Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/834

 

 

 

 

 

    2021            9             21                                        2021/ДШМ/834

 

Т.Хд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Доржмаа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/353 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Хн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Т.Хд холбогдох 2110 00797 0365 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Тийн Х, 1981 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Иргэний нисэхийн Ерөнхий газарт шалгагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Т.Х нь 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Хүннү-2222 хорооллын 109-1004 тоотод өөрийн төрсөн хүү, 12 настай Х.Хтийг хичээлээ хийсэнгүй гэх шалтгаанаар гараараа толгой руу нь цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Х.Хтийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газар: Т.Хн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Тийн Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Т.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Хн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдолдоо: “...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Т.Хн үйлдсэн хэргийг уг хуулийн холбогдох заалтын дагуу хуульд нийцүүлэн хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор О.Доржмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Х 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн. Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан өршөөл үзүүлэхэд хамруулахгүй зүйл ангид хамаарахгүй учир түүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхээр өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Х нь 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Хүннү-2222 хорооллын 109-1004 тоотод өөрийн төрсөн хүү, 12 настай Х.Хтийг хичээлээ хийсэнгүй гэх шалтгаанаар гараараа толгой руу нь цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Х.Хтийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Х.Хтийн “...Би өрөөндөө даалгавраа хийгээд байж байтал аав нөгөө өрөөнөөс орж ирээд “чи наад хичээлээ хийгээч ээ” гэхээр нь би “хийсэн шүү дээ ааваа” гэж хэлсэн. “Чи яагаад өмнө нь хийдэггүй байсан юм бэ” гэхээр нь би урдаас нь хариулахгүй муухай хараад байж байхад аав миний толгойг хажуу талын шүүгээтэй хавсраад гараа зангидаж байгаад цохисон. Миний толгой өвдөөд толгойгоо бариад байж байхад аав дахиж хүрч ирээд “чи үхсэндээ уйлаад байгаа юм бэ, чи ямар жүжигчин юм бэ” гээд миний толгой руу дахиад нэг алгадаад, 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Бас нуруу руу нэг удаа цохисон. Тэгээд аав өрөөнөөс гараад явсан. ...” /хх 11-17/,

гэрч Ч.Оргилмаагийн “...Хүү дээрээ очоод харсан чинь баруун хацар дээр нь алганы алгадсан хээ байсан. Царай нь цонхийсон байсан. Бөөлжөөд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 22-23/,

шүүгдэгч Т.Хн яллагдагчаар өгсөн “Тэгэхээр нь би түүнд “чи яагаад эцэг, эхийнхээ урдаас том дуугараад байдаг юм бэ” гээд хэлсэн чинь над руу “мэдэж л байна шүү дээ” гээд хөмхийгөө зуугаад цэхэлзээд суугаад байхаар нь би толгой руу нь хөнгөхөн ёвроод гар руу нь нэг алгадаад “хичээлээ хийгээрэй, эцэг, эхийнхээ урдаас муухай хараад том толгойлоод байж болохгүй” гэж хэлээд гарахаасаа өмнө “аав нь чамайг том хүүхэд болохоор юм ойлгоосой гэж бодоод хэлж байна” гэж хэлсэн. ...” /хх 47-49/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “...Х.Хтийн биед тархи доргилт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх №2754 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 35-36/,

насанд хүрээгүй хохирогч Х.Хтийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх 9-10/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын агуулгад нийцсэн гэж үзэв.

Шүүгдэгч Т.Хн өмгөөлөгч А.Ганбат “...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Т.Хн үйлдсэн хэргийг уг хуулийн холбогдох заалтын дагуу хуульд нийцүүлэн хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Шүүгдэгч Т.Х нь бусдад төлөх хохирол төлбөргүй болон түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шүүхээс оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж байх тул шүүгдэгч Т.Хд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Хн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/353 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МӨНХӨӨ

 

                                 ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.МЯГМАРЖАВ