Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 109/ШШ2023/0024

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ш.А,

            Хариуцагч: Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын хоорондын “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, энэ тушаалын дагуу үндсэн цалингаас суутгасан мөнгөн дүнг буцаан олгохыг Аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.А нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, энэ тушаалын дагуу үндсэн цалингаас суутгасан мөнгөн дүнг буцаан олгохыг Аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах”-аар маргаж байна.

 

2. Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолын “Албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж буй иргэдийн нэрсийн жагсаалт” хавсралтын 4 дэх хэсэгт Ш.Аыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Дотоод хяналт, *************** мэргэжилтнээр томилуулахаар нэр дэвшүүлж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Шйн Аыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан  ахлах мэргэжилтнээр 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилжээ.

 

3.  Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.А нь  2022 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх үнэлгээгээр нийт 100 онооноос 58.08 хувиар F буюу хангалтгүй гэж үнэлэгдсэн байна.

 

4. Улмаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас нэхэмжлэгч Ш.Ад сахилгийн шийтгэл оногдуулах болсонтой холбогдуулан 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр сонсох ажиллагаа явуулж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаар “Ш.Ад сахилгын шийтгэл ноогдуулах тухай” тушаалаар Монгол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5., Төрийн  албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3., аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олны хурлын тэмдэглэлүүдийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, ***************** мэргэжилтэн Ш.А нь 2022 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн, хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлж, удаа дараа хэлтсийн хамт олон, бусадтай харилцахдаа ёс зүйн зөрчил гаргасан гэж 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулжээ. (Хавтаст хэргийн 47 дахь тал)

 

5. Ийнхүү Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ш.Аын “үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан холбоотойгоор нэхэмжлэгч Ш.Ааас нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргаж, шүүхээс 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 109/ШЗ2023/0123 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

 

6.  Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш.А миний бие Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар тус газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, ***************  мэргэжилтний ажил, албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн төрийн жинхэнэ албан хаагч билээ. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Б/75 дугаартай тушаал гаргаж, “2022 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн, удаа дараа хэлтсийн хамт олон, харилцагч байгууллагуудтай харилцахдаа удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг надад ногдуулсан.  Ийнхүү тушаал гаргах үндэслэл болсон хагас жилийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээ, хэлтсийн хурлын тэмдэглэлүүдэд хариу тайлбарыг бичгээр өгч байсан боловч Тамгын газрын өмнөх дарга Ц.Б нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Б/76 дугаартай хууль бус тушаал гарган, дээрх үнэлгээг зөвтгөлгүйгээр надад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлээ болгосон. Мөн хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн болохыг тогтоогоогүйн зэрэгцээ ёс зүйн зөрчил гаргасан болохыг ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, тогтоогоогүй байхад дээр дурдсан сахилгын шийтгэл ногдуулах тушаалдаа дурдсан нь буруу юм. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг баталсан. Миний гаргасан гэх ёс зүйн зөрчлийг зөвлөл нь огт хэлэлцэж ямарваа нэгэн шийдвэр гаргаж байгаагүй билээ. Миний хувьд дээр дурдсан тушаалын хууль зүйн үндэслэлийг хянуулж, хүчингүй болгуулах, өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж, сэргээлгэхээр Төрийн албаны зөвлөлд өмнө гомдол гаргасан боловч хуульд заасан гомдол гаргах хугацааг 2 хоног хэтрүүлсэн гэсэн албан бичиг өгсөн тул энэ талаар гаргасан миний гомдлыг хянан шийдвэрлэж, гомдлоо хянан шийдвэрлүүлж чадаагүй билээ. Улмаар захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэх тухай хуульд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй тохиолдолд нэхэмжлэл гаргах хугацаа хамаарахгүй гэдэг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47.4 захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор хэдийд ч хандаж болно гэсний дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.            Дээрхээс үзвэл Тамгын газрын даргын тушаал нь эрх зүйн зөрчилтэй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47.1, 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт болсон гэж үзэж байна. Иймд, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгож, үндсэн цалингаас суутган татварын данс руу хийсэн 20 хувийг буцаан гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

7. Нэхэмжлэгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны  07 дугаар сарын 26-ны өдөр надад сахилгын шийтгэл оногдуулахдаа нотлох баримтгүй худал хүн гүтгэн доромжилсон төрийн сангийн тэмдэглэлүүдийг үндэслэсэн. Энэ тэмдэглэлүүдээ шийдэж өгөхийг хүссэн төрийн сангийн ажилчдын гомдолд арга хэмжээ авч өгнө үү гэсний дагуу арга хэмжээ авсан. Үүнд: Цаг баримталдаггүй гэж арга хэмжээ авч байгаа бол цагийн бүртгэлээс хасаж, цалингаас суутгасан байх ёстой. Гэтэл миний цагийн бүртгэл бүтэн, цалин бүтэн олгогдсон. Харилцагч байгууллагуудтай удаа дараа ёс суртахуунгүй харьцсан гэдэгт тайлбарлахад харилцагч байгууллагуудтай ёс суртахуунгүй харьцсан удаа байдаггүй, байгууллагуудаас ёс суртахуунгүй харьцлаа гэсэн гомдол, албан бичиг огт байдаггүй. Үүнийг өмнөх нэхэмжлэлд байгаа засаг даргын тамгын газрын албан байгууллагуудаас ирсэн бичгийн хуулбар нотолно. Хамт олонтой удаа дараа ёс суртахуунгүй харьцсан гэдэгт тайлбарлахад Цоос өөр хамт олонтой маргасан зүйл байхгүй гэтэл удаа дараа гэж арга хэмжээ авсан. Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс суртахууныг тухайн байгууллагын дэргэдэх ёс зүйн зөвлөл тогтоол гарган шийдэх ёстой. Гэтэл ёс зүйн зөвлөлөөс миний ёс зүйг хэлэлцсэн тогтоол байхгүй. Цтой маргасан талаар товчхон тайлбарлахад 2022 оны 4  дүгээр сарын 27-ны өдөр яамнаас цалингийн гүйлгээ цахим болгох сургалт болсон. Сургалт орой 18-н цагт тараад өрөө рүү ороход Ц намайг доромжилсон. Тухайн өдрийн бүх гүйлгээг баталж дуустал намайг доромжилсон. Энэ доромжлолоос нь болоод маргааш нь буюу 4 дүгээр сарын 28-ны өдөр бие өвдөөд ажилд очиж чадаагүй. Баримтад акт хавсаргасан байгаа. Энэ өдөр Ц чатаар гүйлгээ батал, ажлаа хийхгүй ажил таслаад байна гэж тушааж доромжилсон. Чатаар дарамталж, доромжилсон  гэдэг нь Цын өөрийнх нь мэдүүлэг нотолдог. Энэ хүнд ахлах мэргэжилтэнд гүйлгээ батал гэж тушаах эрх байдаггүй. Миний ажлыг сангийн яамнаас хянадаг. Цын энэ өдрүүдийн үйлдлүүдээс нь харахад гүйлгээг цахим болгохоор ажилгүй болох нь гэж айсан нь тодорхой харагддаг. Дараа нь Ц надаас уучлал гуйсан. Би ч онцгүй үг хэлсэндээ уучлал гуйсан. Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс суртахууны тухай хуульд эхлээд уучлалт гуйлгана гэж байдаг. Төрийн сангийн тэмдэглэлд намайг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр буюу яамны сургалттай өдөр ажил тасалсан гэж тэмдэглэсэн. Энэ нь худал гэдгийг тухайн тэмдэглэлд тамгын даргын сургалтад сууж байсан гэж тэмдэглүүлсэн нь нотолдог. Мөн энэ өдөр халамжийн гүйлгээг батлалгүй 2 хоносон гэдэг нь худал. Засгийн газрын 24-р тогтоолын 8.2-т төрийн сан нь гүйлгээг 3 хоногт багтаан гаргана гэж байдаг. Төрийн сангийн хэлтсийн дарга нь хурал болгон дээр бөө ч биш лам ч биш хүн ажил дээр авчирч надад зориулж ном уншуулна гэдэг. Энэ тэмдэглэл хөтөлсөн төрийн сангийн хүмүүст миний ажлыг хянах эрх байдаггүй. Миний ажлыг сангийн яамнаас хянадаг. Мөн хагас жилийн үр дүнг хангалтгүй биелүүлсэн гэдэгт тайлбарлахад хэлтсийн дарга үнэлгээний хуудсыг 80% үнэлсэн. Дараа нь хууль зүйн хэлтсийн даргын нэр буруу байна засаад гарын үсгээ зураад өг, энэ үнэлгээг хуулж бичнэ гэсэн. Засаж хэвлээд гарын үсгээ зурж өгсөн ? болгож санаатайгаар оноо бууруулсан. Төрийн албаны тухай хуульд хагас жилийн үнэлгээг хэлтсийн дарга үнэлнэ гэж байдаг. Төлөвлөгөөний биелэлт дээр би 100% гэснийг хэлтсийн дарга баталж гарын үсгээ зурсан. Балаар зассаныг үнэлгээнд оруулдаггүй. Төлөвлөгөөний биелэлт, үнэлгээний хуудас 2 ижил байх ёстой. Би төлөвлөгөөний биелэлт дээр хийсэн ажлаа үнэлгээний хуудас руу хуулж бичсэн. Төлөвлөгөөний биелэлтийн 1.1.1-д журнал ваучераар залруулгын бичилт хийсэн оноог бүрэн авах байтал өөр хүний албан тушаалын тодорхойлолтод байдаг орлого хаах ажлыг хүчээр тулгаж өгчхөөд санаатайгаар онооноос хассан. Сангийн сайдын тушаалын дагуу бүх төрийн сангийн ажил явагддаг. Сангийн сайдын 90-р тушаал буюу төрийн сангийн ажилчдын ажил үүргийн жишиг зааврын эхний хуудсанд бүх төрийн сан дагаж мөрдөхийг үүрэг болгосон байдаг. Үүнийг бүх аймгууд дагаж мөрддөг сайдын 90-р тушаалын дагуу албан тушаалын тодорхойлолт гарах ёстой. Албан тушаалын тодорхойлолтоос өөр ажил нэмж өгч байгаа бол хавсрангаар ажиллах тушаал гарч хавсран ажилласны цалин олгох хуультай. Ажилд орсны дараа орлого хаах ажил миний албан тушаалын тодорхойлолтод байхгүйг мэдээд тамгын даргад энэ ажлыг хийх ёстой ерөнхий нягтланд өгье гэсэн. Гэтэл дамгын дарга ерөнхий нягтланд энэ ажлаа хий гэж хэлсэн сураг байсан. Үүний дараа ерөнхий нягтлан хэд хоног ажилдаа ирээгүй. Энэ хооронд орлого хаах ажил хийгдээгүй. Гэтэл хэлтсийн дарга энэ хугацаанд орлого хаагдаагүй ажлыг намайг удаасан гэж онооноос хассан. 2 хоногийн дараа тамгын дарга өрөөндөө дуудсан. Хүний нөөцийн мэргэжилтэнтэй цуг байсан. Ерөнхий нягтлан орлого хаах ажлыг хийхгүй гээд ажилдаа ирдэггүй булай болж байна, нөхөр нь хүртэл ирж гуйгаад салдаггүй чи орлого хаах ажлыг түр хийж байгаач гэсэн би чадахгүй гэдгээ хэлсэн. Маргааш нь тамгын дарга дахиж дуудсан. Хэлтсийн даргатай цуг сууж байсан бөгөөд энэ ажлыг хүчээр тулгаж өгсөн. Төлөвлөгөөний биелэлтийн 1.2.1-д сумдаар явах ажлын удирдамжийг хэлтсийн даргын зөвлөснөөр боловсруулж орлогч даргаар батлуулсан. Хэлтсийн даргаас батлуулсан удирдамжаас аль хэсгийг нь шалгалгүй үлдээсэн, ямар суманд зөвлөгөө өгөөгүй гэж оноо хасаж байгааг асуухад тайлбар өгч чадахгүй байсан. Удирдамжийн дагуу дотоод хяналтыг хийж зөвлөгөө өгсөн талаар засаг даргад танилцуулах тайланд бичсэн. Энэ тайлан гарын үсэггүй байгаа шалтгаан нь сумдаар явах батлуулсан хуваарийн дагуу 9, 10 сард сумдаар явж дуусах байсан. Бүх сумдаар явж дууссаны дараа тайланг нэгтгэн 1 болгож засаг даргад танилцуулаг учир гарын үсэггүй байгаа. Үүнд сумдад зөвлөгөө өгсөн нь тодорхой байдаг. Төлөвлөгөөний биелэлтийн 1.2.2. тухайн үед батлуулсан төлөвлөгөөт хуваарийн дагуу бүх сумдаар явж дуусаагүй байсан. 9, 10 сард явж дуусах байсан. Бүх сумдаар явж дууссаны дараа тайланг нэгтгэж засаг даргад танилцуулдаг. Тайланг танилцуулсны дараа зөрчил арилгуулах бичиг явуулах эсэхийг шийддэг учир бичиг явуулах хугацаа болоогүй байсан. Хугацаа болоогүй зүйлийг төлөвлөгөөний биелэлтийн оноо, тоонд оруулдаггүй. Төлөвлөгөөний биелэлтийн 1.2.3-т 4 сарын 27, 28-ны өдөр сангийн яамнаас цалингийн гүйлгээ цахим болгох сургалт хийсэн. Энэ сургалт төлбөр тооцоотой холбоотой сургалт учир дотоод хяналтын төлбөр тооцооны сургалтад ордог. 4 дүгээр сарын 27-ны өдөр бүх байгууллагууд хамрагдсан бөгөөд би энэ сургалтад бүх байгууллагуудад цалингийн гүйлгээ цахим болгох эрхийг олгож ажилласан. Энэ сургалтын дараа цалингийн цахимтай холбоотой зөвлөгөө өгч ажилласан. Ийм учир дотоод хяналтын сургалтад ордог. Дараа нь хэлтсийн дарга энэ сургалтыг дахиж сумдаар бүсчилсэн сургалт хий гэхээр нь дахиж сургалт хийх шаардлага байхгүй учир яваагүй. Хэлтсийн төлөвлөгөөнд сумдаар бүсчилсэн сургалт хийх хүмүүсийн нэрд миний нэр байдаггүй. Мөн гүйлгээ цахим болгох портал системийн сургалтад суучхаад сургалт хийсэнгүй гэж оноо хассан. Сангийн яамнаас бүх аймгуудад өөрсдөө ирж сургалт хийж цахим болгох программын эрхийг нь олгох учир сургалт хийх шаардлагагүй гэсэн. Цахим болгох портал системийн хэрэглэгчийн нэр, нууц үг нь олгогдоогүй бүх аймгуудад хэрэглэж эхлээгүй байсан зүйлийг би сургалт хийгээд цахим болгох боломжгүй. Төлөвлөгөөний биелэлтийн 1.4.2 үүнд портал систем дээр ажиллаж сураагүй гэсэн. Цахим болгох портал системийн хэрэглэгчийн нэр, нууц үг нь олгогдоогүй бүх аймгуудад хэрэглэж эхлээгүй байсан. Мөн нягтлан бодогч нарт цалин бодоход нь зөвлөгөө өгсөнгүй цалингийн программ мэддэггүй гэсэн. сайдын 90-р тушаалд ерөнхий нягтлан бодогч, төлбөр тооцооны мэргэжилтэн нар нягтлан бодогч нарт зөвлөгөө өгнө гэж байдаг. Ерөнхий нягтланд цалингийн программ байдаг. Дотоод хяналтын цалингийн программ, нягтлан бодогчийн цалингийн программ 2 өөр зүйл. Сангийн яамнаас бол программд харагдаж байгаа зүйлээр зөвлөгөө өг гэсэн. Дотоод хяналтын цалингийн программ нь төсөвт байгууллагын дарга, нягтлан бодогч нарт цахим эрх олгодог программ. Цахимаар илгээж болохгүй байна гэсэн болгонд зөвлөгөө өгч ажилласан. Төлөвлөгөөний биелэлтийн 1.3.5 байгууллагаас зохион байгуулсан ажилд оролцох, 1.4.5 биеийн тамирыг хөгжүүлэх хэсэгт хугацаа болоогүй байсан. Хугацаа болоогүй зүйлийг төлөвлөгөөний биелэлтийн оноо, тоонд оруулдаггүй. Хэлтсийн дарга нь дотоод хяналтын үнэлгээг нягтлан бодогч нараар үнэлүүлсэн гэдэг. Нягтлан бодогч дотоод хяналтын ажлыг үнэлдэггүй. Сайдын 65-р тушаалд төрийн сангийн үйл ажиллагааны талаар төсвийн байгууллагаас авах санал асуулгын хуудас буюу 65-р тушаалын хавсралт 3-ийг дотоод хяналт зохион байгуулж авна гэж байдаг. Гэтэл үүнийг дотоод хяналтын оролцоогүй авч баримтуудыг зассан. Харах гэхээр харуулаагүй. Хагас жилээр биелүүлээгүй төлөвлөгөөний биелэлтийг жилийн эцэст биелүүлэх боломжтой байдаг. Иймд 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, ээлжийн амралтын мөнгөнөөс 40 хувийг суутгасан дүнг буцаан олгож өгнө үү. Бүлэглэн доромжилсон, худал төрийн сангийн тэмдэглэлүүдийг хөтөлж гарын үсэг зурсан хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэв.

