Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1525

 

 

Г.Ахолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/818 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Аийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1911 0 1036 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.А, 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 700 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 48 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 1 хоногийг 8 цагтай тэнцүү байхаар тооцож, эдлэх ялаас 384 цагийг эдэлсэнд тооцож, нийт биечлэн эдлэх ялыг 116 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,

Шүүгдэгч Г.А нь агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан Г.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн нэг хоногийн хорих ялд тооцон нийт 90 /ер/ хоногийн хорих ялд шилжүүлэн, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 9 /ес/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан Г.Аэнэ тогтоолоор оногдуулсан 2 /нэг/ жил 9 /ес/ сар хорих ялд, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 700 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 116 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн 1 хоногийн хорих ялд тооцон, нийт 14 /арван дөрөв/ хоногийн хорих ялд шилжүүлэн, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Г.Аийн цагдан хоригдсон нийт 265 /хоёр зуун жаран тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ашүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ганхуяг овогтой Алтангэрэл миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/818 дугаар тогтоолтой танилцаад дараах гомдлыг гаргаж байна.

Учир нь би 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Их дэлгүүрийн хойно байрлах “Фрэш” дэлгүүрийн урд автомашины зогсоолд зогсож байсан машины цонх нь онгорхой, хаалга нь түгжээгүй байхаар нь хаалгыг нь нээж иргэн Т.Чойсүрэндоржийн А50 маркийн гар утсыг зөвшөөрөлгүй авснаа үнэн зөвөөр мэдүүлж, тухайн хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшиж, харамсан өөрийн буруугаа ухамсарлаж, хохирогч Т.Чойсүрэндоржийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгч хохирол гомдолгүй болгосон.

Би хоригдож байх хугацаандаа өөрийн хүслээр цахилгаанчны мэргэжил олгох сургалтад хамрагдаж 2 дугаар зэргийн мэргэжилтэй болсон. Миний бие нь хорих ангиас гарч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, найз нөхөд, ах дүү нартаа болон бусдад хэрхэн төлөвшиж ухаарснаа харуулж, эхнэртэй болж, гэр бүл зохиож бусдын адилаар амьдрах хүсэлтэй байна.

Иймд дээрх гаргасан хүсэлтийг минь хүлээн авч зорилго, мөрөөдлийг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын явцад сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулсан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн нөхцөл байдал бүрдсэн байна. Иймд шүүх бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Г.Аийн үйлдэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Г.А нь:

1. 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фреш” гэх нэртэй худалдааны төвийн гаднах автомашины зогсоолд зогсож байсан тээврийн хэрэгслийн кабин дотроос хохирогч Т.Чойсүрэндоржийн эзэмшлийн “Samsung А50” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Г.Аийн “...Согтуу явж байгаад “Фрэш” дэлгүүрийн үүдэнд зогсож байсан машин дотроос “Samsung А50” загварын гар утсыг хулгайлан авсан нь үнэн...” /хх 26/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аийн “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” /хх 226/,

хохирогч Т.Чйн “...Би “Эм Си Эс” ХХК-д борлуулалтын түгээгч хийдэг ба 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улсын их дэлгүүрийн хойно байрлах “Фреш” нэртэй дэлгүүрт ундаа буулгангаа өөрийн “Samsung А50” загварын гар утсаа машин дотроо цэнэглэж үлдээгээд дэлгүүр рүү бараа зөөсөн. Ингээд бараа зөөж дуусаад утсаар ярих гээд машинд ороход миний гар утас алга болсон байсан. Тухайн үед машинаа түгжээгүй гараад машинаас ундаа зөөж, өөрөө хажууд нь байсан болохоор хулгайд алдана гэж бодолгүй машинд утсаа үлдээсэн байсан, ...Би хулгайд алдсан “Samsung А50” загварын гар утсаа бүрэн бүтэн буцаан авсан тул одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх 12/,

