Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 354

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02600 дугаар шийдвэртэй, Б.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Л г-” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 802 371 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх болон 2019 оны 4, 5 дугаар сарын цалингаас дутуу олгосон 669 314 төгрөг, түүний алданги 250 875 төгрөг буюу нийт 920 189 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажиллаж байсан хугацааны цалин 669 314 төгрөг, түүний алданги 250 875 төгрөг буюу нийт 920 189 төгрөг гаргуулах, цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагаа дэмжиж байна. Анх гаргасан шаардлагаас дутуу олгосон цалин, түүний алдангитай холбоотой хэсгээ багасгаж байгааг хүлээн авна уу. Б.Г- нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс амаар тохиролцож, сарын 1 000 000 төгрөгийн цалин хөлс авахаар цахилгаанчны ажилд орсон. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчдөг, цалин хөлс бүрэн өгдөггүй ийм байгууллага байсан. Энэ шалтгаанаар 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь ажил хийгээгүй. Энэ байгууллагад эргээд ажиллах гэхээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулдаггүй, аюулгүй байдлыг хангадаггүй, цалин хөлс өгдөггүй тул ажлаасаа гарсан. Ажилласан хугацааны цалин хөлсөө шаардахаар хэнд хандах нь мэдэгддэггүй. Захирал, нягтлан бодогч, хуульч нар нь нэг нэгэн рүүгээ явуулаад хөл толгой нь олдоггүй. Энэ байдал нь Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн хяналт тавих явцад ч гарч байсан. Шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2019 оны 6 дугаар сарын 20, 2019 оны 7 дугаар сарын 18, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрүүдэд нийт 3 удаа хандсан боловч шүүх нэхэмжлэлийг тухай бүр хүлээн авахаас татгалзсан бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Иймд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тушаал шийдвэр гаргаагүй мөртлөө ажиллах нөхцөлөөр хангахгүй байгаа тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллагаагүй хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6 802 371 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх болон олгоогүй цалин, түүний алданги нийт 920 189 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс дутуу олгогдсон цалин хөлс 669 314 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч компани нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс Б.Г-ыг цахилгаанчнаар ажиллуулж байсан үйл баримтдаа маргахгүй. Тэрээр 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн Усан спорт цогцолборын барилгын ажлын цахилгааны сувагчлалын ажлыг гүйцэтгэж байсан нь үнэн. Цалин хөлс хоцроосон үйл баримт нь үнэн. Гэхдээ энэ нь гүйцэтгэж байгаа ажлын санхүүжилтийг төрөөс хоцроож байснаас үүдэлтэй. Байгууллага энэ хүний нэхэмжлэлд дурдсан шиг аюултай байдалд ажиллуулаад байсан зүйл байхгүй. Тэрээр өөрөө ажлаа хаяад яваад өгсөн. Ажлын байр орхих тухайгаа ч хэлээгүй, хуульд заасан 30 хоногийн хугацаа өнгөрмөгц ажлаас гарах зохицуулалт харгалзалгүй шууд хаяад явсан байдаг. Манай компанид 2 цахилгаанчин ажиллаж байсан бөгөөд 2-уул ажлаа орхиод явсан. Зуны цагт бидэнд ажилтны эрэлт их, хийж гүйцэтгэхээр тохирсон ажилд цахилгааны сувагчлалын ажил маш чухал байсан учир бид 2 цахилгаанчинтай холбоо барьж, ажиллаач гэж санал тавьсан, цалин хөлс өгөх тухайгаа ч хэлсэн боловч Б.Г-той холбогдож чадаагүй, тэрээр огт эргэж холбогдоогүй. Бид ажлаар хангаагүй асуудал огт байхгүй. Нэхэмжлэгч өөрөө эргэж ирээгүй. Бид хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй алдаа гаргасан боловч түүнийг ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, цалин хөлсийг олгож ирсэн. Цалин шаардахад огт өгдөггүй гэж хэлж байгаа ч ажлаа хаяж явснаас хойш ганц ч удаа ирээгүй атлаа одоо ингэж худлаа хэлж байгаа нь үндэслэлгүй. Гүтгэж байна гэж үзэж байгаа тул очиж шаардаж байсан байдлаа нотлох ёстой байх. Өөрөө ажлаа хаяж явсан байж ажлаас халсан гэх үндэслэлээр шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэдийгээр ажил олгогч зарим зүйл дээр буруутай ч ажилтанд бас үүрэг байх ёстой. Ажил үүргээ дуртай үедээ хаяад явж болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байх. Тэрээр ажлаа хүлээлгэн өгөөгүй учир бид түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал огт гаргаагүй, тэрээр ирж уулзаагүй тул дутуу олгосон гэх цалин хөлсийг өдийг хүртэл саатуулсан гэж үзэх боломжгүй. Ажлаа хүлээлцээд, тушаалаа гаргуулаад явсан бол тушаалыг гаргаж, нийгмийн даатгалын дэвтэр болон ажилласан хугацааны цалин хөлсийг олгоод асуудлыг шүүхээр бус өөрсдөө шийдвэрлэх боломж байсан. Өөрөө нэг ч удаа ирээгүй байж өнөөдөр хохирсон байдлаар нэхэмжлэл гаргаад байгааг зөвшөөрөхгүй, өөрөө хариуцлагагүй тул бид ийм хүнтэй дахин ажиллаж чадахгүй тул цалин хөлсний үлдэгдэл мөнгийг өгнө, харин үлдэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Л г- ХХК-аас дутуу олгосон цалин хөлс, түүний алданги нийт 920 189 төгрөгийг гаргуулж Б.Г-од олгож, Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 802 371 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Г-ын гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэгчээс төлсөн 35 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26 635 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02600 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02600 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүргээ ажил олгогч зөрчсөн, мөн цалин хөлсийг хугацаанд нь бүрэн олгохгүй байсан үйл баримт тогтоогдсон, үүнд хариуцагч тал маргаагүй боловч энэ үйл баримт нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэх бус харин ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болж байна." гэжээ. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт "Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно." Гэж заасан нэхэмжлэгч Б.Г- нь ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй, цаашлаад ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлаагүй болно. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 14 дэх хэсэгт "Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан "хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл" гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ." Гэж заасан бөгөөд Б.Г- бичгээр гаргасан ямар нэг хүсэлт байхгүй болно. Иймд Хөдөлмөрийн гэрээг ажилны санаачилгаар цуцалсан гэж үзсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02600 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, цалин хөлсийг тогтмол бүрэн олгодоггүй байсан нь ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, дарамт шахалт үзүүлсэн гэж үзэх үндэслэл болсон тул ажлаа 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хийгээгүй" гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бол хариуцагч "хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь үнэн, цалин хөлсийг 5 хоногоор хоцроосон тохиолдол байгаа, ажилтныг бид ажлаас халаагүй, дарамтлаагүй, өөрөе ажлаа хаяж явсан" гэх үндэслэлийг гаргаж маргасан." гэжээ. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "24.1.Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно." гэж заасан ба хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэг хуулиар ажил олгогчид ногдуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт "24.3.Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй." гэж заасан бөгөөд шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тогтоохдоо хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгоогүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн "хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал" зөвлөмжийн 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтаи иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно" гэснээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна." гэж заасан байна. Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой үнэлээгүй: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02600 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүргээ ажил олгогч зөрчсөн, мөн цалин хөлсийг хугацаанд нь бүрэн олгохгүй байсан үйл баримт тогтоогдсон, үүнд хариуцагч тал маргаагүй боловч энэ үйл баримт нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэх бус харин ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болж байна." гэжээ. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.Г--ыг ажил үүргээ гүйцэтгэхийг шаардсан эсэх, мөн ажил тасалсан эсэхийг, ажлаа хаяж явсан эсэхтэй холбоотой нотлох баримтуудыг бүрэн дүүрэн бодитой шалгаж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс ажил үүргээ гүйцэтгэх талаар ажил тасласан, ажилдаа ирэхийг шаардсан, эсхүл өвчтэй, чөлөөтэй байсан эсэхийг дотоод журмаараа ирцийн бүртгэл тайлан гаргаж, тасалсан бол хөдөлмөрийн цуцлах эрх зүйн үр дагавар үүссэн эсэх нотлох баримтуудыг авч үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч “Л г-” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 802 371 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх болон 2019 оны 4, 5 дугаар сарын цалингаас дутуу олгосон 669 314 төгрөг, түүний алданги 250 875 төгрөг буюу нийт 920 189 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагчаас дутуу олгосон цалин 669 314 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            Талууд нэхэмжлэгч Б.Г-ыг хариуцагч байгууллагад 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс цахилгаанчнаар, 1 сарын 1 000 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй.