 

8. Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дотоод хяналт, ***************мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.А нь ажилд томилогдсоноосоо хойш эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, улмаар хэлтсийн хамт олон болон бусад байгууллагын ажилд хүндрэл учруулсан, хамт олонтойгоо зүй бус харьцсан, заналхийлсэн, хэл амаар доромжилсон зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж байсан байна. Байгууллагын удирдлагуудын зүгээс түүнд алдаагаа давтахгүй байх, ажлын цагийг баримталж ажиллах талаар зөвлөж, анхааруулсаар ирсэн. Түүнчлэн Ш.Аын 2022 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээгээ 58,08 хувь “F буюу Хангалтгүй” үнэлгээтэй үнэлэгдсэн. Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын хавсралт Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэгт “Нэгжийн даргаас албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн байгууллагын үнэлгээний баг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт болон байгууллагын дотоод журмыг баримтлан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд санал гаргана.”, 4.14.5 дахь хэсэгт сануулах, албан тушаалын цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, албан тушаал бууруулах (3 удаа дараалан “F буюу хангалтгүй” үнэлэгдвэл), төрийн албанаас халах (удаа дараа 3 ба түүнээс дээш “F буюу хангалтгүй” үнэлэгдвэл) гэж тус тус заасан. Иймд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дотоод хяналт, ***************мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Ад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт заасны дагуу үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Ш.Аын 2022 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээгээр 58,08 хувь “F буюу Хангалтгүй” үнэлгээтэй үнэлэгдсэн. Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын хавсралт Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын 4.14-т заасны дагуу Нэгжийн даргаас албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн байгууллагын үнэлгээний баг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт болон байгууллагын дотоод журмыг баримтлан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд санал гаргана гэж заасны дагуу уг журмын 4.14.5. “F буюу Хангалтгүй” үнэлгээгээр учраас тухайн журмын “в”-д заасны дагуу “албан тушаалын цалинг 2 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл” оногдуулсан боловч цалин болон ээлжийн амралтын мөнгөнөөс ямар ч суутгал хийгээгүй болно. Мөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гарах журмын 3.11 дэх хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ноогдуулсан өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн учир сахилгын шийтгэлгүйд тооцогдож байгаа.” гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл, журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухайд

 

1. Нэхэмжлэгч нь маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд хандаж байсан гэх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/1983 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр хариу гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн талаар хариу өгч байжээ. (Хавтаст хэргийн 3 дахь тал)

 

2. Нэхэмжлэгчийн хувьд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, үндсэн цалингаас суутган татварын данс руу хийсэн 20 хувийг буцаалт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гаргасан.

 

3. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9. “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна.” гэж заасан.

 

4. Тиймээс шүүхээс 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 109/ШЗ2023/0123 дугаартай захирамжаар дээрх нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

 

5. Нэхэмжлэгч зүгээс шүүх хуралдаан дээр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, энэ тушаалын дагуу үндсэн цалингаас суутгасан мөнгөн дүнг буцаан олгохыг Аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах” гэж тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

 

Хоёр. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд

 

Ш.Аын 2022 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх үнэлгээний хуудсаар гүйцэтгэлийн үнэлгээг нийт 58.08 хувиар F буюу хангалтгүй  гэж үнэлэгдсэн гэх үйл баримтын тухайд

 

6.  Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ш.Аыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, ***************мэргэжилтнээр 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилжээ. (Хавтаст хэргийн 50 дахь тал)

 

7. “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл үр мэргэшлийн түвшинг үнэлэх журмын 4.1-т “Байгууллагын үнэлгээний багийг төсвийн шууд захирагчийн шийдвэрээр байгууллагын нэгжийн удирдах албан тушаалтан болон хүний нөөц хариуцсан албан хаагчийн төлөөллөөс бүрдүүлэн жил бүрийн 6, 12 дугаар сард багтаан байгуулна. Хэрэв тухайн байгууллага зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын үнэлгээний баг шаардлагагүй бөгөөд энэ журамд заасан байгууллагын үнэлгээний багийн хийх ажлыг төсвийн шууд захирагч гүйцэтгэнэ.”

 

8. Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1. дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 218 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх журмын 2.1, 3.1., 4.1., 4.3-д тус тус заасны дагуу тухайн байгууллагын хэлтсийн дарга нь нэхэмжлэгч Ш.Аын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг зохих хууль,  журмын дагуу үнэлж дүгнэсэн байна.  

 

9. Улмаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.А нь  2022 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх үнэлгээгээр нийт 100 онооноос 58.08 хувиар F буюу хангалтгүй гэж үнэлэгдсэн байна. (Хавтаст хэргийн 57-62 дахь тал)

 

10. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Аын 2022 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх үнэлгээний багийн үнэлгээний хуудсаар гүйцэтгэлийн үнэлгээг нийт 58.08 хувиар F буюу хангалтгүй гэж үнэлэн, үнэлгээний хуудасны үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний санал хэсэгт:  “хууль журмын дагуу хариуцлага тооцох, сахилгын шийтгэл ногдуулах” гэжээ. (Хавтаст хэргийн 57-67 дахь тал)

 

11. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл үр мэргэшлийн түвшинг үнэлэх журмын 4.6-д “Нэгжийн даргын албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж өгсөн үнэлгээнд зөрчил илэрсэн тохиолдолд Байгууллагын үнэлгээний баг баталгаажуулсан үндэслэл, нотолгоог нэгжийн даргаас шаардах эрхтэй бөгөөд нэгжийн дарга нь үнэлгээний багт үндэслэл, нотолгоогоо танилцуулна.” гэжээ.

 

12. Энэ дагуу Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Аын 2022 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх үнэлгээний хуудасны гүйцэтгэлийн үнэлгээг нийт 58.08 хувиар F буюу хангалтгүй гэж үнэлсэн талаараа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.М нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тайлбар гаргаж өгч байжээ. (Хавтаст хэргийн 113-114 дэх тал)

 

13. Улмаар маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олны хурлын тэмдэглэлүүдийг тус тус үндэслэн, 1 дэх заалтаар...Шйн А нь 2022 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн, хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлж, удаа дараа хэлтсийн хамт олон, бусадтай харилцахдаа ёс зүйн зөрчил гаргасан тул 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулжээ. (Хавтаст хэргийн 47 дахь тал)

 

“...удаа дараа хэлтсийн хамт олон бусадтай харилцахдаа ёс зүйн зөрчил гаргасан гэх үйл баримтын тухайд”

 

14. Санхүү төрийн сангийн хэлтсийн алба хаагчдын хурлын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэлд: “.. Цаашид анхаарах асуудал: 2. Ш.А төрийн албаны ёс зүйгээ судалж, баримталж, ажиллах, 9. Ш.Аын өөртөө дүгнэлт хийгээд алдаа дутагдлаа засаж ажиллаарай. гэх” тэмдэглэл, (Хавтаст хэргийн 69-73 дахь тал)

 

15. Санхүү төрийн сангийн хэлтсийн алба хаагчдын хурлын 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлд: “М.Мөнхжаргал .. сангийн яамнаас сургалтаар ирсэн багш нар Ш.А ажлаа хийх ёстой гэдгийг удаа дараа хэлж байсан. 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1400 цагаас 1630 цаг хүртэл ажилдаа ирээгүй нь үнэн, Ж.М Цаашид анхаарч ажиллах хэд хэдэн зүйлийг Ш.Ад хэлье. Сангийн яамны сургалтын бэлтгэл ажлыг ажил үүргийн хуваарийн дагуу хариуцах ёстой байсан. Ажилдаа хариуцлагагүй хандаж, удаа дараа хэл ам гарч, хамт олны хурлаар хэлэлцсэн боловч өмнөх алдаагаа засахгүй ..” гэх тэмдэглэл, (Хавтаст хэргийн 74-77 дахь тал)

 

16. Санхүү төрийн сангийн хэлтсийн алба хаагчдын хурлын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлд: “...Ж.М Би чамайг алдаагаа засаж залруулаад явах байх гэж итгэсэн. .. Ажилд орсон эхний 2 сар зөвлөгөө дэмжлэгээр хангаж ажилласан. Дараагийн 3 сар сайн хэлж ярьж ойлгохыг хичээж үүрэг даалгавар өгч одоо засрах байх гэж бодно уу гэхээс хэлтсийн хамт олноо болохгүй, бүтэхгүй ээ гээд бодож болохгүй биз дээ. Ш.А. Тэг тэг даргаа өгөх юм байвал өгч л байхгүй юу дээ. Ж.М Хамт олны дотор ярилц, ойлголц, хамтран ажилла гэхээр ингээд байх юм. Ш.А би гарчихъя гэж хэлээд даргын өрнөөс гарав. .. Шийдвэрлэсэн нь: 1. Хэлтсийн дотоод ажлын талаар хуралдсан 3 удаагийн хурлын тэмдэглэлээ аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд, аймгийн Засаг даргад аймгийн ЗДТГ-ын даргад, аймгийн ЗДТГ-ын ёс зүйн хороонд тус тус хүргүүлж, шалгуулан Ш.Аын талаар дүгнэлт гаргуулах нь зүйтэй ..” гэх тэмдэглэл, (Хавтаст хэргийн 78-85 дахь тал)

 

17. Санхүү төрийн сангийн хэлтсийн алба хаагчдын хурлын 2022 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэлд: “... ажилтнуудын үнэлгээний хувьд Ш.А 58,08 хувтай буюу F үнэлгээтэй үнэлэгдсэн. .. Энэ эхний хагас жилд Ш.Атай холбоотой асуудлууд маш олог гарсан та бүхэн мэдэж байгаа. .. Хэлтсийн дотоод ажлын талаар хуралдсан 4 удаагийн хурлын тэмдэглэлээ аймгийн Засаг даргад, аймгийн ЗДТГ-ын даргад тус тус хүргүүлж, шалгуулан Ш.Ад холбогдох арга хэмжээ авах, хариуцлага тооцуулах нь зүйтэй гэж хэлтсийн хамт олны хурлаар 100 хувь дэмжиж шийдвэрлэв.” гэх тэмдэглэл, (Хавтаст хэргийн 86- 91 дэх тал)

 

18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5. дахь хэсэгт “Шүүхээс өмнө нь шийдвэрлэсэн, эсхүл шийдвэрлэж байгаа хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын шаардлага хангасан материалыг хэргээс хуулбарласан тохиолдолд бичмэл нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ.” гэж заасан.

