Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 130

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.О,

          Улсын яллагч: С.Мөнхтулга,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.М,

            Шүүгдэгч: Ч.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Ч.Т  д холбогдох 1728000000045/А тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгч Ч.Т  нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг “Эко” хотхоны хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Е тэй маргалдан бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээр Г.Ц  ах, Д.Е  бид нар архи уусан. Эхлээд 0.5 граммын архи авч уугаад дараа нь 0.75 граммын “Ерөөл” архийг уугаад Г.Ц  ахтай юм яриад сууж байсан юм. Д.Е  согтсон шинжтэй 00 орчихоод гарж ирээд миний толгойны ар дагз руу цохисон. Би “Яагаад байгаа юм бэ?” гэхэд “Чи ажил хийж чаддаг юм уу?” гэх зүйлийг яриад намайг дахиад нэг цохисон. Би түүнийг “Одоо зүгээр бай, би чамтай муудалцмааргүй байна” гэсэн чинь намайг дахиад цохих гээд сарвайгаад байхаар нь түүний хамар луу дахин нэг цохиод гудсан дээр хэвтүүлээд босгохгүй гэж бодоод дараад хэвтсэн. Г.Ц  ах 00 гарч ирээд “Та хоёр яагаад байгаа юм бэ? Муудалцахаа боль” гээд 00 орж нүүр гарын угаа гэсэн. Би Д.Е д “Цохисонд намайг уучлаарай” гэсэн. Д.Е  “Би чамайг уучлахгүй, чамайг ална, чи өглөө сэрэхдээ амьд сэрэхгүй” гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Е гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны үдээс хойш 15 цагийн үед “Эко” хотхоны төвд ажил дээрээ ажлаа хийж байхад манай ажлын инженер ах Г.Ц , Ч.Т  бид гурав байрлаж байгаа байрандаа архи ууцгаасан. Хоорондоо юм ярьж сууцгааж байхад нь би согтож эхэлсэн. Нэг сэрсэн чинь намайг Ч.Т  миний дээр гарчихсан миний хамар нүд рүү цохиж байсан. Би гараараа хааж байгаад түүнээс салсан. Миний уур хүрээд байшингаас гараад хойд талд байгаа гал тогооны гэрт орж татуурганд байсан цэнхэр өнгийн лентээр ишийг нь ороосон хутгыг аваад буцаад байрандаа орж ирээд Ч.Т ийг айлгах санаатай барьж байсан хутгаараа “Чамайг хутгална шүү” гэж хэлэхэд Ч.Т  “Чи чадахгүй байж” гэж хэлээд байхаар нь би Ч.Т ийг коридорт зогсож байхад нь баруун талын гуяны хавьд нэг удаа хутгалчихсан. Миний араас Г.Ц  гарч ирээд намайг “Чи яагаад хүн хутгалж байгаа юм бэ?” гэж хэлсэн. Би айгаад байшингын зүүн талаар явж байгаад цаашаа гүйж гартаа барьж байсан хутгаа шидчихсэн. Намайг гүйж байхад Г.Ц  миний цамцны араас татаж зогсоосон. Г.Ц  бид хоёр буцаж яваад Ч.Т  рүү очиход Ч.Т  хогийн пүнкерийг налаад суучихсан, баруун гуяа барьчихсан түүнээс цус гараад байсан. Удалгүй эмнэлгийн машин хүрч ирээд Ч.Т ийг аваад явсан. Мөн цагдаа нар ирээд намайг цагдаагийн газар Text Box: ссгзавчирсан. Би тэр үед архи уугаад согтсон байсан учир юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Ч.Т тэй маргалдчихсан. Г.Ц  намайг “Чи өөрөө эхэлж Ч.Т ийг хоёр алгадчихсан” гэж хэлж байсан. Миний хамраас цус гарчихсан, хамар их өвдөж байсан. Би архи ууж байгаад Ч.Т тэй яаж анх маргалдаж зодолдсон талаараа сайн санахгүй байна. Түүнээс хойш болсон зүйлийг нь санаж байна. Би байшингаас гарч хойд талд байгаа гал тогооны гэрт орж шүүгээнд байсан хутгыг авчираад Ч.Т ийг баруун гуянд нь нэг удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан. Намайг нэг ухаан ороод харахад \архи уугаад согтсон байсан\ Ч.Т  намайг орон дээр дараад хэвтчихсэн миний нүүр, хамар луу цохиж байсан.  Миний хамраас цус гарсан байсан. Намайг Г.Ц  хогийн пүнкерийн хажууд зогсож байхад миний хөл рүү нэг удаа өшиглөж байсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Миний биед Ч.Т  гэмтэл учруулсан. Миний хамар нүд рүү миний мэдэхийн 2-3 удаа цохисон. Би Г.Ц тэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-29-30/,

