Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1427

 

                                           Б.А, Б.Б  нарт холбогдох

                                               эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

прокурор М.Ариунцэцэг,

шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

шүүгдэгч Б.Б ий өмгөөлөгч У.Хүрэлсүх, Б.Билгүүн ,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/1767 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А ын өмгөөлөгч Д.Чинзориг, шүүгдэгч Б.Б ий өмгөөлөгч У.Хүрэлсүх, Б.Б  нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.А, Б.Б  нарт холбогдох эрүүгийн 2006 00000 1142 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.А,

2. Б.Б,

Б.А, Б.Б  нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Отгонбаярын өмсөж явсан саарал өнгийн пиджак, “Самсунг Жи-7” загварын гар утас зэргийг хүч хэрэглэж дээрэмдэн авч, бусдад 717.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдэх явцдаа хохирогч Д.Отгонбаярын нүүр, бие хэсэгт нь цохиж улмаар хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.А, Б.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б, Б.А нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун хорих таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Б.Б , Б.А  нарыг тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А, Б.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 525.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож нийт 1 сар 5 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт ялыг 2 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүрд оногдуулсан 2 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А ын өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Хохирогч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, мэдүүлэг нь зөрүүтэй нөхцөл байдал байсан учраас өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулах хүсэлтийг 2 удаа гаргаж байсан боловч шүүх хүлээн аваагүй. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийн эхний /...бүдүүн залуу нь шууд миний пиджакийг тайлаад авсан.../ гэх мэдүүлгийг үндэслэлээ болгосон. Гэвч хохирогч дараагийн мэдүүлэгтээ үүнийгээ үгүйсгэсэн байдгийг шүүх анхаарч үзээгүй байна. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэх хуулийн зүйл заалтыг анхан шатны шүүх баримталсан бол шүүхийн шийдвэр үндэслэлтэй болох байлаа. Энэхүү хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирогч зайлшгүй оролцох шаардлагатай байсан гэдгийг дурдмаар байна.

2. Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн ойлголт, шинжийг тодорхойлсон. Гэмт хэрэгт тооцохдоо ганц объектив бус тухайн этгээдийн үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн хандлага болох субъектив шинжийг харгалзан үзэх ёстой. Шүүгдэгч Б.А ын хувьд хохирогч Д.Отгонбаярын эд зүйлийг авахыг хүсч эсхүл Б ийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд давуу байдал олгох зэрэг зорилгоор хохирогчид огтоос халдаагүй. Тухайн нөхцөл байдалд Б.А  нь өөрийн хамт байсан найз Б ийг нь хохирогч цохисон гэх ганцхан шалтгаанаар л хохирогчид халдсан. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин дээрэмдэх зорилгоор гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, уг зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж Эрүүгийн хуульд тов тодорхой хуульчилсан байдгаас харвал санаатай гэдгийг онцгойлон анхаарах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх” бөгөөд мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” хэмээн хуульчилсан нь гэм буруугүй хүнд ял шийтгэхээс сэргийлсэн, хүний эрхийг хангахад чиглэсэн зохицуулалт гэдгийг дурдалгүй өнгөрч боломгүй байна. Товчхондоо бол шүүгдэгч Б.А ын хувьд “Дээрэмдэх” гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэр, сэдэлт, зорилго /субъектив шинж/ байхгүй бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б ий өмгөөлөгч У.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх тухайд: Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаар хуульчилжээ. Шүүгдэгч Б.А, Б.Б , тэдний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй, харин бүлэглэн хохирогчийг зодсон гэж гэм буруугийн талаар маргаж оролцсон нь дээрх хуулийн шаардлагыг хангахгүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээр заасан байна. Тус хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...энэ хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хэрэглэх боломжтой зүйл анги юм. Хавтаст хэргийн 61-62 хуудсанд яллагдагчаар Б.Б  мэдүүлэхдээ “надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэж мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн байна. Ял оноох шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч хүндэтгэж байгааг илэрхийлсэн. Өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчтай мэтгэлцсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулна гэсэн үг биш юм. Гэм буруугаа хүлээх ойлголт нь зөвхөн яллагдагч, шүүгдэгч нарт хамааралтай ойлголт юм. Шүүгдэгч Б.Б  нь хэлэх зүйл байхгүй гэсэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг биш юм. Хохирогчийн пиджак болон 180.000 төгрөгийг төлж хохирогч гомдол саналгүй болсон нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар нотлогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг бол хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн арвандолоо дугаар бүлэг буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн 17.2 дахь хуулийн зүйл, заалтыг харвал бусдын эд хөрөнгийг авахаар гэж тодотгосон нь энэ гэмт хэргийг үйлдэж байгаа хүн нь хохирогчийн эд хөрөнгийг л авах зорилготой байхыг шаардаж байна. Авах зорилгын хүрээнд үгээр болон үйлдлээр хохирогчийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэх боломжтойг давуу байдлаа ойлгуулснаараа энэ гэмт хэрэг төгссөнд тооцно. Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах зорилго бүхий гэмт этгээдийн үйлдлийн шинжийг тодорхойлохдоо хохирогчийн эрх чөлөө, эрүүл мэндэд нь хохирол учруулна гэж үгээр болон үйлдлээр айлган сүрдүүлж буй байдал, хүч хэрэглэхээр заналхийлж буй сэтгэхүйн дарамтын гадаад илэрхийлэл, орон зай, хүчний харьцааны шинж чанар, тухайн заналхийлэл биелэгдэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан талаар хууль зүйн дүгнэлт хийнэ гэж тайлбарласан байна. Хавтаст хэрэгт шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн эд хөрөнгийг авахаар айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн нь хангалттай нотлогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байна. Хх-7 хуудас хохирогч ... гэж мэдүүлсэн байна. Хх-11 хуудас А ...гэж мэдүүлсэн байна. Хх-62 хуудас Б  ...гэж мэдүүлсэн байна. Мөн хавтаст хэргийн 121 дүгээр хуудас нүүрэлдүүлж мэдүүлэг авч мэдүүлгийн зөрүү гаргахад тус мэдүүлэгт хамт тамхи татаад, хоорондоо муудалцаад, муудалдах явцдаа пиджакаа тайлж тавиад шүүгдэгч нар зодсоны дараа шууд зугтаасан байна. Дараа нь Б  найзуудыгаа хайж очоод пиджак олоод хаялтай нь биш гэж авч өмссөн үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Пиджак олж өмссөн нь иргэний хуульд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл байна. Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор л хохирогчийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэж эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно. Б , А нарын үйлдэл нь эд хөрөнгийг авах зорилгоор айлган сүрдүүлсэн үйлдэл хавтаст хэрэгт байхгүй, харин хоорондоо маргалдаад хоорондоо зодоон болсон үйлдэл байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байх тул Б д холбогдох Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б ий өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Шийтгэх тогтоолын хэсэгт “шүүгдэгч нар нь хохирогчоос тамхи авч татаж байхдаа хохирогчийн пиджакийг авахаар тайлахыг шаардаж улмаар эд зүйлийг нь авсан байх бөгөөд хохирогч пиджакны халаасанд байх гар утсыг авна гэхэд дургүйцсэн байдлаа илэрхийлж түүний үйлдлийг няцаах зорилгоор түрүүлж нүүрэнд нь цохиж байгаа нь дээрэмдэх гэмт хэргийн шууд санаа зорилго мөн болно” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 38 дугаар талд мөрдөгчийн илтгэх хуудас, шүүгдэгч Б.Б ий мэдүүлгээр /хх 62/ тогтвортойгоор гар утас байхгүй байсан зэргийг мэдүүлдэг. Хавтаст хэрэгт хохирогч Д.Отгонбаяр нь Самсунг Жи-7 загварын гар утастай байсан эсэхийг тогтоогүй. Д.Отгонбаяр нь Самсунг Жи-7 гар утас худалдаж авсан баримт, зарсан гэх дэлгүүрийн худалдагчийн мэдүүлэг, гар утасны хайрцаг сав, сериал дугаар зэрэг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй нь Д.Отгонбаяр нь тухайн маргаан болох үед Самсунг Жи-7 загварын гар утастай явсан гэдэг хангалттай нотлогдохгүй байна. Иймд Д.Отгонбаяр нь гар утсаа буцааж авах гэж байгаад зодуулсан нь дээрэмдэх гэмт хэргийн шууд санаа зорилго гэж дүгнэх хууль зүйн боломжгүй юм. Хохирогч, шүүгдэгч нар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох мэдүүлгээр хэрэг болох өдөр бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тамхи татангаа юм яриад зогссон нь нотлогдсон байна. Хохирогч, шүүгдэгч нар нь зан харилцаа, таарамжгүй байдлын улмаас маргалдаж хоорондоо зодолдож улмаар Д.Отгонбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирогчийн пиджак болон 180.000 төгрөгийг төлж хохирогч гомдол саналгүй болсон нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар нотлогдож байна. Б.Б  нь хувийн байдлын хувьд эхээс хоёр хүүхэд төрснөөс ах нь 2016 онд нас барсан, ээж Т.Отгонцэцэг, аав Д.Болдбаатар нарын хамт амьдардаг. Аав нь группэд ажилгүй гэртээ амьдардаг, ээж нь тогооч хийдэг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Б.Б  нь 2019 онд ажлын осолд ороод нүүрний тал хэсгийн яс нь үүрч унаад төмөр суулгасан билээ. Иймд Б.Б д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оноож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч зөрүүтэй мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Анх энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч мэдүүлэхдээ анх Б.Б , Б.А  нар эхлээд тамхи асуусан, улмаар миний пиджакийг шууд тайл гэсэн. Тэгээд халаасанд нь байсан гар утсаа авъя гэхэд хоёулаа нийлээд зодсон гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нарын хувьд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн пиджакийг тайлан эд зүйлийг нь авч, улмаар хохирогч гар утсаа авъя гэхэд нь зодож байгаа үйлдэл нь дээрмийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс Б.Б , Б.А  нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.А, Б.Б  нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Отгонбаярын өмсөж явсан саарал өнгийн пиджак, “Самсунг Жи-7” загварын гар утас зэргийг хүч хэрэглэж дээрэмдэн авч, бусдад 717.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

мөн дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдэх явцдаа хохирогч Д.Отгонбаярын нүүр, бие хэсэгт нь цохиж улмаар хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Отгонбаярын: “...Тухайн үед надад 3 ширхэг “Mild seven” нэртэй тамхи байсан юм. Тамхиа гаргаж ирээд “ах нь нэгийг нь татъя, та энэ 2 ширхгийг нь ав” гэсэн чинь саравчтай малгай өмссөн залуу нь “наад өмссөн пиджакаа тайл” гэж хэлсэн. Би гайхаж харахад бүдүүн залуу нь шууд миний пиджакийг тайлаад авсан. Би “за за, наад пиджакаа ав, дотор нь гар утас байгаа, утасаа авчихъя” гэхэд 2 залуу нийлээд миний 2 талаас зодсон. Зодож байснаа саравчтай малгайтай залуу “гутлыг нь авъя” гээд хоёулаа нийлээд миний өмсөж явсан гуталнаас татаад тайлах гэж оролдсон. Миний гутал хажуу талаараа цахилгаантай учир тайлагдаагүй. Би зодуулж байхдаа “102-оо, 102-оо” гэж орилсон ба “авраач ээ” гэж зөндөө их орилсон. Тэр 2 зугтаагаад явахаар нь би араас нь хөөж гүйгээд Сансарын колонкийн автобусны буудал дээр ирж тэнд байсан хүнээр цагдаа дуудуулсан. ...Духан дундуураа өшиглүүлээд 2 хөмсөгний голд язарсан, мөн уруул язарсан, 2 гар, 2 хөл, нуруу шалбарсан, хөндүүртэй байна. ...” гэх мэдүүлэг /хх 4-8/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Д.Отгонбаярын биед хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 14-15/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 17-18, 21-22/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б , Б.А  нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг, мөн уг гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б , Б.А  нарыг бүлэглэн хохирогч Д.Отгонбаярыг зодож, эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн түүний эд зүйлийг авахаар хүч хэрэглэн санаатай довтолсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б , Б.А  нарын бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж үйлдсэн, хөнгөн хохирол санаатай учруулсан үр дагавар, гэмт хэрэг үйлдсэн арга, сэдэлт, гэм буруугийн хэлбэр, хэргийн зүйлчлэл болон уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүхээс тэдгээрт нийт 2 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно. ...” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 525.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож нийт 1 сар 5 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Б.А ын өмгөөлөгч Д.Чинзоригийн “дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн утга бүхий гомдол,

