Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямын Амарзаяа |
Хэргийн индекс | 118/2023/0027/З |
Дугаар | 118/ШШ2023/0035 |
Огноо | 2023-12-13 |
Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 118/ШШ2023/0035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.
Хариуцагч: Завхан аймгийн сумын Засаг дарга, газар эзэших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг Ж., , , , нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П. /онлайнаар/ нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э. /онлайнаар/, хариуцагч Завхан аймгийн сумын Засаг даргын орлогч Ж., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс Завхан аймгийн сумын Засаг дарга болон газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэгт холбогдуулан “ сумын ******* багийн Булгийн харгана гэх газарт байрлах 2.36 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тус газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг сумын Засаг даргад даалгах", "Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар 2023 оны 04 дүгээр сарын 28-нд зохион байгуулагдсан “*******” дугаартай дуудлага худалдааг дахин явуулах шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Хэргийн нөхцөл байдал: сумын Засаг даргын 2023 оны 03 сарын 09-ны өдрийн А/19 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг томилон мөн сумын Засаг даргын 2023 оны 03 сарын 09-ны өдрийн А/20 дугаар захирамжаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалт, дуудлага худалдааны анхны үнэ, дэнчингийн хэмжээ, хугацааг баталсан байна.
сумын ******* багийн Булгийн харгана гэх газарт байрлах 2.36 га газрын /*******/ дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зарлаж, 2023 оны 04 сарын 21-ний өдрөөс 04 сарын 27-ны өдрийн 15 цаг хүртэл бүртгэлийг явуулж, үнийг санал авах хугацааг 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 09:00-15:00 цагийн хооронд явуулахад иргэн П. хамгийн өндөр үнийн санал хэлсэн. Иргэн С.******* нь дуудлага худалдааны үеэр компьютер гацаж сүүлийн минут дээр ялагдсан гэж маргаан үүсгэсэнээр дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар тухайн газарт дахин дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нь газар эзэмшихтэй холбоотой дээрх гомдлоо түүний дээд шатны албан тушаалтан болох Завхан аймгийн Засаг даргад гаргаж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариу авснаар 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П. нь Завхан аймгийн сумын ******* багийн нутаг Булгийн харгана гэх газар байрлах 2,36 га газрын дуудлага худалдаанд дэнчин болон тэмдэгтийн хураамжийг төлөөд цахимаар “*******" дугаартай оролцож дуудлага худалдааны ялагч болсон.
Ингээд 2023 оны 05 дугаар сарын 01-ний 2023/08 дугаар “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г байгуулж гэрээнд заасны дагуу би 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр газрын үнийг төлсөн. Гэтэл сумын Засаг дарга нь одоог хүртэл газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж өгөхгүй байна. Би төлбөр төлсний дараагаас эхлэн дуудлага худалдааг зохион байгуулагч талд гэрээний үүргээ биелүүлж газар эзэмшүүлэх шийдвэрээ олгож өгөхийг хүссэн боловч өгөхгүй байсан. Иймээс би Завхан аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас гомдлын хариуг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн ******* цахим хаягаар хүлээж авсан.
Тус хариунд С.******* гэх хүн тухайн газрыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан бөгөөд дуудлага худалдааны үеэр түүний компьютер гацаж сүүлийн минут дээр ялагдсан гэж маргаан үүсгэсэн тул энэ хоёр иргэнд хоёуланд тухайн газрыг эзэмшүүлэх боломжгүй гэж шийдвэр гаргасан гэсэн байсан.
Дуудлага худалдаа хууль журмын дагуу явагдаж гэрээ байгуулагдсаны дараа дуудлага худалдаанд ялагдсан хүний хувийн зохион байгуулалттай холбоотой шалтаг, гомдлоор надад газар эзэмшүүлэхгүй гэсэн нь шударга бус байна.
Дуудлага худалдааны явцад ямар нэгэн маргаан гараагүй бөгөөд дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулсан хойно дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг маргаан шийдвэрлэх эрх байхгүй.
Түүнчлэн дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг би ажлын хэсэгтэй биш сумын Засаг даргын тамгын газартай байгуулсан, тус гэрээ хүчин төгөлдөр байгаа. Уг гэрээний дагуу дуудлага худалдааны ялагч төлбөр төлөөгүй нөхцөлд нэг тал дангаар цуцлахаар заасан. Үүнээс бусад нөхцөлд нөгөө тал гэрээгээ биелүүлэх үүрэгтэй.
