Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 158/ШШ2024/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* *******” ХХКомпани,   

            Хариуцагч: ******* аймгийн ЗДТГазрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т. нарын хоорондын “улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 007487904 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., хариуцагч геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “******* *******” ХХКомпанийн захирал П.- нь ******* аймгийн ЗДТГазрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.ад холбогдуулан “улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний 007487904 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
  2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “
    1. Түгээмэл тархацтай ашигт малтмал авахдаа аймгийн Засаг даргын орлогч болон сумын Засаг дарга нартай ярьж зөвшөөрөл авсан,
    2. Ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичгийг байгаль хамгаалагч олгосон,  
    3. Хайрга авсан төлбөрт 900.000 /есөн зуун мянган/ төгрөг тушаасан байхад зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэж тодорхойлсон. 
  3. Хариуцагч Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т. нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:”
    1. Нэхэмжлэгч нь ******* аймгийн - сумын нутаг гэх газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, тээвэрлэсэн,
    2. Зөрчил үйлдсэн талаар цагдаагийн газраас шилжүүлсэн гомдлоор хэрэг нээж шалгасан,
    3. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлгүйгээр хайрга олборлосон нь тогтоогдсон тул шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” гэжээ.

Шүүх хуралдаанд:

  1. Нэхэмжлэгч тайлбартаа: “Шийтгэлийн хуудаст хайргыг зөвшөөрөлгүйгээр ачсан бараг л хулгай хийж ачсан гэж байна. Би амаар ярилцаж тохиролцсон. Би бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Бүтээн байгуулалтын ажил тодорхой цаг хугацаатай байдаг. Хайрга авахын тулд сумын Засаг даргатай утсаар яриад 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл авч байж болно гэж  ойлголцсон. Тэгээд би гүйцэтгэгч компанийн хүмүүстэй яриад хайрга ачсан. Би 9 дүгээр сарын 02-ны өдөр - суманд очсон. Гэтэл тухайн өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж байсан. Засаг дарга та материалаа нарийн бичигт  өгчих гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа дахин суманд очиж хайрганы мөнгөө тушаагаад зөвшөөрлөө бичүүлж авсан. Тэрний өмнөх 2 өдөр таталт хийснийг өмнө нь утсаар яриад тохиролцсон гэж ойлгосон. Сумын Засаг дарга хайрга аваад хэрэглэж бай гэсэн. Тэгээд гүйцэтгэгч компанийн хүмүүст хэлээд 29, 30-ны өдрүүдэд хайрга ачсан. 01-ний өдөр сум ороход хуралтай байсан. Тэгээд материалаа үлдээгээд дараа нь 04-ний өдөр дахин сум орж Засаг даргатай уулзахад Байгаль орчны байцаагчаа дуудсан. Тэгээд Байгаль орчны байцаагчдаа энэ байгууллага хайрга авч ашиглаж байгаа юм байна зөвшөөрлийг нь бичиж өг гэсэн. 900,000 төгрөгийг тэр өдөр тушаасан. Ингээд хайрга авсан. 8 машин хайрга ачсан” гэв.
  2. Хариуцагч тайлбартаа: “******* аймгийн - сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан булан” гэх газраас "******* Монтрэйвэл" ХХК нь 2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайргыг зөвшөөрөлгүй олборлож тээвэрлэсэн талаархи мэдээллийг тус сумын Сум дундын цагдаагийн тасгийн Экологийн байцаагч *******өөс ирүүлсэн. ...Материалыг хянаж үзээд 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч , , ******* нараас мэдүүлэг авсан. Нэмж хохирогч *******гээс мэдүүлэг авсан. Зөрчлийн тухай хуульд зааснаар зөвшөөрөлгүйгээр хайрга  олборлосон гэх зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон тул шийтгэл оногдуулсан. ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг зааж өгсөн. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох гэсэн заалт байна. Сумын Засаг дарга нь орон нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгох эрх бүхий субъект биш юм. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т эмчилгээний зориулалтаар шавар, элсийг ашиглахтай холбогдсон харилцааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмаар зохицуулна. 3.3-т Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан тусгай журмаар зохицуулж болно гэж заасан. Бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй байж түгээмэл тархацтай ашигт малтмал олборлоно. ...Барилгын салбарт хэрэглэж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахдаа заавал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байна. Тиймээс арга хэмжээ авагдсан” гэв.
  3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралд нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллалаа. Шүүх хурал хуулийн дагуу явагдаж байна. Шүүхийн хэлэлцүүлэг, нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэл бүхий байна. Хариуцагч талын тайлбарлаж байгаагаар нэхэмжлэгч тал уг хайргыг ашиглахдаа авах ёсгүй зөвшөөрөл авсан гэж байна. Тэгэхдээ хэрэгт авагдсан баримтыг үндэслэхэд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа харагдахгүй байна. Байгаль хамгаалагч ын мэдүүлэг байна. Үүнийг хариуцагч талаас иш татан хэлж байна. 9 дүгээр сарын 07-ны өдөр зөрчлийн хэрэгт мэдүүлэг өгөхдөө Засаг дарга зөвшөөрөл өг гэхээр нь өгсөн гэж байна. Нэхэмжлэгч 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Засаг даргад хүсэлтээ өгсөн байдаг. Уг хүсэлтэд Засаг дарга  8 дугаар сарын 30-ны өдөр цохолт хийсэн. Энэ талаар хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* тодорхой мэдүүлсэн байдаг. Үүнийг шинжлэн судалсан. Хуучин эвдрэлд орсон талбай байсан. Иргэд ахуйн зориулалтаар байгаль хамгаалагчийн хяналтан дор хайрга авч ашигладаг гэж байна. Нэхэмжлэгч зөвшөөрлөө авах гээд 8 дугаар сарын 28-ны өдөр - суманд очиход сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болж байсан. Засаг дарга уг хуралд оролцож байсан. Тэгээд Засаг дарга хүсэлтээ бичээд нарийн бичигт өгчих гэж хэлсэн. Иймд өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэл нь үндэслэл бүхий байна. Ямар зөвшөөрөл авахыг энэ хүн өөрөө сонгохгүй. Сум орон нутгаас нь шийддэг юм байна гээд сумын Засаг даргад хандсан. Хайрга авахаасаа өмнө хандсан. Хүсэлтээ өгсөн. Хүсэлтэд Засаг дарга цохолт хийсэн. Зөвшөөрлийн тухай хуулийн 1 дэх хэсгийн 1.1, 2.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1.7-д заасантай нийцэж байна. Ямар зөвшөөрөл өгдгийг нэхэмжлэгч компани мэдэхгүй. Зөвшөөрлийн тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1 заасны дагуу зөвшөөрөл хүссэн. Хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Цагдаагийн байцаагч ******* энэ асуудалд нэлээн анхаарал хандуулж, орон нутагт нөхцөл байдал ямар байдаг билээ гэдгийг анхаарч үйл байдлыг зөвөөр дүгнэсэн бол зөрчлийн хэрэг нээх шаардлагагүй байсан. Мөн Геологи, уул уурхайн улсын байцаагч хариуцагчаар татагдаж, шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй байсан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. Шийтгэлийн хуудас хүчингүй болсноор шийтгэл хүчингүй болж, нөхөн төлбөр ногдуулалт хүчингүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч “******* *******” ХХКомпанийн захирал П.- нь ******* аймгийн ЗДТГазрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.ад холбогдуулан “улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 007487904 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
  2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “холбогдох эрх бүхий албан тушаалтнаас зохих зөвшөөрлийг авч, төлбөр төлсөн байхад зөвшөөрөлгүй гэж үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэж;

3.Хариуцагч талаас “холбогдогчийн зөрчил үйлдсэн үйлдэл нь шаардлагатай нотлох баримтаар тогтоогдсон ба түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр хайрга олборлож, тээвэрлэсэн нь хууль зөрчсөн” гэж маргажээ.

4.Маргааны үйл баримтын талаар:

     4.1.Нэхэмжлэгч “******* *******” ХХКомпани нь тээвэр зохицуулалт, аялал жуулчлалд үйлчлэх үйл ажиллагааг эрхлэх үндсэн, барилга угсралт, хүнс ундаа, тамхины төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа эрхлэх туслах үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна. /хэргийн 48 дугаар тал/

    4.2.Тус хуулийн этгээд нь ******* аймгийн - сум, ******* аймгийн ******* сумын зааг *******гийн ар хэмээх газарт авто зам дагуу үйлчилгээний зориулалттай барилгын бүтээн байгуулалтын ажил хийх зорилгоор - сумаас хайрга олборлож, ашиглах хүсэлтийг тус сумын Засаг даргад 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 23/48 дугаарын албан бичиг /хэргийн 43 дугаар тал/ -ээр хүргүүлжээ.

   4.3.Ийнхүү 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд ******* аймгийн - сумын гэх газраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох “хайрга” олборлож тээвэрлэснийг ******* аймгийн Цагдаагийн газрын - сумын сум дундын цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан байцаагч илрүүлэн ажиллагаа хийж, уг зөрчлийг шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу ******* аймгийн ЗДТГазрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Удирдах албан тушаалтны тогтоол /хэргийн 55 дугаар тал/ -оор шилжүүлсэн байна.   

   4.4.Уг гомдол, мэдээллийн дагуу Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 007487904 дугаартай шийтгэлийн хуудас /хэргийн 74 дүгээр тал, Зөрчлийн хэргийн 60 дугаар тал/ -аар “******* *******” ХХКомпанид хохирол, нөхөн төлбөрийн 2.880.000 /хоёр сая найман зуун наян мянга/, 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн шийтгэл оногдуулж,

   4.5.Нэхэмжлэгчээс дээрх геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэжээ.  

5.Аймгийн ЗДТГазрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 /төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага/-д заасан захиргааны байгууллагад харьяалагдаж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд бөгөөд шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж, шийдвэр гаргах үүрэгтэй.

 Нэхэмжлэгчийн хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар маргаан үүсгэсэн хариуцагчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 007487904 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж, уг шийтгэл оногдуулсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.

6.Нэхэмжлэгч талаас түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахдаа эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж, зохих зөвшөөрлийг авсны үндсэн дээр тээвэрлэсэн гэж маргасан.

7.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ““түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, ...дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг ойлгоно” гэж, 4.1.7-д “”түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг ойлгоно” гэж заасан.

8.Нэхэмжлэгч нь “- сумын байгаль хамгаалагчийн олгосон “Ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг”-ээр хайрга олборлож тээвэрлэсэн, энэ эрхийн бичиг нь хайрга тээвэрлэх тусгай зөвшөөрөл юм” гэх агуулгаар мэтгэлцэж, тайлбарлаж байгаа.

9.Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т “"ойн дагалт баялаг" гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг ойлгоно”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийг тухайн ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/ олгоно” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчид олгосон “Ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг” нь энэ хуульд заасан баримт байх ба түүний тээвэрлэсэн хайрга нь “ойн дагалт баялаг”-т хамаарахгүй байна.

10.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8-д “ уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:” гээд

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

8.29. түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах

Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга

 

гэж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж тус тус хуульчлан түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох эрхийг тухайн аймгийн Засаг даргад олгосон байна.

11.Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий субъект болох аймгийн Засаг даргад хүсэлтээ тавьж, тусгай зөвшөөрөл авах боломжтой атал аймгийн Засаг даргын орлогч, - сумын Засаг дарга зэрэг хуулиар эрх олгогдоогүй этгээдэд хандаж, хуульд заасан зөвшөөрлийг авалгүй тээвэрлэлт хийсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж заасан “зөрчил”-д хамаарч байх тул нэхэмжлэгчийг хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, хуулиар хориглосон зөрчлийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

12.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ““Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөл хүсэгч зөвшөөрөл хүссэн өргөдлийг түүнд хавсаргах баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана” гэж заасны дагуу сумын Засаг даргад хандаж тусгай зөвшөөрөл хүссэн” гэж мэтгэлцэж байх боловч түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгох эрхийг сумын Засаг даргад хуулиар олгоогүй. Харин хуульд заасан “эрх бүхий этгээд” нь аймгийн Засаг дарга юм.

13.Нэхэмжлэгчийн дээрх эрх бүхий этгээдээс олгох тусгай зөвшөөрлийг аваагүй нь Зөрчлийн хэрэгт авагдсан түүний 23/48 дугаартай албан бичиг /сумын Засаг даргад хүргүүлсэн/ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

14.Түүнчлэн нэхэмжлэгчийн зөвшөөрөл олгосон баримт бичиг гэх  “Ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг” хэргийн 31 дүгээр тал, Зөрчлийн хэргийн 40 дүгээр тал/ болон 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийг - сумын ЗДТГазрын дансанд тушаасан баримт /хэргийн 31 дүгээр хуудасны ар тал, Зөрчлийн хэргийн 41 дүгээр тал/ -ын огноо: “2023 оны 9 дүгээр сарын 04” гэж тэмдэглэгдсэнээс харахад хайрга анх тээвэрлэсэн өдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 31-нээс мөн оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид хайрга тээвэрлэх эрх /ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг/ олгогдоогүй байсан ба түүнийг дээрх өдрүүдэд зөвшөөрөлгүйгээр хайрга олборлож, тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

15.Мөн Зөрчлийн хэрэгт авагдсан гэрч Д.ын “2023 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр хайрганы зөвшөөрөл авахдаа “******* *******” ХХКомпанийн нэр дээр авсан, тэр үед өмнө нь 8 удаа авсан хайрганы зөвшөөрлийг нөхөж бичиж өгсөн” гэх, гэрч Л.Бямбажавын “...тухайн үед - гэх хүнээс зөвшөөрөл авсан юм уу гэж асуухад зөвшөөрөл аваад явж байна гэж хэлсэн тэрнээс албан ёсоор надад зөвшөөрөл авчирч өгөөгүй” гэх мэдүүлгүүдээр нэхэмжлэгч нь хайрга олборлож, тээвэрлэж эхэлсэн өдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр хайрга тээвэрлэсэн нь нотлогдож байна. /хэргийн 37-38, 41-42 дугаар талууд, Зөрчлийн хэргийн 18-19, 22-13 дугаар талууд/

16.Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд:...1.2. түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон... бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ..., хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ. Хариуцагчаас Зөрчлийн хуулийн энэхүү заалтыг баримтлан нэхэмжлэгчийн учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох зорилгоор магадалгаа /хэргийн 67-68 дугаар тал/ гаргаж, хохирлыг тодорхойлж, шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй ба хариуцагчаас шийтгэл оногдуулсан шийдвэр гаргах ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

17.Иймд маргаан бүхий геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн “2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 007487904 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.29, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус баримтлан “******* *******” ХХКомпаниас геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.ад холбогдуулан гаргасан “улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 007487904 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