Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/596

 

Б.Б-а, Г.Э- нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

хохирогч, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ж.Гантулга,

хохирогч, цагаатгагдсан этгээд Г.Э-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-а, Г.Э- нарт холбогдох эрүүгийн 20100 0500 1059 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Б.Б-а, 1987 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитекторч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, охины хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. Боржигон харуул овгийн Ганболдын Э-, 1998 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

             Б.Б-а нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 21-ний шөнө 02-03 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Сац” нэртэй зочид буудлын гадна Г.Э-тэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун гарын эрхий хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            Г.Э- нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний шөнө 02-03 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Сац” нэртэй зочид буудлын гадна Б.Б-атай “найз охиныг өдөж хоргоосон” гэх шалтгаанаар маргалдан, нүүрэн тус газар нь 2-3 удаа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “...дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарал, гавлын хөндий дэх хий, зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, зүүн хоншоор ясны өмнөд медиал хана зөрөөгүй хугарал, хамрын яс хугарал, хамрын таславч хугарал, мурийлт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Э-г цагаатгаж, шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоож, Б.Б-а, Г.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогч, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.Б-аас “...миний санаж байгаагаар хаалга дуугарах шиг болоход тэр охинтой өдөр хамт явж байсан гурван залуугийн нэг нь гэж ойлгосон. Гэзэгтэй залуу хаалганы цаана зогсож байсан. Тэгээд Г-д “Энэ юу юм бэ гэж хэлээд намайг цохиод унагаах шиг болсон. Тэгээд л тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байгаа. Нэг мэдэхэд гадаа дээшээ хараад хэвтэж байсан...” гэж мэдүүлдэг. Хэрэг үйл явдал болох үед хохирогч Г.Э- ямар хувцас өмсөж явсан, тухайн үед урт үстэй байсан эсэх, Б.Б-а буудлаас ямар байдалтай гарсан үйл баримтыг буудлын хүлээн авагч ажилтан, хэргийн газарт дуудлагаар очсон цагдаагийн ажилтан нараас гэрчийн мэдүүлэг авах замаар тогтоох ажиллагаа бүрэн гүйцэд явуулаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч О.Г-аас “...Б-а ирээд Э-гийн нүүрэн тус газар гараараа цохихоор нь би салгах гэж оролдсон чинь миний үснээс зулгаагаад түлхэж унагаасан. Энэ үед Б-а Э-гийн нүүр лүү нь толгойгоороо мөргөсөн. Би очоод “Болиоч гээд хэлсэн чинь намайг Б-а түлхэж унагааж байгаад миний цээж хэсэг рүү өшиглөхөд Э- намайг өмөөрч түүнийг 1-2 удаа гараа цохисон. Тэгээд Б-а газар унасан...” /хх 35-36, 37-38, 39-41/ гэж мэдүүлдэг.

Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Э- хохирогч Б.Б-а нарын хувийн таарамжгүй харьцаанаас үүссэн зодоон дууссаны дараа Г.Э- хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй, танхайн сэдэлт зорилгоор хохирогч Б.Б-ыг ухаан алдаж унатал нь зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримтад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Хохирогч Б.Б-а ухаан алдаад газар унасан үйл баримтын талаар “...хоёр эрэгтэй хүн зодолдоод нэг хүн унасан ухаангүй байдалтай, нэг эмэгтэй хажууд нь уйлаад сууж байна...” /хх 10/ гэсэн дуудлагыг 951065** дугаарын утаснаас өгсөн болох нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудсаар тогтоогддог.

Хэргийн газарт очсон тус хэлтсийн ахлах ахлагч Энхтөр, дэд ахлагч Мижиддорж, 103-ын эмч Төгөлдөр нараас дуудлагаар очиход Б.Б-а хаана ямар байдалтай байсан, Г.Э- ямар хувцас өмссөн болон тухайн үед тэрээр урт үстэй байсан эсэхийг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт нэгдмэл ашиг сонирхолтой шүүгдэгч Г.Э-, гэрч О.Г- нарын мэдүүлгийг үнэлж хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй, хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. …” гэв.

Хохирогч, цагаатгагдсан этгээд Г.Э-гийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хавтаст хэрэгт авагдсан Г.Э-гийн хохирогчоор өгсөн удаа дараагийн мэдүүлэг, гэрч О.Г-ын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч, хохирогч Б.Б-а нь танхайрсан, огт танихгүй хүнийг шууд нүүр лүү нь цохисон, болиулах гэхээр нь 3-4 удаа мөргөсөн, О.Г- дундуур нь орж салгах гэхэд түлхэж, цохиж унагаасан, “Эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд нь дахин цохисон үйл баримтууд тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, бүх довтолгоо үргэлжлээд л яваад байсан. Үүнийг зогсоохын тулд хийсэн үйлдэл гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч, цагаатгагдсан этгээд Г.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг цохиж, зодож байсан болохоор яах аргагүй өөрийгөө хамгаалсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Э-г Б.Б-атай маргалдаж түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Г.Э-гийн үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Г.Э-г аргагүй хамгаалалтын үед хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд аргагүй хамгаалалтын талаар зохицуулсан. Аргагүй хамгаалалт нь довтолгооны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийхийг заасан. Гэтэл хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд Б.Б-ын Г.Э-гийн эсрэг довтолгоон дууссан байдаг. Б.Б-а нь О.Г-ыг түлхэж газар унагаагаад цээж рүү өшиглөж байхад нь Г.Э- өмөөрч Б.Б-ыг 2 удаа цохисон гэх мэдүүлэг байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан. Мөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос Б.Б-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 21-ний шөнө 02-03 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Сац” нэртэй зочид буудлын гадна Г.Э-тэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун гарын эрхий хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Г.Э-г 2020 оны 2 дугаар сарын 21-ний шөнө 02-03 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Сац” нэртэй зочид буудлын гадна Б.Б-атай “найз охиныг өдөж хоргоосон” гэх шалтгаанаар маргалдан, нүүрэн тус газар нь 2-3 удаа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “...дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарал, гавлын хөндий дэх хий, зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, зүүн хоншоор ясны өмнөд медиал хана зөрөөгүй хугарал, хамрын яс хугарал, хамрын таславч хугарал, мурийлт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд гэмт хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхдээ, шүүгдэгч Б.Б-ын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахдаа “...гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдсон болно.

Учир нь, хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч, шүүгдэгч Б.Б-а /хх 27-28, 75, 200-203/, Г.Э- /хх 21, 30, 84, 200-203/, гэрч О.Г- /хх 35, 38, 39-41/ нарын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Б.Б-а, Г.Э- нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн №2907 дугаартай /хх 43-45/, 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн №2900 дугаартай /хх 55-56/ дүгнэлтүүд, эдгээр дүгнэлттэй холбогдуулан тайлбар хийсэн шинжээч Б.Даваасүрэнгийн /хх 49, 203-204/ мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад:

Б.Б-а нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 21-ний шөнө 02-03 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Сац” нэртэй зочид буудлын гадна, О.Г-ын гуйснаар түүнийг авахаар ирсэн Г.Э-г тодорхой шалтаг шалтгаангүйгээр өдөөн хоргоож, зүй бус авирлан нүүрэн тус газарт нь гараараа цохих, мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун гарын эрхий хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Энэ үйл баримтын талаар Г.Э-гийн хохирогчоор өгсөн “...О.Г- найзынхаа автомашинаас ороолтоо авчихаад “Автомашины түлхүүрийг нь өгчихөөд ирье” гэхээр нь бид хоёр автомашин дээр очоод байж байхад “Цаанаас чинь нэг ах ирж байна уу” гэж хэлээд над руу хараад зогсож байхад нэг үл таних залуу ирээд, намайг шууд шанаа тус газар цохиод толгойн тус газар цохисон. Тэгээд би болиулаад хоёр гарыг нь барихад намайг шууд мөргөсөн. Би аргагүй эрхэнд тухайн залуугийн шанаа тус газар нь 1 удаа цохиж, гарыг нь тавиулсан ба хойшоо болж зайгаа барьсан. Тэгээд уг залууд “Чи жоохон тайвшир, намайг яагаад цохиод байгаа юм бэ” гэхэд “Чамайг ална” гээд над руу дайрсан. Би дахин хойшоо болоход О.Г- “Чи болиоч ээ” гэхэд О.Г-ыг үсдэж цохиод газар унагааж, дээрээс нь өшиглөсөн. Би тэр үед буудал руу ороод “Эгчээ цагдаа дуудаарай” гэж хэлчихээд гараад харахад О.Г-ыг дахин өшиглөх гэж байхаар нь очиж холдуулаад, тухайн залуугийн шанаа тус газар нэг удаа цохиж, О.Г-ыг буудал руу оруулсан. ... Тэр залуу шууд хажуу талаас ирээд намайг шанаа тус газар нэг удаа цохиж, тонгойх үед дээрээс бас хэд цохиж байгаад татаж ирээд хамар луу 2 удаа мөргөсөн. Тэр залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, нилээн согтуу байсан. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ... Нөгөө хүн маань гайгүй бол надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ... Одоо надад санал гомдол байхгүй, миний биед ч одоо ямар нэгэн зовуурь шаналал байхгүй байна. ...” /хх 21, 30/,

