Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 136

 

 

 

                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.О,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Д.Б ,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Н,

            Шүүгдэгч: А.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.О д холбогдох 1728000000056 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгч А.О  нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт иргэн Д.Б ийн бие эрх чөлөөнд халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Д.Б тэй бууц, хорооны талаар  ярих гэж очоод муудалцаж маргалдаад гэмтэл учруулсан. Би түүнээс уучлалт гуйж, хохирлыг барагдуулъя гэж хэлсэн гэв.

Хохирогч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би худгаа янзлаад байж байхад А.О  машинтай хүрч ирээд намайг суучих гэсэн. Би машинд нь сууж, хөдөө очоод бууцны тал дээр маргалдаж байгаад А.О  намайг цохиж, хэл үгээр доромжилсон. Гомдолтой байна. Би хохирол төлбөрт нийт 5.436.200 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хохирогч Д.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг Замын шанд багийн Өндөр бор гэдэг газарт худаг дээр худаг янзлаад байж байсан юм. А.О  ирээд машинд суу гэж хэлээд би түүний машинд суусан чинь тэр хөдлөөд явсан. Жаахан явж байгаад зогсоод тэр бид хоёр бууцны талаар хэрэлдэж маргалдсан. Тэр намайг хэд хэдэн удаа цохиж аваад хэл үгээр доромжилсон. А.О  бид хоёр бууцан дээрээс болж маргалдсан. Бид хоёр хоорондоо бууцны маргаантай байгаа юм. А.О  гараараа толгой руу хоёр удаа цохиод шүд рүү цохисон уг нь түүнийг намайг цохичихно гэж санаагүй. А.О  тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. А.О  намайг зодож байхад бид хоёрын дэргэд хүн байгаагүй. Дараа нь араас манай эхнэр Б.Б , А.О ийн эхнэр хоёр хүрээд ирсэн. Гомдолтой байна.” гэжээ. /хх-5/,

Хохирогч Д.Б ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б.С  А.О  бид хоёрын араас ирээд юм асуугаагүй. Миний үүдэн шүд хөдөлгөөнтэй, унаагүй байгаа. Гомдолтой байна.” гэжээ. /хх-6/,

Иргэний нэхэмжлэгч Д.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт А.О  гэдэг хүнд зодуулснаас болж миний үүдэн хоёр шүд сулраад унах гэж байгаа юм. Түүнийгээ эмчлүүлж, гарсан зардлыг А.О ээс нэхэмжилнэ. Баримтаа бүрдүүлж байж өгнө.” гэжээ. /хх-8/,

Гэрч Д.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хөдөө гэрийнхээ худаг дээр  усны онгоц болон мал ус ууж зогсдог газарт нь цемент цутгах ажилтай байж байхад А.О  ирсэн. Намайг машинд суу гэхээр нь машинд суугаад худагнаас холдоод хөдөө хээр очиж зогсонгуутаа буугаад ир гэсэн. А.О  намайг шууд уруул руу цохиод авсан. Би яаж байна гэсэн чинь “Чамайг одоо алсан ч яадаг юм. Би Цогт-Овоод шилжээд ирсэн , өвөлжөө чинь манайх болсон, чиний өвөлжөө гэж байхгүй, чи одоо эндээс хурдан нүү, өвөлжөөн дээрээс гэрээ ав гээд хэл үгээр доромжлоод байсан. Бид хоёрыг маргаж байхад А.О ийн эхнэр, манай эхнэр Б.Б  нар ирээд салгаад би эхнэрийн хамт худаг руу очсон. Ер нь бол А.О ийг сайн танихгүй. Дундговь аймгийн Хулд сумын малчин байгаа юм. Хоёр сумын зааг газарт нутагладаг болохоор нэг нэгнийгээ таньдаг байсан. Бусдаар ямар нэг хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. 2017 оны 07 дугаар сараас эхлээд өвөлжөөний маргаантай байсан. Ямар учиртай өвөлжөө вэ гэхээр Далангийн ихэр гэдэг газар өвөлжөөний газрыг би өөрийн нэр дээр 2016 оны 06 дугаар сард өмчилж авсан юм. А.О  тэр өвөлжөөн дээр 2 жил өвөлжчихөөд манайх гээд манай өвөлжөөн дээр чулуун хороо барьчихаар нь би гэрээ аваачаад барьсан чинь А.О  чи одоо эндээс яв, энэ чинь манай өвөлжөө би Цогт-Овоод шилжиж орж ирээд авна гээд дайраад байсан юм. Үүнээс үүдэн маргаан болсон. Миний биед гэмтэл учирсан, амаа ангайх буюу юм идэхэд эрүүний ар хэсгээр өвдөөд юм идэж чадахгүй, уруул хавдаж өвчин орсон. Үүдэн нэг шүд хөдөлж янгинаж өвдөөд байгаа. А.О  тухайн үед их согтуу байсан. Гэхдээ машин бариад яваад байсан. Би гомдолтой байна.” гэжээ. /хх-9/,