мөн шүүгдэгч Б.Б ий өмгөөлөгч Б.Билгүүний “хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн утга бүхий, өмгөөлөгч У.Хүрэлсүхийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, дээрэмдэх гэмт хэрэгт нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд рүү хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгох бөгөөд улмаар довтолгоон эхэлсэнээр төгссөнд тооцогддог онцлогтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх, үүргийг нь танилцуулан хууль сануулж өгсөн хохирогч Д.Отгонбаярын “...саравчтай малгай өмссөн залуу нь “наад өмссөн пиджакаа тайл” гэж хэлсэн. Би гайхаж харахад бүдүүн залуу нь шууд миний пиджакийг тайлаад авсан. Би “за за, наад пиджакаа ав, дотор нь гар утас байгаа, утасаа авчихъя” гэхэд 2 залуу нийлээд миний 2 талаас зодсон. Зодож байснаа саравчтай малгайтай залуу “гутлыг нь авъя” гээд хоёулаа нийлээд миний өмсөж явсан гуталнаас татаад тайлах гэж оролдсон. Миний гутал хажуу талаараа цахилгаантай учир тайлагдаагүй ...” гэх мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг болон бусад нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.А, Б.Б  нарын хувьд хохирогч Д.Отгонбаяраас тамхи асуух нэрийдлээр шалтаглаж, эд зүйлийг нь авахаар довтлох санаа зорилго нэгдэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос “бүлэглэн гүйцэтгэсэн” гэж үзэж Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А, Б.Б  нар нь хохирогч Д.Отгонбаярын эд зүйлийг дээрэмдэхээр санаа зорилгоороо тухайн цаг хугацаанд нэгдсэн байх ба уг зорилгоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд бүлэглэн хүч хэрэглэж довтолсон, давуу байдлаа хохирогчид мэдрүүлж эд зүйлийг нь эсэргүүцэлгүй авах нөхцөл боломжийг бүрдүүлсэн хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс хохирогчид хууль сануулж авсан 2 удаагийн мэдүүлгээс хэргийн бодит байдалтай нийцэх, илүү тодорхойлсон мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасантай нийцэж байна.

Иймд шүүгдэгч Б.А ын өмгөөлөгч Д.Чинзориг, шүүгдэгч Б.Б ий өмгөөлөгч Б.Билгүүн, У.Хүрэлсүх гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад гарсан техникийн шинжтэй болон найруулгын шинжтэй дараах алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй байхад анхаарвал зохино.

Тухайлбал, шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл, хэсэг, заалтад зааснаар  шүүгдэгч нарт нийтэд нь ял шийтгэхээр заасан нь найруулгын хувьд ойлгомжгүй болсон.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг хорих ялд нэмж нэгтгэх талаар дүгнэсэн боловч тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт буюу “нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд нэгтгэх заалтыг баримталсан нь техникийн шинжтэй алдаа гэж үзсэний гадна “...хорин...”  гэснийг “... хорих...” гэсэн алдаа гаргасныг тус тус зөвтгөхөөр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/1767 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.Б  нарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар...” гэж,

“... таван зуун хорих таван нэгжтэй ...” гэснийг “...таван зуун хорин таван нэгжтэй ...” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.А ын өмгөөлөгч Д.Чинзориг, шүүгдэгч Б.Б ий өмгөөлөгч Б.Билгүүн , У.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ  

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР