Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 405

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т-” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02670 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т-” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б-” ТББ-д холбогдох,

 

32 137 672 төгрөгийн дутсан хөрөнгө болон спорт зориулалтын 215 ширхэг буу гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Т-” ТӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Адъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор Эрүүл мэнд спортын яам /хуучин нэрээр/-ны харьяа байгууллага болох Т-ийг спортын төв Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тухайн үед Төрийн өмчийн хороо /хуучин нэрээр/-ны 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 506 дугаар тогтоолоор Т- Төрийн өмчит аж тооцоот үйлдвэрийн газрын эхлэлтийн баланс, үйлдвэрийн газрын дүрэм, бүтэц орон тоо зэргийг баталсан бөгөөд Батмөнхийн Наран-Идэрийг захирлаар томилж ажил хүлээлцэх ажиллагаа явуулахад Б- Төрийн бус байгууллагын дарга, удирдлагууд нь эд хөрөнгөд хууль бусаар эзэн сууж, үйлдвэрийн газрын захирлын ажил хүлээлцэх ажиллагаанд саад учруулсны улмаас хөрөнгийг хүлээн авч чадаагүй юм. Ийм учраас Иргэний хэргийн шүүхэд өмчийн маргаан үүссэн бөгөөд Хан-дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00591 дугаар шүүхийн шийдвэрээр Буудлагын спортын барилга байгууламжийг түүний дагалдах эд хөрөнгийн хамт төрийн өмч мөн болохыг тогтоож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/01173 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/90 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг эд хөрөнгийг тоолж хүлээлгэж өгөх ажиллагааг явуулахад Техникийн спортын төвийн хуучин захирлаар ажиллаж байсан Б.Алтанцэцэг, эд аж ахуйн нярав Р.Оюун-Отгон нар бүх өрөө тасалгаа, буу зэвсгийн агуулахын түлхүүрийг өгөхгүй санаатайгаар төрийн ажлыг алдагдуулж, тамирчдын бэлтгэл сургуулилт тасарч, багын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн тул 2018 оны 02 дугаар сард ажлын хэсгээс зарим нэг өрөө, зэвсгийн агуулахын цоожийг эвдэж ороход 235 ширхэг галт зэвсэгийг хууль бусаар хулгайлан авч явсныг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гарган шалгуулж байна. Улмаар Хан-Уул дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/Ш32018/00461 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч 183/ГХ2018/00033 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 02 дугаар сарын 15, 19, 20-ны өдрүүдэд явуулж, Буудлагын спортын барилга байгууламж, дагалдах эд хөрөнгийг төрийн өмчид хүлээлгэж өгсөн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 183 дугаар Т- Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолд тусгахдаа Төрийн өмчийн хороо /хуучин нэрээр/ 2015 оны 506 дугаар тогтоолоор батлагдсан Т- Төрийн өмчит үйлдвэрийн газрын эхлэлтийн балансад тусгагдсан боловч 2018 онд захирлын ажил хүлээлцүүлэхэд дутагдсан нийт          26 094 038,99 төгрөгийн балансын үнэ 1 553 854,19 төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий 2 дугаар хавсралтад заасан хөрөнгийг Б- төрийн бус байгууллагаас нэхэмжилж авах, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх талаар Т- Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Б.