Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/762

 

 

 

 

 

 

2021            8             19                                             2021/ДШМ/762                      

 

Н.Д, Ю нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

цагаатгагдсан этгээд Н.Дгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг,

шүүгдэгч Ю, түүний орчуулагч Б.Даваадорж, өмгөөлөгч С.Батчимэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/293 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Юы өмгөөлөгч С.Батчимэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ю, Н.Д нарт холбогдох 2009012710169 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Нын Д, 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

2. Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю, 1982 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсад төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй гэх, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Монгол Улсад тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй, /Паспортын дугаар:.../;

Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю, Н.Д нар нь бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс тауер төвийн 1105 тоотод “Бүгд Найрамдах Солонгос Улсад оюутан зуучлалаар суралцуулна, гэрээт ажилтнаар гэрээ байгуулахад зуучилна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож:

  1. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч С.Түмэнжаргалаас 6.840.000 төгрөг,
  2. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Б.Ууганбаяраас 7.380.000 төгрөг,
  3. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Б.Баярцэцэгээс 7.300.000 төгрөг,
  4. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч С.Ивээлээс 7.300.000 төгрөг,
  5. 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Н.Мөнхзулаас 7.300.000 төгрөг,
  6. 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Э.Мөнх-Эрдэнээс 3.500.000 төгрөг,
  7. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Э.Бадамсэдээс 5.800.000 төгрөг,
  8. 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Т.Оюунбилэгээс 750.000 төгрөг,
  9. 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Б.Наянбуугаас 399.000 төгрөг,
  10. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Г.Одхүүгээс 500.000 төгрөг,
  11. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Г.Ойдовоос 500.000 төгрөг,
  12. 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.Энхмэндээс 500.000 төгрөг,
  13. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч З.Билгүүтээгээс 500.000 төгрөг,
  14. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Д.Тэмүүлэнгээс 500.000 төгрөг,
  15. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Ё.Ууганцэцэгээс 1.000.000 төгрөг,
  16. 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Г.Өлзийжаргалаас 499.000 төгрөг,
  17. 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч М.Цагаадайгаас 600.000 төгрөг,
  18. 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Б.Солонгоос 600.000 төгрөг,
  19. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Б.Тамираас 500.000 төгрөг,
  20. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Г.Эрдэнэтөгсөөс 500.000 төгрөг,
  21. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Э.Эрдэнэцацралаас 500.000 төгрөг,
  22. 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Ц.Лхагважаргалаас 500.000 төгрөг,
  23. 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Т.Ренегээс 500.000 төгрөг,
  24. 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч С.Гансүхээс 500.000 төгрөг,
  25. 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч П.Мишээлээс 500.000 төгрөг,
  26. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Э.Халиунаагаас 500.000 төгрөг,
  27. 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Ж.Бямбасүрэнгээс 600.000 төгрөг,
  28. 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч М.Шинэчимэгээс 600.000 төгрөг,
  29. 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Б.Энххүслэнгээс 850.000 төгрөг,
  30. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Б.Энхжаргалаас 500.000 төгрөг,
  31. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч С.Хишигбаатараас 500.000 төгрөг,
  32. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Э.Наранчимэгээс 500.000 төгрөг,
  33. 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Ш.Хосбаяраас 500.000 төгрөг,
  34. 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Ш.Ялалтаас 500.000 төгрөг,
  35. 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Н.Одонтунгалагаас 839.300 төгрөг,
  36. 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Л.Энх-Амгалангаас 699.300 төгрөг,
  37. 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Г.Хонгорцэцэгээс 699.300 төгрөг
  38. 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч С.Нямдаваагаас 699.300 төгрөг залилж, бусдад нийт 62.855.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: Юүн Ён Хуан, Н.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Боржигин овогт Нын Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Нийслэлийн прокурорын газраас Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Юыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зуйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн Юыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зуйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Юд 2 жил 6 сар хорих ял шийтгэж, шүүгдэгч Юы цагдан хоригдсон 1 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 3 ширхэг, Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа “Кек Ювагхон” ХХК-ийн тэмдэг 1 ширхэг, “Кек Ювагхон” ХХК-ийн гэрчилгээ 1 ширхэг, компанийн дүрэм 4 хуудас, хөдөлмөрийн гэрээ 60 хуудас, 108 хуудас зарлагын баримт, “Ким Иду Кореа” байгууллагын танилцуулга, ногоон хавтастай БНСУ-ын сургуулийн танилцуулга зэргийг хэрэгт нь үлдээж, эд мөрийн баримтаар хураан авсан Мөрдөн байцаах албаны эд мөрийн
баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа Самсунг Кор Ай5 загварын зөөврийн
компьютер 7 ширхэг, Эпсон брэндийн өнгөт принтер, Эйч Пи брэндийн принтер,
загвар тодорхойгүй Нокиа гар утас 4 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц
улсын төсөвт шилжүүлэхийг Мөрдөн байцаах албаны хэлтэст даалгаж,

Худалдаа Хөгжлийн банкин дахь 428013950, 410042268 дугаартай
данснуудыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц
хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Юд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан
сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Н.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Юд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Н.Д давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Юы өмгөөлөгч С.Батчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ю нь анхан шатны шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаан бүхий асуудал байхгүй болохоо илэрхийлсэн бөгөөд энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирол болох 62.855.200 төгрөгийг өөрийн сайн дураар бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч Ю нь корона вирусийн нөхцөл байдлаас болж хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нэлээдгүй хугацаагаар удааширсан, нэг жил гаруй хугацаанд хөл хорионд байсан зэргээс шалтгаалан ар гэрээсээ хол Монгол Улсад удаан хугацаагаар оршин сууж байгаа. Юы хувьд гадаадын иргэн, Монгол хэл огт мэдэхгүй, Монгол Улсад анх удаа ирсэн, бусдад итгэн хамтран явуулсан үйл ажиллагаанаасаа шалтгаалан бусдад хохирол учруулсан, гэмт хэрэгт анх удаа холбогдсон байх ба хувийн байдлын хувьд эхнэр болон 2-10 насны 3 бага насны хүүхэдтэй, тэднийгээ тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээд юм. Түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдал, төлбөр төлөх чадвартай байдал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй талаар санал, дүгнэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон боловч шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа энэ талаар харгалзан үзээгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6-д заасан ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тодорхой нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа харгалзан үзээгүй байна. Ковид-19 цар тахлын тархалтын улмаас хүний эрх, эрх чөлөө, эрүүл, амьд явах эрх, халдашгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарч, хорих ял эдэлж буй ялтнуудын эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудал чухлаар тавигдаж буй өнөөгийн нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан гадаад улсын иргэнийг заавар урт хугацаагаар хорих үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Юы эрүүл мэнд, сэтгэл санааны байдал сайнгүй, ходоод гэдэс байнга хямарч, өвдсөн, цагаан хоолтон учраас хооллолтын ялгаатай хэв маяг, хоол хүнс тохироогүй байдлаас болж хоригдох хугацаандаа эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн, түүнчлэн хэлний бэрхшээлээс болж өөрийн өвчин зовиур, бусад зүйлсийг бүрэн илэрхийлж чадахгүйз нөхцөл байдалд байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Юүн Ён Хуан-д торгох ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Юүн Ён Хуан болон түүний ар гэрийн зүгээс торгох ял оногдуулсан тохиолдолд тогтоосон хугацаанд биелүүлэх бүрэн боломжтой болно. ...” гэв.

Шүүгдэгч Ю тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг үг хэлэх боломжоор хангасанд баярлаж байна. Би энэ хугацаанд өөрийн гэм бурууг ойлгож ухаарч байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг төлж барагдуулсан. СОVID-19 халдвар авсан тул миний биеийн байдал муу байна. Хоол тохирохгүй хэцүү байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.Дгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч Н.Д энэ хэрэгт ямар нэг оролцоо байхгүй гэдгээ анхан шатны шүүх хурал дээр хэлсэн. 38 иргэнээс орж ирсэн мөнгийг 15 минутын дотор Солонгос улс руу явуулсан гэдгээ хүлээн мэдүүлсэн. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогч нараас уучлал гуйж байсан. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн хувьд үнэн зөв шийдсэн тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэргийг хянан хэлэлцээд Н.Дг гэмт хэргийн оролцоогүй гэж үзэж цагаатгасан. Юүн Ён Хуаныг амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул хөнгөрүүлэн зүйлчилж ял оногдуулсан. Ял оногдуулахдаа хохирол төлсөн байдал, өөр гэмт хэрэгт холбогдоогүй зэргийг харгалзан ял оногдуулсан гэж үзэж байна. Нийгмийн аюулын шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийтгэсэн. Иймд дээрх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс тауер төвийн 1105 тоотод 2020 оны 3, 4 дүгээр саруудад нийт 39 хохирогчоос үргэлжилсэн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос Улсад оюутан зуучлалаар суралцуулна, гэрээт ажилтнаар гэрээ байгуулахад зуучилна” гэх худал зарыг цахим орчинд байршуулан хохирогч нартай хуурамч гэрээ хийж, нийт 62.855.200 төгрөгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Солонго /1хх 170-171/, Б.Ууганбаяр /1хх 22-24/, Ж.Бямбасүрэн /2хх 96-98/, Г.Одхүү /1хх 104-105/, Т.Оюунбилэг /1хх 85-87/, Г.Энхням /1хх-ийн 119-120/, Д.Тэмүүлэн /1хх 134-137/, З.Билгүүтээ /1хх 126-128/, М.Цагаадай /1хх 159-162/, П.Мишээл /1хх 218-220/, С.Гансүх /2хх 82-83/, Н.Мөнхзул /1хх 56-58/, Б.Наянбуу /1хх 94-96/, Г.Ойдов /1хх 111-113/, С.Бадамсэд /1хх 78-80/, С.Ивгээл /1хх 46-49/, Э.Мөнх-Эрдэнэ /1хх 64-66/, С.Түмэнжаргал /1хх 11-13/, Ш.Хосбаяр /2хх 15-16/, Т.Эрдэнэтөгс /1хх 185-186/, Э.Халиунаа /1хх 226-227/, Ё.Ууганцэцэг /1хх 146-148/, М.Шинэчимэг /2хх104-106/, Б.Тамир /1хх 177-179/, Э.Эрдэнэцацрал /1хх 191-193/, Ц.Лхагважаргал /1хх 199-201/, П.Рене /1хх 208-209/, Б.Энххүслэн /1хх 233-236/, Б.Энхжаргал /1хх 241-243/, С.Хишигбаатар  /1хх 248-250, 2хх-ийн 1/, Э.Наранчимэг /2хх 6-9/, Ш.Ялалт /2хх 2024/, Н.Одонтунгалаг /2хх 36- 38/, Л.Энх-Амгалан /2хх 45-50/ Г.Хонгорцэцэг /2хх 58-62/, С.Нямдаваа /2хх 69-73/, Өлзийжаргал /2хх 93-94/, Д.Баярцэцэг /1хх 34-38/ нарын,

гэрч Д.Оюунсүрэн /2хх 139-140/, Т.Солонго /2хх 125-126/, А.Сэнгэмаа /2хх 127-129/, Ц.Тэмүүлэн /2хх 136-137/, Б.Уранцэцэг /2хх 118- 121/, Э.Шинэболд /2хх 131-132/, Б.Эрдэнэсүх /2хх 123/ нарын мэдүүлгүүд,

зуучлалын гэрээ, төлбөр төлсөн баримтууд /1 хх 16-19, 26-33, 40-46, 50-55, 60-63, 82-84, 89-93, 98-103, 107-110, 115-120, 129-133, 139-144, 152-158, 164-166, 173-176, 181-183, 188-189, 195-198, 203-206, 211-217, 222-224, 238-239, 245-247, 2хх 3-5, 11-12, 18-19, 26-30, 40-44, 51-57, 64-68, 75-80, 85-88, 100-103, 108-111/,

нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 149-156/, МИАТ ХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 04/865 дугаартай албан бичиг /3хх 23/, Кимс Иду Кореа боловсролын төв гэсэн танилцуулга /3хх 24/, ажлын байрны түрээсийн гэрээ /3хх 26-31/, Кек Юхагван ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны 428013950 дугаартай дансны хуулга /3хх 34-38/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, холбогдох материалууд /3хх 76-97/, Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2-5а/4567 дугаартай албан бичиг, түүний хавсралт /3хх 103-104/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Юүн Ён Хуаныг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаа бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, зуучлалын гэрээ, төлбөр төлсөн баримтууд, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, МИАТ ХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 04/865 дугаартай албан бичиг, Кимс Иду Кореа боловсролын төв гэсэн танилцуулга, ажлын байрны түрээсийн гэрээ, Кек Юхагван ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны 428013950 дугаартай дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, холбогдох материалууд, Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2-5а/4567 дугаартай албан бичиг, түүний хавсралт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Юы 2020 оны 3, 4 дүгээр саруудад нийт 39 хохирогчоос үргэлжилсэн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос Улсад оюутан зуучлалаар суралцуулна, гэрээт ажилтнаар гэрээ байгуулахад зуучилна” гэх худал зарыг цахим орчинд байршуулан хохирогч нартай хуурамч гэрээ хийж, нийт 62.855.200 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогч нарын хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас шалгаж бүрэн бодитой тогтоодог.

Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Шүүгдэгч Юы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх тул шүүгдэгч Юы өмгөөлөгч С.Батчимэгийн гаргасан “шүүгдэгч Юд оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох зүйтэй.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй хэдий ч давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Юы хохирлоо нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүх Н.Дгийн үйлдлийг “...хохирогч нараас авсан мөнгийг хувьдаа авч зарцуулж байсан нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. ...хохирогч, гэрч нарын ...зөвхөн Юы хэлснийг орчуулдаг байсан гэсэн...” мэдүүлэг зэргийг үндэслэн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч Юы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх зүйлд хамаарч байх тул өршөөлд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шүүгдэгч Юы өмгөөлөгч С.Батчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/293 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Юд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Юд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Юы өмгөөлөгч С.Батчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Ю нь энэ өдрийн байдлаар 88 хоног цагдан хоригдсон байх ба энэ хугацааг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