| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/00904/И |
| Дугаар | 142/ШШ2024/00855 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2024/00855
| 2024 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 142/ШШ2024/00855 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, *** тоотод оршин суух, М овогт Бгийн Ү /РД:***/-ын хүсэлттэй,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч: Б.Ү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Ү нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Хүсэлт гаргагч Б.Ү шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ээж Б.Б нь 2015 онд харвалтын улмаас хэвтэрт байдаг ба би мөн хорт хавдраар оношлогдон одоо эмчийн хяналтанд байдаг. Миний аав Д.Б нь 2022 онд, миний эгч Б.А нь 2021 онд нас барсан. Одоо миний ээж, би охин бид гурав Орхон аймаг Баян-Өндөр сум *** тоотод албан ёсоор оршин суудаг. Уг орон сууцыг 1997 онд худалдаж авсан. Миний бие 1994 оноос 2019 он хүртэл хөдөлмөр эрхэлж байсан тул өмчлөлийн асуудлаар хөөцөлдөж чадаагүй. Иймд Орхон аймаг Баян-Өндөр сум *** тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү. Би аав Б, ээж Б, охин М, эгчийн хүү Бын хамт амьдардаг. Анх уг орон сууцыг худалдаж авсан хүн бичиг баримтаа авч ирж өгөөгүй, түлхүүрээ авчих гээд түлхүүрээ өгөөд, би мөнгөө тоолж өгөөд ах нь 2-3 хоногтоо бичиг баримтаа аваад ирнэ гэж хэлээд дахиж холбоо бариагүй. Эрэн сурвалжлуулах гэхэд шүүхээс залилангийн хэрэг байна, эхлээд цагдаад ханд гэж хэлсэн. Цагдаад хандахаар тодорхой хаяг байхгүй, эрэн сурвалжлах боломж байхгүй гэсэн. Шүүхээр шударга өмчлөгчөөр ордог гэж мэдэхгүй, би сургуулиа 1994 онд төгсөөд 2019 он хүртэл улсад ажилласан. 2019 оноос хойш хорт хавдартай гээд хөгжлийн бэрхшээлтэй болсон. Тийм учраас хүсэлтийг минь хангаж шийдэж өгнө үү...” гэжээ.
3. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Б.Үын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Д.Бгийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-4/, “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-ийн тодорхойлолт /хх-5/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өддрийн 1/56 дугаартай албан бичиг /хх-6/, Үндэсний сан хөмрөгийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03-07/4494 дугаартай лавлагаа /хх-8/, Орон сууцанд оршин суугчдын картын хуулбар /хх-9-10/, хэрэглэгчийн төлбөрийн дэлгэрэнгүй /хх-11/, Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 3/126 дугаартай албан бичиг /хх-12/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 5/651 дугаартай албан бичиг /хх-13/, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 90 дугаартай тодорхойлолт /хх-14/ нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Үын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Үүнд: “...ээж Б.Б нь 2015 онд харвалтын улмаас хэвтэрт байдаг ба би мөн хорт хавдраар оношлогдон одоо эмчийн хяналтанд байдаг. Миний аав Д.Б нь 2022 онд, миний эгч Б.А нь 2021 онд нас барсан. Одоо би ээж, охины хамт Орхон аймаг Баян-Өндөр сум *** тоотод оршин суудаг. Уг орон сууцыг 1997 онд хүнээс худалдаж авсан. Миний бие 1994 оноос 2019 он хүртэл хөдөлмөр эрхлэж байсан тул өмчлөлийн асуудлаар хөөцөлдөж чадаагүй. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү...” гэсэн.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч Б.Ү нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** тоот орон сууцыг хүнээс худалдан авч өөрийн өмчлөлд бүртгүүлж гэрчилгээ авалгүйгээр 1997 оноос эхлэн эцэг Д.Б, эх Б.Б, охин Ү.М нарын хамт амьдарч эхэлсэн байна.
5. Эцэг Д.Б нь 2022 оны 8 сарын 13-нд нас барсан бөгөөд одоо эх, охины хамт уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж амьдарч байгаа болох нь Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн хэрэглэгчийн төлбөрийн дэлгэрэнгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1/56 дугаартай оршин суух хаягийн болон ам бүлийн тодорхойлолт, хүн, ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
6. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***тоот орон сууцны хувьчлалын материал архивт байхгүй, уг орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдэж хэн нэгний өмчлөлд бүртгэгдээгүй байгаа болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 483 дугаартай тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
7. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна.” гэж заасан.
8. Хүсэлт гаргагч Б.Ү нь 1997 оноос хойш одоог хүртэл буюу 26 жилийн хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***тоот орон сууцыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлт 48-17 тоот орон сууцны өмчлөгч Б.Ү мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
9. Хүсэлт гаргагч Б.Үын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Мовогт Бгийн Ү /РД:***/-ыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