Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 130

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2017/0128/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга             Д.М 

Улсын яллагч                            Ц.Ц

Шүүгдэгч                                                          Н.Б нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б холбогдох 1739000840026 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров суманд 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг Салхитын 1-08 тоотод оршин суух Боржигон овогт Н.Б /РД: СА87123001/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

  Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “нөхөр С.Т нь машинаар мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Хохирогч С.Т: “... 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай эхнэр Будханд найзынхаа төрсөн өдөрт явсан. Шөнийн 01 цагийн үед намайг ирж ав гэсэн. Манай эхнэр архи уусан согтсон байсан. Архи уухгүй найз нараас зугт гэсэн. Тэгээд би Бүрдэн толгой гэх газар руу явсан. ... эхнэр найз нартайгаа архи ууна гээд байхаар нь би архи уулгахгүй гэсэн чинь машины баруун талын хаалгаар үсэрсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10хуу/

          

         Шүүх эмнэлэгийн 80 дугаартай дүгнэлт:

          Н.Б биед бүсэлхүй нурууны L2/L3 нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн далд зөрүүтэй хугарал, бүсэлхүй нурууны L4/L5  нугалам хоорондын жийргэвчийн цүлхийлт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэх дүгнэлт.  /хх-ийн 22хуу/

 

           Н.Б: “... Манай нөхөр Тогоонтөмөр намайг архи уулгахгүй чи согтсон байна гээд байсан. Би машинаас үсэрч буусан. Тэгээд босож чадахгүй байсан. Манай ээж Оюунгэрэл цагдаад дуудлага өгсөн байна лээ. Төлөөлөгч цагдаагийн ахлах ахлагч Хишигтэд худал мэдүүлэг өгсөн. ...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

           Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “нөхөр С.Тогоонтөмөр нь машинаар мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Тогоонтөмөрийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Н.Будхандын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

             

             Хохирогч С.Т нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

      

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

  

         1.Шүүгдэгч Боржигон овогт Н.Б худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.МӨНХТУЛГА