Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1426

 

                                    О.Г, Л.И, Г.Б, Г.Б, С.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

прокурор Я.Мөнхзаяа,

хохирогч Г.Батжаргалын өмгөөлөгч Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/1801 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Я.Мөнхзаяагийн бичсэн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 43 дугаартай эсэргүүцлийг үндэслэн О.Г, Л.И, Г.Б, Г.Б, С.Т С.Т нарт холбогдох эрүүгийн 2009 00081 0710 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. О.Г,

2. Л.И,

3. Г.Бх

4. Г.Бд,

5. С.Т

О.Г  нь 2020 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Топаз” нэртэй караокений гадаа хохирогч Г.Батжаргалтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүнийг Л.И той бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь зүүн гайморын хөндийн урд хана, хамар яс бяцарсан хугарал, зүүн  нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун дух зулай, чамархай субарахнойдай зайн бага хэмжээний цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, зүүн сарвуу, нурууны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Л.И  нь 2020 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Топаз” нэртэй караокений гадаа хохирогч Г.Батжаргалыг “мөрлөж гарлаа” хэмээн маргалдсаны улмаас түүнийг О.Г той бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь зүүн гайморын хөндийн урд хана, хамар яс бяцарсан хугарал, зүүн  нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун дух зулай, чамархай субарахнойдай зайн бага хэмжээний цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, зүүн сарвуу, нурууны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

С.Т, Г.Б, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Топаз” нэртэй караокений гадаа хохирогч Н.Түвшинтөгстэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун зовхи, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Г , Л.И  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, С.Т , Г.Б, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт, ...ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, ...тухай заана...” гэж, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, ...” гэж тус тус заасан бөгөөд прокурор Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтдээ О.Г, Л.И, Г.Б, Г.Б, С.Т С.Т нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2020 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө гэж бичсэн нь ойлгомжгүй болсон байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар уг хэргийг нэг мөр, эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Я.Мөнхзаяа эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч Г.Батжаргал, Н.Түвшинтөгс, гэрч П.Наранцацрал, П.Долгион, яллагдагч Л.И , О.Г , С.Т , Г.Бд, Г.Бх нарын мэдүүлгүүдээр 2019 оны 12 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ ... мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж хуульчилжээ. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоох боломжтой. Мөн 2020 оны 12 дугаар сар хуанлигаар болох болоогүй, прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэхдээ техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг шүүхийн хэлэлцүүлгийн явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар тогтоох боломжтой. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар хийгдэх ажиллагаа байхгүй, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/1801 тоот захирамжийг хүчингүй болгож, тус хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Батжаргалын өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, хохирогчийн гаргаж өгсөн баримт нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хавтаст хэрэгт байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос О.Г , Л.И  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, С.Т , Г.Бд, Г.Бх нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт, ...ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, ...тухай заана...” гэж, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа...” гэж тус тус заасныг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 612 дугаартай яллах дүгнэлт хангаагүй тул уг ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар залруулах шаардлагатай, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэмээн дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.

Прокурор Я.Мөнхзаяагийн 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 612 дугаартай яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгт гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2020 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд хэдийгээр гэмт хэрэг гарсан цаг хугацааг хэрэг учрал болсон бодит нөхцөл байдлаас зөрүүтэй бичсэн хэдий ч хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч, гэрч нар болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, нас тоолсон ажиллагааны тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Номинцэцэгийн хохирогч Н.Түвшинтөгсийн биед учирсан гэмтлийг хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн болох талаар хийсэн дүгнэлт зэргээр гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоох боломжтой байна.

Түүнчлэн, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооногэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд прокурор энэ үүргээ хэрэгжүүлэхдээ, шаардлагатай оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн болохыг, гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн талаарх хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтойг дурдаж байна.

Шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Я.Мөнхзаяагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, О.Г, Л.И, Г.Б, Г.Б, С.Т С.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2020З/1801 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.Г, Л.И, Г.Б, Г.Б, С.Т С.Т нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл О.Г, Л.И, Г.Б, Г.Б, С.Т С.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ  

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР