Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/788

 

 

 

 

 

 

 

 

Г.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

иргэний хариуцагч ...ийн хууль ёсны төлөөлөгч Г.Т, түүний өмгөөлөгч Ж.Давааням,

хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.У, түүний өмгөөлөгч К.Жархынбек,

иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.С,

яллагдагч Г.Б, Б.Ц, тэдгээрийн өмгөөлөгч А.Ариунаа,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/785 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэнэ, М.Очбадрах нарын бичсэн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Г.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 2002003570270 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Бийн Ц, 1969 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, охин, зээ нарын ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

2. Хушууд овгийн Гын Б, 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “...” ХХК-д хөлсөөр ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух хаягтай, /РД:.../,

Сүхбаатар аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар,

Сүхбаатар аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сүхбаатар аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 90/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан;

Б.Ц нь “...” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “...” ХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах ...ийн 6 дугаар давхрын парпедны хар цаасан дээвэр солих ажлыг тогтоосон хугацаанд, захиалагчийн баталсан зураг төсвийн дагуу, чанартай гүйцэтгэж захиалагчид хүлээлгэж өгөхөөр тохиролцон,

“...” ХХК нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, өөрөө энэ чиглэлээр мэргэшээгүй атлаа мэргэжлийн бус Г.Б, Э.Б, Ц.Төмөр-Очир, Д.Отгонлхагва нартай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахгүйгээр тухайн барилгын засварын ажлыг зөвхөн амаар тохиролцсоны үндсэн дээр хийж гүйцэтгүүлэхдээ,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 /Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрт байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна/, 28 дугаар зүйлийн 28.1.1 /үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах/, 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 /барилгын ажлын талбайд гал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг мөрдөж, байгаль орчин, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах/, 40.1.5 /барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах/, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 /ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх/, 17.2.6 /гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах/, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" Барилгын норм ба дүрмүүдийн 12-03-04-ийн 6.5 дахь хэсэг, Барилгын дүрмийн. 106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С15 дахь хэсгийн байгууллагын үүргийн 1 /барилгын талбайд гал гарах нөхцөлийг бүрэн хаах арга хэмжээ авна/, 2 /Болзошгүй аюулаас сэргийлэх багаж хэрэгслийг ажилд бэлэн байлгана/, 5 /галд шатамхай бодис, материалын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын нөхцөлийг хангуулна/ гэсэн заалтууд,

мөн ММЗ 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх заалт /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/-уудыг тус тус зөрчиж ажиллуулж байсны улмаас 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Г.Б нь газ, газан хошууг ашиглаж элэгдэлд орсон хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж наах ажлыг гардан гүйцэтгэсэн бөгөөд энэ үедээ гал алдаж, ил гал тархсанаар гал түймэр гарч, тус барилгын 1-7 дугаар давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг нийт 125 хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа бүхэлдээ тасалдан эд хөрөнгө, барилга байгууламжийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн нийт 24.023.847.554 төгрөгийн их хэмжээний болон ноцтой хохирол учруулсан,

