Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 142

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Ц,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М д холбогдох 1728000640065 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгч Б.М  нь 2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 33 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан 84-18 УНА улсын дугаартай автомашинаас М.Д гийн 6 ширхэг цүнх, 5 ширхэг түрийвч зэрэг эд зүйл хулгайлж, 2424000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М  шүүх хуралдаанд: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 09 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотоос ирээд машинаа угаалгын газарт өгчихөөд найз Д.У ийг ирээд ав гээд дуудсан. Удаагүй Д.У  ирээд би машинд нь суухдаа зарах гэж байсан ууттай цүнх, түрийвчийг аваад машинд нь хийсэн. Бид хоёр гадуур явж байгаад 17 цагийн үед гэртээ хүргүүлээд харин цүнх түрийвчээ түүний машинд мартаад буусан. Маргааш нь Д.У  над руу залгаад машинаас чиний цүнх түрийвчийг хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Би Д.У ийн машинд 6 ширхэг цүнх, 5 ширхэг түрийвчийг мартсан байсан. Эд нар бүгдээрээ гадуураа ууттай байсан. Хулгайд алдагдсан цүнхнүүд хар бараан өнгийн Sain Laurent, Micheal kors брэндийнх, түрийвч нь мөн Micheal kors брэндийнх байсан. Эдгээр цүнх, түрийвч бүгдээрээ шинээрээ байсан. Би зарах гэж байсан юм.  Би хулгайд алдагдсан цүнхээнээсээ 5 ширхэг, түрийвчнээс 2 ширхэгийг нь буцаагаад авсан. Харин үлдсэнийг нь үнэлгээний байгууллагаар үнэлэгдсэн үнээр нь нэхэмжилж байна.” гэжээ. /хх-14/,

Гэрч Д.У ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн үед гэртээ байж байхад манай найз М.Д  миний гар утас руу залгаад би машинаа угаалгад өгөх гэсэн юм, намайг “Гэгээ” авто угаалгын гадна хүрээд ир гэж хэлэхээр нь өөрийн эзэмшлийн 84-18 УНА улсын дугаартай машинтай очиход манай найз миний машинд хүний хэдэн брендийн цүнх байгаа, чиний машинд ачаад, машинаа угаалгаас гарахаар нь авъя гэсэн. Би машиндаа хийгээд ажлаар, дэлгүүрээр орж яваад орой 17 цагийн үед найз М.Д г гэрт нь буулгаад би өөрийн ажил дээрээ ирсэн. Орой би гэрийн дээд давхарт амьдардаг нэг эмэгтэйтэй уулзаад гадуур явж байхад над руу М.Д  залгаад машин угаалгаас гарчихлаа машин дээр хүргээд өгөөч гэж 20 цагийн үед ярьсан. Би хамт явж байсан эмэгтэйтэй цуг очсон. Хаан болор үйлчилгээний газар намайг очиход М.Д  машинаа авчихсан байсан. Би гэрт очсоныхоо дараа ээж бид хоёр хүний үнэтэй эд зүйлийг алдчих болов уу гэж хоорондоо ярьж байсан. Би машинаа гэрийн гадаа буюу 33 дугаар байрны машины зогсоол дээр машиныхаа хаалгыг түгжээд гэртээ ороод амарсан. Өглөө босоод харсан чинь машины жолооч талын арын цонх онгорхой, машин түгжээгүй байсан. Би машин доторх эд зүйлээ шалгахад машины урд талын хайрцганд байсан эд зүйлийг гаргасан, голын хайрцганд байсан эд зүйлийг мөн адил бусниулсан байсан. Тэгээд би цагдаад хандсан. Би машинаа 22 цагт тавьсан. Хаалга үүдийг нь цоожилсон санагдаад байгаа юм. Манай ээж хүртэл машинаа цоожилсон уу гэж анхааруулж байсан. Би өөрийн эд зүйлээ алдаагүй, машинд М.Д гийн Micheal kors гэсэн бичигтэй брендийн цүнх байсан, яг хэдэн ширхэг байсан талаар мэдэхгүй. Би тухайн үед машиныхаа цонхыг хаасан гэж бодож байна, би ер нь цонхоо том онгойлгож орхидоггүй юм. Машинаас алдагдсан эд зүйлс М.Д гийнх байсан. М.Д  миний машинд цүнх, түрийвч тавьчихъя гээд, би өгөхөө мартаад машиндаа хонуулаад хулгайд алдчихсан юм.” гэжээ. /хх-15-16/,