- яллагдагчаар өгсөн “...тухайн өдөр тэр залуу согтуу над руу өөрөө эхэлж дайрсан. Би ямар ч маргаан үүсгээгүй байхад цаанаас ирээд шууд намайг нүүр лүү нилээд хэдэн удаа цохисон. Би нүүрээ бариад доошоо тонгойгоод хоёр гарыг нь бариад “Ахаа та болиоч ээ, хоёулаа ярилцъя, та тайван бай л даа” гэхэд нүүр лүү 2-3 удаа мөргөсөн. Тэгээд би доошоо тонгойход толгойн орой хэсэгт 2 удаа мөргөсөн. Намайг ингэж олон удаа мөргөж байхдаа энэ ах өөрөө өөртөө гэмтэл авсан байх. ... дараа нь О.Г-ыг газар унагаагаад дээрээс нь цохих гэж байхад нь би 1 удаа шанаан тус газарт нь цохисон. ...” /хх 84/,

- гэрч О.Г-ын өгсөн “...би өөрийн найз болох Г.Э-г “Хүрээд ирээч, намайг гэрт хүргээд өгөөч” гэж гуйхад “За” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Г.Э- над руу залгаад “Би ирчихлээ” гэхээр нь “За, түр хүлээж байгаарай, одоо удахгүй гарлаа” гэж хэлэхэд Б.Б-а намайг явуулахгүй “Байж бай” гээд намайг үнсэх гэж оролдсон. Би Б.Б-ыг “Зайл” гээд өрөөнөөс гараад Г.Э- дээр очоод “Хоёулаа автомашинаас ороолтоо авчихаад явъя” гээд Б.Б-ын автомашин руу явж байхад Б.Б-а  ирээд Г.Э-гийн нүүрэн тус газар эхэлж гараараа цохисон. ... Энэ үед Г.Э- Б.Б-ад “Хоёулаа ярилцъя” гэхэд Г.Э-гийн нүүр лүү толгойгоороо мөргөсөн. Би очоод “Чи болиоч” гээд хэлэхэд намайг Б.Б-а түлхэж газар унагааж байгаад миний цээж рүү өшиглөхөөр нь би уйлаад хэвтэж байхад Г.Э- намайг өмөөрөөд 1-2 удаа гараараа цохиж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдолгүй. ... Г.Э- намайг босгоод буудал руу ороод байж байхад Б.Б-а замын хажуугийн довжоон дээр сууж байгаад саарал өнгийн микронд суугаад яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг хэлтэс дээр авчирсан. Би Б.Б-атай сарын өмнө фейсбүүкээр танилцсан. Тухайн үед Б.Б-а нилээн согтуу байсан. ... Тухайн өдөр буудалд Б.Б-а бид хоёр л орсон. Анх танилцсан залуутайгаа  шууд буудалд орсон гэж хэлэхээс санаа зовоод Баясаа, Дээгий гэх хоёр хүний нэрийг зохиогоод хэлчихсэн юм. Бид хоёр буудалд байх үед гаднаас хэн ч орж ирээгүй. Би шөнө 03 цагийн үед буудлаас гарсан. Б.Б-а Г.Э-гээс өөр хүнтэй маргаан үүсгэсэн асуудал байхгүй. ...  Г.Э-гийн хамар нь хугараад бид хоёр буудал руу орж цагдаа дуудсан. Г.Э- Б.Б-ын нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон. Б.Б-а Г.Э-гийн нүүр лүү 2 удаа гараараа цохисон. Тухайн үед тэр хавьд өөр хүмүүс байгаагүй, бид гурав л байсан. Тэр хоёр гартаа ямар нэг зүйл барьж зодолдоогүй. ...” /хх 35, 38, 39-41/,

- Б.Б-ын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “...би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр “Сац” нэртэй буудал руу О.Г- бид хоёр орсон. Нэг шил виски авч орсон ба би 2-3 хундагыг уусан санагдаж байна. Тийм их согтоогүй байсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг хэн, хэрхэн яаж учруулсан болохыг огт санахгүй байна. Уг нь жоохон уусан хирнээ юмаа санахгүй байна. Би бодохдоо буудлын хаалга онгойход нэг хүн цохих шиг болсон санагдаад байгаа юм. Одоо надад ямар нэгэн төлбөр, мөнгө нэхэмжлээд байх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. ... 7 цагийн үед О.Г-ыг очиж авахад 3 залуу байсан. Буудлын хаалга тогшихоор онгойлгоход үгийн зөрүүгүй намайг хүн цохиход би газар унасан. Хаалга онгойлгох үедээ “Өдөр харсан урт үстэй залуугийн нэг нь байна” гэж бодсон. Түүнээс хойш цагдаагийн газрын үүдэнд ухаан ороод, маскаа авахад цус нөж болсон байхаар нь “Энэ юу болсон юм бэ” гэхэд цагдаа түргэн тусламж дуудсан. Болсон үйл явдлыг тодорхой санахгүй, мэдэхгүй байна. Буудлаас хэдэн цагт гарсан, Г.Э-тэй таарч, түүнийг цохисон эсэхийг алийг нь ч санахгүй мэдэхгүй байна. Г.Э-г урьд харж байгаагүй. ...” /хх 75, 200-203/ гэсэн мэдүүлгүүд,

- хохирогч Г.Э-гийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн №2900 дугаартай “Г.Э-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх 55-56/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-а нь хохирогч Г.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд эдгээр мэдүүлэг, баримтыг няцаах, шүүгдэгч Б.Б-ын гэм бурууг үндэслэлтэйгээр үгүйсгэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруу, хувийн байдал, хохирогч Г.Э-гийн “гомдол саналгүй” зэрэг хүсэлтийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болж байдаг. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээр зүйлчлэхийн тулд гэм буруутай этгээдийн хүний бие махбодид гэмтэл учруулахыг хүссэн санаа зорилго, тухайн гэмтлийг учруулахад хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг сайтар тогтоох шаардлагатай байдаг.

Болсон үйл явдлын талаар мэдүүлсэн Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн өдөр тэр залуу согтуу над руу өөрөө эхэлж дайрсан. Би ямар ч маргаан үүсгээгүй байхад цаанаас ирээд шууд нүүр лүү нилээд хэдэн удаа цохисон. Би нүүрээ бариад доошоо тонгойгоод хоёр гарыг нь бариад “Ахаа та болиоч ээ, хоёулаа ярилцъя, та тайван бай л даа” гэхэд нүүр лүү 2-3 удаа мөргөсөн. Тэгээд би доошоо тонгойход толгойн орой хэсэгт 2 удаа мөргөсөн. Намайг ингэж олон удаа мөргөж байхдаа энэ ах өөрөө өөртөө гэмтэл авсан байх. ... дараа нь О.Г-ыг газар унагаагаад дээрээс нь цохих гэж байхад нь би 1 удаа шанаан тус газарт нь цохисон...”,

- тус шүүх хуралдаанд өгсөн “...эхлээд намайг зодоход нь зүүн талд нь 1 удаа цохисон. О.Г-ыг өшиглөж байхад нь баруун талд нь 1 удаа цохисон. Өөр газар цохиогүй. ...”,

- гэрч О.Г-ын “...Б.Б-а  ирээд Г.Э-гийн нүүрэн тус газар эхэлж гараараа цохисон. ... энэ үед Г.Э- Б.Б-ад “Хоёулаа ярилцъя” гэхэд Г.Э-гийн нүүр лүү толгойгоороо мөргөсөн. Би очоод “Чи болиоч” гээд хэлэхэд намайг Б.Б-а түлхэж газар унагааж байгаад миний цээж рүү өшиглөхөөр нь би уйлаад хэвтэж байхад Г.Э- намайг өмөөрөөд 1-2 удаа гараараа цохиж байсан...” гэсэн мэдүүлгүүд,

- Б.Б-ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2907 дугаартай “Б.Б-ын биед дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарал, гавлын хөндий дэх хий зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, зүүн хоншоор ясны өмнөд, медиал хана зөрөөгүй хугарал, хамрын яс хугарал, хамрын таславч хугарал, мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт,

- уг дүгнэлттэй холбогдуулан тайлбар хийсэн шинжээч Б.Даваасүрэнгийн “...дээрх учирсан гэмтлээс дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарал, гавлын хөндий дэх хий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хоншоор ясны өмнөд, медиал хана зөрүүгүй хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, хамрын яс хугарал, хамрын таславч хугарал, мурийлт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарах ба учирсан гэмтлүүдийн хүндээр нь гэмтлийн зэргийг тогтоосон. Гэмтэл учруулж байгаа хүчний үйлчлэл нэгээс дээш бол олон удаагийн үйлчлэл гэж дүгнэдэг. Зүүн хоншоорт хүч үйлчилснээс зүүн хоншоор ясны өмнөд, медиал хана зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн  дээд, дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал гэмтлүүд нь нэгэн зэрэг үүсэх боломжтой. Гавлын хөндий дэх хий гэмтэл нь дух ясны зүүн хажуу хэсэгт зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан хугарлыг дагаж үүсэж байгаа гэмтэл юм. Учир нь дух ясанд хугарал үүссэн, энэ яс нимгэн биш зузаан байдаг, гавлын хөндий лүү агаар орж, хий даралт үүсгэнэ. Хүний ясны бүтэц нимгэн, зузаан эсэхээс хамаарч духаар мөргөлдөх, мөргөгдөх хүчний үйлчлэлээс эдгээр гэмтлүүд үүсэх боломжтой. Энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Яг хэдэн удаа вэ гэдгийг тогтоох боломжгүй.  Б.Б-ын хувьд тархинд цус хуралт үүсээгүй, зөвхөн яс нь хугарсан. Тархины үйл ажиллагаанд тухайн үедээ ухаан алдаж унах, толгой өвдөх, дотор муухайрах гэсэн шинж илэрч болох ч гэмтэл авсны дараа хэвийн үйл хөдлөл, идэвхтэй үйлдэл хийх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд, тухайн цаг хугацаанд Г.Э-гийн хувьд Б.Б-ын нүүрэн тус газарт 1-2 удаа цохисон байх боловч гэмтэл учирсан болон цохисон гэх газруудын байрлал өөр, Г.Э-гийн үйлдлийн улмаас Б.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан эсэх нь эргэлзээтэй, харин Б.Б-а нь Г.Э-гийн дагз хэсэгт мөргөх болон өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ хүнд гэмтэл авсан байж болох нөхцөл байдал байна.  

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. гэж заасан зарчмыг баримтлан гэмт хэрэг гарсан байдал болон гэмт хэргийг хэн үйлдсэн талаар дээрх эргэлзээтэй байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн тул прокуророос Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлсэн байх бөгөөд эргэлзээ бүхий асуудлыг тодруулах зорилгоор шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан “...хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэх тухай...” давж заалдах хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Яллах дүгнэлт болон шийтгэх тогтооолд Г.Э-гийн холбогдсон гэмт хэргийн талаар дүгнэхдээ “...Б.Б-ын нүүрэн тус газар нь ... толгойгоороо мөргөх зэргээр зодож...” гэж хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдлыг тусгасныг буруутган тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасан...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Хохирогч, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

                         ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН