| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00298/И |
| Дугаар | 129/ШШ2024/00296 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 129/ШШ2024/00296
| 2024 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 129/ШШ2024/00296 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овогт Б.Г-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Б.Г миний бие 1974 онд А аймгийн И сумын сургуульд 1 дүгээр ангид орж суралцаад 1982 онд 8 дугаар анги төгссөн. 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн И сумын Г нэгдэлд малчнаар орж 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдаж яваад 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөн нэгдэлд малчнаар орж 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Ажилласан байдлаа бичүүлсэн хөдөлмөрийн дэвтэр байсан боловч үрэгдүүлсэн юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болж байна. Тэтгэвэртээ орох гэтэл ажилласан байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүхээр шийдвэрлүүл гэж Нийгмийн даатгалын байгууллага зөвлөсний дагуу шүүхэд хандаж байна. Аймгийн архиваас лавлагаа авахад миний ажиллаж байсныг нотолсон баримтууд гарч ирсэн. Иймд архивын лавлагаа, бусад нотлох баримтуудыг үндэслэн Б.Г намайг 1982 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл А аймгийн И сумын Г нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Г нь 1974 онд А аймгийн И сумын сургуульд 1 дүгээд ангид орж суралцаад 1982 онд 8 дугаар анги төгссөн хэмээн хүсэлт гаргасан. Гэвч Б.Г нь 1983 онд 8 дугаар анги төгссөн байдаг. Иймд ажиллаж байсан хугацаанд нь өөрчлөлт орж 1983 оны 06 сарын 15-ны өдрөөс А аймгийн И сумын Г нэгдэлд малчнаар 1984 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан байна. Б.Г 1984 онд цэргийн албанд татагдаж 1987 оны 06 сарын 22-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. 1987 оны 07 сарын 05-ны өдөр мөн тус нэгдэлдээ малчнаар орж 1993 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй малчнаар ажилласан. Ажилласан байдлаа бичүүлсэн хөдөлмөрийн дэвтэр нь байсан боловч үрэгдүүлсэн. Ингээд Архангай аймгийн Архивын газраас материал шүүж үзэхэд цалингийн тодорхойлолт, хувьчлалаар мал авч байсан тухай лавлагаа зэрэг баримтууд гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор гэрчүүдийг асуулгасан. Мөн шүүхээс бүрдүүлсэн баримтад Б.Гыг малчин гэсэн бүртгэлүүд хийгдсэн байх тул тус нотлох баримтуудыг үндэслэн Б.Гыг 1983 оны 06 сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 сарын 05-ны өдрөөс 1993 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд А аймгийн И сумын Г нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 467 тоот тодорхойлолт,
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 442 тоот цалингийн тодорхойлолт,
- А аймгийн И сумын Г нэгдлийн өмч хувьчлалын материал,
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1255 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”,
- Б.Г-ын 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ХАА-д томилогдож байсан “Томилолт” зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ийн хүсэлтээр С.Х, Ж.Э нараас нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 448 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 /А/, Маягт-1
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/363 тоот тодорхойлолт,
- Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03-05/2830 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,
-Батлан хамгаалахын төв Архивын 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 303 дугаар албан тоотын хамт ирүүлсэн Архангай аймгаас 1984 онд “Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет” зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Г-ын А аймгийн И сумын Г нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Б.Г нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгох зорилгоор А аймгийн И сумын Г нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа И сумын Г нэгдлийн 1982-1984 онуудын материалыг шүүн үзэхэд Б.Г-д холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн 467 тоот тодорхойлолт,
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б.Г И сумын Г нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн
- А аймгийн И сумын Г нэгдлийн өмч хувьчлалын материалд нэрсийн жагсаалтын 13-т Банзрагч Ганбат, дугаар-06393, нэрлэсэн үнэ-7,0, мал 5410, хашаа 850, орон сууц-100, бусад-130, машин-390, трактор-380, бусад хөрөнгө-1365, мөнгөн хөрөнгө-295, дүн-8920, олгосон мал хөрөнгийн үнэ-6289, илүү-1920 гэсэн,
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Б.Г БХЯ-ны сайдын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар А аймгаас 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 /169/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 576525 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн 1255 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”,
- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр олгосон “А аймгийн И сум, Б.Г, 1966 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, халх, Х багийн хөдөө байнга оршин суудаг, ажилладаг байгууллага- И сумын Г нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин, ажилд орсон он-1987, эрхэлж эхэлсэн он-1987, оршдог сум-И сум” гэсэн ХААТР-1 /А/ маягт, 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгосон “А аймгийн И сум, Б.Г, 1966 оны 01 сарын 05-ны өдөр төрсөн, одоо хаана ямар ажилтай-А аймгийн И сумын Х бригадад хоньчин” гэсэн хаягийн хуудас №7 зэрэг баримтууд,
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Тус газрын архивт Б.Г ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй байна” гэсэн 01/363 тоот тодорхойлолт,
- Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын 16 дугаар хуудсанд “А аймгийн И сумын хөдөө оршин суух, Б.Г, тэргүүлэгч өөрөө, 22 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-хоньчин, Ш.Н, эхнэр, 18 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-төлчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03-05/2830 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,
- Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн хүсэлт гаргагчийн “Б.Г, төрсөн он, сар, өдөр-1966, халх, үндсэн захиргаа-И сум, хэдэн оноос хаана ямар ажил хийж байсан-ажил хийгээгүй, боловсрол-1983 онд 8 дугаар анги төгссөн, гэрийн дотор ам бүл хэд, таны юу болох, хэн, хэн хэдэн настай, хаана ямар ажилтай-ам бүл 6, аав Б 40 настай, хоньчин, ээж У 38 настай, саальчин, дүү Т, Т, А нар сургуульд суралцдаг, ах Д 34 настай, баазад жолооч” гэсэн А аймгаас 1984 онд “Цэргийн албанд татагдагчдын анкет”,
- “А аймгийн И сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн Б овогтой Г-ыг ХАА-д хуваарилан шилжүүлэв” Хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтсийн дарга, 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэсэн “Томилолт” зэрэг баримтууд
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч С.Х-ын: “Би 1980 оноос 1991 оныг хүртэл А аймгийн И сумын Г нэгдлийн Х бригадад малчнаар ажиллаж байсан. Б.Г-ын аав н.Б гээд нэгдлийн малчин хүн байсан. Б.Г нь 1983 оноос 1984 оныг хүртэл А аймгийн И сумын Г нэгдлийн Х бригадад малчнаар ажиллаж байсан. 1984 онд цэргийн албанд татагдаад 3 жилийн цэргийн алба хаасан. 1987 онд цэргийн албанаас халагдаж ирээд 1993 оныг хүртэл А аймгийн И сумын Г нэгдлийн Х бригадад малчнаар ажиллаж байсан. Б.Г нь хонь хардаг байсан. Хонин суурийн ахлагчаар н.Б гэдэг хүн ажиллаж байсан. Б.Г нь 8 дугаар анги төгссөн. Хэдэн онд төгссөн оныг сайн санахгүй байна. А аймгийн И сумын Г нэгдэл 1994 онд хувьчлагдаж дууссан. А аймгийн И сумын Г нэгдлийн даргаар н.Д гэдэг хүн ажиллаж байсан. Б.Г нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн И сумын Г нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Б.Г-тай нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх,
- Гэрч Ж.Э-гийн: “Би 1982 оноос 1994 оныг хүртэл А аймгийн И сумын Г нэгдлийн Х бригадад саальчин, хоньчноор ажиллаж байсан. Б.Г нь 1983 оноос 1984 оныг хүртэл, 1987 оноос 1994 оныг хүртэл А аймгийн И сумын Г нэгдлийн Х бригадад хоньчноор тус тус ажиллаж байсан. Б.Г 8 дугаар анги төгссөн. Хэдэн онд төгссөн оныг нь санахгүй байна. 3 жилийн цэргийн алба хаасан. Б.Г нь А аймгийн И сумын Г нэгдлийн Х бригадад аав, ээжийн хамт хонь хардаг байсан. А аймгийн И сумын Г нэгдэл 1994 онд хувьчлагдаж дууссан. А аймгийн И сумын Г нэгдлийн даргаар н.М, Х бригадын даргаар н.С нар ажиллаж байсан. Б.Г нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн И сумын Г нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Б.Г-тай нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна ...” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Б.Г-ын А аймгийн И сумын Г нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА