Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/02838

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 17

182/ШШ2024/02838

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С тоот хаягт оршин суух  ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн

 Хариуцагч: Ч тоот хаягт байрлах К ХХК /РД:*******/-д холбогдох,

Гэрээний үүргийг хангуулж, орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б тоот хаягт оршин суух, ******* овогт *******н ******* /РД:*******/-ийн,

 2021.06.22-ны өдрийн SC0103 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ц.*******тэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.*******д шилжүүлэхийг нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч К ХХК-д тус тус даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч , ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.*******эс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.******* нь иргэн А.*******тэй ажлын шугамаар уулзахад Шүрт хотхон дээр өөрийн бригадтайгаа туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа чи бригадтайгаа хамтраад орчих гэсний дагуу Хан-Уул дүүрэгт байрлах Шүрт хотхон үйлчилгээний орон сууцны Е, Е1 блокын барилгын ажил дээр туслан гүйцэтгэгчээр барилга угсралт, мужааны ажлыг өөрийн 6-12 хүнтэй бригад, А.*******гийн 10 гаруй хүнтэй бригадтай хамтран хийж гүйцэтгэсэн. Тухайн үед ажилчдын цалин, хоол, унааны зардлыг компаниас ажилласан өдрөөр нь төлнө, чамд ажлын хөлсөнд 2 өрөө байр бартераар өгнө гэж тохиролцсон байдаг.

Үүний дагуу А.*******тэй тохирч захиалагч компани болох К ХХК, нэхэмжлэгч Ц.******* нар нь 2021.06.22-ны өдөр SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г байгуулан Б тоотод байрлах Сүлд хотхон үйлчилгээтэй орон сууцны С блок, 1 дүгээр давхар, С загварын 47,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Ц.******* авахаар болсон.

Ингээд орон сууцны Е, Е1 блокын барилгын ажлыг гүйцэтгэж 2021.07.20-дын үеэр Е блокын ажил, 2021.09.20-дын үед Е1 блокын барилгын ажил дууссан.

Үүнээс хойш бол талууд ажлаа м.кв-р нь тооцон ажлаа гүйцэтгэсэн, 2022. Оын 03 дугаар сараас 05 дугаар сар хүртэл талууд С1 блокын барилгын ажилд дээр мөн хамт ажилласан.

Тухайн үед А.******* нь Ц.*******эс зээл хөөцөлдөөд байгаа тул гэрээгээ өгөөч гээд SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г авч явсан.

Орон сууцны байр ашиглалтад орсон байтал уг байрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч К ХХК-тай байгуулсан 2021.06.22-ны өдрийн SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Б тоотод байрлах Сүлд хотхон үйлчилгээтэй орон сууцны С блок, 1 дүгээр давхар, С загварын 47,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохтой холбоотой бичиг баримтыг гаргуулж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2.Хариуцагч К ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан Шүрт хотхон орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд иргэн А.*******тэй 2021 оны 02 дугаар сарын эхээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Ажлын хөлсийг бэлэн болон бэлэн бусаар өгөхөөр тохиролцож бэлэн бус буюу бартерт орон сууц, автомашин өгөхөөр болсон. Бид 2021.11.06-ны өдөр тооцоо нийлж, тооцоогоо шахаад дахин шинээр гэрээ байгуулсан.

2021.06.22-ны өдөр А.******* нь Ц.*******тэй хамт ирээд Бартерт авах энэ байрыг Ц.Сод-Эрдэнийн нэр дээр гэрчилгээг нь гаргах юм тэгэхээр яах билээ гэсэн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ц.Сод-Эрдэнийн нэр дээр гаргуулна гэвэл Ц.******* манайхтай захиалгын гэрээ байгуулах хэрэгтэй гээд тус Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. 2023.01.05-нд Ц.******* манай компани дээр ирээд Миний танайхтай байгуулсан гэрээг А.******* зээл авахад хэрэг болоод гэж хэлээд аваад явсан, дараа нь тэр байрыг чиний нэр дээр гаргуулахгүй, би өрөнд орсон өөрөө авна гээд байна, яах вэ, гэрээний нэг хувийг өгөөч гэсэн.

Бид Манай компани А.*******тэй хамтран ажиллаж байсан, одоо ч ажилладаг. Тиймээс та 2 хоорондоо учраа сайн олоорой. Хэрэв үндсэн /Ажил гүйцэтгэх гэрээ/-ний нөгөө тал бидэнд хандаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр гаргаж болохгүй гэсэн албан бичиг ирвэл бид таны нэр дээр гаргаж өгч чадахгүй болно.Тиймээс А.*******тэй учраа олоорой гэж хэлээд, гэрээг хуулбарлаж өгөөд явуулсан. Энэ 2 хүний хооронд ямар марган үүссэнийг бид мэдэхгүй, тэдний хоорондын асуудал бидэнд хамааралгүй.

Бид А.*******тэй гэрээ байгуулсан тэр ажлаа хийж, бид түүнд төлбөр мөнгөө төлсөн. Тиймээс А.******* энэ хүний нэр дээр гэрчилгээ гаргах хэрэгтэй гэхээр нь захиалгын гэрээг байгуулсан.