Г.Б нь “...” ХХК-ний захирал Б.Цтой Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах ...ийн 6 дугаар давхрын дээврийн парпедны хар цаасыг солих барилгын засварын ажлыг ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахгүйгээр, зөвхөн амаар тохиролцсоны үндсэн дээр хийж гүйцэтгэхдээ,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, Барилгын дүрмийн 12- 106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С15 дахь хэсгийн ажилтны үүргийн 1 /галын аюул осол гарахад нөлөөлөх үйлдлийг хийхгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчиж ажиллаж байсны улмаас 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр газ, газан хошууг ашиглаж элэгдэлд орсон хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж наах ажлыг гардан гүйцэтгэсэн бөгөөд энэ үедээ гал алдаж, ил гал тархсанаар гал түймэр гарч, тус барилгын 1-7 дугаар давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг нийт 125 хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа бүхэлдээ тасалдан эд хөрөнгө, барилга байгууламжийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн нийт 24.023.847.554 төгрөгийн их хэмжээний болон ноцтой хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: Б.Ц, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын яллах дүгнэлт дэх Б.Ц, Г.Б нарын бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримтын нотлох баримтын үндэслэл болон баримт сэлтүүдтэй танилцахад Б.Ц, Г.Б нар нь хэчнээн хохирогчид ноцтой хохирол, эсхүл их хэмжээний хохирол учруулсан зэргийг ялгаж тогтоогүй байна. Өөрөөр хэлбэл, нийт 125 хүн, хуулийн этгээдийн хэчнээн нь ноцтой, хэчнээн нь их хэмжээний хохирол учруулсан гэдгийг ялгаж тогтоох нь зүйтэй. Шинжээчийн дүгнэлтэд “...... барилгын ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй компанитай 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан...”, ”....... нь ажил гүйцэтгэх гэрээг Барилгын тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт буюу барилга байгууламжийн  зураг төсөл, барилгын ажил, түүний эд ангийн угсралт үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйлдвэрлэнэ гэсний дагуу тусгай зөвшөөрөлтэй байгууллагатай гэрээ байгуулж ажиллах үүрэгтэй...” хэмээн дүгнэсэн нь тухайн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуй нэгж байгууллагад хэдэн төгрөгийн хохирол учирсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Б.Ц, Г.Б нарын бусдад учруулсан гэх 24.023.847.554 төгрөгийн хохиролд ...ийн буруутай үйл ажиллагаа хамаарах эсэх, хамаарах бол хэчнээн төгрөгийн хохирлыг хариуцах эсэх нь тодорхойгүй үлджээ. Дээрх байдлаар хэргийн талаар үйл баримтын болон эрх зүйн дүгнэлт хийх нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдахгүй байхад прокурорт буцаах үндэслэл боллоо. Мөн энэ хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн иргэд, аж ахуй нэгж байгууллагад учирсан хохирлыг гэрээний үндсэн дээр нөхөн төлсөн даатгалын байгууллагуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоор зөв тогтоон оролцуулж, хохирол төлүүлэх ажиллагааг хамтад нь явуулах нь зүйтэй тул прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар нийт  125 хүн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тодорхойлсон ба “УИД” ХК-ийн барилга байгууламжид 11.768.641.207 төгрөгийн мөн ...ийн талбайг түрээслэн худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг 124 хүн, хуулийн этгээдэд 12.255.206.347 төгрөгийн хохирол учруулсан болохыг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлт, хохирогч нарын гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ноцтой хохирол, хор уршиг” гэж хохирогчийн амьдралын эс үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно гэж тодорхойлжээ. 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ...т гал түймэр гарсны улмаас тус барилгын 1-7 дугаар давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг 41 иргэн, 84 хуулийн этгээдийн өдөр тутмын үйл ажиллагаа бүхэлдээ тасалдаж, тухайн барилгыг засварлаж хэвийн үйл ажиллагаанд оруулах хүртэл хугацаанд түрээслэгч нар нь  бараа материалаа худалдан борлуулах боломжгүй болж ашиг орлогогүй болсон буюу тухайн бараа материалын үйлдвэрийн үнэ дээр тодорхой хувь хэмжээг нэмж зарж борлуулан ашиг олон боломжийг хаасан зэргээр хохирогч нарын амьдралын орлогын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд ноцтой хохирол учирсан гэж дүгнэсэн болно. Харин яллах дүгнэлтийн хавсралтаар 41 хүн, 84 хуулийн этгээдэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоог нэг бүрчлэн гаргасан. “...” ХК нь ...ийн 6 дугаар давхрын парпедны хар  цаасан дээвэр хийх засварын үйл  ажиллагааг Монгол Улсын Аж ахуйн үйл  ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14 дэх хэсгийн 15.14.3 дэх заалтад “засвар үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх байтал, тусгай зөвшөөрөлгүй “...” ХХК-аар барилгын засварын ажлыг гүйцэтгүүлэн явуулсны улмаас гал түймэр гарсан, мөн “...” ХК болон “...” ХХК-ийн Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Монгол Улсын Барилгын тухай хуулийн заалтууд болон холбогдох дүрэм, журам, стандарт, зөвлөмжийг зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлт гарсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...” ХК-ийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, “...” ХХК-ийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус тус иргэний хариуцагчаар татаж энэ хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Харин энэ хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлыг даатгалын гэрээний үндсэн дээр даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр олгосон “Монре даатгал” ХХК, “Бодь даатгал” ХХК, “Ард даатгал” ХХК, “...” ХХК, “Миг даатгал” ХХК, “Номин даатгал” ХХК-уудыг мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тооцон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “Монгол даатгал” ХХК-ийн төлөөлөгч хохирол төлсөн талаарх холбогдох баримтыг шүүхэд өгч иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгч захирамж гаргаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах бүрэн боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч ...ийн хууль ёсны төлөөлөгч Г.Т тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.