Гэрч М.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

Би Улаанбаатар хотоос брендийн цүнх авчирч зардаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр машинаа угаалгах гээд машин угаалгын газарт очоод найз Д.У  рүү гар утсаараа залгаад “Би машинаа угаалгын газар орхих гэсэн чинь унаагүй болчихлоо” гэхэд манай найз Д.У  намайг ирээд авсан. Би түүний машины ар руу өөрийн машинд байсан зарах гэж байсан цүнх, түрийвчийг хийсэн. Бид хоёр гадуур дэлгүүрээр орж явж байгаад орой 17 цагийн үед байхаа гэртээ найзаараа хүргүүлсэн. Гэрт байж байгаад 20 цагийн үед угаалгын газраас залгаад машин угаагаад бэлэн болчихлоо гэхээр нь найз Д.У  рүү утсаар яриад хүргээд өгөөч гээд хүлээгээд ирэхгүй байхаар нь өөр найзаараа хүргүүлээд машинаа авсан. Би машинаа аваад удаагүй байж байхад “Хаан болор” гэх нэртэй газар Д.У  нэг танихгүй эмэгтэйтэй хамт ирсэн. Бид гурав тэндээ юм ярьж сууж байгаад орой 21 цагийн үед харьцгаасан. Д.У  нөгөө танихгүй эмэгтэйтэй хамт явсан. Би Д.У ийн машинаас цүнх, түрийвчээ авахаа мартаад явуулсан байсан. Маргааш өглөө эрт манай найз Д.У  утсаар яриад “Чиний цүнх, түрийвчийг хулгайч аваад явчихсан байна” гэж хэлсэн. Би Д.У ийн 84-18 УНА улсын дугаартай машинд 6 ширхэг цүнх, 5 ширхэг түрийвч тавьсан байсан. Бүгд гадуураа ууттай байсан. Би Д.У т хэдэн ширхэг цүнх, түрийвч байсныг хэлээгүй. Би тухайн өдөр хотоос ирсэн шуудангаас уг цүнх, түрийвчээ тосож аваад явж байсан юм. Хулгайд алдагдсан цүнхнүүд хар бараан өнгийн Sain Laurent, Micheal kors брэндийнх, түрийвч нь мөн Micheal kors брэндийнх байсан. Манай найз Д.У  5 цүнх, 2 түрийвч хүлээж авсан гэсэн. 1 цүнх, 3 түрийвч дутаад байгаа. Би гомдолтой байна.” гэжээ. /хх-17-18/,

Гэрч Н.Сугирсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би Даланзадгад сумын төвд орой орой хааяа нэг төв зогсоол дээр зогсож таксинд явдаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-ны шилжих шөнө “Гандирс” худалдааны төвийн зүүн талын засмал замаар өөрийн 77-72 ӨМҮ улсын дугаартай машинаар урдаасаа хойшоо явж байхад, замын зүүн талд нэг явган хүн цагаан өнгийн ууттай зүйл үүрчихсэн гар өргөсөн. Би зогсоод уулзахад надад юм үзүүлье гэж хэлсэн. Ууттай зүйлээ нээгээд “Надад брендийн цүнхнүүд байна” гээд харуулсан. Би авч явсан эд зүйлийг нь харахад цаасан хайрцагтай, дотор талдаа гялгар ууттай, үнэртэй ус үнэртээд байсан. Би түүнээс эдгээр цүнхийг хаанаас авсныг нь асуухад хогийн савнаас авсан гээд байсан.  Тэнд зөндөө юм байсан, 1 цүнхийг нь 10000 төгрөгөөр авалдаа гээд байсан. Би 10000 төгрөг өгөөд нэгийг нь авъя гээд мөнгөө өгөөд эдгээр зүйлүүд чинь хулгайн эд зүйл байна, цагдаад өгнө гэсэн чинь цагаан ууттай зүйлээ өгөөд “Хот айл” цайны газрын урдуур ороод байр тойроод зугтаачихсан. Надад үлдээсэн цагаан шуудайтай эд зүйлийг аваад цагдаагийн жижүүрт хүлээлгэж өгсөн. Тэр хүнтэй 02 цагийн үед таарсан байх, сайн санахгүй байна. Өөр хүн байгаагүй, тэр хүн ч гэсэн ганцаараа байсан. Бор царайтай, 40 настай гэмээр, саравчтай малгайтай өнгийг нь мэдэхгүй, хувцасыг нь анзаараагүй. Би тэр хүнийг өмнө нь харж байгаагүй, дахиж харвал танихгүй байх. Хоолойг нь сонсвол таних байх. Тухайн үед тэр хүн зугтаахдаа баруун гартаа цаасанд ороосон эд зүйл бариад зугтаасан.” гэжээ. /хх-19-20/,