Наран-Идэрт даалгасугай. Мөн Т- Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 03 дугаар тушаалаар томилогдсон тооллогын комисс байгууллагын нийт хөрөнгөд тооллого хийхэд эргэлтийн хөрөнгө болох 6 043 633,10 төгрөгийн эд хөрөнгө дутсаныг Т- Төрийн өмчит үйлдвэрийн газрын Өмч хамгаалах байнгын зөвлөл магадлан дүгнэлт гаргасан болно. Энэ тухай манай байгууллагын зүгээс Б- төрийн бус байгууллагаас дээрх дутсан хөрөнгийг нэхэмжилж байгаагаа мэдэгдэж албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй байсаар өдийг хүргэлээ. Б-ийн Т- гэж нэртэй байгууллага одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулдаггүй. Урьд нь үйл ажиллагаа явуулж байхдаа улсын бүртгэлд бүртгүүлж албан ёсоор гэрчилгээ аваагүй, хуурамчаар тамга тэмдэг үйлдүүлж толгой байгууллага болох Б- Төрийн бус байгууллагынхаа харьяа байгууллага гэсэн нэрээр одоогийн Т- Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үндсэн барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байсан. Иймээс Б--ийн Төв зөвлөл Төрийн бус байгууллагаас Т- Төрийн өмчит үйлдвэрийн газрын эрхлэлтийн балансад тусгагдсан боловч 2018 онд захирлын ажил хүлээлцүүлэхэд дутагдсан 26 094 038,99 төгрөгийн балансын үнэ, 1 553 854,19 төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий хөрөнгийг, “Т-” ТӨААТҮГазрын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн хавсралтад дурьдсан байгууллагын нийт хөрөнгөд тооллого хийхэд дутсан эргэлтийн хөрөнгө болох 6 043 633,10 төгрөгийн хөрөнгийг тус тус нэхэмжилж байгаа тул нийт 32 137 672,09 төгрөгийн хөрөнгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б-” ТББ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БХТН-ийн спортын төв клубүүдийн болон Техникийн спортын тевийн өмч хөрөнгө нь 1975 оноос өнөөг хүртэл БХТН-ийн Төв зөвлөлийн өмчлөл, эзэмшилд байж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна. Гэтэл манай бүтцэд байдаг байгууллага болох БХТН-ийн Техникийн спортын төвийн эд, хөрөнгийг нэр бүхий этгээдүүд олон жилийн өмнөөс зориуд зохион байгуулалттайгаар хууль бусаар авахыг санаархаж энэ үйлдэлдээ Төрийн өмчийн хороо /хуучин нэрээр/-г татан оролцуулсан. Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор Эрүүл мэнд спортын яам /хуучнаар/-ны харъяа байгууллага болох Т-ийг Техник спорт төв төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилөн зохион байгуулсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна гэжээ. Өмчийн асуудлаа шийдээгүй байж урьдчилан бусдын нэртэй давхцуулан ЭМСЯ-ны харъяа Техник спорт төв гэдэг байхгүй байгууллагыг Засгийн газрын тогтоолд хуурамчаар оруулж ТӨААТҮГ үйлдвэрийн газар болгосон атлаа 2018 онд үйл ажиллагаа эхлэн явуулж байна гэдэг нь орох газаргүй өөрийн гэсэн өмчгүй хирнээ бусдын өмч хөрөнгийг булаан авч эзэн суух гэсэн эртнээс төлөвлөсөн бусармаг үйлдэл гэдэг нь харагдаж байна. Мөн Төрийн өмчийн хороо/ хуучин нэрээр /-ны 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 506 дугаар тогтоолоор “Т-" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эхлэлтийн баланс, үйлдвэрийн газрын дүрэм, бүтэц, орон тоо зэргийг баталсан бөгөөд Б.Наран-Идэрийг захирлаар томилж, ажил хүлээлцэх ажиллагаа явуулахад Б- төрийн бус байгууллагын дарга, удирдлагууд нь эд хөрөнгөд хууль бусаар эзэн сууж, үйлдвэрийн газрын захирлын ажил хүлээлцэх ажиллагаанд саад учруулсны улмаас хөрөнгийг хүлээн авч чадаагүй гэжээ. Дээрхи тогтоолд Т- гэсэн БХТН-ийн бий болгосон нэршлийг ашиглан Эрүүл мэнд спортын яамны харъяа Т- гэж давхардуулан нэрлэсэн нь асуудлыг төөрөгдүүлж зориуд будлиантуулсан....БХТН-ийн Техникийн спортын төв нь галт зэвсэг хадгалагдаж, буудлага спортын тэмцээн секц, сургалт явагддаг онцгой объект учир цагдаагийн давхар хамгаалалтанд байдаг. Шүүхийн маргаантай байх үед маргалдагч талаас гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс БХТН-ийн Техникийн спортын төвийн өмч, хөрөнгөнд ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байх шүүхийн захирамж нь БХТН-ийн Техникийн спортын төвийн даргаар ажиллаж байсан Д.Ганбатын 2013 онд ТӨХ-д тухайн өмч хөрөнгүүдийн талаарх мэдээллүүд /санхүүгийн баримтууд/-ыг хууль бусаар өгсөн бүртгэлд үндэслэн гаргасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ч БХТН-ийн Техникийн спортын төв дээр ирж тулгалт тооллого хийгээгүй. Ер нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас БХТН-ийн Техникийн спортын төвийн захирал холбогдох хүмүүсийг байлцуулан тулгалт тооцоо хийж хүлээлгэн өгөх байтал Б.Наран-Идэр тэргүүтэй хүмүүс дур мэдэн эвдэж орсон учир бид өмч, хөрөнгө дутсан асуудалд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Ингэж хууль бусаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэж авсан балмад үйл ажиллагаанд бидний зүгээс ямар нэг байдлаар оролцоогүй тул энэхүү нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь хуульд нийцээгүй болохыг зориуд тэмдэглэж байна. БХТН-ийн Техникийн спортын төвийн даргаар ажиллаж байсан Д.Ганбатын 2013 онд хууль бусаар Төрийн өмчийн хороонд өгсөн тоо, бүртгэлийг үндэслэн 2018 онд буюу 6 жилийн дараа эд хөрөнгө дутсан мэтээр эдэлгээний хугацаа дууссан эд, хогшилуудыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тус нэхэмжлэлд дурьдсан морин спортын холбогдолтой эд зүйл нь БХТН-ийн Техникийн спортын төвд хамааралгүй БХТН-ийн Төв зөвлөлийн өмч хөрөнгө юм. Учир нь БХТН-ийн бүтцийн байгууллага болох БХТН-ийн Морин спорт сургалтын төв нь морин спортын үндэсний болон Олимпийн төрлүүдийг хөгжүүлэх зорилгын дор өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. БХТН-ийн Морин спорт сургалтын төв нь өөрийн адуун сүргийн үүлдэр угсааг сайжруулах, спорт сургалтын хэрэгсэл материал авч материаллаг баазаа бэхжүүлэхэд БХТН-ийн гишүүдийн татвар, өвс, хадлан тэжээл бэлтгэх, 1990 оноос эхлэн гадаадын жуулчдад морь унуулах үйлчилгээг явуулах бусад үйл ажиллагаанаас орлогоо бүрдүүлж ирсэн. БХТН-ийн Морин спорт сургалтын төвийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай материаллаг баазыг буй болгоход хөрөнгийн эх үүсвэрийг БХТН-ийн Төв зөвлөл, Морин спорт сургалтын төв өөрийн байгууллагын орлого хуримтлалаасаа буй болгосон болно. Нэхэмжлэлд дурдсан шаардаж буй эд хөрөнгүүдийг төрийн өмч болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Б.Наран-Идэр нь нэхэмжлэлдээ, ер нь аливаа албан бичигтээ БХТН-ийн дарга удирдлагууд нь эд хөрөнгөнд хууль бусаар эзэн сууж, галт зэвсэг хулгайлсан гэх нэг талыг барьсан, гүтгэсэн, гуйвуулсан мэдэгдлийг давтамжтайгаар байнга хийж байгааг бид эсэргүүцэж байна. БХТН-ийн Техникийн спортын төвд, шүүхийн энэ маргаан гарахаас бүр өмнөөс /1997оноос/ БХТН-ийн Төв зөвлөл, Буудлага спортын холбооны, БХТН-ийн Т-ийн гэсэн 3 данстай буу хадгалагдаж ашиглагдаж байснаас маргаантай байгаа БХТН-ийн Т-ийн буунууд Т- улсын үйлдвэрийн газар дээр агуулахдаа байгаа бөгөөд бид хулгай хийгээгүй болно. Бид энэ гүтгэлэг доромжлолын талаар холбогдох газарт хандах болно. Мөн