 

19. Тус шүүх 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 109/ШЗ2023/0161 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Архангай аймгийн Шүүхийн тамгын газрын архивд хадгалагдаж байгаа Ш.Аын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох 109/2022/0101/З индекстэй захиргааны хэргээс холбогдох материалд үзлэг хийж, шаардлагатай баримт болон гэрчийн мэдүүлгийг хуулбарлан баталгаажуулж хэрэгт хавсаргасан. (Хавтаст хэргийн 144-147 дахь тал)

 

20. Гэрч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга ажилтай Ж.Мын “... Манай хэлтэс сар болгон хэлтсийн хурал хийдэг.  4 удаагийн  хэлтсийн хурлаар Ш.А ажлаа хийж чадахгүй байна, алдаа дутагдал гаргаж байна, зан харилцаа, ёс суртахууны зөрчил гаргаж байна. Ийм учраас энэ байдлыг дээд шатны удирдлагад мэдэгдэж ажлын хариуцлага тооцуулах шаардлага байна гэж хэлтсийн нийт хамт олон тай 100 хувийн саналаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Бад гомдол гаргасан. Энэ гомдолд сар бүр хийдэг хэлтсийн хурлын тэмдэглэлээр яригдсан асуудлууд, гаргасан зөрчил дутагдлыг дэлгэрэнгүйгээр хавсралтаар /4 удаагийн хурлын тэмдэглэлийн хамт/ хүргүүлсэн ...” гэх, (Хавтаст хэргийн 154-156 дахь тал)

 

21. Гэрч М.Мын “... Миний хувьд хэлтсийн даргыг  ээлжийн амралттай байх хугацаанд  түр орлож байсан. Энэ үеэр сангийн яамнаас сургалт зохион байгуулсан. Сургалтын үеэр байгууллагын гүйлгээг батлахгүй хэл ам гаргасан, сургалтаас завсар чөлөөгөөрөө гараад гүйлгээгээ батлаарай гэж хэлэхэд үдээс хойш гараад сургалтад  болон ажилдаа ч ирээгүй.  Маргааш өдөр нь мөн ажилдаа ирээгүй. Тиймээс  маргааш нь 15 цагийн үед  Тамгын даргад орж Ш.А ажилдаа ирээгүй талаар танилцуулсан. Танилцуулахаас өмнө н.Ц бид 2 ээлжлэн гар  утас руу нь залгасан боловч утсаа аваагүй тул Тамгын даргад орж танилцуулсан. ... Бид нар Ш.Атай хамтарч ажиллаж чадахгүй байна. Багаар ажиллах чадваргүй, өөрийнхөө хийх ёстой ажлыг хийж чадахгүй,  хамт ажиллаж байгаа хүмүүстэй маргалддаг, энэ байдлаас болж төрийн сангийн үйл ажиллагаа доголдож байсан учраас Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад энэ хүнтэй хамтарч ажиллахад хэцүү байна гэсэн утгаар өргөдөл гаргасан ...” гэх,  гэрч Л.Бийн “... Миний хажууд суудаг Д.Цыг хүртэл утасны цаанаас чамайг а**** гэх мэтээр хэл амаар доромжилж байсан.  Өөрийнх  нь дуу хоолойтой бичлэг байгаа. Ер нь харьцааны тал дээр хэцүү,  хүнтэй харилцахад таарамжгүй байдаг...” гэх, (Хавтаст хэргийн 157-161  дэх тал)

 

   22. Гэрч Д.Цын “... Ш.А нь хүмүүстэй харьцахдаа их тааруу харилцдаг. Хүмүүсийг үл ойшоосон байдалтайгаар харилцдаг. Ёс зүйн доголдолтой санагддаг. Үүнийг хэлтсийн хурлын тэмдэглэлүүдээр тодорхой дурдсан байгаа ... Сангийн яамны сургалт болдог өдрийн маргааш нь утсаар  ярьж байхдаа зүй бусаар харьцсан  хэл амаар доромжилсон, заналхийлсэн  зэрэг үйлдэл гаргаж байсан.  Тухайн үед 4  дүгээр сарын 28, 29-ны үед  өдөр сургалт болж байхад зав чөлөөгөөр гүйлгээгээ батлаач гэсэн хэлтсийн дотоод чатад бичсэнийг маргааш өдөр нь хараад утсаар а**********, г****** минь гэх мэтээр хэл  амаар доромжилсон. Энэ утсаар ярьсан бичлэг нь надад байгаа. Намайг утсаар ярьж байхад  Б утсаараа бичлэг хийсэн.” гэх мэдүүлэг зэргээр удаа дараа хэлтсийн хамт олон бусадтай харилцахдаа ёс зүйн зөрчил гаргасан гэх хариуцагчийн маргаан бүхий актын үндэслэл дээрх баримтуудаар тогтоогдож байна. Энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн эрхэд хууль бусаар халдсан, эрхэд халдах хууль заасан үндэслэл байгаагүй гэж үзэх боломжгүй.

 

Гурав. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд

 

23. Нэхэмжлэгч Ш.А нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, энэ тушаалын дагуу үндсэн цалингаас суутгасан мөнгөн дүнг буцаан олгохыг Аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

24. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг диспозитив зарчмын хүрээнд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүхэд гаргасан маргаан бүхий актыг  илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

 

25. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... хагас жилийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээ, хэлтсийн хурлын тэмдэглэлүүдэд хариу тайлбарыг бичгээр өгч байсан боловч хууль бус тушаал гарган, дээрх үнэлгээг зөвтгөлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн болохыг тогтоогоогүйн зэрэгцээ ёс зүйн зөрчил гаргасан болохыг ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, тогтоогоогүй байхад сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргасан, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн дагуу миний гаргасан гэх ёс зүйн зөрчлийг зөвлөл нь огт хэлэлцэж ямарваа нэгэн шийдвэр гаргаж байгаагүй...” гэж тайлбарлан, Маргаан бүхий актыг эрх зүйн зөрчилтэй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47.1, 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт гэж  тодорхойлон маргадаг.  (Хавтаст хэргийн 1-2 дахь тал)

 

26. Хариуцагчийн зүгээс хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “... Ш.А нь ажилд томилогдсоноосоо хойш эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, хэлтсийн даргаа өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн. Улмаар хэлтсийн хамт олон болон бусад байгууллагын ажилд хүндрэл учруулсан, хамт олонтойгоо зүй бусаар харьцсан заналхийлсэн, хэл амаар доромжилсон зэрэг үйл удаа дараа гаргаж байсан. Байгууллагын удирдлагуудын зүгээс түүнд алдаагаа давтахгүй байх, ажлын цагийг баримталж ажиллах талаар зөвлөж, анхааруулсаар ирсэн. Түүнчлэн Ш.Аын 2022 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээгээр 58,08 хувь “F буюу Хангалтгүй” үнэлэгдсэн.”, Мөн албан тушаалын цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулж суутгал хийгээгүй.” гэж тайлбарлан маргадаг.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан “...хагас жилийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээ, хэлтсийн хурлын тэмдэглэлүүдэд хариу тайлбарыг бичгээр өгч байсан боловч хууль бус тушаал гарган, дээрх үнэлгээг зөвтгөлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан.” гэх үндэслэлийн тухайд

 

27. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ш.Аыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, ***************мэргэжилтнээр 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилжээ. (Хавтаст хэргийн 50 дахь тал)

 

28. Улмаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Аын 2022 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх үнэлгээний хуудсаар гүйцэтгэлийн үнэлгээг нийт 58.08 хувиар F буюу хангалтгүй гэж үнэлэн, үнэлгээний хуудасны үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний санал хэсэгт:  “хууль журмын дагуу хариуцлага тооцох, сахилгын шийтгэл ногдуулах” гэжээ. (Хавтаст хэргийн 57-67 дахь тал)

 

29. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.3-т “Нэгжийн дарга албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж “А буюу Маш сайн”, “B буюу Сайн”, “C буюу Хангалттай”, “D буюу Сайжруулах шаардлагатай”,   “F буюу Хангалтгүй” гэсэн үнэлгээг өгч баталгаажуулна.”, 4.14 дэх хэсэгт “Нэгжийн даргаас албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг байгууллагын үнэлгээний баг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт (байгууллагын дотоод журмыг баримтлан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд санал гаргана.”, 4.14.5 дахь хэсэгт “F” буюу хангалтгүй” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд: б. Албан тушаалын цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;” гэж заажээ.

 

30. Энэ дагуу Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олны хурлын тэмдэглэлүүдийг тус тус үндэслэн 1 дэх заалтаар...Шйн А нь 2022 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн, хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлж, удаа дараа хэлтсийн хамт олон, бусадтай харилцахдаа ёс зүйн зөрчил гаргасан тул 2022 оны 8 дугаар арын 1-ний өдрөөс эхлэн “үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулжээ. (Хавтаст хэргийн 47 дахь тал)

 

31. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5. дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, .. эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, .. хэвлэмэл хуудас хэрэглэнэ., Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3.албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;” гэж заасан.

 

32. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.3-т “Нэгжийн дарга албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж “А буюу Маш сайн”, “B буюу Сайн”, “C буюу Хангалттай”, “D буюу Сайжруулах шаардлагатай”,   “F буюу Хангалтгүй” гэсэн үнэлгээг өгч баталгаажуулна.”, 4.14 дэх хэсэгт “Нэгжийн даргаас албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг байгууллагын үнэлгээний баг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт (байгууллагын дотоод журмыг баримтлан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд санал гаргана.”, 4.14.5 дахь хэсэгт “F” буюу хангалтгүй” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд: б. Албан тушаалын цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;” гэж зааснаар хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь үндэслэлтэй байна.

 

33. Нэхэмжлэгчийн зүгээс “...хагас жилийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээ, хэлтсийн хурлын тэмдэглэлүүдэд хариу тайлбарыг бичгээр өгч байсан боловч хууль бус тушаал гарган, дээрх үнэлгээг зөвтгөлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан.” гэж тайлбарлан маргадаг боловч хэзээ хэнд хэрхэн хандсан ажил үүргээ бүрэн гүйцэтгэсэн эсэх талаар, эсхүл тухайн үнэлгээтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын дагуу хэрэгжүүлсэн үнэлгээг буруу хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор тус журмын 5.1-д “Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан маргааныг Төрийн албаны тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсний дагуу хандаж шийдвэрлүүлсэн үйл баримт тогтоогдсонгүй.

 

34. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.Аын хувьд 2022 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх үнэлгээний хуудсаар гүйцэтгэлийн үнэлгээг нийт 58.08 хувиар F буюу хангалтгүй гэж үнэлэгдсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд эрх бүхий этгээдийн зүгээс эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хууль зүйн үндэслэлээр тогтоогдож байхад тухайн захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт хэмээн дүгнэх боломжгүй.

 

35. Түүнчлэн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 тушаалаар баталсан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод журмын Арван нэг. Албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл. 11.1.2. төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргах; Арван гурав. Хэрэгжилтийн хяналт, хүлээлгэх хариуцлага 13.1. - ёс зүйн дүрэм, төрийн албан стандарт зөрчсөн; гэж, мөн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн өдрийн аймгийн Засаг даргын тамгын газрын дотоод журмын өөрчлөлт оруулах тухай А/28 дугаар тушаалын 1-д Дотоод журмын 11.1-д заасан үйл ажиллагаа явуулсан, 13.1-д заасан ноцтой зөрчил гаргасан, 5.4, 11.3-д заасан болон сахилгын бусад зөрчил гаргасан ажилтан, албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд.. зааснаар сахилгын шийтгэл ногдуулна, журмын 13.4.-т “Албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл”, 13.4.2.-т “Ажлын үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан” гэж тус тус заажээ. (Хавтаст хэргийн 179-185 дахь тал)

 

36. Мөн маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.

 

37. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7. “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.”, Монголын Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн хамтран баталсан 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн  “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.11.-т “Сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрч энэ хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно.” гэж тус тус заасан.

 

38. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй боловч дээрх хууль болон журмын зохицуулалт, хэргийн үйл баримтаас харахад маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш шүүхээр маргааныг шийдвэрлэж буй эл хугацаанд нэг жил даруй өнгөрсөн байх бөгөөд эл хугацаанд дахин шийтгэл хүлээгээгүй, сахилгын шийтгэлгүйд тооцогдохоор болсон байх учир нэхэмжлэгчийн хувьд субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор хөндөгдөж, зөрчигдсөн гэж үзэхгүй.

 

39. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ маргаан бүхий актыг эрх зүйн зөрчилтэй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47.1, 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт гэж  тодорхойлон маргадаг. 

 

40. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан.

 

41. Захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл нь эрх зүйт төрийн хуульд үндэслэх зарчмыг илтэд зөрчсөн, захиргааны актыг эрх зүйн үндэслэлгүйгээр гаргасан, хуульд заагаагүй үндэслэлээр эрхэд халдсан, тухайн захиргааны байгууллагын эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан зэрэг хэнд ч тодорхой илэрхий алдаатай байх тохиолдол хамаардаг.

 

42. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай тушаалаар эрх бүхий этгээдээс сахилгын шийтгэл ногдуулсныг хуульд нийцээгүй, Засаг даргын Тамгын газрын эрх хэмжээ чиг үүрэгт огт хамаарахгүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах ямар ч хууль зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

43. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан зарчимд нийцсэн, хуульд үндэслэсэн, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн харилцааг зохицуулсан хууль, нарийвчилсан зохицуулалттай эрх зүйн хэм хэмжээний агуулгад нийцсэн байна гэж дүгнэлээ.

44. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэдийгээр маргаан бүхий актаар 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан боловч энэ тушаал бүрэн дүүрэн биелээгүй. Өөрөөр хэлбэл үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулж цалин болон ээлжийн амралтын мөнгөнөөс ямар ч суутгал хийгээгүй... ” гэж тайлбарладаг.

45. Харин нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх  шүүх хуралдаанд  “... Цалингаас 20 хувь суутгасан. Би ажлын 15 хоног нэмэгдэл 3 хоног гээд нийт 18 хоногийн амралтын мөнгө тооцуулж авах ёстой байсан. Гэтэл надад энэ хугацаатай тэнцэх хэмжээний цалин хөлс өгөөгүй. Ийм учраас би 20 хувийг суутгаж хасаж олгосон гэж ойлгож байгаа. Би нийт 600 гаран мянган төгрөгийн амралтын мөнгө авах ёстой байсан ч надад 9 сард амралтын мөнгө гэж 300 гаран мянган төгрөг олгогдсон.” гэж тайлбарладаг.

46. Нэхэмжлэгчид үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан боловч энэ тушаал бүрэн дүүрэн биелээгүй, үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулж цалин болон ээлжийн амралтын мөнгөнөөс ямар ч суутгал хийгээгүй болох нь хэрэгт авагдсан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дотоод хяналт, *************** мэргэжилтэн Ш.Аын 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх цалингийн карт, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/24 дүгээр “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын 2022 оны ээлжийн амралтын хуваарийг батлах тухай тушаалын хавсралт “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын 2022 оны ээлжийн амралтын хуваарь”, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлын цаг ашиглалтын бүртгэл зэрэг баримтаар тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 123, 205-207 дахь тал)

47. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн цалингийн картад нэхэмжлэгчид 8 дугаар сард ээлжийн амралтын олговор 324,104 төгрөгийг олгосон байна. Харин 9 дүгээр сард өмнөх сард олгогдсон ээлжийн амралтын олговор 324,104 төгрөгийг тус тус олгосон үйл баримт тогтоогдож байна.

48. Түүнчлэн нэхэмжлэгч Ш.А нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож гаргуулах, нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, тус шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 109/ШШ2023/0001 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. (Хавтаст хэргийн 186-196 дахь тал)

49. Улмаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 107 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 221/МА2023/0137 дугаар магадлалаар хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд тус магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. (Хавтаст хэргийн 197-201 дэх тал)

50. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 221/МА2023/0137 дугаар магадлалын үндэслэх хэсэгт: “...Гэхдээ давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн албан үүргээ хэрхэн гүйцэтгэж байсан талаарх нотлох баримтуудыг үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл түүнийг огт зөрчил гаргаагүй гэж дүгнээгүй, гагцхүү сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулснаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан болно.” гэж дүгнэсэн болохыг мөн тэмдэглэх нь зүйтэй байна. (Хавтаст хэргийн 197-201 дэх тал)

51. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсгийн 48.1.3., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ш.Аын шүүхэд гаргасан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, энэ тушаалын дагуу үндсэн цалингаас суутгасан мөнгөн дүнг буцаан олгохыг Аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                

           

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ТҮВШИНТУЛГА