017 оны 09 дүгээр сарын 16, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоолуудад шинжээчийн нэрийг бичээгүй байгаа нь хэнд шинжилгээ хийлгэхээр даалгаж, эрх үүргийг хэнд  тайлбарлаж байгаа нь тодорхойгүй байна.

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд Х.Э ыг өөрийн биеэр тогтоолын хамт шинжилгээний албанд хүргүүлсэн талаар бичсэн байхад шинжээчийн дүгнэлтэд Х.Э , рентген зураг, тогтоолын хамт шинжээчийн мэдэлд ирүүлсэн, мөн 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд Ж.Н г өөрийн биеэр  өвчний түүх, тогтоолын хамт шинжилгээний албанд хүргүүлсэн талаар бичсэн байхад шинжээчийн дүгнэлтэд Ж.Н , яаралтай тусламжийн хуудас, тогтоолын хамт шинжээчийн мэдэлд ирүүлсэн талаар дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх шийдвэрээ шинжилгээний объектын хамт хүргүүлнэ гэж заасан ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.2.4-т шинжилгээний объект гэж хүн болон хэргийн материал, эмнэлгийн бичиг баримтыг мөн журмын 1.3-т эмнэлгийн бичиг баримтад өвчний түүх, эмчлүүлэгчийн карт, шинжилгээний хариу зэрэг нь эх хувиараа байх ба тухайн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байна гэж журамлажээ. Түүнчлэн шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд шинжилгээний объект, түүнд тавих шаардлагын талаар хуульчилсан ба мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний объектыг шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийн хамт шүүхийн шинжилгээний байгууллага, эсхүл шинжээчид хүргүүлнэ гэж тус тус хуульчилжээ.

Эдгээр хууль болон журмаас үзэхэд шинжээч нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс ирүүлсэн шинжилгээний объектын хүрээнд л дүгнэлтээ гаргана гэж ойлгогдож байх бөгөөд шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт материал гаргаж ирүүлэхийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс хүсэх эрхтэй байна.

Шинжээчид шинжлүүлэгчээс шинжилгээний объектыг гаргуулан авах эрх олгогдоогүй бөгөөд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд яаралтай тусламжийн хуудас болон рентген зураг гэх шинжилгээний объектыг шинжээчийн мэдэлд ирүүлээгүй байхад дүгнэлт гаргасан,   Мөн 2017 оны 09 дүгээр сарын 16-ны шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор Ж.Н , өвчний түүхийг шинжээчийн мэдэлд шилжүүлсэн атлаа шинжээчийн дүгнэлтэд Ж.Н  болон яаралтай тусламжийн хуудсыг үндэслэн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Хавтаст хэрэгт Ж.Н гийн өвчний түүх авагдаагүй болно.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана... гэсэн заалтын дагуу шинжээчийн дүгнэлтийн эх сурвалж болох рентген зураг, яаралтай тусламжийн хуудсыг магадлах аргаар нотлох баримтыг шалгах боломжгүй болсон төдийгүй мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг хохирогч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй гэх үндэслэл тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр хуулийн 7-д энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан бөгөөд энэхүү үндэслэлээр шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцох боломжгүй болсон байгааг дурдах нь зүйтэй.

Хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй төдийгүй нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Э ыг хохирогч Ж.Н гийн биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ж.Н г хохирогч Х.Э ын биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Х.Э , Ж.Н  нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Э ын зүүн дээд 1-р шүд хугарсан бөгөөд шүд хийлгэх эмчилгээний төлбөрт 1.800.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Н гаас нэхэмжилсэн ба энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3-т шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд, оролцогч байхаар заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн   1.20-т зааснаар талууд гэж шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчийг тодорхойлсон байна.

Шинжээч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар бусад оролцогчид хамаарч байх тул шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шинжээчийн нэрийг бичээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Х.Э , шүүгдэгч Ж.Н  нарын үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгож, шүүдэгч Х.Э , шүүгдэгч Ж.Н  нарыг тус тус цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.Э , шүүгдэгч Ж.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Э  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.1 дүгээр зүйлд зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан ах бусад этгээд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