Харин манай компани Ц.*******эс нэг ч төгрөг аваагүй, энэ хүнтэй ажил гүйцэтгэх болон бусад төлбөр мөнгөтэй холбоотой ямар ч гэрээ хийгээгүй. Тиймээс нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй, огт таньж мэдэхгүй хүний нэр дээр мөнгийг нь төлсөн буюу үндсэн гэрээний нөгөө талын зөвшөөрөлгүй шууд дур мэдэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөх боломжгүй. Тиймээс энэ хэргийн үндсэн хариуцагч нь А.*******. Учир нь тэд хоорондоо тохиролцон энэ ажлыг хийсэн бөгөөд ажилчдын цалинг А.******* гаргадаг байсан, харин өөрт нь бартераар 2 өрөө байр өгөхөөр тохиролцсон тухай ч мөн бичсэн байна.

Ц.******* нь А.*******тэй учраа олж чадахгүй болохоор манай компанийг энэ маргаандаа татан оруулсан байна. Тэдний хооронд ямар маргаан байгааг бид мэдэхгүй. Тэд учраа олоод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг яг энэ хүний нэр дээр гаргаж болно гээд хоёулаа гарын үсгээ зураад өгвөл бид хэний ч нэр дээр гаргаад өгч болно. Харин ийм маргаантай байхад нэг ч төгрөг манай компанид төлөөгүй хүний нэр дээр үндсэн гэрээний нөгөө талын зөвшөөрөлгүйгээр шууд гэрчилгээг гаргуулах боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч Сүлд хотхон орон сууцны барилгыг ашиглалтад орсон байтал байрны нэр шилжүүлж өгөхгүй байна гэж худал бичсэн байна. Тус хотхоны барилга баригдаж дуусаагүй байгаа бөгөөд бид энэ оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Орон сууцыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардаг. Тэр хүртэлх хугацаанд А.*******, Ц.******* нар учраа олоод яг хэний нэр дээр гэрчилгээ гаргахаа тохиролцох байх. Хэрэв тохиолцохгүй бол шүүхийн шийдвэр хэний нэр дээр гарга гэж гарна түүний дагуу бид хэний ч нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаад өгөхөд бэлэн байна. А.******* нь Ц.Сод-Эрдэнийг урт хугацааны турш авч үлдэхийн тулд байр бэлэглэсэн болов уу гэж ойлгосон. Манай компани ч олон жил ажилласан хүмүүстээ байр бэлэглэдэг. Тухайн үед А.*******, Ц.******* нар ирээд гэрээ хийж байхад А.*******д Энэ дээр ямар нэгэн хугацаа заахгүй юм уу, эсхүл зүгээр ингээд гэрээ хийх юм уу, ямар нэгэн нөхцөл заахгүй юу гэхэд Зүгээрээ болно гэсэн. Бид нэхэмжлэгч Ц.******* төлбөр хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Гуравдагч этгээд А.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хариуцагч талын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзсан байр суурийг дэмжин оролцож байгаа. А.******* нь хариуцагч Колорс теч ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд бартераар авсан Б тоотод байрлах, Сүлд хотхон үйлчилгээтэй орон сууцны С блокын 1 дүгээр давхарт С загварын 47,34 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу түүнд худалдсан боловч орон сууцны үнийг бөөнөөр нь төлнө гээд төлөөгүй өдийг хүрсэн. Иймд бид орон сууц худалдах худалдан авах тухай амаар байгуулсан гэрээнээс татгалзаж, орон сууцаа авах хүсэлттэй. Нэхэмжлэгч нь уг орон сууцны өмчлөгч байх боломжгүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Гуравдагч этгээд А.*******гээс шүүхэд гаргасан шаардлага болон түүний төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүрт хотхон-ы барилга дээр ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд манай бригад уг барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар 2021.11.06-ны өдөр тус компанитай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүрт хотхон-ы Е, Е1, Д1, С1, В1 блокуудын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлын хөлсөнд бартераар Б тоотод байрлах, Сүлд хотхон үйлчилгээтэй орон сууцны С блокын 1 дүгээр давхарт С загварын 47,34 м.кв 2 өрөө орон сууц, автомашин авахаар тохиролцож, тооцоо нийлсэн акт үйлдсэн юм.

Гэтэл нэхэмжлэгч Ц.******* нь дээрх байдлыг мэдээд ажлын хөлсөнд орж ирсэн 2 өрөө орон сууцыг барилга ашиглалтад ортол үнийг төлөөд худалдаж авъя, ажиллаж байх хугацаандаа өөрийнхөө авах цалин хөлснөөс суутгуулж болж байна, эсвэл явц дундаа удаахгүйгээр мөнгийг бөөнд нь гаргаад өгчихье гээд орон сууцыг нь худалдаж авах санал тавихад нь түүнд итгэж, амаар худалдах, худалдан авах гэрээ хийж, К ХХК дээр очиж, орон сууц захиалах гэрээг шилжүүлсэн байдаг. Тус компанийн захирал Г.Алтангэрэлд Ц.Сод-Эрдэнийн нэр дээр ажлын хөлсөнд авах дээрх байрыг шууд шилжүүлэх талаар асуухад болно, гэхдээ бидний анхны гэрээний нөхцөлөөр нөхцөлд А.*******д өгөхөөр бичигдсэн учир дахин Ц.Сод-Эрдэнийн нэр дээр шилжүүлэн захиалгын гэрээ хийж шилжүүлнэ гэсэн шаардлага тавихад нь зөвшөөрч, улмаар 2021.06.22-ны өдрийн SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г байгуулсан. Ажил хийж гүйцэтгээд 2021 оны хавраас хойш 2023 он хүртэл А.******* орон сууцны үнийг төлөөч гэдэг шаардлагыг байнга тавьсан. Ингээд мөнгөө төлөхгүй байсан учраас гэрээг цуцалъя, байраа зарахаа болилоо гээд гэрээгээ цуцалсан. Орон сууцны үнэ болох 78 111 000 төгрөгийг нэхэмжлэгч огт төлөөгүй. Тогтвортой ажлын гэрээ хийж, удаан хугацаагаар хамтарч ажиллах, байрны төлбөрийг төлөх хоёрын аль нэгийг хийх ёстой байсан. Ц.******* нь тогтвортой ажлын гэрээ ч хийдэггүй, байрны үнийг ч төлдөггүй. Гэтэл нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээгээр анх А.*******д ажлын хөлсөнд олгогдсон байрыг одоо авъя гээд шаардаад байгаа нь огт үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Ц.Сод-Эрдэнийн К ХХК-тай байгуулсан 2021.06.22-ны өдрийн өдрийн SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ нь 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэж үзнэ. Иргэний хуульд зааснаар сонирхогч этгээдийн хүсэлтээр хэлцлийн хүчин төгөлдөр бусад тооцдог. Орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний 2 тал тохиролцож ажилтандаа шилжүүлсэн. Ажилтан, К ХХК нарын хэлцэл хийж буй зорилго нь худалдан авах биш, өөрийн өмчлөлд шилжүүлэх агуулгатай. Энэ агуулгаар 2021.06.22-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүнтэй холбоотойгоор дагавар хийгдэж буй учир хүчин төгөлдөр бус юм. Анхнаасаа хэлбэрийн хувьд энэ нь хууль бус юм. Баригдаж эхлээгүй барилга дээр захиалгын гэрээ хийх ёсгүй, боломжгүй. 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг улсын комисс хүлээн авч, захиалгын гэрээг бүртгэж, захиалгын гэрээ хийдэг. А.******* болон К ХХК-ийн хоорондын харилцаа бол хууль ёсны тохиролцсон харилцаа байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д заасан хэлцэлд хэлцэл хийх талууд хоёулаа мэхлэгдсэн байдаг. Үүний дараа гуравдагч этгээд мэхлэгдсэн байдаг. Ц.******* анхнаасаа ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд авах мэтээр гэрээг хийж, үр дагавраар нь нэхэмжлэлийн шаардлагаа К ХХК-д холбогдуулсан нь буруу. А.******* нь энэ хэлцлийг мэдсэн үеэс шаардлага гаргасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгчөөр төлбөрийг 100 хувь төлсөн өмчлөгч шаардах эрхтэй. Гэтэл Ц.******* төлбөр төлсөн гэх баримт байхгүй, шаардах эрхгүй. Харин А.*******д шаардах эрх үүссэн нь ажил гүйцэтгэх гэрээний тооцоо нийлсэн актаар нотлогдож байна. Хариуцагч тал гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Орон сууц захиалан бариулах гэрээ-нд А.******* гарын үсэг зураагүй. Өөрөөр хэлбэл энэ гэрээг байгуулахыг зөвшөөрсөн талаар буюу зохих этгээдийн зөвшөөрлөөр хийсэн талаарх нэг ширхэг ч баримт байхгүй. Хариуцагч К ХХК Ц.*******эс нэг ч төгрөг аваагүй гэдэг бөгөөд үүнд Ц.******* маргадаггүй. Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзахад мэдэгдэх шаардлагагүй. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1.-д заасны дагуу нэгэнт үр дүн гарахгүй буюу байрны мөнгийг төлөхгүй, эсвэл тогтвортой ажлын гэрээ хийхгүй байсан тул нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй учраас А.******* гэрээнээс шууд татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч А.*******гээс нууцаар зөвхөн К ХХК-ийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Үнэхээр энэ ажлыг 100 хувь хийсэн бол А.*******г хамтран хариуцагчаар татах боломжтой байсан. А.******* байхгүйгээр энэ хэргийг шийдүүлчихье гэдэг хүсэл зориг харагдаж байна. А.******* ажлын гүйцэтгэлийн төлбөрт К ХХК-иас байр авсан болох нь хариуцагчийн тайлбар, К ХХК-д гаргаж байсан 2023.04.19-ний өдрийн өргөдөл болон Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 4.1-д орон сууцны үнийг А.******* бүрэн төлсөн гэж бичсэн заалтаар, мөн А.******* болон К ХХК-ийн хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, тооцоо нийлсэн актаар тус тус нотлогдсон.

