Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 129/ШШ2024/00293

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 129/ШШ2024/00293

Архангай аймаг

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                            

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: О овогт Б.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б овогт Г.Т-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийт 9,475,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Хариуцагч Г.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь 9,475,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:        

- Миний бие Б.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ишигтэй ямаа, борлон авна. Утас: ............ гэсэн зарыг Б аймгийн Г сумын хот хооронд зорчих тээврийн зар фейсбүүк группт оруулсан. Зарын дагуу Г.Т утсаар холбогдож 10 тооны ишигтэй ямаа, 12 тооны борлон худалдахаар үнэ хөлсөө тохирсон. Ингэхдээ бид 1 ишигтэй ямааг 125,000 төгрөгөөр, 1 борлонг 50 төгрөгөөр тохиролцсон. Би Г.Т-т нийт 1,850,000 төгрөг өгч малаа авах байсан. Гэтэл Г.Т банкны зээл хийх хэрэгтэй гэсэн шалтгаанаар мөнгөө эхэнд нь авч малаа өөрөө авчирч өгнө гэж хэлээд тохиролцсон. Ингээд би Г.Т-ын ХААН банкны .................. тоот данс руу 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 00:02 цагт 250,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 23:18 цагт 100,000 төгрөг, түүний эхнэр Т.Д-ын ХААН банкны .................... тоот данс руу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 14:27 цагт 1,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14:40 цагт 500,000 төгрөг тус тус интернэт банкны гүйлгээгээр шилжүүлж өгөх ёстой мөнгөө бүрэн төлсөн. Тухайн үед Г.Т нь эхнэр Т.Д-ын нутаг Б аймгийн Г суманд амьдардаг байсан тул бид танилын холбоотой байсан. Зарсан малаа авчирч өгнө гэсэн тул би утсаар ярьж хэзээ авч ирэхийг нь асуучихаад хүлээдэг байсан. Гэвч Г.Т нь худлаа ярьж явсаар фейсбүүкээр блок хийж, утсаа салгаж холбоо барихаа больсон. Миний хувьд уг наймаа нь ирээдүйд ашиг шим хүртэх, тоо толгойг өсгөх зорилготой байсан тул 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Б.Д /.........../-г өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болгож Б аймгийн шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдсэн боловч Г.Т нь гэр бүлийн хамт 2023 онд А аймгийн Ц сум руу нүүснээр би Г.Т-ыг А аймгийн харьяалалтайг мэдсэн. Одоогоор Г.Т Ө аймагт Ц гэх газар ажилладаг. Эхнэр Т.Д нь Ц сумын Эрүүл мэндийн төвд ажилладаг. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т-тай холбогдоход шүүхээр яваад яах юм бэ, би 04 дүгээр сарын 27-ны өдөр ажлаасаа буугаад Г очно. Тэр үедээ Б-д малыг нь аваачаад өгье гэсэн боловч тэр үеэс хойш утас нь холбогдоогүй байна. Ирээдүйд бий болох үр дагаврыг тооцоолж хийсэн энэ наймааг үнэгүйдүүлж цаг хугацаа, сэтгэл санаа, замын зардлаар хохироож буй Г.Т-аас би дараах байдлаар хохирлоо нэхэмжилж байна. Үүнд:

1. 2023, 2024 онуудад өсч үржих тоо толгой ямаа нь насны хувьд ишиг, борлон, шүдлэн хязаалан, соёолон, нас бие гүйцсэн ямаа гэж өсдөг. Би 2022 онд 10 ишигтэй ямаа, 12 борлон авсан бол 2023 онд 10 ишиг, борлон насны ямаа болж, 12 борлон шүдлэн насны ямаа болох байсан. Ямаа нь шүдлэн наснаас эхлэн төллөдөг. Тийм учраас 2023 онд 12 шүдлэн төллөнө. Мөн 2022 онд ишиглэсэн байсан 10 эм ямаа төллөнө. Ингээд 2023 онд би 22 тооны төл авах байсан. Дэлгэрүүлж задалбал: 10 эм ямаа, 10 ишиг, 12 шүдлэн, 12 ишиг, 10 борлон, нийт 54 тооны мал өсгөх байсан малынхаа тоо толгойг  дараах байдлаар үнэлж байна. 1 эм ямаа 100,000 төгрөг, 1 хязаалан ямаа 100,000 төгрөг, 1 шүдлэн ямаа 70,000 төгрөг, 1 борлон 50,000 төгрөг, 1 ишиг 30,000 төгрөг, 2024 онд тоо толгой дараах байдлаар өснө 10 эм ямаа, 12 хязаалан, 10 шүдлэн, 22 борлон, харин төллөх насны ямаа дараах байдлаар төл өгнө. 10 эм ямаа дахин төллөж 10 ишиг, 12 хязаалан төллөж 12 ишиг, 10 шүдлэн төллөж 10 ишиг, нийт 32 төл. Зах зээлийн ханшийг үндэслэн үнэлсэн өөрийн үнэлгээний дагуу Г.Т-аас үүсэх байсан үр дагавар 4,960,000 төгрөг буюу 1 эм ямаа 100,000 төгрөг 10 эм ямаа 1,000,000 төгрөг, 1 хязаалан ямаа 100,000 төгрөг 12 хязаалан ямаа 1,200,000 төгрөг, 1 шүдлэн ямаа 70,000 төгрөг 10 шүдлэн ямаа 700,000 төгрөг, 1 борлон 50,000 төгрөг 22 борлон 1,100,000 төгрөг, 1 ишиг 30,000 төгрөг 32 ишиг 960,000 төгрөг. Үүнээс үүсч болзошгүй эрсдэл эндэгдлийг 15 төлөөр тооцож 450,000 төгрөг хасаад 4,510,000 төгрөг,

2. Ноолуур 1 ямаанаас дунджаар 0,3 кг ноолуур гардаг. 2022 онд Г суманд 1 кг ноолуурыг 150,000 төгрөгөөр авсан. Үүнийг үндэслэн

  • 2022 онд 10 эм ямаа, 12 борлон самнаж 7 кг 300 гр, 1,095,000 төгрөг,
  • 2023 онд 10 эм ямаа, 10x0,3 кг=3 кг, 12 хязаалан 12x0,3=3,6 кг, 10 шүдлэн 10x0,3=3 кг, 22 борлон самнаж 22x0,3=6,6 кг, ноолуур 2,430,000 төгрөг,

Нийт 2022-2024 оны ноолуурын мөнгө 4,965,000 төгрөг /2023, 2024 оны ноолуурын үнэ 150,000 төгрөгөөс буугаагүй эрсдэл тооцоогүй/. Иймд Г.Т-аас 9,475,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 онд Б.Б фейсбүүкт ишигтэй ямаа авна гэсэн зар постолж, зарын дагуу Г.Т холбоо барьж 10 ишигтэй ямаа, 12 тооны борлон, нийт 22 тооны мал худалдахаар тохиролцсон байсан. Тухайн үед Г.Т би банкны зээл төлөх хэрэгтэй гэх шалтгаанаар мөнгөө урьдчилан авсан. Ингээд 1 ишигтэй ямааг 125,000 төгрөгөөр, 1 борлонг 50,000 төгрөгөөр тооцож, Г.Т болон түүний эхнэрийн данс руу нийт 4 удаагийн гүйлгээгээр 1,850,000 төгрөг дансаар нь шилжүүлсэн. Тухайн үед Г.Т би араас чинь малаа аваачаад өгнө гэж хэлж байсан. Нэг нутагт байдаг байсан тул малаа аваад ирнэ гэж итгээд хүлээж байсан. Гэтэл удалгүй холбоо барьж чадахгүй болсон. Ингээд Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө утсаар залгаад шүүхээр шийдвэрлүүлэхгүй хоорондоо тохиролцъё хэмээн ярихад Г.Т би Ө аймгийн Ц гэх газар байна, 04 дүгээр сарын 27-ны өдөр очно, тэгээд өгье гэж хэлж байсан. Би 04 дүгээр сарын 26-ны өдөр ярих гээд Г.Т-ын утас руу залгахад утсаа авахгүй байж байгаад блоклочихсон. Г.Т-ын эхнэртэй нь холбоо барьтал Ө аймгийн Ц буусан, У хотод байгаа байх гэж хэлж байсан. Сүүлд Г.Т А аймгийн Ц сум руу шилжсэн талаар нь мэдээд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа эрсдэл эндэгдлийг тооцож гаргасан. Үүсч болзошгүй эрсдэл эндэгдлийг 2022 онд Г.Т-аас авчихсан байсан бол гэж үзээд 2023 он, 2024 онд төллөх насны 32 тооны ямаа байхаас 15 ямаа нь төллөнө, 32 ишигний 15 нь эндэгдэнэ хэмээн үзсэн. Үүнийг нэхэмжлэлийн мөнгөн дүнгээсээ хассан. Харин ноолуураас олох ёстой байсан орлогоо 1 ямаанаас 300 гр ноолуур гарна, 1 кг ноолуурын үнийг 150,000 төгрөгөөр тооцсон. 2023 он, 2024 онуудад ноолуурын үнэ 150,000 төгрөгөөс доош буугаагүй. Иймд ноолуур дээр эрсдэл тооцоогүй. Г.Т борлонгийнхоо насыг нь ахиулаад өгье гэж байгаа хэдий ч хохирлыг маань арилгаж чадахгүй тул саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Б хэлэхдээ 12 борлонгоо бүгдийг нь эм борлон авна гэж тохиролцсон гэж байсан.  10 эм ямаа, 10 ишиг, 12 шүдлэн, 12 борлон, нийт 54 тооны ямаа, мөн үүний 2023 онд өсөх байсан тоо толгойг тооцож, эм ямааны нэг бүрийн үнийг 100,000 төгрөгөөр, хязаалан ямааг 100,000 төгрөгөөр, шүдлэн ямааг 70,000 төгрөгөөр, борлонг 50,000 төгрөгөөр, ишгийг 30,000 төгрөгөөр тус тус тооцож 2023 оны нийт үнийн дүн нь 3,000,000 төгрөг. 2024 онд хорогдлоо тооцож мөн төллөх насны ямааг төллөсөн гэж үзээд нэг бүрийн үнийг 2023 оны үнийн дүнгээрээ тооцож нийт 2024 оны үнийн дүн нь 4,000,000 төгрөг болж байна. Би 2022 онд 10 эм ямаа, 12 борлон, 2023 онд 10 эм ямаа, 12 шүдлэн, 10 борлон, 2024 оны 10 эм ямаа, 12 хязаалан, 10 шүдлэн, 22 борлон самнана гэж үзээд 1 ямаанаас 300 гр ноолуур авна, 1 кг ноолуурын үнийг 150,000 төгрөгөөр тооцсон. Ингээд 2022 онд 7,3 кг ноолуур, 2023 онд 9,6 кг, 2024 оны 16,2 кг ноолуур авна гэж тооцоод нийт үнийн дүн нь 4,965,000 төгрөг. Үндсэн Г.Т руу шилжүүлсэн 1,850,000 төгрөг дээр олох байсан орлогын үнийн дүнгээ тооцоод нийт 12,720,000 төгрөг болж байна. Нэхэмжлэгч талаас үүсэж болзошгүй эрсдэлийг тооцож хасаад 2023 он, 2024 онуудын нийт олох байсан ашгийг 4,510,000 төгрөгөөр тооцож, ноолууртаа эрсдэл тооцолгүйгээр 4,965,000 төгрөг гэж үзээд нийт 9,475,000 төгрөг нэхэмжилсэн. Би зөвхөн олох байсан орлого буюу 9,475,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Г.Тын хариуцлагагүй үйлдлээс үүссэн бидэнд учирсан хохирол буюу олох байсан ашгийг нэхэмжилж байгаа. Г.Тт шилжүүлсэн 1,850,000 төгрөгөө нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүндээ оруулж тооцоогүй. Мөн замын зардлаа тооцоогүй. Хэрвээ бүгдийг нь оруулаад тооцчихвол хэт хөөрөгдсөн үнийн дүн гарах гээд байсан юм. Г.Таас ямаануудаа авчихсан байсан бол гэж тооцоо гаргасан тул үндсэн 1,850,000 төгрөгөө нэхэмжлээгүй. Үндсэн төлбөрөө тусад нь авч болох байх гэв.

4. Хариуцагч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Б.Баас 10 ишигтэй ямаа, 12 борлонгийн мөнгө 1,850,000 төгрөг авсан. Тухайн үед манайх оторт гарчихсан байсан. Ингээд Б.Б-тай морины наймаа хийгээд н.О-аас 7 ямаа, 3 сувай ямаа авч өгч байсан. Дараа нь энэ тохиролцоо буцсан. Б.Б-тай анх 10 ишигтэй ямаа, 12 борлонг авах тохиролцоо хийхдээ 12 борлонгийнх нь зургааг нь эм борлон өгнө гэж тохиролцож байсан. Би 12 борлонгийнх нь насыг ахиулаад нэг борлонг нь 70,000 төгрөгөөр тооцоод, ишигтэй ямааг нь анх тохирсон тоогоороо өгч болно. Эсвэл тухайн малын тоог мөнгөн дүнгээр тооцож 2,090,000 төгрөг өгөх боломжтой. Энэ саналыг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй бол би 1,800,000 төгрөгөө л өгөх боломжтой, илүү мөнгө өгч чадахгүй. 2022 оны 4 сард ямаагаа самначихсан байсан тул 2022 оны ноолуурын мөнгийг тооцох ёсгүй. Би олох байсан орлого буюу 9,475,000 төгрөгийг төлөхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг нь 1,850,000 төгрөгийг өгье эсвэл борлонгийнх нь насыг ахиулаад өгье гэж хэлсэн. Манайх тухайн үед оторт гарчихсан байсан. Тэгээд удалгүй би 2023 онд А аймаг руу шилжээд ирчихсэн юм. Би уг нь ямааг нь аваачаад өгчихье гэж боддог байсан боловч машин олдохгүй, боломж гардаггүй байсан. Буцаагаад мөнгийг нь шилжүүлчихье гэхээр Б.Б заавал малаа авна гэдэг байсан. Би ямаагаа самнадаггүй. Манай бага мал айлд байдаг. Ноолуур ихэвчлэн 135,000-140,000 төгрөгийн хооронд байдаг.  150,000 төгрөг хүрдэггүй. Би анх тохиролцсон малаа тоо ёсоор нь өгнө гэв.

 

5. Нэхэмжлэгчээс:

- Б.Б-ын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

- Б.Б-аас Г.Д руу 500,000 төгрөг шилжүүлсэн 2022 оны 05 сарын 03-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл,

- Б.Б-аас Г.Д руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн 2022 оны 05 сарын 03-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл,

- Б.Б-аас Г.Т руу 100,000 төгрөг шилжүүлсэн 2022 оны 05 сарын 04-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл,

- Б.Б-аас Г.Т руу 250,000 төгрөг шилжүүлсэн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл,

- Харилцан ярианы зурвас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч Г.Т-т холбогдуулан гаргасан нийт 9,475,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... 2022 онд Б.Б фейсбүүкт ишигтэй ямаа авна гэсэн зар постлож, зарын дагуу Г.Т холбоо барьж 10 ишигтэй ямаа, 12 тооны борлон, нийт 22 тооны мал худалдахаар тохиролцсон байсан. Тухайн үед Г.Т би банкны зээл төлөх хэрэгтэй гэх шалтгаанаар мөнгөө урьдчилан авсан. Ингээд 1 ишигтэй ямааг 125,000 төгрөгөөр, 1 борлонг 50,000 төгрөгөөр тооцож, Г.Т болон түүний эхнэрийн данс руу нийт 4 удаагийн гүйлгээгээр 1,850,000 төгрөг дансаар нь шилжүүлсэн. Тухайн үед Г.Т би араас чинь малаа аваачаад өгнө гэж хэлж байсан. Нэг нутагт байдаг байсан тул малаа аваад ирнэ гэж итгээд хүлээж байсан. Гэтэл удалгүй холбоо барьж чадахгүй болсон. Ингээд Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө утсаар залгаад шүүхээр шийдвэрлүүлэхгүй хоорондоо тохиролцъё хэмээн ярихад  Г.Т би Ө аймгийн Ц гэх газар байна, 04 дүгээр сарын 27-ны өдөр очно, тэгээд өгье гэж хэлж байсан. Би 04 дүгээр сарын 26-ны өдөр ярих гээд Г.Т-ын утас руу залгахад утсаа авахгүй байж байгаад блоклочихсон. Г.Т-ын эхнэртэй нь холбоо барьтал Ө аймгийн Ц буусан, У хотод байгаа байх гэж хэлж байсан. Сүүлд Г.Т А аймгийн Ц сум руу шилжсэн талаар нь мэдээд А аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 10 эм ямаа, 10 ишиг, 12 шүдлэн, 12 борлон, нийт 54 тооны ямаа, мөн үүний 2023 онд өсөх байсан тоо толгойг тооцож, эм ямааны нэг бүрийн үнийг 100,000 төгрөгөөр, хязаалан ямааг 100,000 төгрөгөөр, шүдлэн ямааг 70,000 төгрөгөөр, борлонг 50,000 төгрөгөөр, ишгийг 30,000 төгрөгөөр тус тус тооцож 2023 оны нийт үнийн дүн нь 3,000,000 төгрөг. 2024 онд хорогдлоо тооцож мөн төллөх насны ямааг төллөсөн гэж үзээд нэг бүрийн үнийг 2023 оны үнийн дүнгээрээ тооцож нийт 2024 оны үнийн дүн нь 4,000,000 төгрөг болж байна. Би 2022 онд 10 эм ямаа, 12 борлон, 2023 онд 10 эм ямаа, 12 шүдлэн, 10 борлон, 2024 оны 10 эм ямаа, 12 хязаалан, 10 шүдлэн, 22 борлон самнана гэж үзээд 1 ямаанаас 300 гр ноолуур авна, 1 кг ноолуурын үнийг 150,000 төгрөгөөр тооцсон. Ингээд 2022 онд 7,3 кг ноолуур, 2023 онд 9,6 кг, 2024 оны 16,2 кг ноолуур авна гэж тооцоод нийт үнийн дүн нь 4,965,000 төгрөг. Үндсэн Г.Т руу шилжүүлсэн 1,850,000 төгрөг дээр олох байсан орлогын үнийн дүнгээ тооцоод нийт 12,720,000 төгрөг болж байна. Нэхэмжлэгч талаас үүсэж болзошгүй эрсдэлийг тооцож хасаад 2023 он, 2024 онуудын нийт олох байсан ашгийг 4,510,000 төгрөгөөр тооцож, ноолууртаа эрсдэл тооцолгүйгээр 4,965,000 төгрөг гэж үзээд нийт 9,475,000 төгрөг нэхэмжилсэн. Би зөвхөн олох байсан орлого буюу 9,475,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Г.Т-ын хариуцлагагүй үйлдлээс үүссэн бидэнд учирсан хохирол буюу олох байсан ашгийг нэхэмжилж байгаа. Г.Т-т шилжүүлсэн 1,850,000 төгрөгөө нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүндээ оруулж тооцоогүй. Мөн замын зардлаа тооцоогүй. Хэрвээ бүгдийг нь оруулаад тооцчихвол хэт хөөрөгдсөн үнийн дүн гарах гээд байсан юм. Г.Т-аас ямаануудаа авчихсан байсан бол гэж тооцоо гаргасан тул үндсэн 1,850,000 төгрөгөө нэхэмжлээгүй. Үндсэн төлбөрөө тусад нь авч болох байх гэжээ.

3. Хариуцагч Г.Т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

... Би анх Б.Баас 10 ишигтэй ямаа, 12 борлонгийн мөнгө 1,850,000 төгрөг авсан. Тухайн үед манайх оторт гарчихсан байсан. Ингээд Б.Б-тай морины наймаа хийгээд н.О-с 7 ямаа, 3 сувай ямаа авч өгч байсан. Дараа нь энэ тохиролцоо буцсан. Б.Б-тай анх 10 ишигтэй ямаа, 12 борлонг авах тохиролцоо хийхдээ 12 борлонгийнх нь зургааг нь эм борлон өгнө гэж тохиролцож байсан. Би 12 борлонгийнх нь насыг ахиулаад нэг борлонг нь 70,000 төгрөгөөр тооцоод, ишигтэй ямааг нь анх тохирсон тоогоороо өгч болно. Эсвэл тухайн малын тоог мөнгөн дүнгээр тооцож 2,090,000 төгрөг өгөх боломжтой. Энэ саналыг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй бол би 1,800,000 төгрөгөө л өгөх боломжтой, илүү мөнгө өгч чадахгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б.Б-ын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Б-аас Г.Д руу 500,000 төгрөг шилжүүлсэн 2022 оны 05 сарын 03-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, Б.Б-аас Г.Д руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн 2022 оны 05 сарын 03-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, Б.Б-аас Г.Т руу 100,000 төгрөг шилжүүлсэн 2022 оны 05 сарын 04-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, Б.Б-аас Г.Т руу 250,000 төгрөг шилжүүлсэн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, харилцан ярианы зурвас нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Т-аас 2022 онд 10 ишигтэй ямаа, 12 борлон худалдаж авахаар тохиролцож ямааны үнэ болох нийт 1,850,000 төгрөгийг хариуцагч Г.Т болон түүний эхнэр Т.Д нарын дансанд шилжүүлсэн болох нь Б.Б-аас Г.Д руу 500,000 төгрөг шилжүүлсэн 2022 оны 05 сарын 03-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, Б.Б-аас Г.Д руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн 2022 оны 05 сарын 03-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, Б.Б-аас Г.Т руу 100,000 төгрөг шилжүүлсэн 2022 оны 05 сарын 04-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, Б.Б-аас Г.Т руу 250,000 төгрөг шилжүүлсэн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл /хх-н 10-13 ху/ зэрэг баримт болон талуудын тайлбараар тогтоогддог ба талууд энэ үйл баримтын талаар маргадаггүй.

 

6. Иргэний хуульд эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиолцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж тооцох бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчид 10 ишигтэй ямаа, 12 борлонгийн үнэ нийт 1,850,000 төгрөгийг шилжүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээр байна.

Мөн худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба хариуцагч Г.Т нь нэхэмжлэгч Б.Б-тай хэлэлцэн тохиролцсоны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 10 ишигтэй ямаа, 12 борлонг нэхэмжилэгчид хүлээлгэн өгөөгүй нь талуудын тайлбараар тогтоогддог. 

7. Нэхэмжлэгч тал хариуцагч Г.Т-аас 2022-2024 онд олох байсан ашиг, орлого нийт 9,475,000 гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Г.Т төлөх боломжгүй, үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргадаг.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т: “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж хуульчилсан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: “... Зөвхөн олох байсан орлого буюу 9,475,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Г.Т-ын хариуцлагагүй үйлдлээс үүссэн бидэнд учирсан хохирол буюу олох байсан ашгийг нэхэмжилж байгаа. Г.Т-т шилжүүлсэн 1,850,000 төгрөгөө нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүндээ оруулж тооцоогүй. Г.Т-аас ямаануудаа авчихсан байсан бол гэж тооцоо гаргасан тул үндсэн 1,850,000 төгрөгөө нэхэмжлээгүй. Үндсэн төлбөрөө тусад нь авч болох байх” гэсэн тайлбарыг гаргадаг ба дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн 1,850,000 төгрөгийг нэхэмжлээгүй, зөвхөн олох байсан ашиг 9,475,000 төгрөг нэхэмжилсэн болох нь тогтоогдож байна.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар гэрээнээс татгалзсан гэх үндэслэл тогтоогдохгүй, олох байсан ашиг 9,475,000 төгрөг гаргуулах шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй.

 

8. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Т-аас 9,475,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            9. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Т-аас 9,475,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч талууд мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Д.ЭЛБЭГЗАЯА