Гэрч Г.Ц гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

            “2017 оны 09 дүгээр сарын 17-ны үдээс хойш 15 цагийн үед байх Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг болох “Эко” хотхоны төвд ажил дээрээ байж байгаад амралтын өдөр болохоор ажлаа эрт зогсоочихоод би Д.Е , Ч.Т  хоёрт би “Гурвуулаа юм уух уу” гэхэд тэр хоёр “Уувал ууя” гэж хэлсэн. Би өөрт байсан 5000 төгрөгийг Д.Е д өгөөд дэлгүүр лүү явуулж дэлгүүрээс нэг шил 0.5 граммын Хараа архи авчируулсан. Тэр архийг Д.Е , Ч.Т  бид гурав хувааж ууцгаасан. Тэр архийг хэдүүлээ хувааж ууж дуусгачихаад би дахиад тэр хоёрыг “Нэмж архи уух уу?” гэхэд тэр хоёр “Ууя” гэж хэлсэн. Мөнгөө нийлүүлээд дэлгүүр лүү дахиад Д.Е г явуулаад нэг шил 0.75 граммын Ерөөл нэртэй архийг авчирсан. Тэр архийг бид гурав байрлаж байгаа байрандаа ууцгааж, хоорондоо юм ярьж сууцгааж байгаад Ч.Т  “Би нэг өдөр 12 цаг хүртэл унтаад ажлаасаа хоцорсон” гэж хэлсэн чинь бид хоёрын яриан дундуур Д.Е  орж ирээд Ч.Т ийг “Чи ажил муу хийдэг арчаагүй” гэж хэлээд тэр хоёр маргалдах шинжтэй болоод бие бие рүүгээ түлхэлцээд байхаар би тэр хоёрт одоо хэрүүл маргаанаа больцгоо, жаахан хүүхэд шиг хэрэлдэхээ боль” гэж хэлчихээд 00-руу явж бие засчихаад эргээд иртэл Д.Е  гудсан дээр хамраа барьчихсан хэвтэж байхаар би тэр хоёрыг яагаад зодолдоод байгаа юм гэж хэлээд Д.Е г “00-руу орж гар нүүрээ угаа” гээд дагуулаад 00-руу оруулж гар нүүрийг угааж өгчихөөд тэр хоёрыг битгий хэрэлдээд бай гэж хэлсэн. Би буцаад 00-руу орж гар нүүрээ угаачихаад гараад иртэл хаалганы тэнд Ч.Т  зогсчихсон гуянаас нь цус гарсан байдалтай байхаар нь би яасан гээд хэлтэл хажууд Д.Е  гартаа хутга барьчихсан зогсож байсан. Би Д.Е г “Тайвшир, наад хутгаа хая” гэсэн чинь өрөөнөөс гараад явсан. Би араас дагаад гартал Ч.Т  гадаа үүдний довжоон дээр цусаа гоожуулчихсан зогсож байсан. Д.Е  байшингийн зүүн талаар нь ороод хойшоо гүйсэн. Би араас нь гүйж очоод бариад авах гэтэл Д.Е  гартаа барьж байсан хутгаа шидсэн. Би Д.Е г барьж аваад хацар луу нь 2 удаа алгадаад “Чи яаж байгаа юм, Ч.Т ийг яагаад хутгалж байгаа юм хүн алах нь уу?” гэж хэлсэн. Би буцаж яваад байшингийн хойд талаас нь ирэхэд Ч.Т  байшингийн зүүн талд байдаг хогийн пүнкерийг налаад суучихсан ухаангүй байдалтай тэр газар нь цус болчихсон байсан. Би цамцаа тайлаад баруун гуяыг нь боосон. Удалгүй түргэний эмч ирээд Ч.Т ийг аваад явсан мөн удалгүй цагдаа нар ирээд Д.Е  аваад цагдаа руу явсан. Би архи уусан халамцуу байсан. Гэхдээ болсон зүйлийг бүгдийг нь сайн санаж байна. Архи ууж байгаад ажил яриад нэг нэгнийхээ хэлсэн үгийг даахгүй хоорондоо маргалдсан. Д.Е  Ч.Т ийн баруун гуянд нэг удаа хутгаар хутгалж биед нь гэмтэл учруулсан. Тэр хутга бид нарын байсан өрөөнд байгаагүй. Д.Е  намайг 00-руу орчихсон хойгуур гал тогооны гэрээс цэнхэр иштэй жижиг хутгыг авчирсан. Д.Е , Ч.Т  нар нь архи уусан байсан. Уг нь согтолт нь гайгүй юм шиг байсан. Д.Е гийн барьж байсан хутга цэнхэр өнгийн лентээр ишийг нь ороочихсон жижиг хутга байсан. Манай гал тогооны ногоо арилгадаг хутга байсан. Тэр үед Ч.Т , Д.Е  бид гурав байсан өөр хүн байгаагүй. Д.Е гийн хамарнаас цус гарсан байсан, өөр шарх сорви харагдаагүй. Ч.Т  Д.Е гийн хамар луу цохисон байдалтай хамраас нь цус гарчихсан байсан. Д.Е  дуу муутай, даруухан зантай залуу. Тэр хоёр маргалдаж байхдаа Д.Е  Ч.Т ийг ална шүү гэж хэлж байсан.” гэжээ. /хх-42-43/,