 

            Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан цалин хөлс олгох үүргээ хариуцагч биелүүлээгүй талаар зөв дүгнэж, мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт зааснаар дутуу олгсон цалин хөлс, алданги 920 189 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч, нэхэмжлэлийг шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

            Учир нь хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчийг “ажлаа хаяад явсан буюу өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн” гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь ажил хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар тайлбар гаргаж, шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгохоор 2019 оны 6 дугаар сарын 20, 2019 оны 7 дугаар сарын 18, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрүүдэд нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийг тухай бүр хүлээн авахаас татгалзсан нөхцөл байдал, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02-06-045/55 тоот ажилласан хугацааны цалин олгуулах тухай акт, талуудын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 38, 41-46 дугаар тал/ Эдгээр баримтын агуулгыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын байраа орхиж явсан гэж дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, цалин хөлс дутуу олгсон болохыг хүлээн зөвшөөрсөн болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй, ажиллах нөхцөл байдлаар хангах үүргээ хэрэгжүүлээгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаагүй байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтныг чөлөөлөх шийдвэр гаргасан бол уг шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргах учиртай.

 

            Нэхэмжлэгчийг өөрийн санаачилга, хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх баримт хэрэгт байхгүй, уг байдлыг хариуцагч нотлох үүрэгтэй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г-ыг “Л г-” ХХК-ийн цахилгаанчины ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 802 371 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

 

            Харин нэхэмжлэгч Б.Г-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан хүртэлх хугацаагаар тооцох үндэслэлгүй. Учир нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэхээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн мэтгэлцэх зарчим, мөн хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлээ тодорхойлох эрх нэхэмжлэгчид байгаа тул нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 6 802 371 төгрөг гэж тодорхойлсон хэмжээнээс илүү хэмжээгээр олговрыг өөрөө тооцох боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02600 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүилийн 60.1, 141 дүгээр зүйлийн 141.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.11, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Г-ыг “Л г-” ХХК-ийн цахилгаанчины ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Л г-” ХХК-аас 6 802 371 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-од олгож, уг мөнгөнөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, 2019 оны 4, 5 дугаар сарын цалингаас дутуу олгосон 669 314 төгрөг, түүний алданги 250 875 төгрөг буюу нийт 920 189 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж

2 дахь заалтын “26 635 төгрөг” гэснийг “150 423 төгрөг” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                 Н.БАТЗОРИГ

 

                                                С.ЭНХТӨР