Иргэний хариуцагч ...ийн хууль ёсны төлөөлөгч Г.Тийн өмгөөлөгч Ж.Давааням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус гэмт хэргийн улмаас 24.000.000.000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлоос хэн, хэдэн төгрөг хариуцахыг нарийвчлан тогтоогоогүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. “...” ХК-ийг иргэний хариуцагчаар татсан. “...” ХК зүгээс “Номин даатгал” ХХК-аас даатгалын нөхөн төлбөр хүлээн авсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нийт 2.400.000.000 төгрөгийн үлдэгдэл хохирлыг хүлээж авахаас татгалзах тухай баримт үйлдсэнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон байхыг шаарддаг. Нийт 2.400.000.000 төгрөгийн үлдэгдэл хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас дахин мэдүүлэг авах нь шүүгдэгч нар болон иргэний хариуцагч нарт чухал ач холбогдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.У тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв. 

Хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Уянгын өмгөөлөгч К.Жархынбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан үндэслэлүүдийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй. Даатгалын байгууллага оролцох эсэх нь даатгалын байгууллагын өөрийнх нь эрх хэмжээний асуудал, даатгалын нөхөн төлбөр олгосноор даатгагчид хохирлыг нэхэмжлэх эрх үүсдэг учраас хохирсон эсэхээ даатгалын байгууллага өөрөө нотлоод холбогдох хүсэлтүүдээ шүүхийн шатанд гаргах боломжтой. Иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй учраас оролцуулах шаардлагагүй. Ноцтой болон их хэмжээний хохирлын талаар яллах дүгнэлтэд тодорхой заасан. ...т ноцтой хохирол учирсан талаар тодорхой үндэслэлүүдийг зааж өгсөн. Аж ахуйн нэгжүүд тус бүрээр нь хохирлын хэмжээг нарийвчлан тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан. Үүнтэй холбоотойгоор хохирогч болон бусад оролцогч нараас гомдол гаргаагүй учраас хохирлыг нарийвчлан тогтоосон гэж үзэж байна. ... болон “...” ХХК нар буруутай гэдэг нь тогтоогдсон. Хэнээс хэдэн төгрөг гаргуулахаар ялгаж зааглах хууль зүйн үндэслэл байхгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Сувданбилэг тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.  

Яллагдагч Г.Б тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв. 

Яллагдагч Б.Ц тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв. 