Гэрч Б.С ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

            “2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр А.О  Хулд сум орж шилжүүлгээ аваад Цогт-Овоо суманд очиж бүртгүүлэх ажилтай ганцаараа явсан юм. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хөдөө гэртээ байж байхад утсаар А.О  ярихдаа “Машин түлшгүй болчихлоо түлш аваад М ынд хүрээд ир” гэсэн. Би түлш аваад М ын худаг дээр очиход А.О  машиндаа сууж байсан. Машинаас савтай түлшээ авах гээд явах хооронд А.О  машинтайгаа хөдлөөд явсан. Би араас нь явах гээд машиндаа сууж байхад Д.Б ийн эхнэр машинд орж ирээд суугаад А.О ийн араас яваад очтол хөдөө хээр А.О , Д.Б  нар ярилцаад зогсож байсан. Бид хоёрыг очсон хойно тэр хоёр хоорондоо муудалцаад барилцаад авсан. Тэднийг салгаж аваад бид нар явцгаасан. Бид хоёрыг очиход маргалдаж муудалцсан зүйл байгаагүй. Машинаасаа жоохон зайтай ярилцаад зогсож байсан. Харин бид хоёрыг очсоны дараа хоорондоо муудалцаад барилцаад авахаар нь салгасан. А.О  зүгээр байсан. Д.Б ийн уруулаас цус гараад хатсан байсан. “Уруулаа яасан юм чи хүн цохисон юм уу?” гээд А.О ээс асуухад Д.Б  хажуугаас... уруул харгарсан байсан юм” гэсэн. Д.Б  архи уусан байсныг мэдээгүй, А.О  архи уусан байсан.” гэжээ. /хх-10/,

Гэрч Б.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрийнхээ ус уудаг худаг дээр худгаа янзлаад байж байхад А.О  машинтай ирээд Д.Б ийг дуудаад Д.Б  машинд нь суугаад явсан. Явсаных нь дараа А.О ийн эхнэр машинтай хүрээд ирэхээр нь хамт А.О , Д.Б  хоёрын араас очтол тэр хоёр бие биенээ барилцаад маргалдаад зогсож байсан. Бид хоёр салгаад явцгаасан. Яг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Бид нар өвөлжөө бууцны маргаантай байсан, тэрнээс болж муудалцсан байх. Намайг очиход Д.Б ийн уруул, шүд цус болсон байсан. А.О ийн биед гэмтэл харагдаагүй. Д.Б  архи уугаагүй худаг дээр ажил хийж байсан. Архи уух завдал болоогүй. А.О  архи уусан байсан, их халамцуу харагдсан.” гэжээ. /хх-11/,

Шүүгдэгч А.О ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:

“Манайх Цогт-Овоо сумын нутаг Хонгорын энгэр гэдэг газар 3 жил өвөлжсөн юм. Энэ намрын эхэн сард Д.Б  манай өвөлжсөн өвөлжөөний газарт гэрээ аваачаад барьсан байхаар нь “Цэнгээ гэрээ аваа, чиний яриад байгаа “Ихэр” гэдэг газар бишээ, чи андуураад байна” гэсэн чинь “Мөн” гээд зөрөөд байсан. Бид хоёр өвөлжөөнөөс болоод хоорондоо маргаантай байсан юм. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хулд сумаас ганцаараа өөрийн Истарекс машинтайгаа хөдөө гэр лүүгээ явж байгаад Об ахынд очсон. Об ах надтай хамт яваад Д.Б ийнд очсон чинь худаг дээр байгаа гэхээр нь худаг дээр очоод Д.Б ийг дуудаж машиндаа суулгаад хөдөө хээр очоод өвөлжөөний маргаантай асуудлаа эв зүйгээр шийдэх гээд ярилцсан чинь  Д.Б  манай өвөлжөө гээд зөрүүдлээд байхаар нь би машинаасаа бууж очоод Д.Б ийг буугаад ир гэсэн. Бид хоёр барилцаж аваад би Д.Б ийн өмсөж явсан хувцасны захаар нь боосон. Д.Б  ч бас намайг боогоод зууралдаад байж байхад манай эхнэр Б.С , Д.Б ийн эхнэрийн хамт ирээд бид хоёрыг салгасан. Бид нэг нутгийн л хүмүүс, хамаатан садангийн холбоо байхгүй. Хамт явж байсан Об ах Д.Б ийн хамаатан гээд очно гэхээр нь хамт очсон. Би Д.Б ийг цохъё гэж цохиогүй, хувцасны захаар нь боохдоо хүчтэй уруул хавьд нь гараараа хүрсэн байх. Надад хүн зодож цохино гэсэн бодол байгаагүй. Д.Б ийн уруул нь бомбойж хавдсан байсан. Миний биеийн баруун гарын шуун дээр хөхөрсөн, уруулын дотор тал бага зэрэг шалбарсан байгаа. Д.Б  тухайн үед архи уусан эсэх нь мэдэгдэхгүй байсан. Би Хулд сумаас гараад Об ахынд очоод монгол архи уусан байсан. Өмнө нь Д.Б д “Ихэр” гэдэг газар биш шүү, тэр газар чинь баруун талд байдаг гээд байхад гэрээ өвөлжөөн дээрээс аваагүйгээс болж ийм байдалд орчихоод байгаадаа гомдолтой байна.” гэжээ. /хх-12/,

