Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 143

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Ц,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: М.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.О д холбогдох 1728000620061 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгч М.О  нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын төвөөс зүүн урагш 36 километрт 97-98 ӨМА улсын дугаартай Лексус-470 маркийн автомашин жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, зорчигч Ш.Э гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“Тухайн үед тээврийн хэрэгслийн дугуйг хэзээ яаж хагарахыг мэдээгүй. Автомашины зөв талын урд талын дугуй хагарч хажуу тийшээ замаас гарсан. Тухайн үед согтууруулах ундаа болон өөр бусад зүйл хэрэглээгүй байсан. Автомашины хурдыг тааруулж явсан. 30-40 километр цагийн хурдтай л явж байсан. Баяндалай сумаас гараад явж байхдаа би хүмүүстээ “Машины бөгс нь дайвалзаад явж болохгүй байна” гэж хэлж байсан. Бид нар бүгд бууж машины 4 дугуйны хийг тэгшилсэн. Дараа нь цааш явж байтал дугуй буудаж хажуу тийшээ эргэж онхолдсон. Би санаатай ийм үйлдэл гаргаагүй учраас ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Э  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн орой 22 цагийн орчим М.О  гэх жолоочийн хамт Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дэд бүтцийн хэлтсийн дарга Ж.С , Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ц.Идэрхүү, Газрын харилцааны нягтлан С.Д.У  нарын хамт Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт Гурвантэс суманд барилга ашиглалтанд шилжүүлэх улсын коммиссын ажлаар явж байсан. Гэтэл бид нар уг сум руу очих гээд явж байсан чинь Lexus-470 маркийн автомашин гэнэт замын баруун тал руу шарваж онхолдсон. Онхолдсоны дараа би уруул сэтэрчихлээ гэж бодсон. Миний толгой руу юм цохих шиг болоод ар нуруу руу хүнд юм цохисон. Цуг сууж явсан хүмүүс гурав нь гадаа гарч, би Д.У тай машин дотор үлдсэн байсан. Амьсгаа авч болохгүй сууж байхад урд талын салхины шилийг хагалж намайг гаргасан. Тухайн үед М.О  гэх залуу машиныг жолоодож явсан. Уг машины жолооч нь тэтгэвэрт гарсан байсан учраас М.О  нь орлож тус автомашиныг барьдаг байсан гэж хүмүүс ярьцгааж байсан. Нарийн зүйлийг би мэдэхгүй байна. Бид нарын сууж явсан автомашин аймгийн хөгжлийн бодлого бүтцийн дарга Ж.С ий албаны автомашин байсан. М.О  тухайн үед архи хэрэглээгүй байсан. Миний хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагдаагүй. Уг ослыг юунаас болж гарсныг би мэдэхгүй байна.  Гурвантэс сум руу явж байгаад гэнэт замын баруун гар тал руугаа автомашин онхолдсон. Надад Ж.С  эмчилгээний зардалд хэрэглээрэй гээд нийт 2.000.000 төгрөг өгсөн. Онгоцоор явсан зардал би өөрөөсөө 370.000 гаруй төгрөг төлж ирсэн. Би акт тогтоолгосон байгаа. Үйлдвэрлэлийн осол гэсэн заалтаар тогтоолгосон. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг мөнгө акт тогтоолгосноороо бага төлдөг. Миний цалингаас нийгмийн даатгалын шимтгэл бага төлдөг байгаа. Иймд би тэтгэвэрт гараад тэтгэвэр авахад бага авч зөрүү гарна. Энэхүү хохирлоо холбогдох журам, хуулийн дагуу барагдуулмаар байна. Би цаашид тогтоолгосон тохиолдолд цалингийн зөрүү зэргийг аймгийн Засаг даргын тамгын газар хариуцах ёстой. Дараа миний биед энэхүү ослоос болж ямар ямар өөрчлөлт, гэмтэл гарахыг хэлж мэдэхгүй байна. Хэрэв хохирол гарсан тохиолдолд тухай бүрт нь барагдуулмаар байна. Удаан явж чадахгүй, мөн сууж чадахгүй байна. Хэвтэхэд бэрхшээлтэй байна.” гэжээ. /хх-14-16/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Э  мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгт:

“Ашид билгүүн” үнэлгээний байгууллагаар Засаг даргын тамгын газрын эзэмшлийн 97-98 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл осолд орж үнэлгээ гаргуулсан байна. Энэ хохирол нөхөн төлөгдсөн учраас манай байгууллагын зүгээс нэхэмжилж байгаа зүйл байхгүй.” гэжээ. /хх-20/,

Гэрч Д.У ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 31-нд Өмнөговь аймаг Даланзадгад сумаас Гурвантэс сум руу ...жолоочтойгоо тавуулаа Ноён сумаас урагш шөнө 22 цагт ...явж байтал машины дугуй хагарч замын хажуу руу машин хөрвөөгөөд унасан. Бид нар машинаас бууцгааж Ноён сумын эмнэлгийн утас руу залгаж түргэн дуудсан. Тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг М.О  гэх хүн жолоодож явсан. Би хамгаалах бүс зүүгээгүй, арын сандалын голд нь сууж явсан. Надад ямар нэг санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-22-23/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Э гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Даланзадгад сумаас Гурвантэс орох гээд 5 хүний бүрэлдэхүүнтэй явж байсан. Ноён сумаас урагш 30 гаруй километрт явж байтал ...машин гэв гэнэт буруу тийшээ шарвасан. Би дугуй хагарсан болов уу гэж бодсон. Машин тогтох болов уу гэтэл машин дахиад өнхрөх шиг болсон. Тухайн үед автомашиныг М.О  гэх залуу жолоодож явсан. 50 км/цагаас хэтрээгүй хурдтай явж байсан. Би буруу талын хойд талын хаалганы хажууд сууж явсан. Ил шарх бол байхгүй, 2 дал хэсэгт маш хөндүүр байна. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-24-25/,

Гэрч Ж.С ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 31-ний орой 18 цаг 20 минутын үед Ш.Э , М.О , Ц.Идэрхүү, Д.У  нарын хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын чиглэлд аймгаас гараад Ноён сумаас зүүн урд зүгт 35 орчим километрт манай унаж явсан Лексус-470 маркийн 97-98 ӨМА улсын дугаартай автомашинаар явж байгаад зөв тал буюу жолоочийн талын урд талын дугуй хагарч машин зүүн гар тал руу хэлтийж хөрвөөгөөд хажуу талаараа тогтож унасан. Бид нар хүмүүсээ гаргаад эмнэлэг дуудах арга хэмжээ авч Ш.Э , Д.У , Идэрхүү нарыг түрүүлээд явуулсан сумаас ирсэн машинаар, унасан машинаа татуулж босгоод айлын гадаа чирч орхисон. Бид нар сумын эмнэлэгт очсон. М.О  согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.” гэжээ. /хх-27,

Гэрч Ц.Идэрхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би Даланзадгад сумаас Гурвантэс сум руу алба томилолтоор явж байгаад Ноён сумаас зүүн урагш 30 орчим километрт явж байтал сууж явсан машин урд талын дугуй хагарч онхолдсон. Дотор нь байсан хүмүүсээ гаргаад Ш.Э , Д.У  хоёрын бие зовиуртай байсан болохоор Ноён сум руу холбогдож яаралтай эмнэлгийн тусламж дуудсан. Ш.Э , Д.У  бид 3 сумын төв рүү эмнэлэгт очсон. Тухайн үед тээврийн хэрэгсэл хэдэн км/цагийн хурдтай явж байсныг сайн мэдэхгүй байна. Би хамгаалалтын бүсээ зүүсэн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-28-29/,

Шүүгдэгч М.О ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумаас Гурвантэс орох гээд 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс гараад явж байгаад Ноён сумаас урагш 30 орчим километрт явж байтал сууж явсан машин урд талын дугуй хагарч машин буруу талаараа буюу бөөрөөрөө унасан. Хамт явж байсан Ш.Э  гэж хүний дал орчмоор нь өвдөөд байна гэсэн. Д.У  гэж хүний хүзүү өвдөөд байна гэсэн. Би тухайн үед 50 км/цагийн хурдтай явж байсан. Уг машин Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын нэр дээр байдаг. Салхины шил хагарсан, буруу талын дохионы гэрэл салсан, жолооч талын хажуугийн шил хагарсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-30-31/,

Шүүгдэгч М.О  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:

“Би өмнө нь гэрчээр мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгсөн учраас надад нэмж хэлэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-74/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-1/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-11/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-12/,

Ш.Э г иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-13/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №48/2270 тоот албан бичиг /хх-17/,

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №2-2235 тоот иргэний нэхэмжлэгчээр томилох тухай албан бичиг /хх-18/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-19/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-32-33,38-39,44-45,50-51,65-67     /,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №422 дугаар шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд: Ш.Э ийн биед цээжний 4-р нугаламын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-34/,

Хүний их эмч Б.Оюуны тодорхойлолт /хх-35,41,47,53,55-56,58,61-62/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №424 дүгээр шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд: Ц.И ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-40/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №426 дугаар шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд: Ж.С ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-46/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №425 дугаар шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд: М.О ын биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-52/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №423 дугаар шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд: Д.У ийн биед баруун дээд 1-р үүдэн шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар алдагдуулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-57/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №53 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

а. Уг зам тээврийн осол хэний буруутай үйлдлээс болж гарсан эсэх?

97-98 ӨМА улсын дугаартай Lexus-470 маркийн автомашины жолооч М.О  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “..жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

б. Ослын үед 97-98 ӨМА улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч М.О  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх? Хэрэв зөрчсөн бол замын хөдөлгөөний дүрмийн аль аль заалтыг зөрчсөн байна вэ? Энэ нь тухайн зам тээврийн осолд нөлөөлсөн эсэх?

М.О  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

в. Осол болох үеийн хурдыг тогтоох боломжтой эсэх?

Уг зам тээврийн осолд тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.

г. Жолооч М.О , тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх?

Жолооч М.О , тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын эрхийн үнэмлэхтэй байна.

д. Шинжилгээ хийх явцад асуултад тусгагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлийг олж тогтоовол шинжээчийн дүгнэлтэд тусгах зэрэг байдлыг тогтоолгохоор материалын хамт шинжээчийн мэдэлд хүргүүлэв.

 Асуултад тусгагдаагүй зүйл тогтоолд байхгүй гэж үзэж байна. /хх-63/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №365 тоот Автомашин техникийн үнэлгээний дүгнэлт болон Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлт /хх-68/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-36,37,42,43,48,49,54,59,60,64,69, 70/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, хувийн баталгаа авсан баримт /хх-71/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /хх-72/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1728000620061 дугаартай прокурорын тогтоол /хх-73/,

Өмгөөлөгчгүй байцаалт өгнө гэсэн шүүгдэгч М.О ын хүсэлт /хх-75/,

Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тухай тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-76-83/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-84,87/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичиг /хх-85/,

Хүсэлтийг хангах тухай мөрдөгчийн тогтоол /хх-86/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №48/2006 тоот албан бичиг /хх-88/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-89,108/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-90,109/,

Арвин сувд шүдний эмнэлгийн их эмч Б.Сувдмаагийн тодорхойлолт /хх-91-92/,

Хүзүүний нурууны MRI оношилгоо /хх-93/,

Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Компьютер Томографийн шинжилгээ /хх-94,95/,

Эмнэлгийн магадалгаа /хх-96/,

Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Компьютер Томографийн шинжилгээ /хх-97/,

Өвчний түүх /хх-98-105/,

Өмнөговь аймаг, Даланзадгад сумын Цагаанбулаг 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-106/,

Цагдаагийн газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-107/,

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт /хх-110/,

Шүүгдэгч М.О ын иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-111/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-112/,

Өмнөговь аймгийн прокурорын газрын прокурорын даалгавар /хх-113/,

Мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус мөрдөн шалгах байгууллагаар хийлгэх тухай мөрдөгчийн санал /хх-114/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-115-117/,

Мөрдөгчийн мэдэгдэл /хх-118/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-119/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-120-123/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-124/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.О  нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын төвөөс зүүн урагш 36 километрт 97-98 ӨМА улсын дугаартай Лексус-470 маркийн автомашин жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, зорчигч Ш.Э гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч М.О д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүх шүүгдэгч М.О ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Э гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.О  нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №53 дугаар шинжээчийн “...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.О ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд тулгуурлан шүүгдэгч М.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн байдалд тохирно гэж дүгнэлээ.

            Шүүх шүүгдэгч М.О ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан үзэж торгох ялыг 3 сарын хугацааны дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон болно.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Э  нь эмчилгээний зардал болон хохирол төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт хохирол төлбөр нэхэмжилсэн нотлох баримтаа ирүүлээгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч Б.Б , гэрч Д.У  нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь

хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч М.О ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч М.О  нь 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.О  нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч М.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний нэхэмжлэгч Б.Б , гэрч Д.У  нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Э  нь хохирол төлбөрийн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч М.О  нь иргэний нэхэмжлэгч Б.Б ын хохирол төлбөр буюу /Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын эзэмшлийн/ 97-98 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд 7.125.000  /долоон сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