Иймд Ц.******* болон К ХХК-ийн хооронд байгуулсан 2021.06.22-ны өдрийн SC0103 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Ц.*******тэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Б тоотод байрлах Сүлд хотхон, үйлчилгээний орон сууцын С блок, 1 давхар, С загварын 47,34 м.кв 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.*******д шилжүүлэхийг нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч К ХХК-д тус тус даалгаж шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* болон К ХХК нарын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн шаардлагын үндэслэл нь ойлгомжгүй байна. А.******* нь Ц.Сод-Эрдэнийг дагуулж, очоод тус гэрээг хууль ёсны дагуу хийсэн учраас хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл байхгүй. Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэдэг. Худалдах, худалдан авах гэрээ буюу үл хөдлөх эп хөрөнгө худалдах гэрээг бичгээр хийсэн зүйл огт байдаггүй. 2021 оны 06 дугаар сард гэрээ байгуулснаас хойш 2022 оны 06 дугаар сарыг хүртэл ажилчдын цалин, хөлсийг К ХХК-иас аваад А.******* нь Ц.*******д шилжүүлсэн нь үнэн. Хэрэв эдгээрийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн бол Ц.Сод-Эрдэнийн мөнгийг суутган авах бүрэн боломж байсан. 2023 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг нэхсэн нь баримтаар тогтоогддоггүй. Хариуцагч К ХХК-тай нэхэмжлэгчийн байгуулсан 2021.06.22-ны өдрийн SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд харин А.*******, нэхэмжлэгч нарын хооронд орон сууц худалдах худалдан авах тухай гэрээ байгуулагдаагүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй. Амаар хийсэн худалдах, худалдан авах гэрээ байхгүй, ийм тохиролцоо огт байхгүй учраас гуравдагч этгээдийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна гэв.

 

6.Хариуцагч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, бие даасан шаардлагын талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд А.*******гийн, 2021.06.22-ны өдрийн SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б тоот 47, 34 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг манай байгууллага хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Ц.******* нь А.*******д орон сууцны төлбөрийг өгөөгүй, үүнтэй холбоотой баримт байхгүй. Харин А.******* нь манай компанид хийх ажлаа 100 хувь хийж гүйцэтгэсэн, ажлын хөлсөнд бартераар уг орон сууцыг авсан байсан юм. Иймд бид А.*******гийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г байгуулахад нэхэмжлэгч Ц.*******, А.******* нар хамт ирсэн гэв.

 

7.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, К ХХК-ийн ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ / 1 хх-ийн 9-10/, ХААН банк ХК дахь Ц.Сод-Эрдэнийн эзэмшлийн тоот дансны депозит дансны хуулга /1 хх-ийн 63-65, 73-85/ зэргийг,

8.Хариуцагч талаас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, К ХХК-ийн ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ / 1 хх-ийн 193, 233-234/ зэргийг,

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, К ХХК-ийн 2023.04.19-ний өдрийн 91 тоот албан бичиг, тус компанитай А.*******гийн тооцоо нийлсэн акт гэх баримт, К ХХК болон А.******* нарын хооронд байгуулсан 2021.11.08-ны өдрийн болон 2022.03.29-ний өдрийн УГ-С1/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-нүүд, ХААН банк ХК дахь А.*******гийн эзэмшлийн тоот дансны депозит дансны хуулга / 1 хх-ийн 40, 44-50, 130-138/ зэргийг тус тус гаргасан.

10. Тус шүүхийн шүүгчийн 2023.05.09-ний өдрийн 5908, 2023.05.23-ны өдрийн 6528 дугаартай захирамжийн дагуу гэрч , , , , нарыг мэдүүлэг /1 хх-ийн 164-173/,

2024.04.17-ны өдрийн 7020 дугаартай захирамжийн дагуу Ц.******* болон К ХХК-ийн хооронд байгуулсан 2021.06.22-ны өдрийн SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ / 2 хх-ийн 1-5/ зэрэг баримтууд тус тус хэрэгт авагджээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбарууд зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч хариуцагч К ХХК-д холбогдуулан гэрээний үүргийг хангуулж, орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч тал уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасныг гуравдагч этгээд А.******* дэмжин оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021.06.22-ны өдрийн SC0103 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ц.*******тэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.*******д шилжүүлэхийг нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч К ХХК-д тус тус даалгах тухай бие даасан шаардлага гаргасан.

Уг шаардлагыг хариуцагч К ХХК хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд, харин нэхэмжлэгч Ц.******* эс зөвшөөрч маргасан.

 