Гэрч Б.С ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт:

            “Би нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлнэ.” гэжээ. /хх-13/,

Шинжээч эмч С.Шүрцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 дахь заалтаар хүний шүд гурван тийш сууриараа ганхсаныг шүд унасанд хамааруулдаг, тухайн шүд нь угаараа хугарсан  байдаг учраас унасанд тооцдог.” гэжээ. /хх-20/,

Шүүгдэгч А.О ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Өндөр борын ус гэх газарт байдаг худаг дээр машинтайгаа хүрээд очиход Д.Б  байж байсан. Би түүнийг машинд суу гэж хэлээд дагуулаад явсан. Удаагүй нэг газар очиж зогсож байгаад бууц хорооны талаар ярьсан. Манайх нэрийг нь мэдэхгүй шинэ газарт бууц барьсан байсан, тэгсэн чинь тэднийх бууцан дээр гэрээ барьсан байхаар нь учраа олох гэж түүнтэй уулзсан юм. Түүнийг гэрээ бууцан дээрээс барьсан гэрээ ав гэж хэд хэдэн удаа хэлэхэд тэр гэрээ авахгүй байхаар нь учраа олох гэж худаг дээр очсон юм. Тэр “Манай энэ бууцыг ихрийн бууц гэдэг” гэж хэлэхээр нь би “Тэр бууц чинь баруун талд байгаа” гэхэд тэр “Ихэр мөн манай бууц” гээд зөрөөд байсан. Бид хоёр хоорондоо маргалдаад заамдалцаж байхад араас манай эхнэр хүрээд ирсэн. Би тухайн үед Д.Б тэй уулзахаас өмнө айлаар ороод аяга монгол архи уусан байсан, өөр архи уугаагүй. Би Д.Б ийг заамдахдаа ширүүн татаад уруулаас нь цус гаргасан. Би тэр хүнийг цохиж зодно гэж бодоогүй, эв зүйгээ олъё гэж бодсон. Д.Б  эрүүл байсан, тухайн үед бид хоёрын дэргэд хүн байгаагүй. Бууцнаас болоод хэрэлдэж маргалдсан. Тэр манай бууцан дээр гэрээ барьчихаад авахгүй байсан юм. Би уг нь тэр газар шинээр бууж гэр барьсан юм. Түүнээс болж л тийм асуудал болсон. Уг нь тэр гэрээ авсан бол ийм зүйл болохгүй байсан. Угаасаа манай барьсан гэр шинэ газарт баригдсан.” гэжээ. /хх-26/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1728000000056 дугаартай прокурорын тогтоол /хх-1/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2-3/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-4/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-7/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-14,17/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №469 дүгээр шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: Д.Б ийн биед тархины доргилт, 2 шүд унасан, дээд болон доод уруулын салстын язрал, дээд уруулын зулгаралт, зүүн нүдний доод зовхи, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хоёр шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад 10%  нөлөөлөх, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.” гэжээ. /хх-15/,

Мөрдөгчийн мэдэгдэл /хх-16/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №475 дугаар шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд:

А.О ийн биед уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-18/,

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын их эмчид үзүүлсэн эмчийн бичиг /хх-19/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-21,22/,

Хувийн баталгаа гаргасан баримт /хх-23/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-24/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /хх-25/,

Өмгөөлөгчгүй байцаалт өгнө гэсэн шүүгдэгч А.О ийн хүсэлт /хх-27/,

Согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /хх-28,29/,

Дундговь аймгийн Хулд сумын засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №1/427 тоот тодорхойлолт /хх-30/,

Дундговь аймгийн Хулд сумын засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №1/426 тоот тодорхойлолт /хх-31/,

Шүүгдэгч А.О ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-32/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-33-39/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-40,41/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-43/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-44-46/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-47/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.О  нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт иргэн Д.Б ийн бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч А.О д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Д.Б ийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 469 дугаартай шинжээчийн “...Хоёр шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад 10%  нөлөөлөх, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.” /хх-15/ гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч А.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял сонсгосон ба шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч А.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Д.Б  нь шүүгдэгчээс 5.436.200 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн ба нотлох баримтын шаардлага хангасан Улаанбаатараас Цогт-Овоо 18.300 төгрөг /хх-59/, Даланзадгадаас Улаанбаатар 22.900 төгрөг /хх-60/, “Prodent” шүдний эмнэлгийн үзлэг 15.000 төгрөг /хх-61/,  “Ерөөлийн их хур” ХХК-ийн эмийн сангаас авсан эмийн үнэ 99.400 төгрөгийг /хх-62/ нийт 155.600 төгрөгийг шүүгдэгч А.О ээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Харин үлдэх 5.280.600 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б  нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч А.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь

хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.О ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч А.О ээс 155.600 /нэг зуун тавин таван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Боржигон овгийн Даваажавын Д.Б  /регистрийн дугаар: КМ75092911/-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б ийн 5.280.600 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Д.Б  нь иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч А.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