Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 104/шш2024/00332

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******т *******од байрлах *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******, *******од оршин суух, овогт ийн ид холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 482,073 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэг Б. нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай ББСБ-ын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд №21572 дугаартай цахим зээлийн эрх нээлгэх гэрээ байгуулж, 260,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай 24300 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 4 хувийн хүүтэй тохиролцож зээлж авсан. Гэтэл зээлдэгч Б. нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийг эргэн төлөх үүргээ зөрчиж авсан зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй зээлийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 260,000 төгрөг, шимтгэл 15,600 төгрөг, хүү 206,473 төгрөг нийт 482,073 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 482,073 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.оос зээлийн гэрээний үүрэгт 482,073 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 482,073 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 15,120 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 7,560 төгрөгийг улсын төсвөөс, 7,560 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 482,073 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,120 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 7,560 төгрөгийг улсын төсвөөс, 7,560 төгрөгийг хариуцагч Б.оос гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                       Б.УРАНЗАЯА