Шүүгдэгч Б.М ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө байхаа би жоохон халамжцуу Өмнөговь аймгийн төвд байрлах Татварын хэлтсийн зүүн талын 33 дугаар байрны гадаах машины зогсоолын хажуугаар явж байхад уг машины зогсоол дээр цагаан өнгийн машин зогсож байсан. Машины маркийг нь мэдэхгүй, тухайн үед уг машины жолооч талын арын цонх нэлээн том онгорхой байсан санагдаад байна. Цонхоор нь шагайж харахад шинэ гэмээр цаасан ууттай, дотор талдаа хар өнгийн ууттай цүнхнүүд болон түрийвчнүүд байсан. Би арын цонхоор гараа оруулж арын суудал дээр байсан ууттай цүнх түрийвчнүүдийг аваад уг байрны баруун хойд талын буланд бөөгнүүлж тавьсан. Би хогийн цэг дээр очиж цагаан өнгийн сатуркан шуудай аваад бүгдийг нь шуудайн дотор хийгээд зүүн тийшээ буюу худалдааны төвийн урд таксины зогсоол руу очоод цааш яваад “Гандирс” худалдааны төвийн зүүн талын засмал зам дээр зогсож байхад нэг жижиг машин ирэхээр нь машинд нь суулгүй, хулгайлсан шуудайтай цүнх, түрийвчийг үзүүлээд хямдхан зарна шүү, надад 10000 төгрөг өгчих гэж хэлэхэд жолооч надад 10000 төгрөг өгөөд шуудайтай цүнх, түрийвчийг үзэж байгаад наадах чинь хулгайн эд зүйл юм биш үү, чамайг цагдаад аваачиж өгнө, хаанаас хулгай хийсэн юм гэж асуухаар нь би шуудайтай цүнх, түрийвчийг үлдээгээд зугтаасан. Машин дотор байсан цүнх, түрийвчийг бүгдийг нь авсан. Машинаас өөр зүйл аваагүй, урд талын хайрцгийг ухаж үзэхэд авахаар зүйл байгаагүй санагдаж байна. Би тухайн үед согтуу байсан болохоор бүгдийг нь таксины жолоочид өгөөд зугтаасан санагдаад байна. Би зүүн хойш гүйгээд “Хот айл” цайны газрын урдуур ороод, шууд яваад худалдааны төвийн архи уудаг хүмүүстэй нийлээд архи уусан.” гэжээ. /хх-21-22/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-1/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-3/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-4/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-11/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-12/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-13/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-23-24/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №ӨМА/547 тоот дүгнэлтэд: “Michael kors брэндийн 6 ширхэг цүнх, 5 ширхэг түрийвчний зах зээлийн үнэ ханш судлан зах зээлийн дундаж үнэлгээгээр 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Michael kors /цүнх/ зах зээлийн дундаж үнэ 264000 төгрөг, 6 ширхэг нь 1584000 төгрөг, Michael kors /түрийвч/ зах зээлийн дундаж үнэ 168000 төгрөг, 5 ширхэг нь 840000 төгрөг. Үнэлгээгээр тогтоосон нийт дүн 2424000 төгрөг.” гэжээ. /хх-25/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-26,27/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол,  Б.М ын хувийн баталгаа гаргасан баримт /хх-28/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-29/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1728000640065 дугаартай прокурорын тогтоол /хх-30/,

“Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө” гэх Б.М ын хүсэлт /хх-33/,

Шүүгдэгч Б.М ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-34/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-35/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-36-44/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №48/2477 тоот албан бичиг /хх-46/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-47-49/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 48/2480 тоот албан бичиг /хх-50/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-51-52/,

Мөрдөгчийн мэдэгдэл /хх-53/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай Мөрдөгчийн тогтоол /хх-54/,

Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №02/1822 тоот албан бичиг /хх-55/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-56-57/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-58/,

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан Б.М ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М  нь 2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 33 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан 84-18 УНА улсын дугаартай автомашинаас М.Д гийн 6 ширхэг цүнх, 5 ширхэг түрийвч зэрэг эд зүйл хулгайлж, 2.424.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.М ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...Би арын цонхоор гараа оруулж арын суудал дээр байсан ууттай цүнх түрийвчнүүдийг аваад уг байрны баруун хойд талын буланд бөөгнүүлж тавьсан. Би хогийн цэг дээр очиж цагаан өнгийн сатуркан шуудай аваад бүгдийг нь шуудайн дотор хийгээд ...“Гандирс” худалдааны төвийн зүүн талын засмал зам дээр зогсож байхад нэг жижиг машин ирэхээр нь машинд нь суулгүй, хулгайлсан шуудайтай цүнх, түрийвчийг үзүүлээд хямдхан зарна шүү, надад 10.000 төгрөг өгчих гэж хэлэхэд жолооч надад 10.000 төгрөг өгөөд шуудайтай цүнх, түрийвчийг үзэж байгаад наадах чинь хулгайн эд зүйл юм биш үү, чамайг цагдаад аваачиж өгнө, хаанаас хулгай хийсэн юм гэж асуухаар нь би шуудайтай цүнх, түрийвчийг үлдээгээд зугтаасан. Машин дотор байсан цүнх, түрийвчийг бүгдийг нь авсан. Машинаас өөр зүйл аваагүй, урд талын хайрцгийг ухаж үзэхэд авахаар зүйл байгаагүй санагдаж байна. Би тухайн үед согтуу байсан болохоор бүгдийг нь таксины жолоочид өгөөд зугтаасан санагдаад байна...” гэх мэдүүлэг,   “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №ӨМА/547 тоот “Michael kors брэндийн 6 ширхэг цүнх, 5 ширхэг түрийвчний зах зээлийн үнэ ханш судлан зах зээлийн дундаж үнэлгээгээр 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Michael kors /цүнх/ зах зээлийн дундаж үнэ 264000 төгрөг, 6 ширхэг нь 1584000 төгрөг, Michael kors /түрийвч/ зах зээлийн дундаж үнэ 168000 төгрөг, 5 ширхэг нь 840000 төгрөг. Үнэлгээгээр тогтоосон нийт дүн 2.424.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хх-25/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хууль ёсны байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д д гэмт хэргийн улмаас нийт 2.424.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 5 ширхэг цүнх, 2 ширхэг түрийвчийг тус тус хүлээлгэн өгсөн /хх-9-11/ байх тул 1.656.000 төгрөгийн хохирлыг төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М аас 768.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д д олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.М д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч Б.М  гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял болох 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч Б.М  хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн түүнийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын гаргасан саналын хүрээнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ыг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Б.М  нь Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 52 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдэлж, 188 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй үлдсэн болох нь Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №02/1822 тоот албан бичгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 188 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.М д нийт 428 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь

хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М  нь бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 188 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 428 /дөрвөн зуун хорин найм/ цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М  нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.М аас 768.000 /долоон зуун жаран найман мянга/  төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д  /регистрийн дугаар КЮ79123008/-д олгосугай.

6. Шүүгдэгч Б.М  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д д гэмт хэргийн улмаас нийт 2.424.000 /хоёр сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулснаас 1.656.000 /нэг сая зургаан зуун тавин зургаан мянга/

 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 -д зааснаар шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