Шүүхээс хэргийн үйл баримт, зохигч, гуравдагч этгээдийн тайлбар зэргийг дүгнэн нэхэмжлэгч Ц.Сод-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, харин гуравдагч этгээд А.*******гийн зохигчдод холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, А.*******тэй тохиролцсоны дагуу Хан-Уул дүүрэгт байрлах Шүрт хотхон үйлчилгээний орон сууцны Е, Е1 блокын барилгын ажил дээр туслан гүйцэтгэгчээр барилга угсралт, мужааны ажлыг хамтран гүйцэтгэсэн бөгөөд ажилчдын цалин, хоол, унааны зардлыг компаниас ажилласан өдрөөр нь төлнө, чамд ажлын хөлсөнд 2 өрөө байр бартераар өгнө гэж тохиролцсон, үүний дагуу захиалагч компани болох К ХХК-иас 2021.06.22-нд надтай SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г байгуулан Б тоотод байрлах Сүлд хотхон үйлчилгээтэй орон сууцны С блок, 1 дүгээр давхар, С загварын 47,34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг шилжүүлэхээр болсон боловч барилга ашиглалтад орсон атал уг байрыг шилжүүлж өгөхгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2 өрөө орон сууцны гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохтой холбоотой бичиг баримтыг гаргуулж өгөхийг даалгуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч К ХХК нь дээрх нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, 2021.06.22-ны өдөр А.******* нь Ц.*******тэй хамт ирээд бартерт авах энэ байрыг Ц.Сод-Эрдэнийн нэр дээр гэрчилгээг нь гаргах юм гэхэд нь түүнтэй Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан, энэ 2 хүний хооронд ямар марган үүссэнийг бид мэдэхгүй, тэдний хоорондын асуудал бидэнд хамааралгүй, манай компани Ц.*******эс нэг ч төгрөг аваагүй, энэ хүнтэй ажил гүйцэтгэх болон бусад төлбөр мөнгөтэй холбоотой ямар ч гэрээ хийгээгүй, А.******* нь Ц.Сод-Эрдэнийг урт хугацааны турш ажиллуулахын тулд байр бэлэглэсэн гэж ойлгосон, тухайн үед А.*******, Ц.******* нар ирээд гэрээ хийж байхад А.*******д Энэ дээр ямар нэгэн хугацаа заахгүй юм уу, эсхүл зүгээр ингээд гэрээ хийх юм уу, ямар нэгэн нөхцөл заахгүй юу гэхэд Зүгээрээ болно гэсэн, нэхэмжлэгч Ц.******* төлбөр хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.******* хариуцагч талын нэхэмжлэлийг татгалзсан тайлбарыг дэмжин оролцож, нэхэмжлэгч Ц.Сод-Эрдэнийн нэхэмжлэлийг үл зөвшөөрч гаргасан бие даасан шаардлагын үндэслэлээ, Ц.******* нь миний ажлын хөлсөнд орж ирсэн 2 өрөө орон сууцыг авахаар тохирч амаар худалдах, худалдан авах гэрээ хийсэн, К ХХК нь орон сууц захиалах гэрээг Ц.Сод-Эрдэнийн нэр дээр шилжүүлж хийнэ гэхэд нь зөвшөөрч, 2021.06.22-ны өдрийн SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г Ц.******* болон К ХХК нар байгуулсан. Ц.******* нь тогтвортой ажлын гэрээ хийж, удаан хугацаагаар хамтарч ажиллах, эсхүл байрны үнэ 78 111 000 төгрөгийг төлөх хоёрын аль нэгийг хийх ёстой байсан боловч алиныг нь ч биелүүлэхгүй байсан тул гэрээгээ цуцлахаар мэдэгдсэн, SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар хуурч мэхэлж хийсэн хэлцэл бөгөөд анхнаасаа хэлбэрийн хувьд хууль бус, баригдаж эхлээгүй барилга дээр захиалгын гэрээ хийх ёсгүй, боломжгүй, хэлцэл хийх талууд хоёулаа, түүнчлэн гуравдагч этгээд мэхлэгдсэн байдаг. Хүчин төгөлдөр бусд тооцох хэлцэл учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар үнийг бүрэн төлсөн өмчлөгч болох А.*******д шаардах эрх үүссэн, эдгээр нь хариуцагчийн тайлбар, К ХХК-д гаргаж байсан 2023.04.19-ний өдрийн өргөдөл, Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 4.1-д орон сууцны үнийг А.******* бүрэн төлсөн гэж бичсэн заалтаар, мөн А.******* болон К ХХК-ийн хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, тооцоо нийлсэн актаар тус тус нотлогдсон, Орон сууц захиалан бариулах гэрээ-нд А.******* гарын үсэг зураагүй, энэ гэрээг байгуулахыг зөвшөөрсөн талаар буюу зохих этгээдийн зөвшөөрлөөр хийсэн тухай баримт байхгүй, иймд Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, 47,34 м.кв талбайтай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.*******д шилжүүлэхийг нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Колорс теч ХХК нарт даалгахаар шаардах эрхтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

4.Гуравдагч этгээд А.*******гийн бие даасан шаардлагыг хариуцагч К ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй бөгөөд нэхэмжлэгч Ц.*******эс дээрх бие даасан шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ, А.******* нь Ц.Сод-Эрдэнийг дагуулж очоод тус гэрээг хууль ёсны дагуу хийсэн учраас хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлгүй, А.*******, Ц.******* нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ огт байгуулагдаагүй, тэгж тохиролцсон зүйлгүй, иймд 2021.06.22-ны өдрийн SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдаагүй тул гэрээнээс татгалзах орон сууцыг буцаан олгох үндэслэлгүй гуравдагч этгээдийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан байна.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, гуравдагч этгээд нарын тайлбар зэргээр дараахь үйл баримтууд тогтоогджээ.

 

5.1.Хариуцагч К ХХК нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Шүрт хотхон-ы орон сууцны барилгын Е, Е1, Д1, С1 блокуудын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр А.*******тэй 2021.11.06-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, гэр тэгшилгээ, мужаан, арматур, парпед, шат, довжоо, пандус хийх, материал ачилт буулгалт хийх, суурийн хар тосон түрхлэг хийх зэрэг ажлыг 2021.03.01-ний өдрөөс 2022.06.01-ний өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэх, суурь, зоорь болон 1-12 дугаар давхрын угсралтын ажлын хөлсөнд 1 м.кв-ыг 55 000 төгрөгөөр тооцон, бэлэн мөнгө болон бэлэн бус бартераар өгөх, төлбөрийг А.*******гийн эзэмшлийн ХААН банк ХК дахь тоот дансанд шилжүүлэхээр тохиролцжээ. Дээрх гэрээний дагуу Е блокын 2-12 давхарт 9240 м.кв талбайд, техникийн давхарт 420 м.кв талбайд, Е1 блокын 1-12 давхарт 5040 м.кв талбайд, Д1 блокын 8-12 давхарт 4200 м.кв талбайд, В1 блокын зоорийн давхар 840 м.кв талбайд нийт 19740 м.кв талбайд 1 085 700 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байна.

Мөн К ХХК нь А.*******тэй 2022.03.29-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дээрх барилгын С1 блокод угсралтын ажлыг 2022.03.04-ний өдрөөс 2022.07.01-ний өдөр хүртэл хугацаанд зоорийн давхарт 840 м.кв талбайд, 1-12 давхарт 10500 м.кв талбайд барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ажлын хөлсийг 1 м.кв-д мөн 55 000 төгрөгөөр тооцохоор тохиролцжээ.

Эдгээр үйл баримт нь К ХХК болон А.******* нарын 2021 оны 12 дугаар сарын байдлаар тооцоо нийлсэн акт, К ХХК болон А.******* нарын хооронд байгуулсан 2021.11.08-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2022.03.29-ний өдрийн УГ-С1/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтуудаар нотлогдож, энэ талаар зохигчид болон гуравдагч этгээд нар маргаагүй байна.

 

5.2.Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч К ХХК нар нь харилцан тохиролцож, 2021.06.22-ны өдөр SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г байгуулсан байх бөгөөд уг гэрээний 1.3-т Энэ гэрээгээр гүйцэтгэгч нь Б тоотод байрлах Сүлд хотхон үйлчилгээтэй орон сууцны С блок, 1 дүгээр давхар, С загварын 47,34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалагч тал хүлээлгэн өгөх, захиалагч нь орон сууцтай холбоотой төлбөр тооцоог шилжүүлж өгнө гэж, 2.2-т Барилгыг 2022 оны 1 дүгээр улиралд багтаан байнгын ашиглалтанд хүлээлгэн өгнө, 3.1-д Энэхүү гэрээгээр м.кв нь 1 650 000 төгрөгөөр захиалсан орон сууцны үнэ 78 111 000 төгрөг болно гэж, 4.1-д Гэрээний үнэ: Иргэн А.*******тэй хийсэн гэрээний дагуу бартерын нөхцөлөөр төлбөрийг бүрэн төлж дуусгасан ба төлбөрийн үлдэгдэлгүй болно гэж тус тус заасан байна.

Дээрхээс үзэхэд хариуцагч К ХХК нь гэрээний зүйл болох 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, Ц.******* нь орон сууцтай холбоотой төлбөр тооцоог төлөх үүргийг тус тус хүлээсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах тухай гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзнэ.

5.3.Гуравдагч этгээдээс, К ХХК-тай байгуулсан орон сууц захиалах гэрээг Ц.*******д шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй бөгөөд харин А.*******гийн хүсэлтийн дагуу зохигчдын хооронд 2021.06.22-ны өдрийн SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г байгуулсан нь зохигчдын тайлбар, гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдсон.

 

5.4.Зохигчдын тайлбараар, гуравдагч этгээд А.*******гийн хариуцагч К ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуух ажил үүргийг А.******* гүйцэтгэхдээ нэхэмжлэгч Ц.Сод-Эрдэнийн бригадтай /6-12 хүн/ хамтран гүйцэтгэсэн, захиалагч К ХХК-д уг ажлыг бүрэн хүлээлгэн өгсөн болох нь нотлогдож, зохигч, гуравдагч этгээд нар энэ талаар маргаагүй байна.

Түүнчлэн захиалагч К ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүдэд заасан ажил, үүргийг А.******* болон Ц.******* нар хэрхэн хуваарилж гүйцэтгэсэн, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.******* нь ямар хэмжээний, хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаар хэрэгт баримт авагдаагүй бөгөөд ХААН банк ХК дахь А.*******гийн эзэмшлийн тоот, Ц. Сод-Эрдэнийн тоот дансны хуулгуудаар А.*******гээс Ц.*******д 2021 онд 131 076 000 төгрөг, 2022 онд 35 652 000 төгрөгийг шилжүүлсэн, Ц.Сод-Эрдэнийн бригадад ажилласан байсан ажилчид Ц.*******эр дамжуулан ажлын хөлсөө авч байсан тухай үйл баримтууд шүүхэд мэдүүлсэн гэрч , , , , нарын мэдүүлгээр нотлогдсон.

Үүнээс үзэхэд А.******* болон Ц.******* нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд одоо уг гэрээний үүрэг дуусгавар болж, ажлын гүйцэтгэлийг захиалагч К ХХК-д хүлээлгэн өгсөн талаар гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нар хэн аль нь тайлбарлаж маргаагүй болно.

 

6.Үндсэн нэхэмжлэлийн талаар.

6.1. Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч К ХХК нарын 2021.06.22-ны өдөр байгуулсан SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний 4.1-д Гэрээний үнэ: Иргэн А.*******тэй хийсэн гэрээний дагуу бартерын нөхцөлөөр төлбөрийг бүрэн төлж дуусгасан ба төлбөрийн үлдэгдэлгүй болно гэж заасан бөгөөд үүнээс үзэхэд худалдан авагч тал буюу Ц.*******эс 3.1-д заасан гэрээний үүрэг болох худалдсан авсан эд зүйлийн үнэ 78 111 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, гуравдагч этгээд А.******* нь хариуцагч К ХХК-иас ажлын хөлсөнд бартерын журмаар авсан 2 өрөө орон сууцыг Ц.*******д ажлын хөлсөнд тооцон өгөхөөр тохиролцож, үүнийг баталгаажуулан Ц.*******, хариуцагч К ХХК нарын хооронд 2021.06.22-ны өдөр SC0103 тоот дээрх Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г байгуулагдсан байх ба уг гэрээ нь хүчин төгөлдөр байна.

6.2. Иймд зохигчдын хооронд байгуулагдсан SC0103 тоот дээрх Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний 3.2-т Гүйцэтгэгч: Б тоотод байрлах, үйлчилгээтэй орон сууцны С блок, 1 дүгээр давхар, С загварын 47,34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөх, 5.1.2-т /5.1.3/ Гүйцэтгэгч нь барилгыг ашиглалтад оруулж орон сууцыг захиалагч талд орон сууц хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгнө, 5.1.4-т Захиалагчийн захиалсан байрыг гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй байх үүрэгтэй бөгөөд барилга байнгын ашиглалтад орж, орон сууцны төлбөр төлөгдөж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хариуцагч байгууллага хүлээсэн байна.

Зохигчдын хооронд байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний 4.1-д гэрээний төлбөрийг гуравдагч этгээд А.*******тэй хийсэн гэрээний дагуу бартерын нөхцөлөөр бүрэн төлж дуусгасан, төлбөрийн үлдэгдэлгүй гэж заасан нь нэхэмжлэгч Ц.Сод-Эрдэнийн хариуцагч байгууллагаас уг гэрээний зүйлийг шилжүүлэхийг шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

6.3.Гэрч , нараас А.******* Ц.*******д 3 машин өгч байсан гэж мэдүүлж байх боловч энэ талаар машин хүлээлгэн өгсөн, өмчлөлийг шилүүлсэн гэх баримтгүй, хэрэгт авагдсан дансны хуулгуудаар А.*******гээс sodoo, sodoo tsalin, sodoo lift, suuri sodoo, sodoo tsalin 5 davhar, sodoo tehnikiin davhar tsailn guitsetgel гэх мэт гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн мөнгөнөөс Ц.Сод-Эрдэнийн ажлын хөлсөнд хэдэн төгрөгийг, түүний бригадын ажилчдад хэдэн төгрөгийн ажлын хөлс тооцож төлсөн нь тус тус тодорхойгүй байна.

Гуравдагч этгээдээс, Ц.Сод-Эрдэнийн ажлын хөлсөнд өдөрт 120 000 төгрөгөөр тооцон 95 000 000 төгрөг төлсөн, бартераар 3 машин өгч, ажлын хөлсийг төлж дуусгасан, түүнчлэн 2 өрөө орон сууцны үнэ болох 78 111 000 төгрөг дээрх төлбөрт ороогүй, илүү хэмжээгээр орон сууц авах гэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч гуравдагч этгээдийн энэ тайлбар баримтаар нотлогдоогүй болно.

6.4.Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч нь SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний үүргийг хангуулж, Б тоотод байрлах Сүлд хотхон үйлчилгээтэй орон сууцны С блок, 1 дүгээр давхар, С загварын 47,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохтой холбоотой бичиг баримтыг гаргуулж өгөхийг хариуцагч К ХХК-иас шаардах эрхтэй бөгөөд орон сууцны үнээс Ц.******* төлбөр төлөөгүй учир орон сууцыг түүнд олгох боломжгүй гэсэн хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

7.Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар.

7.1. Гуравдагч этгээд нь К ХХК-иас ажлын хөлсөнд өгсөн 2 өрөө орон сууцыг Ц.******* авахаар тохирч амаар худалдах, худалдан авах гэрээ хийсэн, Ц.******* нь тогтвортой ажлын гэрээ хийж, удаан хугацаагаар хамтарч ажиллах, эсхүл байрны үнэ 78 111 000 төгрөгийг төлөх хоёрын аль нэгийг сонгох байсан боловч алийг нь ч биелүүлээгүй тул орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзаж орон сууцыг өмчлөлийг өөртөө буцаан шилжүүлэхээр шаардах эрхтэй гэж бие даасан шаардлагын нэг үндэслэлээ тодорхойлсон боловч нэхэмжлэгч Ц.******* нь гуравдагч этгээд А.*******гээс маргааны зүйл болох 2 өрөө орон сууцыг 78 111 000 төгрөгөөр худалдан авсан гэх нөхцөл байдлыг нотлох ямар нэгэн баримт авагдаагүй, талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ хуульд заасан үндэслэл журмаар байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, А.******* нь хариуцагч К ХХК-ийн өмнө ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлэхдээ нэхэмжлэгч Ц.Сод-Эрдэнийн бригадын ажилчидтай хамтран ажиллаж, Ц.*******д ажлын хөлсөнд тооцон өөрийн тус компаниас авах ёстой 2 өрөө орон сууцыг шилжүүлж өгөхөөр тохиролцож, зөвшөөрсний үр дүнд К ХХК-д хандан Ц.*******тэй орон сууц захиалагчтай байгуулах гэрээг байгуулуулсан үйл баримтаар нэхэмжлэгч болон гуравдагч тэгээд нарын хооронд 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

Тодруулбал, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 43 дугаар зүйлийн 43.1.-д заасны дагуу нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа бодит үйлдлээр илэрхийлсэн зэрэг үндэслэл тогтоогдохгүй буюу нэхэмжлэгч нь 2 өрөө орон сууцыг худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн, А.******* уг хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-нд орон сууцны үнийг Ц.*******эс А.*******д төлөх үүрэгтэй талаар тодруулж заасан заалт байхгүйг дурдах нь зүйтэй.

Иймд гуравдагч этгээдээс нэхэмжлэгчтэй орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул байгуулагдаагүй гэрээ, хэлцлийг цуцалж татгалзах, түүний үр дагаврыг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.

7.2.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж, 59.2.-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж, 59.3.-т Гуравдагч этгээд хууран мэхэлсэн тохиолдолд уг хэлцлээс ашиг олж байгаа этгээд ийнхүү хууран мэхэлснийг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол мэхлүүлсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч К ХХК-ийн хооронд байгуулсан 2021.06.22-ны өдрийн SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний дагуу гэрээний зүйл болох 2 өрөө орон сууцыг хариуцагчаас нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, Ц.******* нь орон сууцтай холбоотой төлбөр тооцоог төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээний 4.1-д Иргэн А.*******тэй хийсэн гэрээний дагуу бартерын нөхцөлөөр төлбөрийг бүрэн төлж дуусгасан ба төлбөрийн үлдэгдэлгүй болно гэж зааж, гуравдагч этгээд А.*******гийн хүсэлт, саналын дагуу дээрх гэрээг үйлдсэн болох нь мөн гэрээний талаар гуравдагч этгээд бүрэн мэдэж байсан нь зохигчдын тайлбараар нотлогдсон.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар талууд Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г байгуулахдаа бусдыг хууран мэхлэх, ашиг хонжоо олох зорилго агуулсан гэж үзэх, 59.2.-т зааснаар гэрээний талуудаас уг гэрээг байгуулахад саад болох нөхцөл байдлыг нөгөө талаасаа болон А.*******гээс нуун дарагдуулсан гэж үзэх, 59.3.-т зааснаар талууд SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г байгуулснаар гуравдагч этгээд А.******* хууран мэхлэгдсэн гэж үзэх эсхүл А.*******гээс гэрээний талуудыг хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Иймээс зохигчдын хооронд SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ нь Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах тухай гэрээний үндсэн шинжийг илэрхийлсэн, гэрээний гол нөхцөлийн талаарх талуудын хүсэл зориг хүчин төгөлдөр гэрээ тул гуравдагч этгээдийн дээрх шаардлага үндэслэлгүй байна.

7.3.Гуравдагч этгээдээс талуудын хооронд байгуулагдсан SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-нд А.******* гарын үсэг зураагүй, энэ гэрээг байгуулахыг зөвшөөрсөн талаар буюу зохих этгээдийн зөвшөөрлөөр хийсэн тухай баримт байхгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ тул 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлаж байх боловч SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний талууд болох нэхэмжлэгч, хариуцагч нар бусдаас буюу хуульд зааснаар зохих этгээдийн зөвшөөрөл авахыг хуулиар шаардаагүй тул захиалагч буюу худалдан авагч, гүйцэтгэгч буюу худалдагч нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасныг зөрчөөгүй хүчин төгөлдөр гэрээ байна.

Түүнчлэн гуравдагч этгээд А.******* нь Колорс теч ХХК-иас ажлын хөлсөнд тооцон авах 2 өрөө орон сууцыг Ц.*******тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт түүний ажлын хөлсөнд тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцож, улмаар К ХХК-д уг орон сууцыг Ц.Сод-Эрдэнийн нэр дээр шилжүүлэн Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г байгуулуулах хүсэл зоригоо илэрхийлсэн талаар өмнө нь дурдсан болно.

7.4.Нөгөө талаар гуравдагч этгээд А.******* нь К ХХК-иас ажлын хөлсөнд авах байсан 2 өрөө орон сууцыг шилжүүлэхийг шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж, 123.6.-д Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж тус тус заасны дагуу үүрэг гүйцэтгэгч буюу К ХХК, өмнөх болон шинэ үүрэг гүйцэтгүүлэгч нар болох А.*******, Ц.******* нар зөвшилцөн, орон сууцны шаардах эрх хүлээн авагч Ц.Сод-Эрдэнийг Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний нэг тал болгон гэрээ байгуулсныг буруутгах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүйг дурдав.

 

8.Дээрх нөхцөл байдал, үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.******* нь 2021.06.22-ны өдрийн SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний үүргээ биелүүлж, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгуулахаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг ханган, дээрх талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах тухай гэрээ нь хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй, гуравдагч этгээд бол нэхэмжлэгч нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй тул А.*******гийн бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.*******эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548 505 төгрөгийг, гуравдагч этгээд А.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 810 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 548 505 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.3., 116., 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч К ХХК нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний үүргийг хангуулж, Б тоотод байрлах Сүлд хотхон үйлчилгээтэй орон сууцны С блок, 1 дүгээр давхар, С загварын 47,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохтой холбоотой бичиг баримтыг гаргуулж өгөхийг хариуцагч К ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1., 56 дугаар зүйлийн 56.1.8., 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг баримтлан Ц.*******, К ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн SC0103 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ц.*******тэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.*******д шилжүүлэхийг нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч К ХХК нарт даалгах тухай гуравдагч этгээд А.*******гийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548 505 төгрөгийг, гуравдагч этгээд А.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 810 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 548 505 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА