Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/00651

 

Л.Батцэцэг, Т.Цэдэвсүрэн, Ч.Сайнбилэг нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/00638 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 704 дүгээр магадлалтай,

Л.Батцэцэг, Т.Цэдэвсүрэн, Ч.Сайнбилэг нарын нэхэмжлэлтэй

Соёмбо даатгал ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Батцэцэг, Т.Цэдэвсүрэн, Ч.Сайнбилэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болортуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Батцэцэгийн нөхөр С.Сугар-Эрдэнэ  БНСУ-д гэрээгээр ажиллаж байхдаа 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Чонжу хотын Дансо-Гуаннэ гэдэг газарт авто осолд орж Хуюсон эмнэлэгт 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нас барсан.  С.Сугар-Эрдэнэ нь “Соёомбо даатгал” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай 18.000.000 төгрөгийн даатгалын үнэлгээтэй даатгалын гэрээ байгуулсан. Дээрх авто ослын буруутай этгээд болох Г.Багимэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хохирлын төлбөрт 15.000.000 воныг Л.Батцэцэгт өгсөн бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр автомашины ослын тохиролцооны бичгийг харилцан тохиролцож байгуулсан. Уг тохиролцооны бичигт дээрх нөхөн төлбөрийн мөнгө нь даатгалын компаниас авах даатгалын мөнгөнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байхыг 2 тал баталсан. “Соёмбо даатгал” ХХК-иас даатгалын нөхөн олговор авахаар өв залгамжлагч нар нь хандсан боловч нөхөн төлбөр олгоогүй. Хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн гэж үзсэн. Буруутай этгээдээс 15.000.000 вонн, эмчилгээнд 19.500.000, шарил чандарлахад 1.557.000 воны төлбөрүүдийг “Соёмбо даатгал” ХХК-иас авах амь даатгалын нөхөн олговорт аваагүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т “Даатгуулагч гэнэтийн ослоор нас барсан тохиолдолд даатгалын үнэлгээний 100 хувиар тооцож нөхөн төлбөр авах ба нийт олгох нөхөн төлбөр нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна” гэж тус тус заасан. Аав Ч.Сайнбаяр, ээж Д.Цэдэвсүрэн нарт 6.000.000 төгрөг, Л.Батцэцэгт 12.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгийг “Соёмбо даатгал” ХХК-иас даатгуулагч С.Сугар-Эрдэнийн даатгалын нөхөн төлбөр гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Соёмбо даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Хөдөлмөрийн төв биржтэй 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус биржийн албан шугамаар буюу зуучлалаар БНСУ-д ажиллахаар явж буй иргэдийг гэнэтийн ослоос даатгаж даатгалын гэрээ байгуулсан. Уг гэрээний 7.1.18-т зааснаар даатгуулагч өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн тохиолдолд даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/00638 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 441 дүгээр зүйлийн 441.1, 443 дугаар зүйлийн 443.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-д заасныг баримтлан “Соёмбо даатгал” ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 18.000.000 төгрөг гаргуулах тухай Л.Батцэцэг, Т.Цэдэвсүрэн, Ч.Сайнбилэг нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 110.950 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Т.Цэдэвсүрэн, Ч.Сайнбилэг нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 704 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/00638 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Соёмбо даатгал” ХХК-иас 18 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Батцэцэг, Т.Цэдэвсүрэн, Ч.Сайнбилэг нарт олгосугай” гэж, 2 дахь заалтын “…хэвээр үлдээж” гэсний дараа “хариуцагч “Соёмбо даатгал” ХХК-иас 249 950 төгрөг нэхэмжлэгч Л.Батцэцэг, Т.Цэдэвсүрэн, Ч.Сайнбилэг нарт олгож…” гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Сайнбилэгийн төлсөн 247.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанг эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна. Учир нь:

1. “Соёмбо Даатгал” ХХК нь Хөдөлмөрийн төв биржтэй 2012 оны 08 сарын 17-ны өдөр “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, тус биржийн албан шугамаар буюу зуучлалаар БНСУ-д ажиллахаар явж буй иргэдийг гэнэтийн ослоос даатгаж, даатгалын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 441 дүгээр зүйд зааснаар "Бусад этгээдэд ашигтайгаар даатгах даатгалын гэрээ"-нд хамаарах бөгөөд даатгуулагч нь Хөдөлмөрийн бирж, харин бусад этгээд гэдэг нь даатгалын баталгаа авсан ажилтан байх юм. Уг үндсэн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.18-д зааснаар "даатгуулагч өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн тохиолдолд даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй" гэж харилцан тохиролцсон байгаа. Энэхүү нөхцөлийг талууд Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т заасан "даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй" гэж хуульчилсныг баримталсан болно. Нэхэмжлэгч Л.Батцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон манай компанид ирүүлсэн нөхөн төлбөрийн нэхэмжлэлийн баримтаар түүний нөхөр С.Сугар-Эрдэнэ нь БНСУ-д ажиллаж байх хугацаандаа авто осолд орж амь насаа алдсан, энэхүү автоосолд БНСУ-ын Чонгжү орон нутгийн шүүхийн харьяа Чүнгжү хотын шүүхийн 2015 оны 07-р сарын 03-ны өдрийн 3748 дугаартай шүүхийн тогтоолоор Монгол Улсын иргэн Г.Багимэдийг буруутай этгээдээр албан ёсоор тогтоож, хариуцагчийг 7.000.000 сая вонын торгуулийн ялаар шийтгэж, мөнгөн торгууль төлөхгүй бол албадан хөдөлмөр эрхлүүлэхээр тогтоосон байдаг. Нэхэмжлэгч Л.Батцэцэг нь буруутай этгээд Г.Багимэдийн төлөөлөгчөөр дамжуулан нөхөн төлбөрт 15.000.000 вон, эмчилгээний зардлын 19.500.000 вон, шарил чандарлахад 1.557.000 воныг, нийт 36.057.000.00 воныг хүлээн авсан байдаг.

Дээрхи төлбөрийг үндэслэн Соёмбо Даатгал ХХК нь Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8,1-т заасны дагуу "даатгуулагчид нөхөн төлбөрийг гагцхүү хууль, гэрээнд заасны дагуу" олгох үүрэгтэй, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4 дэх заалт “8.5.4.гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн”, Хөдөлмөрийн төв биржтэй байгуулсан 2012 оны 08 сарын 17-ны өдрийн "Хамтын ажиллагааны гэрээ"-ний 7 дугаар зүйлийн 7.1.18 дахь заалт "нөхөн төлбөрийг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн" гэснийг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний заалтыг зөрчөөгүй нь баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан байсан гэж үзэж байна.

2. Буруутай этгээд Г.Багимэд БНСУ-ын шүүхээс тогтоосон торгуулийн ял, оршуулгын болон эмчилгээний зардал, нийт 28.057.000.00 воны төлбөрийн үндэслэл нь баримтаар тогтоогдож байдаг. Харин дээрх төлбөрөөс гадна авсан 7.000.000 сая воныг юуны төлбөрт авсан нь тодорхойгүй, энэ талаар нэхэмжлэгч Л.Батцэцэг ямар ч баримт, тайлбар шүүхэд гаргаж өгөөгүй байхад давж заалдах шатны шүүх магадлалын “Хянавал” хэсэгт “...нэхэмжлэгч Л.Батцэцэг Г.Багимэдээс..., мөн тодорхой хэмжээний төлбөрийг гэрээгээр тохиролцож авсан ба үүнд амь насны нөхөн төлбөр орсон гэж дүгнэх боломжгүй байна” гэж тогтоогдоогүй зүйлд дүгнэлт гаргаж, хавтаст хэрэгт байхгүй гэрээг магадлалд тусгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Даатгалын үйл ажиллагаа 7 үндсэн зарчим дээр тулгуурлаж байгаагийн нэг “даатгуулагч даатгагчид эрхээ шилжүүлэх” буюу даатгуулагч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийн өмнө буруутай этгээдээс учруулсан хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлээ бүх эрхийн хамт өөрийн нэрээр даатгагчид шилжүүлдэг.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Л.Батцэцэг, Т.Цэдэвсүрэн, Ч.Сайнбилэг нар нь хариуцагч “Соёмбо даатгал” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт нийт 18.000.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Даатгуулагч С.Сугар-Эрдэнэ нь “Соёмбо” даатгал ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай, 18.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулж, даатгалын хураамжид 180.000 төгрөг төлсөн, тэрээр БНСУ-д ажиллаж байхдаа авто ослын улмаас 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар тогтоогдсон гэж үзнэ.

Гэрээний агуулгаас үзэхэд С.Сугар-Эрдэнэ болон “Соёмбо” даатгал ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-т заасан гэм хорын даатгалын гэрээ байгуулагдсан, даатгалын зүйл нь иргэний амь нас, эрүүл мэнд байна.  

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь хураамж төлөх үүргийг тус тус хүлээх ба даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг даатгалын тохиолдол гэнэ.

Хариуцагч нь даатгуулагч нас барсныг өөрөөр хэлбэл даатгалын тохиолдол бий болсныг зөвшөөрсөн боловч гэм буруутай этгээд хохирлыг нөхөн төлсөн гэж маргаж, нөхөн төлбөр олгохоос татгалзжээ.

Даатгалын гэрээний 5.3-т “даатгуулагч гэнэтийн ослоор нас барсан тохиолдолд даатгалын үнэлгээний 100 хувиар тооцож нөхөн төлбөр авах ба нийт олгох төлбөр нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна”, 5.9-т “даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар даатгагчид бүрэн буцаан төлнө” гэж заасан ба “Соёмбо даатгал” ХХК даатгалын нөхөн төлбөр олгоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Г.Багимэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюун-Эрдэнэ авто ослын нөхөн төлбөрт 15.000.000 вон төлөх, С.Сугар-Эрдэний эхнэр Л.Батцэцэг нь Г.Багимэдэд ял шийтгэл ногдуулахгүй байх, энэхүү мөнгө нь даатгалын компаниас авах мөнгөнд ямар нэг нөлөө үзүүлэхгүй байхаар 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр харилцан тохиролцсон ба Чонгжу хотын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор Г.Багимэдэд 7.000.000 воны торгууль ногдуулжээ /хавтаст хэргийн 8-18 дугаар тал/.

Г.Батцэцэг нь эмчилгээ болон оршуулгатай холбоотой зардлыг өөр этгээдээс авсныг учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэхгүй. 

Давж заалдах шатны шүүх даатгалын тохиолдол бий болсон, хариуцагч даатгалын нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв боловч нэхэмжлэгч тус бүрт олгох хэмжээг заагаагүй, Даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу. 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 704 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Соёмбо даатгал ХХК-с 18.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Батцэцэг, Т.Цэдэвсүрэн, Ч.Сайнбилэг нарт олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1,  Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтлан хариуцагч “Соёмбо даатгал” ХХК-с 18.000.000 /арван найман сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Батцэцэгт 12.000.000 төгрөг, Т.Цэдэвсүрэн, Ч.Сайнбилэг нарт 6.000.000 /тус бүр 3.000.000/ төгрөг олгосугай” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 247.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