Гэрч Г.Цэ ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би энэ хүнтэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Манай компанид 2016 оноос эхэлж туслах ажилтнаар ажилласан. 2017 оны 04 дүгээр сард Өмнөговь аймагт баригдаж байгаа “Эко” хотхоны барилгын туслах ажилтнаар ирж ажиллаж байсан. Би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг болох “Эко” хотхоны төвд цай, хоолоо идчихээд Улаанбаатар хот руу ажлаар явсан. Тэнд манай барилгын инженер Г.Ц  ажил хариуцаад үлдсэн. Тэнд манай ажилтан Д.Е , Ч.Т , Г.Ц  гурав үлдсэн байсан. Төв аймгийн нутагт 19 цагийн үед явж байхад Ч.Т ийн ах надтай хамт явж байсан Цэрэнханд руу утсаар залгаад “Ч.Т ийг Д.Е  хутгалчихсан байна” гэж хэлсэн. Би Өмнөговь аймагт байгаа Г.Ц  рүү утсаар залгаад юу болсон талаар асуухад Г.Ц  “Д.Е  Ч.Т ийг хутгалчихлаа би эмнэлэг дээр ирчихсэн байна” гэж хэлсэн. Би хот руу орж нөхөр хүүхдээ гэрт нь буулгачихаад буцаад Өмнөговь аймаг руу яваад шөнө үүрээр 05 цагийн үед ирсэн. Г.Ц , Ч.Т , Д.Е  нар нь ажлаа хийгээд үлдсэн. Би явахдаа Г.Ц г дуудаад “Ажлаа сайн хийгээрэй, би 2 дахь өдөр ажил амжвал ирнэ” гэж хэлээд Улаанбаатар хот руу явсан. Д.Е  их дуу муутай, бүрэг зантай хүүхэд шиг надад санагддаг юм. Ч.Т  их сэргэлэн цовоо, даруухан зантай хүүхэд энэ хоёр 3-4 сар гаран хамт ажилласан. Миний нүдэн дээр хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Манай гал тогооны гэр барьж байгаа байшингийн ар талд тустай байдаг юм. Гал тогоонд цэнхэр өнгийн лентээр ишийг нь боочихсон жижиг хутга байдаг. Тэр хутгаар ногоо арилгадаг, мөн ягаан иштэй дунд зэргийн хутга, бас нэг цэнхэр туяатай том хутга, мөн том заазуур байдаг.” гэжээ. /хх-44-45/,

Шүүгдэгч Ч.Т ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:

“Би 1998 оны 01 дүгээр сарын 22-нд Хөвсгөл аймагт төрсөн, айлын 1 дэх хүүхэд болж төрсөн, Манай аавыг Ч, ээжийг Э гэдэг би 2004 онд Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуульд ороод 2015 онд 12 дугаар ангийг төгссөн. 2016 оны 06 дугаар сарын 05-нд энэ “Ти ти энд би" нэртэй барилгын компанид туслах ажилчнаар орсон. Цэргийн алба хаагаагүй, эхнэр хүүхэдгүй, Улаанбаатар хотод аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг.

Би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны үдээс хойш 14 цагийн үед байх Даланзадгад сумын нутаг болох “Эко” хотхоны төвд ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан. Манай ажлын инженер ах Г.Ц  нь “Архи уух уу хэдүүлээ” гэхээр нь Д.Е  бид хоёр “Архи уувал ууя” гэж хэлсэн. Дэлгүүрээс Д.Е  нэг шил 0.5 граммын “Хараа” нэртэй архи худалдаж аваад ирсэн. Тэр архийг Г.Ц , Д.Е , бид гурав хувааж ууцгаасан. Тэр архийг хэдүүлээ хувааж уучихаад ажлаа хийж байтал Г.Ц  ах Д.Е  бид хоёрыг “Дахиж хэдүүлээ архи уух уу” гэхэд бид хоёр “Уувал ууя” гэж Г.Ц  ахад хэлсэн чинь Г.Ц , Д.Е  хоёр дундаасаа мөнгө гаргаад Д.Е  дэлгүүр явж нэг шил 0.75 граммын “Ерөөл” нэртэй архийг авчирсан. Тэр архийг бид гурав байрлаж байгаа байрандаа ууцгааж байхад хоорондоо юм ярьж сууцгааж байтал Д.Е  нэлээн согтсон байдалтай Г.Ц  ахыг налж унаад байсан. Би Г.Ц  ахтай спортын талаар юм яриад сууж байхад Д.Е  00 явчихаад эргэж ирээд намайг сууж байхад миний ар дагз руу хоёр удаа алгадчихсан. Би босч ирээд би чамтай маргалдмааргүй байна гэхэд Д.Е  ойлгоогүй гар нь сарвалзаад цохих гээд дайраад байхаар нь би Д.Е гийн хамар луу нэг удаа цохиж авсан. Ямар ч байсан Д.Е г гудсан дээр унангуут би дээр нь гараад хэвтсэн. Г.Ц  00 гарч ирээд “Та хоёр яагаад зодолдоод байгаа юм, юу болчихов” гэж хэлсэн. Мөн Д.Е гийн хамарнаас цус гарахаар нь би уучлалт гуйхад Д.Е  “Намайг согтуу байхад зодчихлоо, чамайг ална” гэхэд нь Г.Ц  Д.Е г 00-руу орж гар нүүрээ угаа гэж хэлэхэд 00-руу явсан. Би араас нь очоод “Намайг уучлаарай” гэхэд “Чамайг ална сэрээхгүйгээр ална” гээд байсан. Би буцаж яваад Г.Ц  ахтай юм яриад сууж байхад Д.Е  хүрч ирээд орон дээр сууж байгаад гараад явчихсан. Өрөөнд Г.Ц  бид хоёр юм яриад зогсож байгаад би өрөө хэсээд явж байтал удалгүй Д.Е  өрөөнд ороод ирсэн. Баруун гартаа нэг жижиг хутга барьчихсан орж ирээд над руу хүрч ирсэн. Би хөлөөрөө өөдөөс нь жийсэн, тэгтэл шууд миний баруун гуя руу нэг удаа хутгалчихсан. Миний баруун гуянаас цус гараад шалан дээр дуссан. Би өрөөнөөс гарч гүйгээд гадаа гартал байшингийн урд талд зогсож байсан машины хажууд манай хажуу айлын ах зогсож байхаар нь “Эмнэлэг дуудаарай” гэж хэлээд цус гараад байгаа гуяа гараараа дараад байж байгаад цааш юу болсныг мэдэхгүй байна. Д.Е тэй би ажлын асуудлаар хоорондоо маргалдсан. Д.Е  миний баруун гуянд нь нэг удаа хутгалж биед гэмтэл учруулсан. Бид нарын хоол иддэг гэрт байсан хутгыг авсан байсан. Тэр хутга цэнхэр лентээр ишийг ороож боосон жижиг хутга байсан. Тэр үед Г.Ц  ах, Д.Е  бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Би Д.Е тэй ямар нэгэн өс хонзонтой зүйл байхгүй, бид хоёр 3 сар гаруй хамт нэг газар ажиллаж байна. Г.Ц  намайг цохиж зодсон зүйл байхгүй. Г.Ц  Д.Е г цохиж зодсон зүйл байхгүй.” гэжээ. /хх-62-63/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1728000000045/А дугаартай прокурорын тогтоол /хх-01/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-02/,

Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх-03/,

Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-04/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-07/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-08-16/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-23/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-27/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-28/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-46, 48, 50/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №454 дүгээр шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд: Д.Е гийн биед хамрын таславчийн муруйлт, зүүн дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ” гэжээ. /хх-47/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №448 дугаар шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд: Ч.Т ийн биед баруун гуяны хутгалагдсан шарх, тараагуур судасны тасрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-49/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №453 дугаар шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд: Г.Ц гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-51/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-52-54/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-60/,

Хувийн баталгаа гаргасан баримт /хх-61/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73/,

Шүүгдэгч Ч.Т ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-76/,

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №206 тоот тодорхойлолт /хх-77/,

Эмчлэгч эмч Б.Б ийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолт /хх-78/,

“Ти ти энд би” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №109/17 тоот тодорхойлолт /хх-79/,

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-80/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-81-88/,

Мөрдөгчийн мэдэгдэл /хх-89/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-90-92/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-93/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-94-95/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-96/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Т  нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг “Эко” хотхоны хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Е тэй маргалдан бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хамрын таславчийн муруйлт, зүүн дээд зовхины цус хуралт бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Т эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Е гийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 454 дугаартай шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Ч.Т эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял сонсгосон ба шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ч.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Е д хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “...шүүгдэгч Ч.Т эд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Ч.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ч.Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ч.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