Захиргааны хэргийн 1,2-р шатны шүүх манай нэхэмжлэлийг хангаж, давж заалдах шатны шүүх хараахан хуралдаагүй, шүүхээр асуудал шийдэгдээгүй байх үед Засгийн Газрын 2015 оны 55 дугаар тогтоол гарсан. Бид Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Засгийн Газрын 2015 оны 55 дугаар тогтоолыг шүүхэд өгөөд асуудал шийдээгүй байх үед Иргэний хэргийн 3 шатны шүүх нэхэмжлэгч эсрэг талд асуудлыг шийдсэн. БХТН-ийн Техникийн спортын төвийн эд хөрөнгө нь Төрийн өмчид бүртгэгдэхдээ хууль бус хуйвалдааны замаар бүртгэгдсэн. Авилгатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагуудад удаа дараа гүтгэлгийн чанартай мэдээллүүд өгч шалгуулсан / БХТН болон түүний удирдлагуудын талаар тогтоогдсон /-ыг хуулийн байгууллагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Сонин, Вэб сайтуудаар удаа дараа мушгин гуйвуулсан гүтгэлэг явуулсан. Эцэст нь БХТН-ийн Техникийн спортын төвийн барилга байгууламжийг маш эргэлзээтэй нөхцөлөөр Иргэний хэргийн шүүхээр төрийн өмч гэж тогтоосныг бид Улсын Их хурал, Засгийн Газрын хэмжээнд асуудлыг дахин тавих болно. Иймд Техник спортын төрийн өмчид үйлдвэрийн газрын захирал Б.Наран-Идэрийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Б- ТББ-д холбогдуулж, 32 137 672 төгрөгийн дутсан хөрөнгө болон спорт зориулалтын 215 ширхэг буу гаргуулах тухай “Т-” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч “Т-” ТӨААТҮГ улсын төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Т-" ТӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй "Б-" ТББ-д холбогдох 32 137 672 төгрөгийн дутсан эд хөрөнгө болон спорт сургалтын зориулалтын 215 ширхэг буу гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Хан Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 183/ШШ2019/02670 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс 32 137 972.99 төгрөгийн дутсан эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ "нэхэмжлэгч уг шийлвэрийн дагуу өөрийн өмчлөлийн зүйл болох буудлагын спортын төвийг хүлээж авахад 2015 оны 07 сарын 08-ны өдрийн 506 дугаар тогтоолоор "Т-" ТӨААТҮГ-ын эхлэлтийн баланс, үйлдвэрийн газрын дүрэм, бүтэц, орон тоо зэргийг баталсан эд хөрөнгөнөөс 26 094 038,99 төгрөг дутсан мөн тооллогын комиссын дүгнэлтээр эргэлтийн хөрөнгө 6 043 633,10 төгрөг дутаж, нийт 32 137 972,99 төгрөгийн хөрөнгө дутсан гэж нэхэмжилж байгаг шүүх үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй баримт болох Б-ийн харьяа Т-ийн эд хөрөнгийг төрийн өмчид хүлээж авах тухай Төрийн өмчийн хорооны 2013 оны 435 дугаар тогтоол 529 дугаартай Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон, 2014 оны жилийн эцсийн няравын тооллогын бүртгэлд буй эд хөрөнгө 2015 онд үүсгэн байгуулагдсан "Т-" ТӨААТҮГ-ын өмчлөлд шилжсэн талаар баримт байхгүй байна" гэж дүгнэсэн байна. Мөн "... гэвч нэхэмжлэлийн шаардлага дахь 32 137 672 төгрөгийн дутсан хөрөнгө ямар хөрөнгө байгаа талаар тодорхой бус, 215 ширхэг буу нь нэхэмжлэгчийн өмчлөлийн гэснийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул .... үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хангалттай бичмэл нотлох баримтуудыг гаргаж өгсөн, мөн шүүхийн үзлэг болон цагдаагийн байгууллагын шалгасан бууны талаарх олон тэмдэглэл баримтууд, түүнчлэн гэрчүүдийн мэдүүлэг гэж олон хуудас нотлох баримтууд байгаа. Өөрөөр хэлбэл, хэрэгт хангалттай, хүрэлцэхүйц нотлох баримт байгаа бөгөөд харин шүүх нотлох баримт үнэлэх талаарх журмыг даган мөрдөөгүйгээс дээрх нотлох баримтуудыг үнэлж, дүгнэж, хэргийг шийдээгүй байна гэдэг нь харагдаж байна. Анхан шатны шүүх Монгол улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6-д зааснаар, Эрүүл мэнд, спортын яамны харьяа Т-ийг "Т-" ТӨААТҮГ болгон өөрчлөн зохион байгуулсан талаарх баримтыгдурдсанаар "Т-" ТӨААТҮГ бол хуучнаар "Б-" ТББ гэрээний үндсэн дээр төрөөс төсвийн санхүүжилт авч үйл ажиллагаа явуулж байсан Эрүүл мэнд, спортын яамны харьяа Т- гэдгийг тогтоосон. Өөрөөр хэлбэл, "Т-" ТӨААТҮГ бол Эрүүл мэнд, спортын яамны харьяа Т-ийн эрх үүргийг хэрэгжүүлдэг байгууллага бөгөөд төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтын асуудлыг Төрийн өмчийн хороо эрхлэн зохион байгуулдаг зэрэг нь нотлогдсон асуудал тул "Б-" ТББ нь Т-ийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байх хугацаанд дутаасан төрийн эд хөрөнгийг дутаасан буруутай этгээдээр төлүүлэхээр Төрийн өмчийн хороо шийдвэрлэх нь зүй ёсны асуудал. Нөгөө талаар төрийн эд хөрөнгийг төрийн аль нэг байгууллагад үйл ажиллагаанд нь зориулж эзэмшүүлж, ашиглуулдаг болохоос өмчлүүлдэггүй. Үүнээс дүгнэхэд, төсвөөс санхүүжилт авдаг, Эрүүл мэнд, спортын яамны харьяа, буудлагын спортын сургалтын үйл ажиллагаа явуулдаг Т- гэдэг байгууллагыг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан нь энэ байгууллага шинээр үүсгэн байгуулагдсан, шинээр үүсгэн байгуулагдсан байгууллагад эд хөрөнгө хүлээлцээгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. "Т-" ТӨҮГ нь өмнө нь явуулж байсан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхэлж, өмнө нь эзэмшиж байсан эд хөрөнгөө үргэлжлүүлэн эзэмшсээр байгаа үйл баримтыг шүүх дүгнэсэнгүй. Төрөөс "Б-" ТББ-д Т-ийн үйл ажиллагааг Үр дүнгийн гэрээгээр хариуцуулж, төрөөс үйл ажиллагаанд хэрэглэгдэх хөдлөх эд хөрөнгүүд, спортын сургалтын зориулалттай буу, галт зэвсгийн хангалтыг хийдэг байсан. Энэ төвийн үйл ажиллагаанд зориулж спортын сургалтын зориулалттай буу, галт зэвсгийг бүр 1978 оноос ихэнхдээ ЗСБНХУ болон ХБНГУ-аас авдаг байсан ба тухайн үеийн Техник импортын төв буюу Монгол улсын гадаадаас худалдан авалт хийдэг ганц төлөөний байгууллагаар дамжуулан улсын төсвөөс санхүүжин авдаг байсан. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан байна. "Б-" ТББ үүсгэн байгуулагдсан цагаас хойш сургалтын буу, галт зэвсэг шинээр аваагүй бөгөөд хавтаст хэрэгт Батлан хамгаалахад худалдан авсан гэсэн нэг ч баримт байхгүй болно. Нэхэмжлэлийн шаардлага бол төрийн хөрөнгөөр бий болсон, төрийн өөрийн байгууллагын үйл ажиллагаанд зориулан эзэмшүүлсэн хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч талаас гаргуулах тухай шаардлага юм. Шүүхийн шийдвэрт "Хэдийгээр Б-" ТББ-ын Төв зөвлөлийн   данстай   спортын   зориулалттай   буунуудын   жилийн   эцсийн   тооллогоор бүртгэгдэж байсан буунуудын жагсаалтыг гаргаж, гэрчүүд улсын төсвийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж, уг буунуудыг бэлгэнд авч, эзэмшиж байсан талаар мэдүүлж байх боловч тэдгээр буунууд нь ХУД-ийн 3-р хороо, Ажилчдын гудамж, 46 тоотод байрлах Буудлага спортын төвийн иж бүрэн барилга, байгууламж, түүний зориулалтын дагуу ашиглагддаг, дагалдах эд хөрөнгөд хамаарах эсэх нь тодорхойгүй байна" гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ойлгоогүй, Буудлага спортын барилга, байгууламжийг Төрийн өмч болохыг тогтоосон шүүхийн өөр шийдвэртэй хольж хутгасан үндэслэлгүй шийдвэр болсон байна. Улсын  дээд  шүүхийн   хяналтын   шатны   шүүхийн   001/ХТ2017/01173  дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн Төрийн өмчийн хөрөнгийн асуудал бол Буудлага спортын иж бүрэн барилга байгууламж, түүний дагалдах байгууламжуудын асуудлыг шийдсэн байдаг. Иймээс одоо нэхэмжилж буй хөдлөх эд хөрөнгө, буу галт хэрэгсэл нь дээрх шүүхийн шийдвэрт хамааралгүй тул тухайн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн эсэх тухай асуудал энэ нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хамааралгүй юм. Бид нэхэмжлэлийн шаардлага нотолж, Т- эзэмшиж, ашиглаж байсан эд хөрөнгийн жагсаалт, мөн ажил хүлээлцсэний дараа уг жагсаалтад байсан эд хөрөнгөнөөс дутсан эд хөрөнгийн жагсаалтыг үнэ өртөгтэй нь шүүхэд гаргаж өгсөн. Энгийнээр тайлбарлавал, Т- нь анхнаасаа төсвийн байгууллага байсан, төсвөөс санхүүжилт авч үйл ажиллагаа явуулдаг байсан тул энэ төвийн эд хөрөнгө бүгд төсвийн хөрөнгөөр бий болсон юм. Тийм ч учраас өмчлөлийн асуудал энд яригдахгүй, харин эд хөрөнгийн жагсаалтаар эд хөрөнгөө хүлээлцээд бүртгээд явдаг. Анхан шатны шүүхийн үнэлж дүгнээгүй бас нэг үйл баримт бол "Б-" ТББ нь Буудлага спортын сургалтын үйл ажиллагаа эрхэлдэггүй, энэ төрийн бус байгууллага буу эзэмших, ашиглах эрх байхгүй, өмнө нь Т- гэдэг төсвийн байгууллагын эрхэлдэг үйл ажиллагааг Төрөөс гэрээний үндсэн дээр хариуцаж байхдаа энэ үйл ажиллагаандаа зориулж буу сум, галт хэрэгслийг эзэмшиж байсан гэдэг нөхцөл байдал юм. Нөгөө талаар дээрх буу, галт зэвсгийг Монгол улсад хуульд заасан зориулалтын дагуу л эзэмшиж ашигладаг. Т- нь буудлагын спортын сургалт явуулах үндсэн үйл ажиллагаатай Төрийн байгууллага. Галт зэвсгийн тухай хуульд зааснаар, манай төвийн буу, галт зэвсэг нь спорт сургалтын зориулалттай галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл буюу иргэний зориулалттай галт зэвсэг байна. Харин Б- ТББ нь Галт зэвсгийн тухай хуульд зааснаар буу, галт зэвсэг ашиглах эрхгүй бөгөөд ийм эрхтэй гэдгээ нотолсон баримт байдаггүй. Шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийг баримтлан хэргийг шийдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. “Т-” ТӨҮГ нь нэхэмжлэлээр шаардаж буй эд хөрөнгүүдийн хууль ёсны шударга эзэмшигч, өмчлөгч болохын хувьд бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө гаргуулахаар шаардлага гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Т-” ТӨААТҮГ нь хариуцагч “Б-” ТББ-д холбогдуулан 32 137 672 төгрөгийн дутсан хөрөнгө болон спорт зориулалтын 215 ширхэг буу гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Эрүүл мэнд, Спортын харьяа Т-ийг Т- төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулаагүй нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох үүрэгтэй тул 32 137 672 төгрөгийн дутсан хөрөнгөд ямар эд нэр төрлийн, тус бүр нь ямар үнэ бүхий хөрөнгүүд байгааг заах ёстой. Мөн нэхэмжлэгч байгууллагыг 2015 онд төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгохдоо маргаан бүхий спорт зориулалтын 215 ширхэг бууг өмчид нь хуваарилсан эрх бүхий байгууллага буюу Төрийн өмчийн хорооны шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй байхад шүүх өмчлөх эрхийг тодорхойлсон Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101 дэх хэсгийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Энэхүү заалт нь бусдын эзэмшилээс хөрөнгө гаргуулах шаардах эрхийн зохицуулалт биш юм.

 

Өөрөөр хэлбэл, бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг шаардаж байгаа тохиолдолд аливаа этгээд нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч болохоо нотлох үүрэгтэй. Үүний дараа тухайн эд хөрөнгө нь хэний эзэмшилд байгаа, тэр нь хууль ёсны эсэхийг хэн нь нотлох үүрэгтэй талаар дүгнэлт хийж, талуудын маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлах нөхцөл бүрдэнэ.

 

Тодруулбал, нэхэмжилж буй 32 137 672 төгрөгийн эд хөрөнгө, нэг бүрийн үнэ тодорхой болсноор уг эд хөрөнгийг хэн өмчлөх эзэмших эрхтэй эсэх, хариуцагч байгууллага уг эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа эсэхэд үйл баримтыг тодруулах хүрээнд талуудыг мэтгэлцүүлэх шардлагатай. Хариуцагч нэхэмжлэлд дурьдсан 215 ширхэг спорт зориулалтын буу өөрийнх нь агуулахад байгаа талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаж байх тул уг буунуудыг хэн өмчлөх, эзэмших эрхтэй талаарх эрх бүхий байгууллагын шийдвэр хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн Нийслэлийн Цагдаагийн газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр “Нийслэлийн хэмжээний иргэн, хуулийн этгээдийн галт зэвсгийн бүртгэлтэй нэгдсэн санд Б-, Т-ийн нэр дээр 2003-2015, 2016-2017 онуудад бүртгэгдсэн галт зэвсгийн судалгааг хүргүүлэв” гэсэн байх боловч хариуцагч байгууллагын нэр дээр бүртгэлтэй бууны жагсаалт ирсэн байна. Харин нэхэмжлэгч байгууллагын нэр дээр бүртгэлтэй бууны жагсаалт ирээгүй байна. /1хх 177-189 дүгээр тал/

 

            Уг албан бичгийн хавсралтад дурьдсан буунууд нь хэзээ хэрхэн хариуцагч байгууллагын нэр дээр бүртгэгдсэн болон уг буунуудыг нэхэмжлэгч байгууллагын өмчлөл, эзэмшилд шилжүүлэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан эсэх үйл баримт тодорхойгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 26 094 038.99 төгрөгийн дутсан хөрөнгө, буу зэвсгийг нэхэмжлэгч байгууллагын хөрөнгө мөн болох тухай хэргийн нөхцөл байдлыг сайн мэдэх О.Уранчимэг, Б.Сугар, Т.Энхтуяа, С.Ганболд, Я.Нацагдорж нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, шүүхээс тус өдөр 183/ШЗ2019/05281 дугаар шүүгчийн захирамжаар гэрч асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. /2хх 81, 86-87 дугаар тал/ Мөн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр С.Ганболд, Ц.Өлзийбаяр, С.Адилбиш нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүхээс мөн өдөр хангаж шийдвэрлэжээ. /2хх 148 дугаар тал/ Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр О.Уранчимэг, Я.Нацагдорж, Б.Сугар, С.Адилбиш нарыг гэрчээр асуулгах шаардлагагүй гэж үзэж хүсэлтээсээ татгалзсан байна./2хх 185 дугаар тал/ Гэтэл шүүх Ц.Өлзийбаяр, Д.Сонинбилэг, Ц.Ганболд нарыг гэрчээр асуусан атлаа Т.Энхтуяаг гэрчээр асуугаагүй байна. Иймд шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчиж нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

            Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02670 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                ШҮҮГЧИД                                        Б.НАРМАНДАХ

 

                                                      С.ЭНХТӨР