гэрч Н.Шинэбаярын “...2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 16 цагийн орчим бид нар Шараа гэж дууддаг зүс таних Г.А гэж залуу нэлээн согтуу ирээд ах ганц утас зараад өгчих гэхээр нь үзсэн чинь “Samsung А50” загварын гар утас байсан ба уг гар утасны дэлгэцийн шил нь хагархай байсан болохоор засварын хүмүүст үзүүлээд өгье гэж хэлээд Алтангэрэлийг дагуулаад “Теди” худалдааны төвийн 4 давхарт байрлах 10 дугаар павильоны Баяраа гэж ахтай уулзуулсан. Баяраа ах үзээд утасны дэлгэцийн шил нь хагархай юм байна, засвар орох юм байна 150.000 төгрөгөөр л авбал авъя гэхэд Алтангэрэл заза заръя гээд Баяраа ахаас мөнгө авсан. Алтангэрэл надад хулгайн гар утас гэж хэлээгүй, ямар учиртай утас вэ гэж асуухад тэр хамаагүй ээ, зүгээр зараад өгчих гээд согтуурхаад байхаар нь Баяраа ахад үзүүлээд уулзуулж өгсөн юм” /хх 14/,

гэрч Р.Энхбаярын “...2019 оны 10 дугаар сарын 1, 2-ны үед Шинэбаяр нэг залуу дагуулж ирээд ийм гар утас авах уу гээд надад хар өнгийн “Samsung А50” загварын гар утас 250.000 төгрөгөөр зарна гэж үзүүлсэн. Уг гар утас нь дэлгэцийн доод хэсэгт шил нь хагарсан байсан болохоор би ийм үнэтэй авахгүй гэхэд яваад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд 150.000 төгрөгөөр авчих та засаж янзлаад зарчихна шүү дээ гэхээр нь ямар учиртай гар утас юм бэ гэхэд Шинэбаяр энэ залуу асуудалгүй гар утас гэсэн та ийшээ 150.000 төгрөгийг нь өгөөд л авчих гэхээр нь би мөнгийг нь тэр хамт байсан халамцуу залууд бэлнээр 150.000 төгрөгийг нь өгөөд гар утсыг нь худалдаж авсан. Одоо энэ гар утсыг хүлээлгэн өгч өөрийн 150.000 төгрөгийг авахаар хулгай хийсэн залуугийн ар гэртээ тохирсон байгаа учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би мөнгө төгрөг нэхэмжлэхгүй” /хх 16/ гэх мэдүүлгүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 36/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/,

эд зүйлийн үнэлгээ /хх 38/,

эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 39, 40/,

хохирол төлсөн тухай баримт /хх 76/,  

2. 2019 оны 9 дүгээр сарын 11-нээс 19-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Рийч" зочид буудлын өрөөнд, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 1-3/6 тоотод хохирогч Г.Сарантуяаг бусадтай хардан, суран бүсний арал хэсгээр толгойн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож биед нь "хамар ясны хугарал, баруун зүүн зулайд шарх, баруун бугалга, умдаг, гадна бэлэг эрхтэнд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Г.Аийн “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй...” /хх 165/,  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аийн “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” /хх 226/,  

хохирогч Г.Сарантуяагийн “...2019 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө буудлаас гарахаас өмнө буудлын өрөөний орон дээр хоёр гарыг минь өвдгөөрөө дарж байгаад хаа хамаагүй эрчүүдтэй хардан, миний нүүрэнд зүүн гараараа маш олон удаа цохиж зодсоны улмаас миний хамар хугарч, зүүн хацар орчим хавдаж хөхөрсөн байгаа. ...маргааш нь Байгалмаагийн гэрт ...хаа хамаагүй эрэгтэй хүний нэр хэлэн хардаж сэрдээд миний толгойг өөрийнхөө зүүдэг суран бүсний арлаар нь цохиж зодон хагалсан. ...тэндээс гараад ...247 нэртэй зочид буудалд ...хаалгыг дотор талаас нь түгжин, зурагтын дуу чангалаад миний хагархай толгойн үснээс зулгаан газар унагаад, миний биеийн хаа сайгүй өшиглөн зодож байхдаа миний эмзэг эрхтэн рүү 2, 3 удаа аль хөлөөрөө гэдгийг нь мэдэхгүй өшиглөсөн. ...умдаг, гадна бэлэг эрхтэнд цус хуралт гэмтлийг ...учруулсан байгаа.” /хх 126/,

гэрч Г.Байгалмаагийн “...Г.А нь манай төрсөн дүү байгаа юм. Харин Сарантуяа нь манай дүүтэй хааяа хамт яваад байдаг хүүхэн байгаа юм. Манай гэрт тэр хоёр яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Одоогоос сар гарангын өмнө байх тэр хоёр шөнө 02 цагийн үед Хараа нэртэй 0.75 литрийн архи авч ирээд нөхөр бид хоёртой хуваан уусан. Тэгээд байж байтал тэр хоёр хоорондоо юу болсон нь мэдэхгүй бөгс бөөрний хэрүүл хийгээд маргаад эхэлсэн. Тэгээд тэр хоёр манайхаас гараад гадаа хоносон бөгөөд маргааш өглөө нь Сарантуяагийн толгойг хагалчихсан гээд ороод ирсэн. Тэгээд тэр хоёр манайд 4 хонохдоо өдөр нь гэрт унтаад шөнө нь гэрийн хашаанд байдаг амбаарт ороод л унтдаг байсан. Тэгж байгаад манайхаас Сарантуяагийн толгой нь идээлээд байна гээд байсан бөгөөд би тэр хоёрыг хөөгөөд явуулсан. Тэгээд тэр өдрөөс хойш 2 билүү 3 хоногийн дараа тэр хоёр дахин манайд 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад ирсэн. Тэгээд манайд 4 хоноод явсан. ...Алтангэрэл би Сарантуяаг зодоод толгойг нь хагалчихлаа гээд байсан. Тэрнээс өөрөөр зодолдсон асуудлыг нь би хараагүй...” /хх 130/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 11397 дугаартай “...Г.Сарантуяагийн биед хамар ясны хугарал, баруун зүүн зулайд шарх, баруун бугалга, умдаг, гадна бэлэг эрхтэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хамар ясны хугарал, шарх, баруун бугалгын цус хуралт гэмтэл нь үзүүлэхээс нь 4-7 хоногийн өмнө, умдагны цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх умдагны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх 135/ гэх дүгнэлт,

шинжээч эмч О.Болороогийн “Үзүүлэгч Г.Сарантуяагийн биед үүссэн хамар ясны хугарал гэмтэл хөнгөн, баруун зулайн шарх нь хөнгөн, зүүн зулайн шарх хөнгөн, зүүн нүдний дээд, доод зовхинд хүрэн ягаан өнгийн шимэгдэж буй цус хуралт нь хөнгөн, баруун бугалгын дунд хэсэгт 12 x 5.5 см хүрэн ягаан өнгийн шимэгдэж буй цус хуралт нь хөнгөн, гадна бэлэг эрхтэн умдагт цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ, бусад гэмтэл нь дүгнэлтэд заасан хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл” /хх 139/ гэх мэдүүлэг,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 103/,

аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 110/,

гэрэл зургийн үзүүлэлт /хх 112/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Г.Аийг “агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Аийн “...“Фреш” гэх нэртэй худалдааны төвийн гаднах автомашины зогсоолд зогсож байсан тээврийн хэрэгслийн кабин дотроос хохирогч Т.Чойсүрэндоржийн эзэмшлийн “Samsung А50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, иргэн Г.Сарантуяаг бусадтай хардан, суран бүсний арал хэсгээр толгойн тус газар нь цохиж, өшиглөх зэргээр зодож биед нь "хамар ясны хугарал, баруун зүүн зулайд шарх, баруун бугалга, умдаг, гадна бэлэгэрхтэнд цусхуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

Мөн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоож, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Г.Аийн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 9 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Г.А нь “... иргэн Т.Чойсүрэндоржийн “Samsung A50” загварын гар утсыг хулгайлан авсан үйлдэлдээ маш ихээр гэмшиж байна. ...хохирогч Т.Чойсүрэндоржийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгч хохирол гомдолгүй болгосон. ...анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.А нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Т.Чойсүрэндоржийн “Samsung A50” загварын гар утсыг мөрдөн шалгах ажиллагааны явцад биет байдлаар хүлээлгэн өгсөн, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хохирогч Г.Сарантуяагаас “...Уучлалт гуйсан...”, гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хэмжээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байх тул хөнгөрүүлэх боломжгүй байна.

            Иймд шүүгдэгч Г.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/818 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

            Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...2 /нэг/ жил...” гэсэн үг, үсэг, тоо тооцооны алдаа гаргасаныг “...2 /хоёр/...” гэж зөвтгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/818 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