Яллагдагч Г.Б, Б.Ц нарын өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу үлдээсэн ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Ноцтой болон их хэмжээний хохирлын ялгааг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ноцтой болон их хэмжээний хохирлын ялгаа заагийг зааж өгсөн байдаг. Хэнд нь ноцтой, хэнд нь их хэмжээний хохирол учирсан гэдэг нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих асуудал нотлогдоогүй. Уг гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар нотлогдоогүй. Прокурорын яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй, ойлгомжгүй байдалд хүргэсэн. Яллагдагчаар Г.Б, Б.Ц нарыг татсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр “...” ХХК-ийг гэм буруутай гэж үзсэн. Уг компанийг яллагдагчаар таталгүйгээр Б.Цыг яллагдагчаар татсан. Г.Б, Б.Ц нарын ямар гэм буруутай үйлдлийн улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн бэ гэдгийг тогтоогоогүй. Эрүүгийн хуульд зааснаар болгоомжгүй гэмт хэрэгт хууль бус үйлдлийг мэдсэн атлаа хайхрамжгүй хандсанаас үүдэн хор уршиг учирсан байхыг шаарддаг. Г.Б, Б.Ц нарын ямар хууль бус үйлдлийг мэдэж байсан атлаа гаргасан бэ гэдэг нь тодорхойгүй. Г.Б нь газын хошуугаар парпетны хар цаасыг хайлуулж байснаас үүдэн гал гарсан. Шинжээчийн дүгнэлтээр барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй компанитай “...” ХК гэрээ байгуулсан гэм буруутай гэж дүгнэсэн. Гэм буруутай этгээдийг яллагдагчаар татаагүй. Иргэний хариуцагчаар татагдах ёстой байсан даатгалын компаниудыг иргэний хариуцагчаар татаагүй. Даатгалын 8 байгууллагатай гэрээ байгуулсан байдаг. Бүх даатгалын гэрээн дээр давагдашгүй хүчин зүйлийн улмаас хохирол учирсан бол 100 хувь төлж барагдуулна гэж заасан байсан. Нэхэмжлэгч байгаа бол хариуцагч заавал байх ёстой. Хохирогч нарын 80 хувь нь “Номин даатгал” ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан байдаг.  “Номин даатгал” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаагүй. 13.000.000 төгрөг түрээслэгч нартаа төлсөн, иргэний нэхэмжлэгчээр 13.000.000 төгрөгийг нэхэмжилснийг ойлгоогүй. Энэ асуудлыг шүүх хуралдааны шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй. ...ийн өргөтгөл нь Барилгын тухай хууль зөрчиж баригдсан талаар дүгнэлт гарсан. Энэ талаар прокурор ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...Б.Ц, Г.Б нар нь хичнээн хохирогчид ноцтой хохирол, эсхүл их хэмжээний хохирол учруулсан зэргийг ялгаж тогтоогүй байна. Шинжээчийн дүгнэлтүүдээр ...ийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуй нэгж байгууллагад хэдэн төгрөгийн хохирол учирсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. ...Б.Ц, Г.Б нарын бусдад учруулсан гэх 24.023.847.554 төгрөгийн хохиролд ...ийн буруутай үйл ажиллагаа хамаарах эсэх, хамаарах бол хэчнээн төгрөгийн хохирлыг хариуцах эсэх нь тодорхойгүй. ...Энэ хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн иргэд, аж ахуй нэгж байгууллагад учирсан хохирлыг гэрээний үндсэн дээр нөхөн төлсөн даатгалын байгууллагуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоор зөв тогтоон оролцуулж, хохирол төлүүлэх ажиллагааг хамтад нь явуулах нь зүйтэй. ...” гэсэн үндэслэлийг зааж яллагдагч Г.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Уг гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг дутуу тогтоосон, өөрөөр хэлбэл нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн захирамжид дурдсан асуудлаас гадна дараах мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

1. “...” ХХК нь хуульд зааснаар засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан, мөн “...” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй компанитай ажил гүйцэтгэх гэрээг хууль бусаар байгуулсан учир шалтгааныг эргэлзээгүй тогтоож, эдгээр хуулийн этгээдүүд болон хуулийн этгээдүүдийг төлөөлж шийдвэр гаргасан, гэрээ байгуулсан эрх бүхий албан тушаалтныг Эрүүгийн хуулийн Есдүгээр бүлэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэл байгаа эсэх талаар анхаарч, мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай. Ингэж хуулийн этгээдүүдийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтоох нь бусдад учирсан хохирлыг хуулийн дагуу үндэслэлтэй зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Мөрдөн шалгах ажиллагааг хийснээр яллах дүгнэлтэд ямар өөрчлөлт орох нөхцөл байдал үүсэхийг прокурор дүгнэхийн зэрэгцээ яллах дүгнэлтийн хавсралтад заасан хохирлын тооцооны үлдэгдэл гэсэн үзүүлэлтийг дахин нарийвчлан гаргаж, маш тодорхой болгох шаардлагатай. Тухайлбал үлдэх хохирол, төлбөрийг хэн, аль байгууллага ямар хэмжээгээр төлөх нь тодорхой болсон байхаас гадна Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбоотойгоор хохирол төлсөн байх, төлөхөө илэрхийлсэн байх нь шүүх уг хуулийг хэрэглэх боломж үүсэх чухал ач холбогдолтой.

2. “...” ХК нь нийт хэдэн байгууллага, иргэнтэй түрээсийн гэрээтэй ажилладаг, тэдний нэг сарын болон нэг жилийн түрээсийн орлого хэдэн төгрөг болохыг тогтоох нь уг байгууллагын төлбөрийн чадварыг тодорхойлох ач холбогдолтойгоос гадна бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, улмаар нөхөн төлөхөө бодитойгоор илэрхийлж байгаа эсэхийг харуулах гол үзүүлэлт болох учир энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай. Аль байгууллага, хэний гэм буруутай үйлдлээс бусдад хохирол учирсныг нарийвчлан, хөдөлбөргүй тогтоох нь бусдын хохирлыг хуульд нийцүүлж ямар дарааллаар аль байгууллага хэн, хэрхэн төлж барагдуулахыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүх эцэслэн шийдвэрлэх нөхцөл боломж бүрэлдэнэ гэж үзэв.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар аль байгууллага, хэний гэм буруутай үйлдлийн улмаас аль хохирогчдод ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учирсан эсэхийг хохирогч тус бүрээр гаргах. Энэ тооцоонд үндэслэн хохирогч тус бүрт учирсан хохирлоос хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хэнээс, аль байгууллагаас болон аль даатгалын байгууллагаас хэдэн төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөнийг тооцон гаргаж, үлдэх төлбөрийн хэмжээг хүн тус бүрээр гарган, зайлшгүй шаардлагатай нотлох баримтын хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тодорхой тусгах.

4. Хуулийн дээрх заалтуудыг хангахаас гадна хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар хохирлын талаарх мэдээллийг яллах дүгнэлтийнхээ тогтоох хэсэгт хохирогч тус бүрээр дээр дурдсан тооцоо, үзүүлэлтээр маш тодорхой тусгах.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар яллагдагч нарт оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотолсон байх шаардлагатай ба энэ заалтын хүрээнд яллагдагч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүх хэрэглэх эсэх нөхцөл байдлыг тогтоосон байвал зохино. Тухайлбал, яллагдагч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хэрхэн нөхөн төлсөн, нөхөн төлөхөө хэрхэн илэрхийлж байгааг зөвхөн үгээр биш, төлөх ямар боломж бололцоо байгааг нотлох баримтаар баталж, бодитой байдлаар илэрхийлснийг хэрэгт баримттайгаар нотлох, нотлуулах ажиллагаа хийсэн байх.

 

6. Аль байгууллага, албан тушаалтан, ажилтны ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж гал гарсныг мөрдөн шалгах ажиллагаагаар эргэлзээгүй байдлаар нарийвчлан тогтоох.

 

7. “...” ХК, “...” ХХК 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулахдаа аль, аль нь хууль ноцтой зөрчсөн шинжтэй байхад энэ хэрэгт тэднийг өөр өөр оролцогчоор тогтоосон нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэхэд эргэлзээтэй байгааг харгалзан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, ажиллагаа хийх явцдаа хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулах талаар онцлон анхаарвал зохино.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Эрдэнэ, М.Очбадрах нарын бичсэн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/785 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Эрдэнэ, М.Очбадрах нарын бичсэн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Б, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