Гэтэл уг гэрээ хүчин төгөлдөр байсаар атал газар эзэмшүүлэхгүй гэсэн хариу өгч, тухайн газарт дахин дуудлага худалдаа явуулна гэж байгаа нь иргэн миний дуудлага худалдаанд оролцох, газар эзэмших эрхийг зөрчиж байна. Иймд хариуцагч нарын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг зогсоож зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан. Нэгд сумын Мандат багийн Булгийн харгана гэх нэртэй 2.36 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тус газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг сумын Засаг даргад даалгах. Энэ шаардлага хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дараах дүгнэлтийг хэлье. Нэхэмжлэгч нь Газрын тухай хууль болон Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах журам зэрэг хууль тогтоомжид заасны дагуу цахимаар дуудлага худалдаанд оролцож, ялагч болсон. Газрын цахим биржид хийсэн тэмдэглэл мөн хариуцагч нарын хариу тайлбараар нэхэмжлэгч цахим дуудлага худалдаанд ялагч болсон гэдэг энэ үйл баримт дээр хариуцагч нар маргадаггүй, ялагчтай байгуулах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч өөрийнхөө хүлээсэн үүргээ биелүүлсэн. Төлбөр төлсөн баримтууд, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр баталгаажиж байна.
Дуудлага худалдааны ялагчтай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт тухайн шатны Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргана гэж зааснаар шаардах хууль зүйн үндэслэлтэй байгаа. Хариуцагч сумын Засаг дарга уг гэрээний дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байна. Шүүхэд хариуцагч талаас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр иргэн С.******* сүүлийн минутад программ гацаад миний мөнгө ороогүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд би тусгуулсан гэх шалтгаанаар маргаан үүсгэсэн тул тухайн газрыг эзэмшүүлэх боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Энэ тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Цахим дуудлага худалдааны программ хэрвээ гацсан бол тухайн сүлжээнд байгаа дуудлага худалдаанд оролцож байгаа бүх оролцогч нарт нөлөөлөх байсан. Программ хэвийн ажиллаж байсан учраас ялагч тодорсон. Тухайн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах, батлах процесс бол захиргааны байгууллагын үйл ажиллагаа бөгөөд иргэн С.*******ын санал хүсэлтээр хийгдэх хууль зүйн боломж байхгүй. Тодруулбал Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт сумын Засаг дарга нь сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ гэж заасан. Хэрвээ сумын Засаг дарга нь хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй иргэн хэн нэгэн хүний хүсэлтийг сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хуралд өргөн мэдүүлдэг бол энэ нь хууль бус ажиллагаа болно. Хоёрт, Завхан аймгийн сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар 09-ний 19 дугаар захирамжаар байгуулагдсан газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан ******* дугаартай дуудлага худалдааг дахин явуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргаж байгаа. Газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 9 дүгээр зүйлийн 9.12 дахь хэсэгт зааснаар байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан эсвэл программ хангамж, техникийн саатал, цахилгаан эрчим хүч, сүлжээ тасарч доголдсоноос дуудлага худалдааг хэвийн явуулах боломжгүй болсон тохиолдолд тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцож, ажлын 5 хоногийн дотор дахин зохион явуулна. Тухайн дуудлага худалдааны үеэр эдгээр нөхцөл байдал үүссэн гэж тогтоогдсон баримт нотолгоо байхгүй. Иргэний гаргасан гомдолд үндэслээд ийм шийдвэр гаргах боломжгүй. Мөн ажлын хэсгийг шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага өөрт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол илт хууль бус гэж үздэг. Учир нь Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт дуудлага худалдаа дахин явуулах шийдвэрийг тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч гаргахаар заасан. Иймээс ажлын хэсэгт дуудлага худалдаа дахин явуулах эрх олгогдоогүй байна. Уг журмын 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт дуудлага худалдааг дахин явуулах нөхцөлүүдийг бас заасан байгаа. 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаагаар худалдан авсан газрын үнэ болон газрын гэрчилгээний үнийг энэ журмын 11 дүгээр зүйлийн 11.3 дах хэсэгт заасан хугацаанд бүрэн төлөөгүй, төлөхийг зөвшөөрөөгүй бол гэж заасан байна. Нэхэмжлэгчийн тухайд заасан хугацаанд төлбөрөө төлсөн. Дэнчинг буцаасан асуудал ярьж байна. Энэ нь захиргааны байгууллагын хийсэн хууль бус ажиллагаа байна. Ялагчийн дэнчингийн мөнгийг яагаад буцаасан бэ? Дуудлага худалдаанд ялагдсан оролцогч нарын дэнчингийн мөнгийг буцаана гэж хуульд заасан байдаг. Уг журмын 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэгт худалдаа явагдаагүй болон явуулах нөхцөл бүрдээгүй, 10.1.3 дахь хэсэгт хууль зөрчиж явуулсныг шүүхийн шийдвэрээр тогтоосон, 10.1.4 дахь хэсэгт дуудлага худалдааны ялагч заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд, дуудлага худалдааг хүчингүйд тооцож, дахин явуулах боломжтой. Гэтэл хариуцагч нарын үндэслэл болгоод байгаа иргэний гомдлоор дуудлага худалдааг хүчингүйд тооцож, дахин явуулах боломжгүй. Тийм учраас Захиргааны хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дах хэсэгт заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
6. Хариуцагч сумын Засаг дарга болон дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд шүүхэд гаргасан тайлбартаа: ... Тус сумын Чигэстэй багийн иргэн *******гийн ******* нь тус сумын ******* багийн нутагт суурин фермерийн аж ахуй эрхэлдэг бөгөөд ногоон тэжээл тариалах зайлшгүй шаардлага үүсэж Булгийн харгана гэх газар тэжээлийн ургамлын зориулалтаар газар эзэмших хүсэлт өгөн 2023 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж 2023 оны 04 дүгээр 28-ны өдөр зохион байгуулагдсан "*******" дугаартай дуудлага худалдаанд тухайн газар нь хуулийн дагуу дуудлага худалдаагаар олгогдохоор батлагдсан. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дуудлага худалдаа зарлагдаж ******* овогтой нь оролцож дуудлага худалдааны цаг дуусахаас өмнөх сүүлийн 1 минут дээр ялсан байдаг. Гэвч С.******* нь сүүлийн нэг минут дээр программ гацаж миний мөнгө ороогүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд би тусгуулсан гэх шалтгаанаар маргаан үүссэн тул сумын Засаг даргын 2023 оны 03 сарын 09-ний өдрийн А/19 дүгээр захирамжаар томилогдсон газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж дээрх хоёр иргэнд хоёуланд нь тухайн газрыг эзэмшүүлэх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан болно гэжээ.
7. Хариуцагч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: сумын Мандат багийн Булгийн харгана гэх газрыг тариалангийн зориулалтаар ашиглаж болохыг С.******* анх санаачилж, газрын төлөвлөгөөнд тусгуулах саналыг гаргаж, иргэдийн хурлаар дэмжигдээд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсноор дуудлага худалдаа зохион байгуулах нөхцөл байдал бүрдсэн. С.******* тухайн газрын хажууд фермерийн аж ахуй эрхэлдэг. Үхрийнхээ маллагаанд зориулж ногоон тэжээл тарихаар тухайн газрын 2 га талбайг ашиглахыг 2022 оны иргэдийн хурлаар анх санаачилж, оруулсан. С.*******ын дуудлага худалдаа зохион байгуулах үеийн сүүлийн минутад миний компьютер гацсан тул мөнгөө шилжүүлж чадаагүй гэх агуулгатай өргөдөл 05 дугаар сарын 04-ний өдөр ирсэн гэдэг. Тухайн үед Засаг дарга хийж байгаагүй учир сайн мэдэхгүй байна. Одоо Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа тул энэ шүүх хуралд оролцож байна. Хуульд дүрэмд яаж заасныг мэдэхгүй байна. Миний бодлоор С.******* нь өөрийнхөө хувийн хэрэгцээнд зориулаад 2 га газрыг ногоон тэжээл тариалах хүсэлтээ өгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон байгаа. Хуульд зааснаар дуудлага худалдаа явуулах шаардлагатай гэж заасан байсан болохоор анх удаа 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дуудлага худалдаа зохион явуулсан. С.******* газрын дуудлага худалдаанд ялаагүй, газраа авч чадалгүй алдсан. 0.7 га газраас дээш хэмжээтэй газруудыг дуудлага худалдаагаар өгдөг болсон юм байна лээ. Маргааныг ажлын хэсэг шийднэ гэсэн байсан тул хэн хэнд нь өгөхгүй байхаар шийдвэрлэсэн. Сум орон нутгийн газар эзэмшүүлэхдээ баримталж байгаа зүйл бол сум орон нутагтаа амьдарч байгаа хүнд хэрэгцээ, зориулалтыг нь харгалзаад тухайн газрыг эзэмшүүлэхийг зорьж байгаа. Үхрээ тэжээгээд сүүгээ зарах юм бол сумын иргэд хүртэл сүү, махны хэрэгцээгээ хямдаар хангах боломжтой гэж үзэж байгаа. Энэ зүйлүүдээс болоод татгалзсан гэв.
8. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сумын газрын даамал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2 га газрыг С.******* нь төлөвлөгөөнд тусгуулахаар саналаа өгсөн. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны 16 тоот шийдвэрээр тухайн газар нь 2023 оны төлөвлөгөөнд батлагдсан. сумын хэмжээнд 29 газар дуудлага худалдаагаар орохоор байсан. 2023 оны 03 дугаар 09-ны өдрийн 19 тоот захирамжаар газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэгт Засаг даргын захирамжаар томилогдсон. Ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын орлогч томилогдон татварын улсын байцаагч, нийгмийн даатгалын байцаагч, нарийн бичгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Нарийн бичгийн даргаар миний бие ажлын хэсэгт орж ажилласан. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дуудлага худалдаа цахимаар нээлттэйгээр зохион байгуулагдсан. сумын хэмжээнд нийт 29 газар дуудлага худалдаанд орох байснаас 8 газар шийдвэрлэгдсэн. П. гэх хүний газар дээр маргаан үүссэн. С.******* сүүлийн 29 секундэд миний компьютер гацсан тул мөнгө ороогүй гэсэн үндэслэлээр маргаан үүсгэсэн. Систем дэх мэдээллийн дагуу П. ялагч болсон. Ялагчтай байгуулах гэрээ программд автоматаар хийгддэг тул ялагч болсон П.ээр гарын үсэг зуруулж, баталгаажуулсан. Тухайн үед Засаг даргад танилцуулж, захирамж гаргах гэсэн чинь С.******* сүүлийн секундэд компьютер гацсан гэж өргөдөл өгсөн тул газрын гэрчилгээ гаргах ажиллагаа хойшлогдсон. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр оролцсон иргэдийн дэнчингийн мөнгө буцаагдсан байгаа. Дуудлага худалдаа зарлагдаад аваагүй байгаа газруудыг программ дээр шууд автоматаар цаанаас нь хаагаад явчихдаг. Дахин дуудлага худалдаа зарлавал ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заавал тусгасны дараа дуудлага худалдаа явуулах боломжтой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Завхан аймгийн сумын Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар 2023 оны 04 дүгээр сарын 28-нд зохион байгуулагдсан “*******” дугаартай дуудлага худалдааг дахин явуулах шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Завхан аймгийн сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн А/19 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын орлогч, татварын улсын байцаагч, нийгмийн даатгалын байцаагч, архив бичиг хэргийн эрхлэгч, газрын даамал гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй байхаар томилж, мөн сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/20 дугаар захирамжийн хавсралтын 28-д “Булгийн харгана” хэмээх газар тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар 23644 м2 газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр, дуудлага худалдааг цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 28-31-р хуудас/
3. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг баталсан байна.
Дээрх журмын 5.3-д Дуудлага худалдааг цахим хэлбэрээр явуулах тохиолдолд Газрын биржийн цахим системээр зохион байгуулна, 7.1-д дуудлага худалдааны зарыг уг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ, 7.1.3-т газрын биржийн цахим системээр гэж тус тус заасны дагуу дуудлага худалдааны зарыг газрын биржийн цахим системд нийтэлж, цахимаар зохион байгуулж явуулсан байна.
4. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 9.9.6.2-т “цахим дуудлага худалдаа 09 цаг 00 минутаас эхэлснээс хойш 15 цаг 00 минут хүртэл үнийн саналыг хүлээн авах бөгөөд 15 цаг 00 минутаас эхлэн үнэ хаялцуулах өрсөлдөөнийг эхлүүлнэ. Үнэ хаялцуулах өрсөлдөөнийг 60 секундээр тооцож явуулах бөгөөд уг хугацаанд оролцогчид үнийн саналаа өсгөх байдлаар өрсөлдөнө”, 9.9.6.3-т “Үнэ хаялцуулах өрсөлдөөний 60 секундийн хугацаа дуусаж, дараагийн 60 секунд тоологдож эхлээд оролцогчдоос үнийн саналыг өсгөн өгөөгүй тохиолдолд хамгийн их дүнтэй үнийн санал өгсөн оролцогчийг ялагчаар тодруулан цахим дуудлага худалдаа дууссан болохыг бүх оролцогчдод мэдэгдэнэ” гэж заажээ.
2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр явагдсан дуудлага худалдаанд П., С.*******, *******, ******* нарын 4 хүн бүртгүүлснээс үнэ өгсөн мэдээлэл дээр П. 15:01:01.688 цагт 484,423 төгрөгийн, С.******* 15:00:29.904 цагт 434,423 төгрөгийн, П. 14:59:01.524 цагт 334,423 төгрөгийн, С.******* 14:38:23.714 цагт 284,423 төгрөгийн, ******* 10:33:11.926 цагт 234,423 төгрөгийн үнийн санал хэлж оролцсоноор тэмдэглэгдсэн байна. /хавтаст хэргийн 51-р хуудас/
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр болсон Завхан аймгийн сумын ******* баг, Булгийн харгана гэх газар байрлах, тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалттай, 23644 м2 хэмжээтэй газрын цахим дуудлага худалдаанд оролцож, тухайн өдрийн хамгийн сүүлийн хугацаа болох 15:01:01.688 цагт 484423 төгрөгийн буюу хамгийн өндөр үнийн санал хэлж, ялагч болсон болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн П.*******гийн компьютероос Газрын биржийн цахим систем рүү орж хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
5.Тухайн дуудлага худалдаанд оролцогч С.******* нь хамгийн сүүлийн 60 секундийн 29 секундээс хойш систем нь мөнгө орохгүй байсаар байгаад дуудлага худалдаа дууссан учир гомдолтой байна. Иймд мэдээлэл ирэхгүй систем гацсан 31 секундийг шалгаж өгнө үү гэсэн гомдлыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргажээ. /хавтаст хэргийн 32-р хуудас/
С.*******ын үнийн санал хэлсэн мэдээллээс харахад 14:38:23.714 цагт 284,423 төгрөгийн, 15:00:29.904 цагт 434,423 төгрөгийн хоёр удаа үнийн санал хэлсэн байх бөгөөд 15 цаг 00 минутаас эхэлсэн үнэ хаялцуулах өрсөлдөөний 60 секундийн 29 дэх секундэд нэг удаа үнийн санал хэлсэн, тухайн 60 секундийн үлдсэн 31 секундийн хугацаанд болон 15 цаг 01 минутаас хойш тоологдох 60 секундийн хугацаанд ямар нэгэн өсгөсөн үнэ хэлээгүй болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийг дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хэлж ялагч болсноор системд бүртгэгдсэн байх тул сумын газрын даамал түүнтэй дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан байна. /хавтаст хэргийн 3-р хуудас/
6. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 15.1-д дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг шийдвэрлэнэ гэж заасан. 2023 оны 04 дугаар сарын 28-ны өдөр явагдсан дээрх дуудлага худалдааг алдаатай явагдсан гэж үзэн тус дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг дуудлага худалдаа явагдсанаас хойш 3 сар гарангын дараа 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хуралдан дахин дуудлага худалдаа явуулах нь зүйтэй гэж дүгнэн шийдвэрлэсэн байх боловч гомдол гаргагч С.*******ын гомдол үндэслэлтэй эсэх, дуудлага худалдаа журамд заасны дагуу явагдсан эсэхийг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй байна.
7. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 9.9.9-д “цахим дуудлага худалдааг энэ журмын 9.9.6-д заасан хугацаанд зогсоосноор оролцогчдоос ирүүлсэн үнийн санал тус бүрийн хугацааг цаг, минут, секундээр бүртгэн тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан байх боловч хариуцагч нараас энэ үүргээ хэрэгжүүлээгүй, хэн, хэзээ, ямар үнийн санал ирүүлснийг тэмдэглээгүй, энэ талаар шалгаж тогтоогоогүй мөртлөө дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
8. Дээрх журмын 10.2-т дуудлага худалдаа дахин явуулах шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргахаар заасан байхад дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэсэн нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар илт хууль бус захиргааны акт байна.
Дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэсэн гэх үндэслэлээр сумын Засаг дарга нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлэхгүй байх тул энэ нь эрх зүйн үр дагавартай байна.
9. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр явагдсан дуудлага худалдаа нь “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10 дугаар зүйлийн 10.1.1-д “дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаагаар худалдан авсан газрын болон газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний үнийг энэ журмын 11.3-т заасан хугацаанд бүрэн төлөөгүй, эсхүл төлөхийг зөвшөөрөөгүй тохиолдолд”, 10.1.2-т “дуудлага худалдаа явагдаагүй болон явуулах нөхцөл бүрдээгүй”, 10.1.3-т “хууль зөрчин явуулсныг шүүхийн шийдвэрээр тогтоосон”, 10.1.4-д “Дуудлага худалдааны ялагч нь энэ журмын 11.2-т заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд” гэж тус тус заасан дуудлага худалдааг дахин явуулах нөхцөл байдал үүсээгүй байхад дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Хариуцагчийн тайлбарласнаар иргэн С.******* нь тухайн газрыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан, тухайн газрын хажууд фермерийн аж ахуй эрхэлдэг гэх үндэслэлээр дуудлага худалдааг дахин явуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
10. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тухайн захиргааны актыг гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй гэх тайлбар үндэслэлтэй байх тул дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн дахин дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр илт хууль бус байна.
Хоёр. Дуудлага худалдаагаар олгогдсон сумын ******* багийн Булгийн харгана гэх газарт байрлах 2.36 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тус газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр газрын дуудлага худалдааны үнэ 465 981 төгрөгийг төлсөн байх ба энэ нь Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 11.3-т “Дуудлага худалдааны ялагч гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор энэ журмын 11.2-т заасан дуудлага худалдааны үнийг бүрэн төлнө” гэж заасантай нийцсэн байна. /хавтаст хэргийн 5, 6-р хуудас/
2. Дээрх журмын 11.4-т “Дуудлага худалдааны ялагч нь энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг дарга газар ...эзэмшүүлэх ...тухай шийдвэр гаргана” гэжээ.
Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”-аар байна. Гэвч хариуцагчаас дээрх хууль, журамд заасны дагуу нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгчийн хувьд хууль, журамд зааснаар дуудлага худалдаанд оролцож ялагч болсон, гэрээг байгуулснаас 8 хоногийн дараа дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн байх тул сумын Засаг дарга түүнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй байна.
Хариуцагч нь ийнхүү дээрх журамд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа үндэслэлээ дуудлага худалдаанд оролцогч иргэн С.*******аас гомдол гарч дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэсэн тул газрыг эзэмшүүлэх боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэсэн Ажлын хэсгийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл /шийдвэр/ илт хууль бус болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул уг шийдвэрийг үндэслэж нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагч сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болно.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх зорилгоор гаргах онцлогтой. Хариуцагчаас газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй, энэ нь хууль бус болох нь дээрх үндэслэлээр тогтоогдож байх тул сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймгийн сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн А/19 дугаар захирамжаар байгуулагдсан “Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг”-ийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн “*******” дугаартай дуудлага худалдааг дахин явуулах шийдвэр илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан дуудлага худалдаагаар олгогдсон сумын ******* багийн Булгийн харгана гэх газарт байрлах 2.36 га газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус газрыг нэхэмжлэгч П.д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг сумын Засаг даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгүүдийг баримтлан П.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч сумын Засаг дарга, ажлын хэсгийн гишүүд , , , нараас 70 200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА